Ирэх сонгуульд намууд эвсэх гэж сүйд болж байна. Бүр үнэнээсээ болон худлаагаасаа жүжиг тоглох болов. Баруун солгойгүй “эвсэнэ эвсэхгүй” гэсэн бужигнаан хийгээд үймээн; зөвшилцөл хийгээд түүнээсээ буцах; элдэв гэрээ санамж бичиг хийчихээд тэр дороо хулхидах; нэгэн зэрэг “үй түмэн” эвсэл байгуулахаар тохирох, өөрөө “томрох”-ын хамт эвсэх нам хүчнээ “жижигрүүлэх”, дарамтлах, наймаалцах зэрэг үй олон инээдтэй бөгөөд эмгэнэлтэй үйл явдал манайд болж байна. Өнөөгийн үйл явцад анализ хийхийн тулд Монголын улс төрийн эвслүүд яаж, хэрхэн бүрдсэн “түүхийг” сөхөх нь зүйтэй. Уг нь “өчигдөрхөн” болсон үйл явдлыг “санадаг” ард түмэнтэй бол ингэж сүрхий үүх түүх ярих шаардлага байхгүй л дээ. Гэвч бидний монголчуудын “ой санамж” хэдэн жилийн өмнөхийг байтугай, хэдхэн сар, долоо хоногийн өмнөхийг “мартах” болтлоо мангуурсны учир ингэхээс өөр арга надад алга. Ингээд Эвслийн тухай…

 

Эвсэл гэгчийн монгол түүх

 

1992 оны сонгууль. Энэ үед Дээд Шүүхэд бүртгэлтэй болж амжсан 12 нам байсан юм. “Үхсэн хойноо” нам ч гэж дээ, МАН-ын эсрэг дурын шалтгаанаар бүрдсэн өчүүхэн жижиг бүлгэнцэрүүд байсан юм. Хамгийн эхлээд МоАН, МНН, МҮДН нийлж байгаад сонгуулийн “МоАН, МНН, МҮДН” гэх нэгэн эвсэл байгуулав. Үүнийг манай анхны улс төрийн эвсэл гэж үзэж болно байх. Бодвол эвсвэл хүч, боломж нэмэгдэнэ гэж “хүнээс сонссон” биз…

Харин Монголын сүсэгтний Ардчилсан Нам, МАН (одооны МАН биш, Баасан ламын нам) хоёр нийлж өөр нэг эвсэл байгуулав. Хүчний харьцаа үнэн тэнцвэргүй. Тэр үеийн МАХН, одоогийн МАН л ганцаараа 76 хүний нэр дэвшүүлсэн бөгөөд “МоАН, МНН, МҮДН” эвсэл 48, МСДН 28 хүний нэр дэвшүүлсэн юм. Сөрөг хүчний намууд бүгдээрээ нийлээд 141 нэр дэвшигч өрсөлдүүлсэн юм. Үр дүн нь: МАН 70 суудал, “МоАН, МНН, МҮДН” эвсэл 4, МСДН 1, бие даасан нэр дэвшигч 1 суудал авч таарав.

 

1996 оны сонгууль. “Ардчилсан Холбоо” эвсэл байгуулсан саяхны энэ түүхийг бараг бүгдээрээ мартсан учраас дэлгэрүүлж сануулах нь зүйд нийцнэ.

1996 оны Цагаан сарын Шинийн 1-нд МУИС дээр нэгэн “том” үйл явдал болж МҮАН, МСДН-ын “Ардчилсан Холбоо” эвсэл байгуулж, түүнд МҮДН-ын дарга Д.Ганболд, МСДН-ын дарга Р.Гончигдорж нар гарын үсэг зурав. Ц.Элбэгдорж арай хожим 1996 оны 4 дүгээр сард МҮАН-ын дарга болсон юм. Харин Ц.Элбэгдорж “Ардчилсан Холбоо эвслийн сонгогчидтой байгуулах гэрээ”-г зохиож сурталчилсан болно. “Ардчилсан Холбоо” эвсэл 2 шаттай бүрэлдсэн юм. Эхлээд МоАН, МҮДН, БНН-ууд (С.Зориг агсны) МҮДН-д нэгдэв. Энэ нь Эвсэл бүрдүүлэх эхний шат болов. Дараа нь МҮДН, МСДН хоёр эвсэл болов. Энэ нь Эвсэл бүрдсэн “жинхэнэ” шат юм. Энэ Эвсэлд МШАН, МНН-ууд эвсэлд нэр төдий багтсан юм.

1996 оны 4 дүгээр сард гарсан “Сайн байна уу ?” сонинд гарсан мэдээгээр МҮДН-аас 50, МСДН-аас 26 хүн нэр дэвшив. Дашрамд энэхүү “Сайн байна уу ?” сониныг 500 мянган хувь хэвлэж улс орон даяар тараасан билээ. Өөр нэг жижиг эвсэл тэр үед гарсныг өнөөдөр тун олон хүн мартаад байна. Энэ бол МАН, МАСМН-ын “Ардчилсан төр” эвсэл байсан юм.

Ингээд 1996 оны сонгуульд 5 нам, 2 эвсэл оролцов. Үр нь дүн нь: “Ардчилсан Холбоо” эвсэл 50 суудал, тэр үеийн МАХН буюу одоогийн МАН 25 суудал, МУНН 1 суудал авав.

Одоо хүн бүхний анзаардаггүй нэгэн түүх сөхье. Уг нь тухайн үед мөрдөгдөж байсан хуулиар хэрэв Эвсэл байгуулбал Эвслийн “Төлөөллийн Төв байгууллага” байгуулах ёстой байв. Гэтэл хуулийн энэ заалтыг огт биелүүлэлгүй хоёр намын дарга зэрэгцэн сууж гарын үсэг зураад л Эвслээ байгуулсан юм.

Тэр үеийн олон мундаг хуульчид энэ ноцтой зөрчлийг мэдээгүй байсан гэж итгэхэд бэрх, би бол мэдэхийн дээдээр мэдэж байсан гэж боддог юм.

Тун удахгүй үүссэн “Ардчилсан Холбоо” эвслийн дарга солих, Ерөнхий сайдаа унагах болон сонгоход хууль зөрчсөн энэ бүдүүлэг явдал ихээхэн гай болсон билээ. Учир нь бүхий л үйл явдал Төлөөллийн Төв байгууллагын шийдвэрийг шаардаж байхад манай аваргууд “Ардчилсан Холбоо” Эвсэл гэсэн албан хуудсан дээр МҮДН, МСДН-ын хоёр даргын гарын үсгийг зэрэгцүүлэн зурдаг хачин утгагүй ёс заншил бий болов. Уг нь Эвслийн 2 намын 2 даргын гарын үсэг Эвслийн Төлөөллийн Төв байгууллагыг “орлох” хуулийн болон эрх зүйн ямар ч үндэслэл байхгүй юм. Чухам энэ нь Н.Багабанди Эвслээр дураараа тоглох боломжийг бий болгосон билээ.

Асар удалгүй “Ардчилсан Холбоо” эвслийн нэг МСДН-ын дарга Р.Гончигдорж тэр үед МАХН-ын даргаар сонгогдсон Н.Энхбаяртай сүжрэх болсноор Эвслийн ажил үйлс гэж сүг болсон юм. Энийг дэлгэрүүлж ярихаар бөөлжис хутгаад байдаг юм. Н.Энхбаяр, Р.Гончигдорж нарын үй зайгүй “нөхөрлөл” бүр 1996-1997 оноос ингэж эхэлсэн билээ.

2000 оны сонгууль. Энэ үед “Ардчилсан Холбоо” эвслийн нэр хүнд навсайтал унасан байв. МСДН “паразитын нам”, МҮАН “Алуурчны нам” гэсэн хочтой болоод байв. (“Хөх толбо” сонин.)

Ингээд сонгууль болж МАН 72 суудал, “Ардчилсан Холбоо” эвсэл 1, ИЗ (бас Ногоон нам) 1, МАШСН 1, бие даагч 1 суудал тус тус авчээ. АН-ын голлох лидерүүд Ц.Элбэгдоржоос эхлэн суралцах нэрийдлээр гадаадад дүрвэн гарав. АН үйл ажиллагаагаа бараг 3 жил зогсоож үхсэн амьд нь мэдэгдэхгүй сүг болов.

2004 оны сонгууль.

Сүйрлийн ялагдлын дараа 2000 оны 12 дугаар сарын 6-нд МҮАН, МСДН-ын “санаачлагаар” МАСМН, МШАН болон МУНН-ын зарим хэсэг АН болон нэгдэв. Энэ бол эвсэл бүрдүүлэх эхний шат юм.

2003 оны 5 дугаар сард “Эрэл”-ийн Б.Эрдэнэбатын МАШСН, шинээр бүрэлдсэн АН-ын дарга М.Энхсайхан нар “Эх орон-Ардчилал” эвслийг байгуулав. Энэ үеэр Р.Гончигдорж, М.Энхсайхан хоёр АН-ын даргын төлөө үзэлцэж зодоон хийх, тамгаа аван зугтах “дэндүү сайхан” ёс заншил санаачилсан зэргийг яривал дуусахгүй онигоо болно. Юүхэв, зүгээр больсон нь дээр. Гэхдээ энэ бол эвсэл байгуулах хоёрдугаар шат байсан юм.

Гэвч энэ Эвсэлд дайсан хэтэрхий олон байв. Эхний “дотоод” дайсан нь цаанаа Н.Энхбаяр, наанаа МСДН-ын дарга Р.Гончигдорж нарын байгуулсан “Алтан гадас” хэмээх нам дамжсан фракци байлаа. Р.Гончигдорж 2003 оноос эхлэн М.Энхсайханы эсрэг удаа дараа дайралт эхэлсэн. Мөн “гадаад” дайсан нь АНУ-д суралцаж Монголд дөнгөж ирсэн Ц.Элбэгдорж байсан юм. Мөн МАН, АН-ын хооронд байнга гуйвж дайвж байдаг С.Оюун үйл явдалд хачин сөрөг нөлөө үзүүлсэн юм. Харин Ерөнхийлөгч Н.Багабанди “Эх орон-Ардчилал” эвслийг далдуур илт дэмжиж байсан нь хөдөлшгүй баримт юм.

Хачин балай, эргүү мунхаг бантан хутгаж хутгаж арай хожим буюу 2004 оны 2 дугаар сарын 3-нд хамгийн сүүлчийн гурав дахь оролдлогоороо АН, Эх орон-МАШСН, ИЗБНН арга буюу Эвслийн гэрээг арай гэж үзэглэв. Гэвч бүх юм дэндүү оройтож, хүчээр нийлүүлсэн “холимог хуурга” бүрдэв.

“Эх орон-Ардчилал” эвсэл бүр анхнаасаа л Н.Энхбаярын тал, Н.Багабандийн тал гэсэн хоёр хэсэгт хуваагдсан ба энэ “агуу жүжгийн” бараг бүх үзэгдэлд МАН идэвхийлэн оролцсон нь бас л хөдөлбөргүй баримт юм.

Н.Багабандийн нүүдэл дэндүү аймшигтай байв. Анх удаагаа ноцтой аюулд учирсан Н.Энхбаяр намаа сахилгажуулах арга хэмээн нэн даруй авч, “намдаа морь нохой мэт зүтгэнэ” агуулга бүхий “Батламж” гарган нэр дэвшигчдийн ам шүдийг авч гарцаагүй үхлээс мултарч чадсан билээ. Гэсэн ч “батламж” зөрчих явдал олон гарсан ба чингэсэн Д.Оюунхорол нарын 3 хүн МАН-аас хөөгдсөн юм. Н.Энхбаяр Ц.Элбэгдоржийн тусламжтайгаар “Эх орон-Ардчилал” эвслийг задлан бутаргах ажилд шилжив. Ц.Элбэгдорж энэ үүргээ амжилттай биелүүлж Ерөнхий сайд болов.

АН бол бүр ч дэндэж бие даан нэр дэвшсэн Ч.Чулуунбат, С.Билэгсайхан, А.Булган, Я.Санжмятав, А.Баттөр, Д.Одхүү, Д.Хувьтөгөлдөр, Д.Эрдэнэбат, Р.Амаржаргал нарыг намаасаа хуугаар нь хассан билээ.

Ингэж ингэж 2004 оны 5 дугаар сард АН 50, Эх орон-МАСШН 21, ИЗБНН тойрог “хувааж” авснаар хэрүүл маргаан түр намжив. Эвсэл дотроо дайн хийж, бие биенээ хорлон сүйтгээгүй бол “Эх орон-Ардчилал” эвсэл хамаагүй илүү амжилт гаргах байсныг би гэрчилж чадна.

Харин МАН-ын хувьд Н.Энхбаяр ялалтаа баталгаатай болгохын тулд үзэл суртлын машинаа “шаттал” ажиллуулав. Чингэхдээ тэр өөрийгөө хаан мэтээр ойлгуулснаар ард түмний дургүйцлийг төрүүлжээ. Ингэснээр Н.Энхбаяр өөрийнхөө “булшны нүхийг” бэлдсэн юм. Тэнэг хүн тэнэг хэвээрээ үлддэг аж…

Ингээд 2004 оны сонгуулийн дүн гарахад МАН 36, “Эх орон-Ардчилал” эвсэл 36 суудал тус тус аван хайнцаж, харин БНН 1 (Б.Жаргалсайхан), бие даагчид 3 суудал авчээ.

Энийг эрх баригчид ард түмний “хаан сонголт” гэж өхөөрдөн нэрлэсэн ба үүнээс хойш “Их эвлэрлийн”, “Эв нэгдлийн” гэх мэт хачин гоё нэртэй атлаа новшийн, адгийн Засгийн Газруудын балиар түүх эхэлсэн юм.

Үүнээс цаашхи түүхийг манайхан сайн мэдэх учраас маш товч өгүүлье.

 

2008 оны сонгууль

 

МАН 45, АН 28, НН, Иргэний Хөдөлгөөний Намын “Иргэний эвсэл” 1 (Д.Энхбат), ИЗН 1 (С.Оюун), бие даагч 1 (З.Алтай) сонгогдсон.

 

2012 оны сонгууль

 

АН 31, МАН 25, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл 11, Иргэний Зориг Ногоон Нам 2 суудал авч, 3 бие даагч сонгогдсон. Мөн 2 тойрогт дахин сонгууль явуулсан.

 

Эвслийн талаарх дүгнэлтүүд

 

Одоо бид монголын улс төрийн эвслийн түүхийн “давтлага” хийж болсон үйл явдлыг “санаж авсан” учраас Эвслийн тухайд нэн тодорхой үнэлэлт, дүгнэлт хийх боломж бүрдсэн гэж бодож байна.

Дээр товч өгүүлсэн түүхээс үзэхэд тун олон зүй тогтол ажиглаж, дүгнэлт, гаргалгаа хийж болно.

1. МАН засгийн эрх барьж байх үедээ ч, сөрөг хүчин байх үедээ ч эвсэл байгуулж байгаагүй, харин ардчилсан гэгдэх хүчин МАН-ын эсрэг шинжтэй янз бүрийн эвсэл байгуулж байжээ.

2. Ардчилсан хүчнүүдийн анхны эвсэл “Ардчилсан Холбоо” эвсэл хууль зөрчин “Төлөөллийн Төв байгууллага” байхгүйгээр бүрэлдсэн ба үүнийг нь тухайн үеийн улс төрчид, хуульчид “мэдээгүй” байжээ. Энэхүү хуулийг ноцтой зөрчсөн явдал нь “Ардчилсан Холбоо” эвсэл өөр хоорондоо өрсөлдөн тэмцэлдэж 4 Засгийн Газрын “толгой залгисан” их зөрчлийн эрх зүйн үндэс болжээ.

3. Ардчилсан болон ардчилсан гэгдэх Эвслийн удирдагчид МАН-тай хийсэн хуйвалдаанд бүр анхнаасаа оролцож, өөрсдийн зарлан тунхагласан эрхэмлэл, үнэт зүйлс, зарчмаасаа ухарч, тавьсан зорилтоосоо няцаж иржээ.

4. Эхлээд Р.Гончигдорж, Ц.Элбэгдорж, М.Энхсайхан нарын “анхдагчид”, арай хожим Н.Алтанхуяг, Ч.Сайханбилэг, С.Баярцогт нарын “удаалагчид” АН болон ардчиллын үйл хэргээс удаа дараа урваж, МАН-ын гар хөл болж иржээ. Энэ нь “Алтан гадас”-ын будлиант түүх болон өнөөгийн үйл явдлын асар олон баримтаар бүрэн бөгөөд хөтөлбөргүй нотлогдож байна.

5. АН болон хүчний удаа дараагийн урвалт хийгээд хуйвалдааны үр дүнд Монголын улс төрийн системийг дангаар нь хуваарьгүй бөгөөд хязгааргүй ноёрхсон МАНАН дэглэмийг бий болгожээ.

6. Өмнөх бүх Эвсэл МАН-гийн эсрэг зорилготой үүсдэг боловч тухай бүр анхдагч зорилгоосоо няцаж, МАН-д үйлчлэгч болон хувирдаг ба энэ нь яван явсаар МАНАН дэглэмийн эхлэл, үүсвэр болжээ.

7. МАНАН дэглэм бол улс төр, бизнесийн явцуу эрх ашгаараа нэгдсэн эрх баригч АН, МАН болон тэдгээртэй угсаа гарвал нэгтэй, МАНАН-тай ил далд байдлаар холбогдсон, МАНАН-г эсэргүүцэгч биш, тэжээгч нэгж байсаар ирсэн салбар намуудын тогтолцоо юм.

8. МАНАН дэглэм бол хэрэг дээрээ АН, МАН хоёрын дээд эрх мэдлийг халаагүй, хуваарьгүй атгасан цөөн хүн, тэдний гэр бүл, улс төр, бизнесийн хязгаарлагдмал явцуу бүлэглэлийн бусармаг ноёрхол, дарангуйлал юм.

9. МАНАН дэглэм сонгогчдын саналыг луйвар, хуйвалдаан, хулгай луйврын замаар хуваан авч гаршсан бөгөөд улс төрийн бусад нам, хүчин, эвслийг “дундуураа оруулахгүй” байх үгсэж тохирсон зарчимтай. Тэд жижиг нам, эвслийг хагалан бутаргах, худалдан авах, хутган үймүүлэх бүх талын туршлагатай бөгөөд энэ бусармаг ажилдаа төрийн хуулийн болон захиргааны нөөцийг чөлөөтэй ашигладаг. Мөн хуулийг байн байн өөрчилж, дураараа дургидаг.

10. Эдүгээ МАНАН дэглэм өөрөө задрал бутралд орж, ирж буй шинэ цагийн аясаар задран доройтож байна. Иймээс МАНАН дэглэмийн хорлонт үйлдэлд үл автах, үл худалдагдах, үл хамаарах, үл хууртагдах улс төрийн тэргүүлэх шинэ хүчин, түүний эвслийг бүрдүүлэх шинэ цаг иржээ.

 

Эвслийн төлөө

 

МАН, АН-ын МАНАН дэглэмийн эсрэг, түүнээс тусдаа улс төрийн эвсэл байгуулах оролдлого удаа дараа хийгдэж байсны анхных нь Д.Энхбатын тэргүүлсэн “Иргэний Холбоо” хөдөлгөөн, түүнд тулгуурласан “Иргэний Эвсэл” байсан юм. Энэ Эвсэл 2008 оны сонгуулийн өмнө байгуулагдаж ард түмний дунд ихээхэн итгэл найдвар төрүүлж байсан боловч энэ үүргээ биелүүлж чадаагүй юм.

Би тухайн үед “Иргэний эвслийн” дарга Н.Энхбатын зөвлөх хийж байсан учраас энэ үйл явдлыг хамгийн сайн мэдэх хүний нэг юм.

“Иргэний Холбоо” дөнгөж байгуулагдмагц гишүүд дэмжигчдийн бүтэц бүрэлдэхүүн авахын танаггүй болов. Учир нь нийт гишүүдийн 40 хувь нь МАН, АН-ын “тагнуул”, ховлон мэдээлэгчид, 30 хувь нь тагнуул, цагдаа зэрэг хүчнийхэн, 10 хувь нь иргэний хөдөлгөөн болгоныг дагаж мөнгө олоод сурчихсан ашиг завшаан хайгчид, ердөө л 10 орчим хувь нь жинхэнэ зүрх сэтгэлээсээ дэмжигчид байсан юм.

Мөн “Иргэний эвслийг” өрсөлдөгчийнхөө эсрэг чиглүүлэх гэсэн МАН, АН-ын ил далд оролдлого, сүрдүүлэг замаа алдав. Энэ балиар юмыг лав л Д.Энхбат бид хоёр мэддэг, ярьдаг байсан боловч үнэндээ тэр замбараагүй их хүчийг яаж ч чадаагүй юм.

7 дугаар сарын 1 болоход Иргэний эвслийн туг, далбааг дур мэдэн авч жагсаал цуглааны эхний эгнээнд “үзүүлэн” болгов. Уг нь бид үйл явдалд үнэлэлт дүгнэлт хийсний дараа бүгдээрээ зохион байгуулалттай очно гэж ярьж байсан юм.

Эрх баригчид өөрсдөө үймээн будлиан тарьж, 5 хүн буудсаныхаа дараа буюу 7 дугаар сарын 1-ний орой ЦЕГ-ын Олон нийттэй харилцах төвийн дарга, цагдаагийн хурандаа Т.Сайнжаргал: “Энэ үймээнийг Иргэний Эвсэл зохион байгуулсан” гэж Монголын бүх хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэлийтэл гүтгэсэн билээ.

Би манай цагдаагийн мөрдөс бөгсний алчуур болсон гэдгийг дэндүү сайн мэднэ.Харин энэ удаад би монголын цагдаагийн ам бол хошного гэдгийг ойлгож авсан юм.

Хожмын үйл явдлаас үзэхэд 7 дугаар сарын 1-ний үймээний эзнээр “Иргэний эвсэл”-ийг тодруулж, гишүүд идэвхтнүүдийг нь барьж хорих балиар ажлыг эрх баригчид тэр үед сэдсэн нь нэн тодорхой байдаг. Чухам ийм учраас би найз нөхөд, хамтран зүтгэгчдийнхээ нэр төрийг хамгаалах, үнэн мөнийг олох гэж 7 дугаар сарын 1-нийг дээд зэргийн няхуур нямбай судалсан юм.

7 дугаар сарын 1-ний асуудлаар “үй түмэн” хурал болсон боловч тэр бүхэнд ганцхан намайг оруулдаггүй бөгөөд учир нь нөр их судалгааныхаа үр дүнд олсон миний дүгнэлт эрх баригчдад нэн халгаатай…

Дээр дурдсан болон бусад шалтгааны улмаас “Иргэний эвсэл” гойд амжилт олоогүй нь мэдээж хэрэг. Харин эдгээр бүх “туршлагыг” харгалзах нь бидний үүрэг юм.

Энэ бүхнийг нуршин өгүүлэхийн учир нь МАНАН-аас бусад эвсэл байгуулах ажил үйлс нэн их бэрхшээлтэй бөгөөд хамгийн зовлонтой ажил гэдгийг ойлгуулах гэсэн миний чин хүсэлд оршино.

 

Шинэ эвслийн шинэ цаг

 

Түүнээс хойш даруй 8 жил өнгөрч шинэ цаг ирж байна. МАНАН дэглэм өөрийн зөрчилдөө идэгдэн задран бутарч байна. Гэсэн хэдий боловч хуучин аргаа хэрэглэхээр амь тавин зүтгэж байна.

Засаг төрийн эрх мэдлийг хууль бус, луйврын аргаар авчихаад, төрийн бүхий л нөөц, боломжийг өөрөөсөө бусад хүчнийг хавчих хяхах атгаг зорилгодоо ашиглах нь шууд утгаараа гэмт хэрэг мөн. Гэвч МАНАН гэмт хэрэг үйлдэхээс хэзээ ч буцаж байгаагүй юм. Энэ нь урьд өмнийн сонгуулийн бульхай луйвраас эхлээд одоогийн Сонгуулийн шинэ хуулиар улс төрийн эвсэл үүсэх, бие даан нэр дэвших боломжийг бүх талаар хаасан бусармаг тэдний үйлдлээс тод харагдана.

Шинэ нам байгуулах хуулийн болон цаг хугацааны боломж нэгэнт шавхагдсан тул Г.Уянга болон түүний баг “бэлэн” байгаа намууд дундаас сонголт хийх ёстой болов. Манайд Дээд шүүхэд бүртгэлтэй 24 нам байгаа. Шууд хэлэхэд тэдний олонхи 1-2 дарга, тамга тэмдгээр өөр зүйлгүй, ганц нэг хэвлэлийн бага хурлаас өөр ажилгүй байсныг шууд хэлбэл худал хэлсэн болохгүй нь лавтай.

Харин харьцангуй шинэ байгуулагдсан Тусгаар Тогтнол, Эв нэгдлийн нам байгуулагдаад ажил хийж амжаагүй, хийе ч гэсэн нөхцөл боломж байхгүй “сууж” байсан юм. Энэ намын нөхдүүдтэй ярилцаж хамтран ажиллахаар тохирч, даргаар нь Г.Уянгыг сонгосон нь хуулийн цоорхойг ашигласан хэрэг болохоос өөр ямар нэг атгаг санаа огт байхгүй.

Дараа нь ТТЭНН ээлжит бус Их хурлаа хийж, намын дарга Г.Уянга: “Монгол Улсаа үндэсний болон эдийн засаг-нийгмийн хямралаас гаргах эрхэм үүрэг бүхий улс төрийн ТЭРГҮҮЛЭХ ХҮЧИН”-ийг зарлав. Дараа нь МНН-тай хамтран “”Нэгдмэл Монгол” эвсэл байгуулав.

Олон түмний тархийг олон жил угаасан, бэртэгчин зан үйл хэт дэлгэрсэн өнөөгийн нөхцөлд Эвсэл байгуулах яриа хэлэлцээр туйлын хүнд нөхцөлд болсон гэдгийг дурдах нь шударга хэрэг болно. Лав л миний тэсгэл тэвчээр хүрэхээргүй “ёстой заваан”, ёрын хүнд ажил юм билээ. Амьтан хүний эвийг олдог, асар их тэвчээртэй атлаа цуцалтгүй шаргуу байдаг тулдаа л Г.Уянга энэ бүхнийг даван туулж чадсан гэж би бодож байна. Лидер хүн ийм л байх ёстой.

Эвсэл болох гэсэн манай нөхдүүд “томрохгүй байна” гэж номонд хазгай. Хамгийн наад зах нь чиний орлогч болж, жагсаалтын 2-т орохгүй юм бол эвсэл болоод яахийм гэх зэрэг бол энүүхэнд. Энэ бол эхний шаардлага. Дараа нь “авах” тойрог, нэр дэвшүүлэх хүний тоогоор наймаа хийж, болзол тулгаж эхэлнэ. Бидэнд тэдний бүх боловсон хүчний дэлгэрэнгүй мэдээлэл бий л дээ. Гэсэн хэдий 5-10-аас дээш хүний наймаа хийх гэж зүтгэнэ. Үүнийгээ зарим нь цаашаа “зардаг” гэдгийг ч бид мэднэ. Тэдний “нэр дэвшүүлсэн” хүүхнүүдийн дэргэд Х.Баянсэлэнгэ “жинхэнэ” улс төрч, О.Баасанхүү “дээд ухаантан” мэт харагдана…Дээрээс нь “тэр тэрэнтэй нийлж ёстой болохгүй, хэрэв тэр тэрэнтэй эвсвэл бид эвсэхгүй” хэмээн тулгана, айлгана. Тэгээд зөвхөн “тэр нөхөртэй” л эвсэх ёстой юм гэнэ. Үнэн ядаргаатай, зовлонтой ажил…

Би байсан бол ширээ шаагаад хаяад явах юман дээр Г.Уянга уйгагүй, тэвчээр заан сонсоно, ятгана, итгүүлнэ, ярилцана. Энд би Г.Уянгыг зориудаар магтах гээгүй, зүгээр л тэр ямар хүнд хэцүү “тамын ажил” хийж, Эвсэл байгуулах шийдэлд хүрснийг л ярьж байна. Мөн саяхан туулсан энэ “зовлон”-г олон хүн мэдэхгүй загнаад байдаг болохоор нь ярьж байна. Өдгөөгийн олон шүүмжлэгчдээс нэг нь ч Г.Уянга шиг ажлын ийм их ачаалал дааж, богино хугацаанд тодорхой үр дүнд хүрч чадахгүй…

Г.Уянгын энэхүү дэс дараалсан ухаалаг алхмуудын үр дүнд улс төрийн шинэ хүчин асар богино хугацаанд амжилт олж, маш зөв байрлал эзэлсэн нь хэн бүхэнд ойлгомжтой.

УИХ-ын гишүүн Г.Уянгын нөр их хичээл зүтгэл, олон жилийн чармайлтын үр дүнд Монголын нэн шинэ түүхэнд анх удаагаа МАНАН-аас гадуур үүссэн, түүнээс огт хамааралгүй, Монголын ард түмний итгэл найдварыг хүлээсэн, нэр цэвэр удирдагч, нэр цэвэр нам, нэр цэвэр Эвсэл төрөн гарч байна.

Учир нь Г.Уянга 2012 онд УИХ-ын анхны чуулганы хуралдаан дээр: “Аль ч хүчин нь засгийн газарт орохоо больё. Үндсэн хуулийн өөрчлөлтөө ярилцацгаая. Одоогийн парламентад орсон хүчний харьцаагаар түр засгийн газар байгуулж шинэ V Үндсэн хууль батлагдтал улс орны аж ахуйн асуудлыг эрхлэн авч явах үүрэг хүлээлгэе” гэж уриалан дуудсан үгээ марталгүй тэмцсэн юм.

Ингэмэгц Г.Уянга болон түүний нам, эвслийг хараан зүхэж эхлэв. Энэ чинь улиг болсон хуучин арга. Энийг чинь бид мэдэхийн дээдээр мэднэ…

Эдүгээ ТТЭНН, улмаар “Нэгдмэл Монгол” эвсэл “МАНАН дэглэмийг халах” явдлыг тэргүүн ээлжийн зорилтоо болгон тунхаглаж байна. Урд өмнө ийм зорилго тавих нь бүү хэл, энэ тухай чанга ч ярьж чаддаггүй байв.

МАНАН Монголын эдийн засгийг хямралд унагаж, өрөнд идүүлж, нийгэм, улс төр, оюун санааны хямралд оруулсан нь худлаа юм уу ?! Улс гүрнээ худалдаж, бүрэн сүйрүүлсэн МАНАН-г халж солих буруу юу ?! Эдүгээ МАНАН-гийн хөлсний нохдууд “энэ бүх бузар булай Г.Уянгаас болсон” хуцалдаж байна.

ТТЭНН луйварчин л гэнэ. Дарга байсан залуу нь “үй түмэн” доллар луйвардсан л гэнэ. Хэрэв залхуу чинь хүрэхгүй бол очоод шалга л даа, хөгийн новшнуудаа !!! Тэнд чинь тамга, тэмдэг хоёроос өөр зүйл байхгүй. Харин одооноос л хүнтэй болж, ажил өрнөж эхэлж байна.

Шүүмжлэгчдийн эргүү мунхаг ухаанаар намын өмнөх дарга нь “хулгай хийсэн” учраас саяхан дарга болсон Г.Уянга тэр хариуцлагыг нь хүлээх ёстой юм гэнэ. Үүний төлөө Г.Уянга бараг шоронд орох ёстой юм байх аа…

Хэрэв тэд новшнууд энэ “хөгийн зарчмаа” тууштай баримтална гэвэл бид бүрэн дүүрэн зөвшөөрч байна. Ингэвэл үй олон хулгайч, дээрэмчин цуглуулснаараа хамгийн түрүүнд З.Энхболд, М.Энхболд хөтөлцөөд, МАНАН-гийн дарга нар удаалаад бүгдээрээ шоронд сууж таарна. Сайн л биз дээ, МАНАН-гийн дарга нар цугаараа, цугтаа шоронд орчихвол…

 

Харин Г.Уянга ёстой яах ч үгүй гэдгийг би хэний ч өмнө нүүр бардам батлан хэлж чадна.

Эдүгээ МАНАН-гийн үзэл суртлын машин ажиллаж “хар пиар”-аа эхэлж байна. Бид үүнд чинь бэлэн байна. Бид энэ тэмцэлд олон жилийн турш, маш няхуур, дэндүү сайн бэлдсэн. Бид МАНАН-гийн мэхэнд олон удаа унаж байсан учраас арга заль, муу санааг нь мэдэхийн дээдээр мэднэ, юу хийхийг нь хүртэл мэднэ…

Одоо ТТЭНН, “Нэгдмэл Монгол” эвсэл, түүний удирдагч Г.Уянгын эсрэг тэнэг дайралтаа үргэлжлүүлбэл бид түүнээс чинь олон дахин давсан хариуг цаг тухайд нэн даруй өгөх болно гэдгээ амлаж байна.

 

Судлаач Х.Д.Ганхуяг