... Буйран чинээхэн уулс байвал сөхөрч суугаад жаргана

Бүрэн эрхт Монгол минь байхад сүүгээ өргөөд залбирна аа... Ш.Гүрбазар СГЗ 

Монголчууд бид  бахархал, омогшил  дүүрэн ард түмэн. Энэ л нутагт хүн болж төрсөндөө өдөр бүр талархдаг. Түүхийн хуудсыг эргүүлэн байхуйд  тэртээ арван гуравдугаар зууны эхээр Монголын эзэнт гүрний их хаан Чингис Төв азийг  морин туурайгаар тамгалж, түүхэн дэх хамгийн том эзэнт гүрнийг байгуулж байсан түүхтэй. Энэ амжилт, түүхэн үнэнг үгүйсгэх нэгэн үгүй бизээ.

Бид ийм л баатар эрсийн үр сад, босоо хийморьтой монгол түмэн. Гэтэл өнөөгийн нийгэмд Монгол нутагт хүн болж төрсөндөө харамсдаг гэх залуус цөөнгүй байх болжээ. Дэлхийд хөгжлөөрөө тэргүүлэгч улсаас олон зүйлээрээ дутуу дулимаг хэмээн харьцуулж , хөгжил буурай, ядуу зүдүү, соёлгүй, ажлын байргүй, амьдрах орчин муу гээд л муу муухайг нь дурьдсан уртаас урт цуваа үүсгэнэ. Алив зүйл хоёр талтай байдаг нь жам юм болохоор эдгээр залуусыг буруутгах аргагүй. Гэхдээ бид чинь сүүгээ өргөх тэнгэртэй, түшээд авах газартай, нэгнээ гэх халуун сэтгэлт ахан дүүстэй ард түмэн шүү дээ.

 Бидэнд хамгийн хамгийн гэсэн олон тодотгол байдаг. Манай улс нэг хүнд ноогдох газар нутгаараа дэлхийд тэгүүлдэг бол Азийн хоёр дахь цэнгэг уст том нуур болох Хөвсгөл нуур манайд байдаг. Түүнээс гадна Монголын их говь Азийн хамгийн том цөл юм. Мөн дэлхийд ховорхон ан, амьтан, ургамал ногоо ч арвин. Тухайлбал, дэлхийн үлдсэн сүүлийн зэглэг адуу болох тахь, үлэг гүрвэлийн ховор олдворууд зөвхөн манай улсаас л олдсон байдаг.

Монгол хүн оюуны чадамжаараа хэзээд л тэргүүлсээр ирсэн. Энэ оны байдлаар дэлхийн 113 улс орныг харьцуулсан судалгаагаар тавдугаар байрт бичигдсэн байдаг.

Амьдрал хөөн нутгаасаа гарсан иргэд цөөнгүй байгааг бид мэднэ. Гэхдээ тэд эх орондоо харийн газраас тэмүүлж байдаг гэдэгт эргэлздэггүй. Эх орныхоо төлөө гэсэн сэтгэл хүн бүрийн зүрхэнд оршин байдагт гэдэгт итгэнэ.  Манай улс шиг дэлхийн талыг эзэлж явсан  гүрэн түүхэнд өөр хаана ч байдаггүй. Бахархмаар биш гэж үү? Тэнүүн тал нь таван хошуу малаар дүүрэн, уртын дуу, морин хуур, хөөмийн түрлэгээрээ уяраадаг, өв их соёл, ёс заншлаа хадгалсан ард түмэнтэй.  Дэлхийд хаа ч байхгүй эрийн гурван наадмаараа зөвхөн бид л наадна. Энэ мэтчлэн олон олон зүйл дээр анхдагч нь бас цор ганцхан нь байж чаддаг.

Хааяа ч болов та урд хөршийн тоолж барамгүй олон хүний нэг болж төрсөн бол яах вэ? эсвэл Африкийн цөлд төрсөн бол ямар байх вэ? гэж бодож байсан уу? Хэрэв тийм бол энэ Монголдоо төрсөндөө хязгааргүй ихээр баярладаг биздээ. Хэзээ мөдгүй цөмийн бөмбөг дэлбэрч амь эрсдэхээс айхгүй, хэдэн хүүхэд төрүүлэхээ өөрөө шийдэж хүссэнээрээ амьдарна. Тиймээс бид энэ эх оронд хүн болж төрсөндөө талархах учиртай. Ингээд Ш.Гүрбазар найрагчийн шүлгийн мөртөөр бичвэрээ дуусгая.

Би агтны мөртэй Монголдоо

Амгаан чимээ шиг ойрхон явах юмсан гэж боддог юм аа

Амьдрахын жамтай насандаа амьсгалахын зайтай

Үнэн явах юмсан гэж хичээдэг юм аа