Соёл, урлагийн ажилтны баярын энэ өдрийг жил бүрийн есдүгээр сарын хоёр дахь долоо хоногт багтаан тэмдэглэдэг уламжлалтай билээ. Энэ өдрийг тохиолдуудан соёл, урлагийн зүтгэлтэн, ажилтан, уран бүтээлчид ардын авьяастан, нийт уншигч та бүхэндээ www.DORGIO.mn сайтын хамт олноос чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж байна.

    Монголын бүх урлагийнхны хамгийн том баяр наадам нь болж уламжлагдан зохион байгуулагдаж ирсэн энэхүү баярын энэ жилийн ерөнхий зохион байгуулагчаар Үндэсний Дуу Бүжгийн Эрдмийн Чуулгын эрхэм хамт олон ажиллаж байгаа бөгөөд өнөөдөр өглөөний 09:00 цагаас УДЭТ-ын үүднээс, ССАЖЯ-ны харъяа бүх мэргэжлийн урлагийн байгууллагуудын ажилтан, уран бүтээлчид болон монголын нийт уран бүтээлчдийн төлөөлөл бүхий өргөн бүрэлдэхүүн Хүй долоон худагийг зорьлоо.

   Энэ жилийн соёл, урлагийн ажилтны баярын нэгдсэн арга хэмжээ Хүй долоон хутагт өдрийн 11:00 цагаас нээлтээ хийж үдшийн 22:00 цаг хүртэл үргэлжлэх бөгөөд энэ өдөр Хүчит 64 бөх барилдаж, Их насны морьд уралдаж, Сур харваж эрийн гурван наадмаараа цэнгэхийн зэрэгцээ, урлагийн байгууллагуудын ажилчдын дунд спортын тэмцээн уралдаан зохион байгуулагдах юм. Түүнчлэн баярын хаалт болгож оройны 18-н цагаас бүх оддын нэгдсэн тоглолт болох юм. Ийнхүү соёл, урлагийн ажилтан, уран бүтээлч та бүхний юу санасан есөн хүсэл сэтгэлчлэн бүтэж, уран бүтээлийн онгод хийморь үргэлжид ивээн, эх орныхоо хөгжил дэвшилд ямагт бүтээлч хувь нэмэр оруулж байдагт нь талархал дэвшүүлье.

Та бүхнийг урлагийн тэнгэр “ЯНЖИНЛХАМ” бурхан өнөд ивээж явах болтугай.