Төв аймгийн Баянчандмань сумын нутагт байрлах нэгэн амралтын газарт энэ сарын 3-4-нд шилжих шөнө СЭЗДС-ийн захирал Д.Батжаргал хэдэн нөхдийн хамт очиж амарчээ. Ингэхдээ шөнийн 03.20 цагийн үед тус амралтын газрын менежерээс архи нэхэн улмаар рестораны тогооч залууг “ална” хэмээн хутга барин дайрсан байна.

Хэрэг явдлыг сийрүүлбэл, СЭЗДС-ийн захирал Д.Батжаргал энэ сарын 3-ний орой тус амралтын газарт дөрвөн хүний хамт амрахаар очжээ. Тэдний хоёр нь солонгос иргэн байсан аж. Ингээд шөнийн 03.20 цагийн үед тэрээр рестораны үйлчлэгчээс архи худалдаж авахыг хүсчээ. Энэ үед үйлчлэгч бүсгүй хуулиа мөрдөж байгааг сануулаад шөнийн 00 цагаас хойш архи, согтууруулах ундаагаар үйлчлүүлэхгүй хэмээсэн учирлажээ. Гэтэл тэрээр уурлан үгийн зөрөөгүй хутга гаргаж ирсэн байна. Энэ тухай хохирогч залуу “Тэд манай амралтад тавуулаа ирээд хоёр гэрт байрласан. Ингээд рестораны караокед дуулж байгаад шөнийн 00 цагт гараад байрлаж байгаа гэр рүүгээ явсан юм. Гэтэл шөнийн 03.20 цагийн үед Батжаргал захирал орж ирээд манай менежерээс архи авахыг хүссэн. Энэ үед менежер архи худалдаалахгүй хэмээн учирлатал гэнэт хутга гаргаж ирээд шат руу шидсэн. Тэгсэнээ манай ресепшин охиноор хутгаа авахуулаад над руу дайрч эхэлсэн. Хутгаа баричихаад л юу юугүй намайг ална хэмээн элдэж хөөсөн. Энэ үйл явдал нэлээд удаан үргэлжилсэн. Би ч өөрийгөө хамгаалахын тулд ширээн дээр байсан тавгийг урдаа бариад зугтаасан. Тэр хүн хутганыхаа үзүүрээс бариад намайг онилж байгаад л шидэх гээд байсан. Ингэж байтал түүнтэй хамт явж байсан хоёр хүн гаднаас орж ирж, хутгыг нь булаан авч, түүний үйлдлийг зогсоосон. Ингээд өглөө дуудлагын дагуу Баянчандманийн цагдаа нар ирээд түүний хутгыг хурааж аваад намайг хохирогчоор тогтоон өргөдөл бичүүлсэн. Энэ үед ч түүний архи нь гараагүй, намайг хэл амаар доромжилсон хэвээр байсан. Хамгийн хачирхалтай нь цагдаа нар түүнийг саатуулаагүй, авч яваагүй. Уг нь тэр этгээд чинь хүн алахыг завдсан, танхайрсан хүн шүү дээ. Ядаж л эрүүлжүүлэх рүү авч яваад архийг нь гаргах арга хэмжээ авах ёстой байсан гэж бодож байна. Миний хувьд үнэхээр гомдолтой байна. Бидний хооронд хоолны амт чанар болоод үйлчилгээний тал дээр ямар ч маргаан гараагүй. Тэд манай амралтад ирэхээсээ өмнө менежер рүү яриад хоёр гэр халаагаад, салат хийгээд байж бай хэмээн захиалга өгсөн. Бид ч захиалгынх нь дагуу гурван төрлийн таван салат /хоёр цезерь, хоёр грек, нэг нийслэл салат/ хийгээд гэрүүдийг ч бэлдэж, үйлчилсэн. Шөнө нь намайг ална гэж дайрчихаад өглөө нь шараа тайлах гэж бантан хүртэл захиалсан шүү дээ. Би ч захиалсан хоол болон бантанг нь бүгдийг нь хийж өгч үйлчилсэн. Цагдаа нар ирээд түүний бичиг баримтыг хурааж аваад, мэдүүлэг авахад нь л СЭЗДС-ийн захирал Батжаргал гэдгийг нь мэдсэн. Тэр хүн энэ болчимгүй үйлдэлдээ надаас уучлал гуйх нь бүү хэл тэр хууль чинь хаана байна хэмээн хэл амаар доромжилсоор байсан. Энэ том сургуулийг удирдаж байгаа хүн ийм авир гаргаж, хүнийг ална гээд хутга бариад дайрна гэдэг чинь юу гэсэн үг вэ. Тэр хүн хутга барин над руу дайрч байхдаа “Тэр хууль чинь хаана байгаа юм бэ” хэмээн басамжилж байснаас гадна “Та нар руу харин ч үнэтэй хутга шидэж байна шүү” хэмээн доог тохуу хийж байсан гэдгийг хэлэх хэрэгтэй байх. Хүний амь наснаас илүү үнэтэй хутга гэж байна гэж үү. Энэ асуудлыг холбогдох хууль хяналтын байгууллагад нь уламжилж өгөөч. Энэ үйл явдал болсны дараа түүнтэй хамт явж байсан нэг залуу нь надруу утсаар яриад “Батжаргал захирлын бие муудаад эмнэлэгт хэвтсэн. Танай гэр чинь хаана байдаг вэ. Хоёулаа эр хүний журмаар уулзъя” гэсэн. Надад түүнтэй уулзах шалтгаан байхгүй учраас уулзахгүй гэдгээ хэлээд энэ асуудлыг хуулийн байгууллагаар шийдүүлнэ гэсэн хатуу байр суурьтай байгаагаа илэрхийлсэн. Магадгүй энэ асуудлыг чимээгүй өнгөрөөчих гэдэг үүднээс надад уулзах хүсэлт тавьсан байхыг үгүйсгэхгүй юм. Миний хувьд бол энэ асуудлыг харин ч холбогдох эрх бүхий байгууллагынх нь сонорт хүргэж, шударгаар шийдүүлэхийг хүсч байна” хэмээж байсан юм.

 

Хутгыг нь хурааж авсан, тэр их өндөр боловсролтой хүн юм билээ

 

Бид мэдээллийг тэнцвэржүүлэх үүднээс эл хэргийг шалгаж байгаа Төв аймгийн Баянчандмань сумын хэсгийн төлөөлөгч н.Батсайханы 930205... дугаарын утсанд холбогдоход “Тэр Д.Батжаргал чинь их өндөр боловсролтой хүн байна билээ. Хуулийн дагуу түүнд арга хэмжээ авсан. Хутгыг нь хурааж авсан. Үүнээс өөр мэдээлэл өгөх боломжгүй” хэмээсэн юм.

 

Д.Батжаргал: Би түүн рүү хутга барин дайрснаа өглөө мэдсэн

 

Ингээд бид энэ талаар түүнээс өөрөөс нь мэдээлэл авахаар 9911.... дугаарын утас руу нь залгалаа.

 

-Сайн байна уу. Eagle.mn сайтаас ярьж байна. Тантай холбоотой нэгэн мэдээлэл манайд ирсэн юм. Мэдээллийг тэнцвэржүүлэх үүднээс бид энэ талаар таны байр суурийг авахаар холбогдож байна?

-Ямар асуудал юм бол оо?

 

-Энэ сарын 3-4-нд шилжих шөнө таныг амралтын газарт амарч байхдаа бусад руу хутга барин дайрсан гэх мэдээлэл ирлээ. Тухайн үед ямар үйл явдал болсон юм бэ?

-Үйлчилгээний чанараас үүдсэн маргаан. Ийм мэдээллийг тэгээд танайх тавих гэж байгаа юм уу. Зүгээр л нэг хэрүүл шүү дээ.

 

-Маргалдахаас гадна таныг хутга барьж дайрсан гэж байсан. Энэ үнэн үү?

-Би чамд тодорхой тайлбар өгье. Энэ сарын 3-нд би хоёр жуулчинг дагуулаад Сүхбаатар захирал болоод нэг орчуулагчийнхаа хамтаар тавуулаа Төв аймагт байрлах амралтын газарт амрахаар очсон юм. Тэр хоёр гадаадын жуулчинд гоё амралтын газар үзүүлье гээд явсан хэрэг. Очихоосоо өмнө бид тус газрын менежер рүү холбогдоод гэр халаагаад, салат хийгээд байж байгаарай хэмээн удаа дараа захисан юм. Түгжрэлтэй байгаа учраас жаахан оройтно гэдгээ ч хэлсэн. Гэтэл биднийг очиход тэд ямар ч бэлтгэлгүй сууж байсан. Тэгээд шаардлага тавитал “Та нар өөрсдөө оройтож ирээ биз дээ” хэмээн хүлээж аваагүй. Бид 500-600 мянган төгрөгийн төлбөр төлж, үйлчилгээ авсан. Гэтэл үйлчилгээний чанар үнэхээр муу байсан учраас бидний дунд маргаан үүссэн юм. Ийм л асуудал болсон.

 

-Үйлчилгээний чанар муу байна гээд үйлчлэгч рүүгээ хутга бариад дайраад байж болдог юм уу?

-Энэ бол миний буруу. Тухайн үед бид асар их согтолттой байсан. Тийм үйлдэл хийснээ мэдэхгүй байна. Өглөө бичлэгээ үзээд л мэдсэн.

 

-Та биедээ хутга авч явж байсан хэрэг үү?

-Хөдөө явж байгаа хүмүүс чинь хорхог, боодог хийж иднэ шүү дээ. Тэгэхдээ хэрэглэнэ гээд хутга авч явж байсан юм. Тэр хутгаа өмднийхөө тэлээнд хийчихсэн байсан. Тухайн үед яагаад гаргаад ирсэн юм бүү мэд.

 

Үргэлжлэлийг энд дарж уншина уу