Сэлэнгэ аймгийн Мандал суманд Ноён уул оршдог. Энэ ууланд хүдрийн 27 667 378 тонн, алтны 75 942,11 тонн нөөцтэй нь тогтоогдсон. Энэ баялгийн 66 хувийг “Сентерра Гоулд” ХХК, 34 хувийг төр эзэмшихээр болсон бөгөөд ашиглалтын лиценз нь “Сентерра Гоулд” ХХК-д байдаг. Харин “Сентерра Гоулд” ХХК-ийн эзэмшдэг ашиглалтын дөрвөн лиценз нь хууль бус тул цуцалж өгнө үү хэмээн “Ноён уулаа аваръя” хөдөлгөөн, өмгөөлөгч Г.Батбаяр нар Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд өргөдөл гаргасан. Улмаар хариуцагчаар Ашигт малтмалын газрыг татсан. АМГ нь гуравдагч этгээдээр Монгол улсын Засгийн газрыг тус тус татаад байгаа.

Маргааныг эцэслэн шийдвэрлээгүй байгаа. Учир нь нэхэмжлэгч талаас хүсэлт гаргасны дагуу шүүхээс анх удаа Ноён ууланд үзлэг хийж, шүүгч нөхцөл байдалтай газар дээр нь танилцсан. Тэгвэл өчигдөр нэхэмжлэгч талын гаргасан хүсэлтийн дагуу Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Сайхантуяагаар ахлуулсан ажлын хэсэг Ашигт малтмалын газрын архивын баримтанд үзлэг хийж байна. Энэ нь шүүхийн шийдвэр ард түмний талд гарахад нөлөөлөх бас нэгэн алхам гэж нэхэмжлэгч тал үзэж байгаа.

Гацууртын ордод

  • 1970 -1991 онд шороон ордын судалгаа хийгдсэн;
  • 1992-2000 онд Алтны шороон ордын олборлолтыг “Гурван Гол” ХХК эхэлж явуулж байгаад дараа нь “Гацуурт” ХХК хийсэн;
  • 1997 онд шороон ордын олборлолтын явцад алтны үндсэн судлыг олж тогтоосон;
  • 2001 онд “Камеко Гоулд Монголия” (одоогийн “Сентерра Гоулд Монголиа”) ХХК нь Төв ба Үндсэн бүсэд эрэл-үнэлгээний ажил хийсэн;
  • 2002-2003 онуудад хайгуулын ажлыг эрчимжүүлж Үндсэн бүсийн хүдрийн исэлдсэн хэсгээс АНУ-ын Невада мужийн “Американ Ассей” лабораторт цианидаар уусгах туршилтын ажил хийгдсэн;
  • 2004 онд нэмэлт хайгуул хийж, 2005 онд нөөцийн тайлангаа эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэн, Монгол Улсын ашигт малтмалын нөөцийн бүртгэлд бүртгүүлсэн;
  • 2008 онд Техник, эдийн засгийн үндэслэлийг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэн хүлээн авсан;
  • 2010 он хүртэл нэмэлт хайгуул хийж нөөцийг /1998-2010/ 2013 оны 12 сарын 27-ны эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэн Улсын ашигт малтмалын нөөцийн бүртгэлд бүртгэгдсэн;
  • 2014 онд Техник, эдийн засгийн үндэслэлийг дахин боловсруулан эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэн хүлээн авч байсан.

Ингэж судлагдсан Ноён ууланд “эзэн” суугаад байгаа “Сентерра гоулд” ХХК нь үүдээ барих дээрээ дампуурлын ирмэгт очсон компани. Тэгвэл тус компанийг хөл дээр нь босгох хүчин нь Монгол улсын Засгийн газар болж хувирав. Монгол улсын Засгийн газар хуулиа хэрэгжүүлэхгүй байгаа бөгөөд "Сентерра гоулд" дампуурлаа зарлахад бэлэн болсон компани гэдгийг мэдэж буй. Тэгсэн мөртлөө Гацууртын ордыг Монголын улстөрчид С.Баярцогт, Ч.Сайханбилэг, Р.Жигжид, З.Энхболд, Д.Ганхуяг ямар нэгэн байдлаар компанийн талд үйлчлээд хууль зөрчин үйл ажиллагаа явуулаад байгаа нь асуудлын гол хэмээн эх сурвалж мэдээлдэг.

Шүүхээс Ноён ууланд үзлэг хийлээ, АМГ-ын архивт мөн үзлэг хийлээ. Харин лиценз цуцлах эсэхийг харах л үлдлээ...