...Дээдсээс өвлөсөн малчин заяа

Дэлхийд ховорхон морьтой заяа дуу ийн эгшиглэнэ.

Бид дэлхийн дайдыг хүлэг морьдынхоо туурайгаар тамгалж явсан түүхэн үнэнтэй ард түмэн. Тэнүүн талдаа таван хошуу малаа маллан, дөрвөн цагийн эргэлтэд нүүдэллэж ирсэн нүүдэлч түмэн. Гэтэл өдгөө морин дэл дээр хийсч явдаг малчин хөдөө нутагт жилээс жилд ховордох болжээ. Тэд адуу хэмээх тэнгэрлэг амьтнаа Хятадын мотоциклиор сольж байна.  Айл айлын гадаа багширч байдаг морьд хоёр дугуйтай “хужаа” мотоцикльд байраа тавьсаар цөөнгүй жилийг үдлээ.  

“Хүлэг”, “Ирвэс”, “Хурд”, “Бүргэд”, “Хангарьд” гээд л сүржин нэртэй хоёр дугуйт олширсоор. Бидний хэлж заншсанаар эдгээр “хужаа” мотоцикль  өсөж нэмэгдэхийн хэрээр түүнийг дагасан саар мэдээлэл ч тасрахаа байлаа. Хүн бэртэж гэмтэх, бүр цаашлаад амиа алдаж байгаа тухай мэдээлэл цацагдаж, сэтгэл зовоож эхэллээ. Ялангуяа орон нутагт гарч байгаа зам тээврийн ослыг харахад мотоцикльтой явж байгаад осолдож амиа алдсан тохиолдол эрс нэмэгдсэн хэмээн Замын цагдаагийн газраас мэдээлж, иргэдэд анхааруулах болсон.

Тодруулж хэлвэл, энэ оны эхний дөрвөн сарын байдлаар л гэхэд мотоциклын ослоор 69 иргэн амиа алдсан гэх судалгаа бий. Хөдөө орон нутагт энэ төрлийн осол гэмтэл мэдээж давамгайлж байгаа юм. Тухайлбал, Сэлэнгэ, Баян-Өлгий, Баянхонгор, Говь-Алтай, Булган гэх аймгуудад осол болж, хүний амь эрсдсэн байдаг. Тэдний ихэнх нь 18-35 насны залуу хүмүүс байсан нь сэтгэл эмзэглүүлж байна. Амь насаа алдаагүй юмаа гэхэд хичнээн залуу мотоциклиос унан бэртэж, хөдөлмөрийн чадвараа алдаа бол?   Үүний шалтгааныг хөдөө нутгийн замд зохицдоггүй “хужаа” мотоциклийн чанар, дээрээс нь малчин залуусын хайхрамжгүй зан гээд хэлчихэд буруудахгүй биз ээ.  

Одоогоос арав гаран жилийн тэртээ бид ОХУ-ын “Иж планета” унадаг, тэр нь ч эдэлгээ сайтай байж. Харин өдгөө манай улсад явж байгаа мотоциклийн 90 орчим хувийг БНХАУ-д үйлдвэрлэсэн мотоцикль эзэлж байгаа аж. Мотоциклоор мал ахуйгаа эргүүлэх нь биед амар, цаг хэмнэсэн сайн талтай боловч энэ мэтчлэн сөрөг үр дагавар дагуулж байгаа нь сэтгэл зовоож байна.

Малчид хоёр дугуйтай мотоциклио эгээ л дөрвөн хөлтэй морь шигээ санаж харьцах нь хамгийн аюултай. Хөдөөд бол арван зургаагаас дээш настай хэн ч бай мотоцикль унаж давхилдана. Тэдэнд жолоодох эрхийн үнэмлэх, хамгаалалтын малгай харин ч нэг хамаагүй. Хонины зах эргүүлэх, саахалт айлдаа зочлох төдийд жолоодох эрхийн үнэмлэхээр яахав хэмээн хээв нэг хариулна. Малчины хотонд очиж хууль дүрэм сахиулах, аюулгүй байдлын талаар мэдээлэл өгөх боломжгүй юм чинь тэд ийнхүү дураараа аашлахаас ч яахав.

            Гэхдээ “хужаа” мотоцикль манай улсын байгаль цаг агаарын нөхцөл, амьдрал ахуйд зориулагдаагүй учраас бартаа ихтэй замд тэсэхгүй. Ингээд л  малчид нэг, хоёр жилийн эдэлгээтэй мотоциклио дахин дахин сэлбэх шаардлага гарна.

            Түүнээс гадна урд хөршид үйлдвэрлэгдсэн мотоциклууд зөвхөн асфалтан замд унах зориулалтаар хайлшин обудтай үйлдвэрлэгддэг учраас манай хөдөө нутгийн бартаа ихтэй шороон замд унахад тохиромжгүй байдаг аж. Гэтэл эдгээр мотоциклийг иргэд ийнхүү малын бэлчээрт унаж байгаа нь осол гарахад шууд нөлөөлж байгаа юм. Учир нь хайлшин обуд нь цохилтын хүчийг сааруулахгүйгээр шууд бутарч мотоцикль осолддог байна.

            Тиймээс урд хөршөөс оруулж ирж буй эдгээр мотоцикльд хатуу хяналт тогтоох авч ашиглаж буй иргэд ядаж л хамгаалалтын малгай тогтмол өмсөж байх шаардлагатай болжээ.  Хэтэрхий хайрхамжгүй зан, хэврэг мотоциклиос болоод дахин хэдэн хүний амь эрсдэх нь тодорхойгүй шүү дээ.

             Б.Хорлоо