Үндсэн хуулийн Цэц сонгуулийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн байна гэж үзсэн билээ. Үүнтэй холбоотойгоор УИХ өчигдөр хуралдаж, сонгуулийн тухай хуульд өөрчлөлт орууллаа.

 

Чуулганы хуралдаанд оролцсон нийт гишүүдийн 72.4 хувь нь уг хуулийг батлахыг дэмжсэнээр 2016 оны УИХ-ын сонгууль тус бүр нэг мандаттай 76 тойргийн зарчмаар явагдахаар болсон байна. Энэ нь улс төрийн гуравдагч намуудын орон зайг бараг хааж буй хэрэг юм. Мөн үүнээс гадна МАХН-ын байдал тун хүнд болж буйг эх сурвалжууд өгүүлж байна.

 

Д.Тэрбишдагва, Ч.Улаан, Г.Шийлэгдамба нарын санхүүгийн чадвар, улс төрийн нөлөөлөлтэй удирдлагууд нь намаа орхисонтой зэрэгцэн МАХН-ын дэд дарга, УИХ-ын гишүүн, Батлан Хамгаалахын сайд Ц.Цолмон ч намынхаа үйл ажиллагаандаа оролцохоо болин, Н.Энхбаярын залгасан дуудлагыг ч авах больсон байна.

 

Учир нь түүний зөвлөхтэй холбоотой хэрэг АТГ дээр шалгагдаж эхэлсэн юм. МАХН дахь эх сурвалжуудын өгүүлж буйгаар тус намаас УИХ-д нэр дэвших буюу хандив өргөн, хамтарч ажиллах бизнесмэн олдохгүй байгаа бөгөөд нэр дэвшүүлэх асуудал ч тун хүнд болжээ.

 

Н.Энхбаярт АТГ дахин эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн тул УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэхгүй. Тиймээс тус намаас УИХ-д сонгогдох магадлалтай ганц хүн байгаа нь МАХН-ын ЕНБДарга Ж.Сүхбаатар. Түүнийг УИХ-ын гишүүн С.Ганбаатартай нэг тойрогт тааруулах нь тодорхой гэх яриа ч улс төрийн хүрээнийхний дунд гарчээ.

 

Энэ тохиолдолд Н.Энхбаяр даргатай МАХН УИХ-ын сонгуульд нэг ч суудал авч чадалгүй, парламентад суудалгүй нам болох юм. Өөрөөр хэлбэл Ерөнхийлөгч асан, МАХН-ын дарга Н.Энхбаярыг бүрмөсөн улс төрөөс арчих төлөвлөгөө амжилттай хэрэгжиж байна.

 

Л.Ганзориг

sonin.mn