Женко болон түүний тойрон хүрээлэгчдийн Засгийн газрын баталгаат зээлээс, бондын хөрөнгөөс мөнгө хулгайлсан нь үнэнд гүйцэгдэхийн хэрээр хууль хүчний байгууллагын үйл ажиллагааг саармагжуулах, үнэнийг гуйвуулах зорилгоор арга ядсан, бохир технологийг хэрэгжүүлж ядан байна. Тэрээр хууль хяналтын байгууллагыг худалдагдсан хэмээн зарлаж цуглаан хийсэн. Сэжигтнээр татан шалгах үйл ажиллагааг саатуулах гэж оролдсон. Прокурорын зөвшөөрлөөр шалгалт хийх үеэр “хувьчилж авсан компани шигээ ашиглах болсон МоАХ-ныхныг, ядарч явахад нь тусалсан удаатай хэдэн тамирчдаа хүртэл турхирч, компанийн ажилчид, хөлсний гэх тодотголтой болсон хэвлэл мэдээллийн байгууллагад ажиллаж буй хэсэг хүмүүсийг цуглуулсан нь зөвтгөх аргагүй үйлдэл байлаа.

Мөн хэвлэлийн хурал, цуглаан, суулт, өлсгөлөн зохион байгуулж ЗГ, УИХ-д “Цагдаагийн даргаа огцруул, эсвэл засгийн газар огцор” гэх байдлаар шахалт үзүүлж, мөрдөн байцаалтын ажиллагааг зогсоох, хөндлөнгөөс нөлөөлөх, ингээд дийлэхгүй бол Монгол тулгатны 100 эрхэм нэвтрүүлгээр алдаршуулж “сэтгэлийн өртэй” болгосон олонд нэр хүндтэй хүмүүсээр өөрийгөө өмөөрүүлсэн, өрөвдүүлсэн ярилцлага, нэвтрүүлэг хийлгэн олон нийтийн тархийг угааж, хилс хэрэгт шалгагдаж хохирч буй эх орончийн дүрээр эсэргүүцлийн хөдөлгөөн өрнүүлж, ард иргэдийн хууль хяналтын байгууллагатай талцуулан мөргөлдүүлж, төрийг хүчгүй болгох санаархалтай байгаа нь урьд өмнө гадны улс орнуудад туршигдсан танил ажиллагаа, хуучин үзэгдэл байна.

Хамгийн сүүлийн жишээ гэвэл түүний Баянхонгор аймгаас ачиж ирсэн 40 гаруй дэмжигч нь Нэгдэлчин зочид буудалд архидангаа өөрсдийнхөө эх орончийн бичсэн “Танил Технологийн” зохиолыг нь судалж суугаа гэх сураг дуулдах болов. Хамгийн гол нь үүнд нь дандаа хөлсний хүмүүс л гол дүр бүтээж байгаа нь нэгийг бодогдуулна. Тэд үнэнийг бичсэн сэтгүүлчийг ч, хэргийг шалгаж буй хуулийн байгууллагын ажилтнуудыг ч шахалт дарамтад оруулсаар байна.

Удахгүй тэдний цаашид өрнүүлэх эмгэнэлт жүжгийн өрнөл, тавилтыг үзэх л үлдлээ. Түүний энэ тоглолтоос ямар их хэмжээний мөнгө хулгайлсан, түүнийгээ ямар ихээр цацаж байгаа нь ч харагдаж байна. Учир нь “эх оронч” дүр бүтээж луйвар хийх, түүнийгээ мөн л “эх оронч” нэр дор нууж хаацайлах, улс төрийн болон хуулийн хамгаалалтыг мөнгөөр олж авахад их хэмжээний хөрөнгө шаардагддаг.

Хэрэв тэр ийм ажиллагаа ашиглаагүй бол, хувийн компаниудаа огт саадгүйгээр, шоудахгүйгээр шалгуулаад “но” илрээгүй бол түүнд итгэж болох байлаа.