​Бидний мэддэг ч юм шиг мэддэггүй ч юм шиг. Мэдсэн ч мэдээгүй царайлдаг байх ёстой зүйл шиг хүлээн зөвшөөрсөн гажуудал бол гаалийн байцаагч нарын авилга. Иргэдийн дунд гаалийн байцаагч нар авилга авдаг гэсэн явган яриа явдаг ч өнөөдрийг хүртэл баттай нотлогдож байгаагүй.

Харин АТГ-аас гаалийн байгууллагад асуудал бий гэдгийг баталж ээдрээтэй утасны үзүүрээс барьжээ. Багагүй хэмжээний мөнгө эргэлддэг учир их хэмжээний мөнгө хэн нэгэн албан тушаалтанд өгч байж Замын-Үүдийн гаалийн байцаагч болдог гэсэн батлагдаагүй мэдээлэл ч бий.

Энэ явган яриа иргэдийн дунд хэдийнээ танил болчихсон гэхэд болно. Олны үг ортой гэдэг шиг АТГ-аас хийсэн шалгалт үүнийг баталжээ. Тодруулбал ажиллах хүчний орон тоо нь хязгаараасаа хэтэрчихсэн. Хязгаараас давсан байцаагч нарын цалин төсөвт суугаагүй байхад цалин хөлс олгож байжээ. Үүнийгээ төсөвт тодотгол хийгээд шийднэ гэсэн тайлбар өгсөн. Нэгдүгээрт төсвийн тодотгол хийхийг гаалийн байгууллага мэддэг болчихсон. 2-рт Замын-Үүдэд томилогдох шангаа өгчихсөн учир орон тоо хэтэрсэн ч хамаагүй томилчихдог юм байна гэж хардаж болохоор байгаа юм. Үүнийг мөрдөн байцаалтаар нотолно.

Ашиг орлого ихтэй ажлын байрны томилгооноос гадна ашиг олдог гэдгийг батлах баримтыг бий. Замын-Үүдийн гаалийн нийт 159 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө орлогын мэдүүлгийн бүрдүүлэлтэд хяналт шалгалт хийжээ.

159 алба хаагчаас 35 нь их хэмжээний орлогын өөрчлөлтөө нуун дарагдуулсан мэдүүлээгүй гэдэг нь нотлогдоод байна.

Замын-Үүдийн гааль

35 байцаагч их хэмжээний хөрөнгө, орлогоо нуусан

Их хэмжээний мөнгө = 48,000,000 төгрөг

35 байцаагчийн нуусан орлого = 1,680,000,000 төгрөг

Их хэмжээний мөнгө гэдгийн хуулинд тодорхой зааж өгсөн байгаа. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 250 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх мөнгийг их хэмжээний гэж тодорхойлно.

Тэгэхээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 192 мянгаар тооцвол нэг байцаагч 48 сая төгрөгөөс их хэмжээний орлого нуун дарагдуулсан. Зөвхөн Замын-Үүдийн гаалийн 35 ажилтан 1 тэрбум 680 сая төгрөгийн нууц орлоготой байжээ. Хамгийн багадаа гэдгийг онцлох нь зүйтэй байх.

Замын үүдийн гаалийн байцаагч нар Замын-Үүддээ хямдхан жижиг тэрэг унадаг. Хотод ирээд том том үнэтэй жийп унадаг гэсэн бас нэг олны үг бий. Улсын байцаагч бусдаас дээгүүр амьдардаг гэхэд болно. АТГ-аас 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Гааль, татварын ерөнхий газрын нэр бүхий гаалийн улсын болон ахлах байцаагч нар албан үүргээ гүйцэтгэх явцдаа бусдаас хээл хахууль авч байхад нь баривчлан саатуулж, улмаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268, 269 дүгээр зүйлд зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, холбогдох байцаан шийтгэх ажиллагааг явуулсан. Хэрэг мөрдөн байцаалтад яваа учир дэлгэрэнгүй мэдээлэл гаргах боломжгүй.

Ийм нөхцөл байдлыг санаатайгаар бүрдүүлсэн ч гэхэд болохоор байгаа учир нь Гаалийн хяналтын бүсүүдэд хяналтын камер ховор, камерын тусламжаар гаалийн улсын байцаагч нарын үйл ажиллагааг хянах нөхцөл боломж муу, гаалийн улсын ахлах байцаагч нар нь гаалийн улсын байцаагчаас тусгаарлагдан тусдаа өрөө нь байрладаг, өрөөнд нь хяналтын камер байхгүй байгаа нь үйлчлүүлэгчтэй нүүр тулсан уулзалт хийх боломжийг бүрдүүлсэн гэж АТГ-аас дүгнэж байна.