​СУИС-ийн кино, драмын ангийг жүжигчин мэргэжлээр төгссөн Б.Баярмааг “Ийм нэгэн дурлал” киноны Бүжингийн дүр нь олонд таниулсан. Хоёр анги бүхий тус кино гарсан  цагаасаа үзэгчдийг байлдан дагуулж байсан бөгөөд, өдгөө ч үзэгчээ алдаагүй юм.   

Тэрбээр дунд сургуулийн сурагч байхдаа сурлага сайтай байсанаас гадна бүжиглэх, жүжиглэх авъяастай байсан нь хожмоо жүжигчин мэргэжлийг сонгоход нь нөлөөлжээ. Мөн Б.Баярмаа Багануур дүүрэгт зохиогдсон миссийн тэмцээнд оролцож, титмийн эзнээр шалгарч байсан удаатай. Түүний өсөж төрсөн газар нь Багануур дүүрэг юм.

Авъяаслаг, царайлаг, шинэ цагийн шилдэг жүжигчдийн нэг Б.Баярмаа амьд хөгжим сонсох хамгаас дуртай аж. Нэг ёсондоо түүнийг амьд хөгжимд дурласан гэж болно. Чөлөөт цагаараа, мөн  гунигласан үедээ тэр амьд хөгжим сонсож тайтгардаг гэнэ. Мөн бага байхын л найзуудтайгаа оройн зоог барих дуртай байсан аж. Ганцаараа хоол идэх хамгаас дургүй. Тэр зан нь өнөө ч хэвээрээ.

Жүжигчин Б.Баярмаа “Ийм нэгэн дурлал”-аас гадна “Бид дөрвийн хайр”, “Мойлхон”, “ “Хайрын эрэлд”, “Дэлхийд дурласан сар” зэрэг уран сайхны кинонд амжилттай тоглоод байгаа билээ.