Швед улс жилд нэг залуу хүндээ 2380 ам.доллар зарцуулдаг. Монгол мөнгөөр бол таван сая орчим төгрөг. Харин Монгол Улс үүнээс 20 дахин бага буюу 115 ам.долларыг зарцуулдаг судалгааг Иргэний боловсролын төвөөс гаргасан байхтай саяхан танилцав.

 

Би, миний адил 1.1 сая /Монгол Улсын нийт хүн амын 38.5 хувийг залуус эзэлдэг/ монгол залуу улсдаа 115 ам.доллараар үнэлэгддэг байх нь. Улсынхаа хөгжлийг түүчээлэх учиртай хүн амын хэсгээ ийм жижигхэн хэмжээнд үнэлдэг болохоор үүнийг дагаад залуус “эвдэрч” эхэлжээ. Нэг үгээр залуус амар хялбар аргаар мөнгө олох сонирхолтой болсон нь дараах мэдээллээс харагдана. Цагдаагийн ерөнхий газрын цахим хуудас дахь тоон мэдээлэлд өнгөрсөн оны болон энэ оны эхний гурван сарын судалгааг нийтэлжээ.

 

Монгол Улсад 2015 онд 27757 гэмт хэрэг үйлдэгдсэнийг бүртгэсэн байна. 2014 оноос 439-өөр нэмэгдэж. Тэдгээр гэмт хэргийн тал хувийг өмчийн эсрэг буюу дээрэм, булаалт, хулгай, танхай, залилан эзэлжээ. Гэмт хэрэг үйлдэгчдийн олонх нь 18-24 насныхан. Хүйсийн хувьд эрэгтэйчүүд голдуу. Бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийн бас л тал хувийг дээрмийн үйлдэл эзэлжээ. Энэ төрлийн гэмт хэргийн хувьд сүүлийн үед нэг төрлийн үйлдэл давтагдах болсныг цагдаа нар онцолж байна. Тэр нь кинон дээр гардаг шиг багтай залуус банк, ломбард зэрэг бэлэн мөнгөтэй газруудыг дээрэмдэх болсон явдал.

 

Тухайлбал, өнгөрсөн арванхоёрдугаар сард Худалдаа хөгжлийн банкны Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороон дахь салбарт багтай ах дүү хоёр зэвсэглэн халдаж 423 сая төгрөг дээрэмдсэн. Өнгөрсөн сарын 7-нд Төрийн банкны бас нэгэн салбарт залуус бүлэглэн орж хоёр сая төгрөг дээрэмдэн зугтаасан юм. Өнгөрсөн оны сүүлч энэ оны эхний байдлаар галт зэвсэгтэй этгээдүүд банк, ломбард руу халдсан үйлдэл долоон удаа бүртгэгдсэнийг Улаанбаатар хотын Гэмт хэрэгтэй тэмцэх газрын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Даваажав ярив. Байрны орцовд 70 гарсан хөгшнийг дээрэмдэж гэмтээсэн хэрэг ч саяхан олныг түгшээсэн.

 

Тэгвэл охид бүсгүйчүүд ч ялгаагүй. Цагдаагийн байгууллагын шалгалтаар саун, массажны газруудаас охид хэдэн арваараа биеэ үнэлдэг нь илчлэгдэж байна. Тэдний халхавч ажилгүйдэл, ар гэрийн тааруу амьдрал гэсэн өчүүхэн шалтаг л байдаг. Чанартай боловсрол эзэмшин энхийн цагт эх орондоо хүч хөдөлмөрөө зарцуулах сэтгэлгүй задарсан залуусаа яах вэ. Амар хялбар аргаар мөнгө олохын тулд бусдын эрхэнд халдаж эрүүл мэвд, амь биеийг нь хохироох эрхийг хэн тэдэнд өгөв.

 

Б.Заяа