Жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс эмэгтэйчүүдийн анхны алтан медаль зүүсэн “Женко” клубын тамирчин М.Уранцэцэгтэй ярилцлаа.
 
Тэрбээр хорин гуравхан насандаа Рео-де-Жанейрогийн татамид ялалтаа тунхаглаж төрийн дууллаа эгшиглүүлэн олон хүний баяр бахдалыг төрүүлэв. Бөхөө хүндэлдэг түмнийхээ бахархал болсон түүнийг олимпийн дэвжээ хүлээж буй за.
 
 
-Жүдогийн дэлхийн аваргаас алтан медаль зүүж түүхэн амжилт гаргасанд баяр хүргэе. Рео-де- Жанейрогийн дэвжээ таныг сайхнаар хүлээн авч ээлээ хайрлалаа? 
 
-Баярлалаа. Олимпийн наадам болох татамигаас адис авч, алтан медаль зүүгээд ирлээ гэж ойрын хүмүүс хэлж л байна. Олимп болох өлгийд зохион байгуулсан тэмцээнд амжилттай оролцохын төлөө их хичээсэн. Хичээл зүтгэл маань ч талаар болсонгүй. Намайг барилдахад дэмжсэн хүмүүст баярлалаа гэж хэлье.
 
Тэр дундаа надад үргэлж урам хайрладаг ээж, үнэтэй сургаал хайрладаг багш нар болон Жүдогийн холбооны ерөнхийлөгчдөө талархлаа илэрхийлье. Тэмцээнд багийнхан маань амжилттай оролцож Рео-де-Жанейрогийн олимпод Монголын жүдочид хэр бэлтгэлтэй байгаагаа харуулж чадсан гэж бодож байна.
 
Шигшээ багийн тамирчид дэлхийн аваргаас 4-5 медаль авах зорилготой оролцсон. Тэгээд хоёр медаль, гурван шагналт байртай ирлээ. Энэ тийм ч муу амжилт биш. 
 
 
-Эзэн орны бөхтэй барилдахад сэтгэл зүйн болоод бусад зүйл дээр амаргүй байв уу? 
 
-Ер нь миний хувьд сугалаа хатуу таарсан. Эзэн орны бөх Сара Менезес, олимпийн аварга гээд мундгуудтай барилдаж их туршлага хуримтлууллаа. Би барилдааны үндсэн цагт хоёр юүко үнэлгээгээр илүү байсан ч хугацаа дуустал оноо алдахгүйн төлөө мэрийсэн. Оноогоо хамгаалж барилдах амаргүй юм билээ. Тэгээд барилдааны цаг дуусахад ёстой сайхан байсан. 
 
 
-Түүний дараа Японы Асамитай таарсан биз дээ? 
 
-Дэлхийн хоёр удаагийн аварга Японы тамирчин Харүна Асами яахын аргагүй миний жингийн босоо бөх. Ер нь аваргын төлөө түүнтэй барилдах нь ойлгомжтой байсан. Тэгээд дэвжээнд гарах гэтэл сэтгэл түгшээд нэг л болдоггүй. Тэгэхээр нь өөрийгөө зоригжуулж байгаад л татамид гарсан даа.
 
Шийдвэрлэх барилдаанд хоёр мэх бэлтгэж байсан юм. Гэхдээ эхнээсээ өчих мэх хийнэ гээд шийдчихсэн болохоор шууд дайрсан. Тэгээд Асами ялагдсанаа илэрхийлэх тэр мөчид үгээр илэрхийлшгүй гайхалтай мэдрэмж төрсөн. Өмнө нь олон улсын дэвжээнд энэ бөхөд олон удаа ялагдаж байсан юм. 
 
 
-Медалийн тавцанд гарахдаа баярын нулимс унагааж харагдсан. Тухайн үед чухам юу бодогдож байв? 
 
-Уул нь медалийн тавцанд гараад уйлахгүй биеэ барина гэж бодож байсан юм. Тэгсэн миний нэрийг зарласан чинь өөрийн эрхгүй уйлчихсан /инээв/. Медалийн тавцан дээр зогсоод төрийн дууллаа сонсох үнэхээр сайхан байсан. Тэр үед л өөрөөрөө бахархах сэтгэл төрдөг юм билээ. 
 
 
-Аварга болсноо хамгийн түрүүнд хэнд хэлсэн бэ? 
 
-Баярт мэдээгээ хамгийн түрүүнд ээжтэйгээ хуваалцсан. Ээждээ “Охин нь дэлхийн аварга болчихлоо. Ээжийгээ жаргаана аа” гэж хэлсэн. 
 
 
-Алтан медалийн төлөөх барилдаанд ялчихаад дэвжээнээс буухад багш тань тосч авсан биз дээ? 
 
-Тийм ээ. Багш бид хоёрын зорилгын нэг хэсэг биелсэн. Намайг дэвжээн дээр гарахад “Чи чадна аа” гэж хэлээд гаргасан. Дэвжээнээс буугаад багшдаа тэврүүлэхэд үнэхээр сайхан санагдаж байсан шүү. Багшийн минь хэлсэн үг бүр үнэ цэнэтэй байдаг юм. 
 
 
-Багшдаа зэмлүүлнэ биз? 
 
-Заримдаа барилдаад ялсан ч зэмлэдэг. Хүн л юм хойно гомдох үе гаралгүй яахав. Гэхдээ тухайн үед нь гомддог ч амархан мартчихдаг юм. 
 
 
-Лондоны олимпийн дараа хэсэг хугацаанд жин өсч барилдсан. Ер нь цаашдаа жин өсч барилдах гэж байгаа юм уу? 
 
-Би 52 кг-ын жинд түр зуур л барилдсан. Цаашдаа өөрийнхөө үндсэн жинд барилдана. Ер нь хүн алдаж онож байж л суралцдаг. Бүх зүйл сайхан байна гэж үгүй. Харин алдаанаасаа суралцсан хүн ихийг хождог. 
 
 
-Нутгийнхан тань аваргаа ирэхийг тэсэн ядан хүлээж суугаа байх. Хэдийд нутаг уруугаа явах бодолтой байна вэ? 
 
-Есдүгээр сарын 10-д гаргаад гэрийнхэнтэйгээ яваад ирэх бодол байна. Өвөөгөөсөө нутгийнхныхаа талаар сонссон. 
 
 
-Аварга айлын том уу? 
 
-Би ээжээсээ гурвуулаа, айлын дунд хүүхэд. Дээрээ нэг ахтай, нэг дүүтэй. Ээж маань багш мэргэжилтэй хүн бий. Харин аав маань аймгийн начин цолтой. 
 
 
-Тэгвэл бөхийн удамтай юм байна? 
 
-Өвөө маань спортын мастер цолтой. Түүний төрсөн ах Дамдиа гээд улсын заан хүн байсан. Ер нь аав, ээж талаасаа бөхийн удамтай.
 
 
Б.Сэлэнгэ
 
Эх сурвалж: