УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 05 дугаар дүгнэлтийг 80.4 хувийн саналаар хүлээн авлаа. Ингэснээр хэн нэг гишүүн “оймсонд хавчуулагдан” намын жагсаалтаар гарч ирэхээргүй болж байна. Өөрөөр хэлбэл хуучны адил 76 гишүүнийг та бид сонгох юм.

УИХ Цэцийн энэхүү дүгнэлтийг хүлээн авснаар Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай болж байна. УИХ-ын дарга: “Одоогийн УИХ чадамжтай, энэ асуудал дээр Үндсэн хуулийн Цэц, УИХ нэг хоёр ойлголттой байгаа” гэдгийг тодотголоо. ҮХЦ-ийн саналыг хүлээн авснаар зургадугаар сарын 29-нд сонгууль явдагаараа явна, харин нэр дэвшүүлэх хугацааг өөрчлөхөөс аргагүй болж байгаа юм.

Ингээд ҮХЦ-ийн дүгнэлтийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүд ямар байр суурьтай байсныг хүргэе.

УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар: Үндсэн хуулийн цэц эцсийн шийдвэрээ Дунд суудлын хуралдаанаар үгүйсгэж захиалгын шийдвэр гаргасан. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн тогтолцооны эсрэг зогсож байгааг гайхаж байна. МАН төлөвшөөгүй нам байна. Бид буруу юм хийсэн учраас одоо болъё гэж байгаа нь 2016 онд яаж олонхи болох вэ гэдэг бодол зүүдээрээ захиалгаа гаргачихаад сууж байна. Үүнд харамсч байна.

УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл: Бүх намууд энэ дөрвөн жилд татварын шинэчлэл хийнэ гэж амласан. Одоог болтол хийсэнгүй. Бизнесийн орчныг сайжруулъя, зөвшөөрлийг хялбаршуулъя гэж бүх нам амласан. Сонгогчиддоо очоод юу гэж хэлэх вэ. Сонгуулийн тогтолцоо ярьсаар таарлаа гэх үү. Зөвшөөрөл хүнд суртлыг байхгүй болгоё гэж ярьсан, тогтолцоо ярьсаар таарлаа гэх үү. Хүмүүсийн амьдралыг сайжруулах, ажиллах орчныг сайжруулах, орлогыг нь нэмэгдүүлэх, тогтвортой байлгах хуулиуд хэлэлцэгдэхгүй байгаад байна. Тиймээс хоёр намын бүлэгт хандаж хүсэлт тавихад ард түмэнд хэрэгтэй, бизнес эрхлэгчдэд хэрэгтэй хуулийг шахаж байгаад шийдээд яваасай.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: Сонгуулийн хуулийг асуудалтай, маргаантай байдалд баталбал иргэд сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй байх вий. Өнгөрсөн долдугаар сарын 1-ний хар үйл явдал давтагдах вий. Энэ тохиолдолд бүх хариуцлагыг Үндсэн Хуулийн Цэцийнхэн үүрэх ёстой.

УИХ-ын дэд дарга Л.Цог: Цэц хоёр өөр дүгнэлт гаргасан гэдэг нь худлаа Р.Гончигдорж оо битгий худлаа яриад бай. Энийг Цэц захиалгаар хийгээгүй, Улсын бага хурлын гишүүн Бадарч гэж хүн хагас жилийн өмнө маргаан үүсгэсэн юм билээ, үүнийг нь дарчихсан байсан. Бага хурлын дарга, Үндсэн хуулийг баталсан хүн байж, Р.Гончигдоржийг би гайхаж байна. Үндсэн хуулийн үүсмэлээ бид ярьж байна. Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг зөв гэж хүлээж авахгүй бол болохгүй. Бүрэн эрхийн хугацаа дууслаа, дараагийн УИХ-ын бүрэн эрх эхлэхэд Үндсэн хуулиар сургалт хийх хэрэгтэй байна. Олон юм бий. Үндсэн хуулийн бус аргаар бид их олон юм ярьж байгаа. Цэцийн дүгнэлтийг дэмжих нь зөв.

УИХ-ын гишүүн Г.Уянга: Жагсаалтад багтаж буй хүмүүс мөнгөөр, албан тушаалаар бүхнийг авдаг байдал ийм маргаан дагуулахад хүргэлээ. Жагсаалт бол Тусгаар тогтнол эв нэгдлийн намд хамгийн ашигтай хувилбар. Гэхдээ би иргэдийнхээ саналыг дагаж Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн авна гэв.