Сүүлийн үед жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг зөрчиж бай­гаа тухай ярьж байна. Энэ сэдэв бараг до­мог болтлоо яригдаж буй­. Гэвч хэнийг ч цоч­роо­доггүй. Учир нь өнгөр­сөн жилийн эхэн үеэр УИД-ийн жижиг хувьцаа эзэм­шигчдийн эрх аш­гийг ноцтой зөрчиж бай­гаа тухай шуугисан. Түү­ний дараа Санхүүгийн зохи­цуулах хорооноос УИД-ийн ТУЗ-ын дарга Ш.Энх­баярыг есөн сая төгрөг /зарим эх сурвалжийн хэлс­нээр 20 сая/-өөр тор­го­сон тухай албан бус эх сур­валжууд хэлж байсан.

Харин албаныхан нь ам ангайхыг хүсэхгүй байв. Төд удалгүй шүүхээр шийдүүлэх тухай мэдээлэл гарсан. Энэ асуудал сунжирсаар эцэст нь 45 мянган хувьцаа эзэмшигчийн эсрэг талд шийдвэр гарсан байдаг. Манай улсын хөрөнгийн зах зээл хөгжихгүй байгааг шүүмжлэх хүн олон. Гэсэн хэдий ч хөгжүүлэх бодлого хэрэгжүүлэхгүй байгаа нь цаанаа “но”-той гэх судлаачид ч таарч байв. Учир нь жижиг хувьцаа эзэмшигчдийг хөсөр хаясан олон жишээг дурдаж болно. Тухайлбал, “Зоос” банкны жижиг хувьцаа эзэмшигч 627 хүн бий. Магадгүй УИД-ын 45 мянган хувьцаа эзэмшигчтэй харьцуулбал 71 дахин бага тоо. Гэхдээ л эдийн засаг хямарсан үед эдгээр 627 хүний цаана дор хаяжтаван хүн бий гэж тооцвол 3135 хүний амьжиргааг залгуулах хөрөнгийн асуудал яригдаж буй юм.

“ЗООС БАНК” ХУВЬЦААТ КОМПАНИ

“Зоос” банк 1999 оны тавдугаар сарын 18-нд Монголбанкны Ерөнхийлөгчийн 228 тоот тушаалын дагуу үүсгэн байгуулагдсан байдаг. Ингээд 10 жилийн дараа гэхэд 545 ажиллагсадтай, 15 салбар, 22 тооцооны төв, долоон тооцооны касстайгаар үйл ажиллагаа явуулдаг байв. Тус банк Үнэт цаасны хорооны 2005 оны наймдугаар сарын 31-ний 47 тоот тогтоол, Монголбанкны ерөнхийлөгчийн 2005 оны арваннэгдүгээр 15-ны 537 тоот тушаалаар “Зоос” банкийг нээлттэй хувьцаат компани болгож хэлбэрээ өөрчилж болохыг зөвшөөрсөн шийдвэр гарсан байна. Ингээд 2006 оны хоёрдугаар сарын 14-нд Хөрөнгийн биржийн анхдагч зах зээл дээр нэг бүр нь 1000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй хоёр сая ширхэг хувьцааг амжилттай арилжаалсан байдаг. 2006-2008 онд компанийн хувьцааны ханш тогтмол өсч, эрэлт ихтэй байсан нь Хөрөнгийн бирж гэх дэлгүүрийн лангууны чимэг төдийхөн байсан гэж харуусах хүн олон таардаг. Тухайн үед эрэлттэй хувьцаа авахын тулд өөрт байгаа хэдэн төгрөгөө шавхаж, халаас хоосон хоцорсон олон хүн бий. Хамгийн гол нь “Зоос” банкийг дампуурсан хэмээн итгэж явсан жижиг хувьцаа эзэмшигчид ташаа ойлгосноо мэдсэн цагаасаа л хувьцаанд оруулсан хөрөнгөө авч, хохирлоо барагдуулахаар Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороо, УИХ, Монголбанк, УИХ-ын гишүүд, эрхэм сайд дарга нарт удаа дараа хандсан боловч тусыг эс олсон байна.

ЗООС ДАМПУУРСАН УУ, ЭСВЭЛ...

Ашигтай ажиллаж байсан “Зоос” банкийг дампуурсан гэх мэтээр ойлгуулах ашиг сонирхол эрх мэдэл бүхий зарим хүнд байсан хэмээн хардах хүн ч цөөнгүй. Учир нь “Зоос” банкин дахь төрийн зарим мөнгөн хөрөнгөөр төрийн өмчийн банк байгуулах тухай, шинээр үүсгэн байгуулах төрийн өмчит банкны гүйцэтгэх удирдлагыг томилох, шаардагдах 100 хүртэл тэрбум төгрөгийн Засгийн газрын бонд гаргах асуудлыг УИХ-д тавьж шийдвэрлүүлэх тухай Засгийн газрын 348 дугаар тогтоол 2009 оны арваннэгдүгээр сарын 19-нд гарчээ. Ингэснээр төрийн эрх мэдлийн хуваарилалтыг алдагдуулан, хууль тогтоох эрх мэдлийн халдашгүй байдалд халдаж, Монгол Улсын үндсэн хуулийг ноцтой зөрчсөн гэдгийг хувьцаа эзэмшигч Б.Цэрэнжав хэлж байв. Тэрээр Монголбанк урьдчилан төлөвлөсны дагуу “Зоос банк” хувьцаат компанийг яаралтай татан буулгасан гэж үзэж буйгаа хэлсэн юм. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын тогтоол гарсны маргааш буюу 2009 оны арваннэгдүгээр сарын 20-нд 650 тоот тушаалаар тус компанид банкны эрх хүлээн авах албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэхээр заажээ. Ингэхдээ Банкны тухай /1996 оны/ хуулийн 31 дүгээр зүйлд заасан албадлагын арга хэмжээ авах эрх мэдлээ хэтрүүлэн, хувийн өмчид бүдүүлгээр халдан “Зоос” банкинд эрх хүлээн авагч томилсон байна. Гэтэл дөрвөн өдрийн дараа бус 2009 оны арваннэгдүгээр сарын 24-нд Монголбанкны ерөнхийлөгчийн 659 дүгээр тушаалаар “Зоос банк” хувьцаат компанийг татан буулгах шийдвэр гаргасан байна. Эдгээр тогтоол, тушаалуудаас харвал дампуурсан бус татан буугдсан гэж харагдаж байна. Гэтэл УИХ-ын дарга байсан Д.Дэмбэрэл 2009 оны арванхоёрдугаар сард “Зоос” банкны бүтцийг өөрчлөн байгуулах тухай тогтоол гаргасан байгаагаас үзвэл татан буугдаагүй, өөрчлөн байгуулагдсан гэдгийг харж болох юм. Тиймээс л урьдчилан төлөвлөсөн гэж хардах үндэслэл бий гэж үзэж байгаагаа хувьцаа эзэмшигчдийн төлөөлөл хэлж байв. Хамгийн гол нь жижиг хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг хуваарилах ёстой хэмээн өдгөөг хүртэл ярьж байгаа ч дорвитой шийдэлд хүрээгүй явааг жижиг хувьцаа эзэмшигчид онцолж байлаа...

Д.Оюунчимэг

Эх суовалж: Зууны мэдээ