“ТВ Коктейль” хамтлагийн чадварлаг залуус телевизийн нэвтрүүлгээс ажлын гараагаа эхэлсэн ч өдгөө драмын жүжиг, дэлгэцийн олон бүтээл туурвин уран бүтээлийн шатаар амжилттай ахиж яваа.

Тэд Францын зохиолч Эрик Эммануэль Шмитийн зохиолоос сэдэвлэн бүтээсэн “Хоёр ертөнцийн буудал” жүжгээрээ үзэгчдийг  байлдан дагуулсан бөгөөд хэд хэдэн дэлгэцийн бүтээл хийсэн нь өндөр үнэлгээ аваад байгаа юм. Тэд “Хоёр ертөнцийн буудал” жүжгээрээ “Гэгээн муза” наадмаас хэд хэдэн шагнал авч, үзэгчдээс болон мэргэжлийн уран бүтээлчдээс өндөр үнэлгээ авсан.  

Тус хамтлагийн жүжигчидийг авъяаслаг, цоглог залуус хэмээн үзэгчид тодорхойлдог. Тайз, дэлгэцнээ амилуулсан дүрүүд  нь тэднийг ийн тодорхойлоход хүргэсэн биз. Өөрсдийн өвөрмөц стиль, жүжиглэх ур чадвараараа урлагийн ертөнцөд хэдийнэ  орон зайгаа бий болгосон тэднийг чадварлаг, хөдөлмөрч  уран бүтээлчид хэмээн мэргэжлийн хүрээнийхэн нь дүгнэдэг гэнэ. Тэд киноныхоо дууг өөрсдөө дуулдаг уламжлалтай. Энэ нь ч тэднийг бусдаас ялгаж, онцолж байдаг.

Хамтлагийн залуус жүжиглэж, дуулахаас гадна бүгд хөтлөх авьяастай. Энд тэндхийн арга хэмжээг тэднээр хөтлүүлэх хүсэлтэй хүмүүс ч олон байдаг. Түүнчлэн реклам, сурталчилгааны салбарт ч эрэлт хэрэгцээ ихтэй нь харагддаг.

Б.Хорлоо