Өнгөрсөн долоо хоногт 14 нам, хоёр эвсэл, 85 бие даагч ирэх Сонгуульд оролцохоо мэдэгдэн Сонгуулийн Ерөнхий хороонд мөрийн хөтөлбөрөө хүргүүлсэн юм. Гэтэл өнөөдрийн байдлаар нөхцөл байдал нэлээд өөрчлөгдөж байгаа юм байна. Тодруулбал дангаараа сонгуульд оролцох гэж байсан намуудын дөрөв нь үзэл бодлоосоо ухарч АН-ыг дэмжихээ мэдэгдчихлээ.

Өөрөөр хэлбэл ХҮН, ИЗНН, Эх орон нам, МҮАН зэрэг намууд дангаараа сонгуульд оролцохгүй бөгөөд АН-ыг дэмжинэ гэдгээ мэдэгдээд буй. Угаас ирэх сонгуульд АН ялалт байгуулах магадлал тун бага байгаа учир ийм алхам хийж, бусад жижиг намуудыг өөртөө урвуулж байгаа нь энэ биз ээ.

Манай улсын хувьд 1996 оноос хойш 2008 он хүртэл таван удаагийн сонгуулиа цэвэр мажоритар тогтолцоогоор явуулсан. Өөрөөр хэлбэл, Монгол Улсыг 76 жижиг тойрогт хувааж, 76 тойргоос 76 гишүүн сонгогддог байв. 2008 онд анх удаа энэ тогтолцоог бага зэрэг өөрчилж, томсгосон 26 тойргоос УИХ-ын 76 гишүүнийг сонгох болсон. Гэвч сонгуулийн үр дүнд урьд хожид үзэгдээгүй үймээн гарч, таван хүний аминд хүрсэн харамсалтай хэрэг хүртэл болоод өнгөрсөн байгаа.

Намаараа талцаж, хуваагдахын горыг ард түмнийхээ амиар “төлсөн” хоёр нам 2008-2012 онд хамтарсан Засгийн газар байгуулсан. Улмаар сонгуулийн тогтолцоондоо өөрчлөлт оруулж, 28 гишүүнийг пропорцианаль буюу намын жагсаалт, 48 гишүүнийг томсгосон 26 тойргоос сонгосон байдаг.

Тиймдээ ч өмнө нь намууд хоорондоо үзэлцэж, нам дотроо ашиг сонирхол, намын жагсаалт зэргээс үүдэн хэн нэгэн мөнгөтэй, бизнесмэнийг дэмжиж, Улсын Их хуралд оруулдаг бичигдээгүй хуультай байсан. Гэтэл сүүлийн үед нам дотроо талцаж, фракц болон хуваагдаж, дайтсаар байдаг болжээ. Үүний хамгийн тод жишээ бол АН.

Тэгвэл ямар ашиг сонирхол, мөнгөний тохироогоор дээрх жижиг намуудыг өөрийн эгнээндээ нэгтгэв гэдэг асуудал урган гарна. Улстөрийн намууд мөнгөний төлөө ажилладаг бизнесийн байгууллага болсон гэдгийг Шийлэгдамба болон бусад улстөрчдийн ярианаас иргэд ойлгосон биз ээ. Мөнгөний төлөө ажиллаж, мөнгөтэй хүмүүсээ дэмжиж дээш гаргадаг нам гэдэг зүйлийг үгүй болгочихвол дээр юм биш үү. Тэгэхээр намыг биш зөв хүнийг сонгож, тэр хүмүүс нь УИХ-ын олонхыг бүрдүүлж, улс эх орныхоо төлөө ажиллавал зөв голдрилдоо орж мэдэхээр байгаа юм. Ямартай ч хоёр том намыг ээлжлэн сонгож Эх орноо удирдуулсаар ямар байдалд хүрснээ иргэд мэдэж буй биз ээ.

Н.Чимэг