ХЦДБЧ-ын дуучин, “Очирваань уул холбоо”-ны залуу уран бүтээлч Д.Пэрэнлэйлхагва өөрийн бие даасан анхны цомог болох “Ухаангүй дурлалд нүгэл байхгүй” цомгоо өлгийдөн аваад удаагүй байна. Тэрбээр энэ сарын дундуур найз нөхөд, гэр бүл, уран бүтээлийн андуудынхаа хүрээнд цомгийн баяраа хийхээр төлөвлөсөн байгаа ажээ.



-Урлагийн хүн болох гараагаа хэдэн оноос эхлэв. Анх ямар бүтээлээр уран бүтээлийнхээ салхийг хагалж байв?

-Ерөнхий боловсролын дунд сургуульд байхдаа Завхан аймгийн Хөгжимт бүжгийн коллежид 2006-2008 оны хооронд  дуулаачийн ангид сурч байсан. Харин 2008 онд СУИС-ийн дуурийн дуулаачийн ангид хоёрдугаар курсээсээ шууд суралцаж, 2011 онд төгссөн. Миний анхны бүтээл аравдугаар ангиа төгсөөд ХБК-д ороод удаагүй байхдаа хийсэн “Ээждээ очно доо” нэртэй найз нарын дундаас бүтсэн дуу бий.  Түүнээс хойш олон дуутай болсон.

-Дуурийн дуулаач мэргэжлээр суралцаж төгсчихөөд яагаад мэргэжлээрээ    ажиллахгүй, нийтийн дууны урсгал руу “хальтирчихаа” вэ?

-Оюутан байхдаа дуурийн дуучин болъё гэж боддог байсан. Гэхдээ багаасаа хил дээр өссөн болохоор хилийн цэргийн амьдралд сонирхолтой, бас тэнд байх дуртай хүүхэд байсан. Тиймээс “Хилийн цэргийн дуучин болно доо” гэсэн бодлоо орхилгүй явсаар дөрөвдүгээр курст байхад шалгалт өгч энэ байгууллагын дуучин болсон. Ерөнхийдөө цаашид дууриар дуулъя гэж боддог. Гэхдээ  ажлаа ч хийнэ, дууриа ч дуулна шүү дээ. Манайх опера дуулдаг хамтлагтай. Хамтлагийн гишүүдэд Өлзий, Батдаваа, Энхбаатар гээд бид дөрөв дан опера чиглэлээр дуулдаг дуучин бий.

-Тэгвэл “Очирваань уул холбоо”-ны дансанд хэзээнээс харъяалагддаг болов?

-Зохиолын дууны хувьд гавьяат жүжигчин Батсүх ахын удирддаг “Очирваань уул холбоо”-нд харъяалагддаг болоод хоёр жил болж байна. Тус студид хөгжмийн найруулгаа хийлгэнэ, хоолойны бичлэгт орно гээд их ажилтай. Тэр хүний дуулж амилуулж олны хүртээл болгож байсан дуунуудаас авч шинэчилж дуулсан байгаа. Тухайлбал, Батсүх ахын “Хоёрдож ирсэн хайр” дууг дуулж цомогтоо оруулсан.

-Та саяхан “Ухаангүй дурлалд нүгэл байхгүй” нэртэй цомог гаргасан. Цомгийнхоо талаар сонирхуулаач...

-Нэрний хувьд эхлээд ярья. Яруу найрагч Пүрэв ахын шүлэг, Батсүх ахын аялгуу “Ухаангүй дурлалд нүгэл байхгүй” дуугаар нэрлэсэн. Нэр нь их л содон санагдаж, надад таалагдаад байхаар  нь сонгосон юм. Батсүх ах эхлээд надад өгөөгүй. Өөр дуучнаар дуулуулах гэж байгааг би сонсчихоод “Их гоё дуу байна даа” гэж  бодсон. Гэтэл Батсүх ах дөрвөн сарын дараа студээсээ намайг дуудаж саналаа хэлсэн. Би ч өмнө нь бодож байсан болохоороо дуртай хүлээж авсан. Тэгж л надад энэ сайхан шүлэг, аялгуутай дууг дуулах хувь тохиол олдсон.

-Цомогт хэдэн дуу багтаж байгаа вэ?

-14 дуу. Ихэнх нь шинэ дуу байгаа ч хит болсон хэд ч бий. Жишээ нь Цомгийн клиптэй дуунуудаа FM, телевиз, радиод тарааж, цацуулж эхэлсэн.

 

-“Очирваань уул холбоо”-ноос залуу уран бүтээлчдээ дэмжих, дээш нь гаргах талд хэр анхаарч ажилладаг вэ?

-Сайн дэмждэг шүү. Дуучин Батболд, морины гэж алдаршсан Л.Нарантуяа, залуу дуучин Нямзагд, Бадмаанямбуу, Машбат зэрэг дуучин төрөн гарсан. Одоогоор залуу уран бүтээлчид тус студидэд уран бүтээлээ хийж байгаа. Батсүх ах бид хоёр нэг нутаг бөгөөд Алдархаан сумынх. Анхны цомгоо гаргахад нутгийн зөвлөл сайн ажиллаж хандив туслалцаа үзүүлсэн. “Очирваань уул холбоо”-ныхон маань намайг цомогт оруулах гэсэн дуугаа дуулж байхад хоолойны бичлэгт үнэгүй оруулсан.  

-Уран бүтээлийн шүүмжлэгч, зөвлөгч нь Батсүх гавьяат байх. Тэр хүний гараар бэлтгэгдэж дамжин гарч ирсэн дуучид цөөнгүй байгаа байх шүү?

-Уран бүтээлч хүнийхээ хувьд мундаг. Надад хэлж зөвлөхдөө их шүүмжлэлтэй ханддаг. Миний дуулсан дууг таалагдахгүй байна гээд олон удаа загнуулж буцаж билээ. Сүүлийн үед намайг “Чи өөрийнхөө бодлоор л яв. Чамд тийм нэг зүйл байна. Түүнийгээ өөрөө л нээж гаргаж ир” гэдэг болсон. Тэр хүний хэлсэн зөвлөснөөр өдий дайтай явж, хийсэн бүтээсэн зүйлээ олонд таниулья гэж бодож цомгоо гаргалаа.  

-Залуу дуучин олон болж. Гэтэл шинээр дуулсан дуу нь өнөөдөр дуулагдаад маргааш мартагдах хэмжээний чанаргүй уран бүтээл хийж байна гэсэн шүүмжлэл бий...

-Миний хувьд өөрт таалагдсан дуугаа л сонгодог. Шүлгийг нь хараад таалагдсанаа л авна. “Шүүдэр мөнгөн сормуус” гээд манай Хилийн цэргийн хормейстер Батхүлэг багшийн их сайхан дуу байдаг. Тэр дууг өмнө нь олон хүн дуулсан ч нэг их түгээгүй юм билээ. Дандаа басс хоолойтой хүн дуулж байсан болохоор тэр байх. Миний хувьд тенор хоолойтой. Тэр дууны юу нь надад таалагдсан бэ гэвэл дахилт нь. Тиймдээ ч би их дурлаж дуулсан. Одоо сонсохоор тэр дуу их гоё болсон. Тэрнээс хойш “Би дурласан дуугаа дуулж чадах юм байна” гэдгээ ойлгосон шүү.

-Залуу уран бүтээлчид олонд танигдаж, нэр хүндтэй болж гарч ирэхийн тулд менежмент сайн хийх хэрэгтэй гэдэг. Дээр нь сайн хөдөлмөрлөж байж амжилтад хүрнэ. Таны хувьд хэр идэвхтэй уран бүтээлч вэ?

-Уран бүтээл нь чанартай, мөн сэтгэлээсээ дуулж олонд хүргэвэл өөрийн эрхгүй олны танил болж, сонсогчид дууг нь сонсоод эхлэх байх гэж боддог. Гайгүй мөнгөтэй дуучин бол клипээ телевиз, FM-ээр сайн цацахад л олонд хүрч, тэр хэмжээгээр масс сонсдог юм билээ. Миний бодлоор уран бүтээлээ давгүй хийчихвэл болчих байх гэж боддог юм.

-Мөнгөтэй хүний дуу “хит” болно гэж ойлгодог хэрэг үү. Танд ивээн тэтгэгч байгууллага байдаг уу?

-Угаасаа үнэн шүү дээ. Хүмүүс дуулсан дуугаа олонд хүргэхийн тулд мөнгө их хаях хэрэгтэй юм билээ. Миний хувьд яах вэ, нутгийн сайхан ард түмэн тусалж дэмждэг юм. Их сайхан дуулдаг залуус олон хэрнээ хоолойгоо бичүүлэх, клип хийлгэхдээ тулахдаа санхүү дээрээ нам суучихдаг. Би ХЦДБЧ-ын дуучин болохоор цалингаараа, аав ээжийн буянаар ямар ч байсан болгоод л байна шүү.

-Цаашдын уран бүтээлийнхээ төлөвлөгөөг сонирхуулж болох уу?

-Цаашид жааз урсгалаар уран бүтээл хийнэ гэж боддог. Ажлынхаа опера хамтлагийн залуустай нийлж ирэх арваннэгдүгээр сард сонгодог тоглолт хийх төлөвлөгөөтэй байгаа. Тийм болохоор Хилийн цэргээсээ өрх тусгаарлаж, бие даан уран бүтээл хийхгүй ээ.  Юутай ч анхны бие даасан цомгоо гаргачихлаа. Энэ сарын 20-нд цомгийн баяраа хийх санаатай байна. Тоглолт ч хийх санаа байна. Гэхдээ энэ сардаа амжихгүй нь. Яагаад гэвэл энэ сард олон ажилтай бөгөөд Хилийн цэргийнхэн Увс, Баян-Өлгий аймгийн хилээр аялан тоглолтоор явах гэж байгаа. Цомог гаргахад туслан ерөнхий ивээн тэтгэгчээр ажилласан Т.Энхсайхан, н.Мөнхсүлд болон нутгийн зон олондоо баярлалаа. Нутагтаа 300 гаруй цомгоо аваачиж тараасан байгаа. Худалдаанд гаргаагүй байж найз нөхөд, ажлын хамт олондоо тараагаад бараг дуусч байна.



Сонирхолтой яриа өрнүүлсэнд баярлалаа. Цаашдын уран бүтээлд тань өндөр амжилт хүсье!

Д.МЯГМАРСҮРЭН