2016 оны УИХ-ын сонгуульд Чингэлтэй дүүрэгт дөрвөн мандат оногдсон. Гэхдээ Налайх дүүрэгтэй нийлүүлээд. Тэгэхээр тус тойрогт нам тус бүрээс дөрвөн нэр дэвшигч өрсөлдөх юм. Намууд аль тойрогт хэнийг нэр дэвшүүлэх талаараа хэлэлцээд тун завгүй байгаа энэ үед Чингэлтэйн тойргийг манаж суугаа эрхмүүдийн хэн, хэн бэ гэдгийг хүргэж байна. Горилогчид олон ч тойрог цөөн учир нам доторх өрсөлдөөн улам ширүүссэн байна.

Ардчилсан нам хэнийг Чингэлтэй дүүрэгт сойх вэ?

 

АН-аас тус дүүрэгт Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан, УИХ-ын гишүүн Ш.Түвдэндорж, УИХ-ын гишүүн асан Б.Батбаатар, Уул уурхайн дэд сайд О.Эрдэнэбулган нар өрсөлдөх мэдээлэл байна.

 

Чингэлтэйчүүд Г.Баярсайханд дахин итгэл хүлээлгэх үү

 

Хөдөлмөрийн сайд Г.Баярсайханы хувьд 2008 оны УИХ-ын сонгуулиас хойш хоёр удаа дараалан Чингэлтэйд ялалт байгуулсан нэгэн. 2008 онд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой тус дүүрэгт нэр дэвшин ялалт байгуулж байжээ. Үүний дараа Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн зөвлөх Б.Батбаатарын хамтаар өрсөлдөн ялжээ. Харин энэ жил Чингэлтэйчүүд түүнд итгэл хүлээлгэх эсэх нь сонин байна. Тэрбээр дараалан хоёр удаа ялалт байгуулсан ч энэ жил өмнөх амжилтаа бататгаж чадахгүй байх гэсэн бяцхан айдастай байж мэднэ. Учир нь иргэд шинэ хүнийг хүлээж байгаа. Хууччуулд итгэл хүлээлгэсэн ч итгэлийг нь хөсөрдүүлсэн учраас тэд улс төрийн гуравдагч хүчнийг хүсч байгаа нь үнэн юм. Үүнийг нь мэдсэн Г.Баярсайхан сонгогчдынхоо санаа, сэтгэлийг наашлуулахын тулд нүүрс хүртэл тараасан гэдэг.

 

АН-ын “Шонхор” фракцид харъяалагддаг тэрбээр У.Хүрэлсүхтэй төрийн ордонд гар зөрүүлж нэлээдгүй сенсаац дэгдээсэн. Ихэнх хүмүүс түүнийг аавынхаа нэрээр улс төр хийдэг гэдэг. Боловсролын хувьд 1997 онд Анагаах ухааны их сургуулийг Хүний их эмч мэргэжлээр төгссөн. АУИС-д сурч байхдаа тэрээр Монголын Ардчилсан холбооны салбарыг байгуулж байсан ажээ. Байгаль орчин, экологийн судалгаа хийж, Ph.D докторын зэрэг хамгаалжээ. Их эмч, экологич мэргэжилтэй. Харин түүнийг АУИС-ийн дипломийг хуурамчаар худалдаж авсан эсэх тухай мэдээлэл цацагддаг. Боловсролын баримт бичиг шалгаж дипломын хавсралтын эх хувьтай тулган үзэхэд дүнгийн зөрүү, төрсөн он сарын бичилт зэрэг алдаанууд гарсан гэдэг. Мөн Анагаах ухааны магистрын зэргийн гэрчилгээний хуулбарыг "Анагаах ухааны магистрын зэрэг олгох эмч нарын нэрсийн жагсаалт"-тай тулгаж үзэхэд Гарьдхүү овогтой Баярсайхан гэсэн нэр байхгүй байдаг ажээ. АН дахь хөрөнгө, мөнгөтэй гишүүдийн нэг тэрбээр машинаараа харин ч гайхуулдаг нэгэн. Тэрбээр энэ талаараа "Би Монголд орж ирж байсан бүх жипийг унаж байсан” гэж ярьж байжээ. Түүнийг одоогийн Хас банкны газрыг зарж баяжсан гэж ярьдаг ч хүмүүс байдаг. Г.Баярсайхан бол Шонхорынхон хүчтэй байх үед тэрбээр байнгын хорооны даргаас сайд хүртлээ дэвшиж чадсан юм.

 

О.Эрдэнэбулган гэж хэн бэ?

 

О.Эрдэнэбулганы хувьд ТӨХ-ны дэд дарга, Уул уурхайн яамны дэд сайдын албыг хашиж байсан нэгэн. О.Эрдэнэбулган "Алтангадас" фракцийнх. 2005 оноос хойш Сүхбаатар аймгаас АН-ын ҮЗХ-ны гишүүн болж ажилласаар өнөөдрийг хүрчээ. Тэрбээр Итали улсад уул уурхайн чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан туршлагаараа уул, уурхайн салбарт өөрийгөө тохирно гэж үздэг нэгэн. О.Эрдэнэбулган “Хэтэрчихсэн амбийц гэж хаана ч байхгүй. Амбийцгүй хүн ургамлаас ч дор” хэмээн ярьж байжээ. Үүнээс үзвэл тэрбээр нилээн амбицтай нөхөр аж.

 

Батын Батбаатар шинэ хүн үү?

 

Харин Батын Батбаатарын хувьд УИХ-ын гишүүн Батын Батбаатар 2004 онд УИХ-ын дэд Ж.Бямбадоржийг ялж, УИХ-д “баавартай” орж ирсэн залуу. Жанжин Сүхбаатар 30 настай хувьсгал хийсэн Батын Батбаатар 17 настайдаа ардчилсан хувьсгалд оролцсон, 30 настай УИХ-ын гишүүн болно гэсэн утгатай сүртэй сурталчилгаа хийж, хажуугаар нь хүүхдүүдэд “маруужин” тараасаар УИХ-ын гишүүн болсон билээ. Тэр үед Батын Батбаатарын реклам сурталчилгааг одоогийн УИХ-ын гишүүн Г.Уянга гардан хийснээр ялалтанд хүргэсэн, хариуд нь унах унаатай болсон гэж тухайн үед яригдаж байсан. Харин 2012 оны УИХ-ын сонгуулиар Чингэлтэй дүүрэгт Батбаатартай Гарьдхүүгийн Баярсайхан, сэтгүүлч Г.Уянга, ЭБЭХ-ний сайд асан Д.Зоригт нар өрсөлдөж, Батын Батбаатарын пиарыг хийж явсан Г.Уянга УИХ-ын гишүүн болж, УИХ-ын гишүүн байсан Батын Батбаатар ялагдсанаар сураг алдарсан юм. Харин саяхнаас Ерөнхий сайдын зөвлөхөөр ажиллаад байна.

 

Ш.Түвдэндорж хэнээс хэн рүү очих вэ?

 

Ш.Түвдэндоржийн хувьд урвагч, шарвагчаараа алдартай гэж улс төрийн хүрээнийхэн ярьдаг. Ардчилсан намыг 1990 онд байгуулагдахад анх элссэн хүмүүсийн нэг. 1996 онд АХ эвсэл сонгуульд ялж, намынх нь лидерүүд бүгд Төрийн ордонд тухлахад МҮАН-ын генсек болж голомтоо сахин үлдэж байжээ. Тэр 1999 он хүртэл уг албаа хашаад Ж.Наранцацралт агсны Засгийн газарт Батлан хамгаалахын сайдаар томилогдож, улмаар Р.Амаржаргалын танхимд ч уг албаа үргэлжлүүлэн хашсан юм.Ардын армид салаан захирагч байсан нь түүнийг Батлан хамгаалахын сайд болгох гол нөхцөл болсон гэдэг. Ерөнхий сайд Ж.Наранцацралт агсныг хуурамч захиагаар унагах үед О.Дашбалбар агсанд урвагчаараа дуудуулан байж сайдын суудалтайгаа үлдэн, Р.Амаржаргалын танхимд орсон нөхдийн нэг гэнэ. Ш.Түвдэндорж 2000 оны сонгуулиар АН-аас Баянзүрх дүүрэгт нэр дэвшсэн ч ялагдсан. Хэдийгээр түүнийг цэргийн ангиуд олонтой дүүрэгт ялах магадлалтай хэмээн нэр дэвшүүлсэн ч тэр ялагдсан юм. 2000 оны УИХ-ын сонгуульд эвслийн намууд тус тусдаа сонгуульд ороод МҮАН-ын 76-аас ганц л гишүүн сонгогдсон нь Ж.Наранцацралт агсан. Өөрсдийгөө ардчиллын төлөө намууд гэдэг эдгээр намууд сонгуульд ялагдчихаад бүгд нэгдэж нэг нам болохоор шийдсэн. Гэхдээ хамгийн гол нь тухайн үеийн МСДН-ын дарга Р.Гончигдоржид 2001 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэл оволзож байсан нь энэ нэгдлийг санаачлахад хүргэсэн юм. Өөрийнх нь МСДН ганц суудалгүй үлдсэн учир МҮАН-аас сонгогдсон Ж.Наранцацралт агсны суудлыг ашиглах гэсэн хэрэг. Таван нам АН нэрийн дор нэгдээд удалгүй намаасаа нэр дэвшихийн төлөө Р.Гончигдорж, М.Энхсайхан нар марафондож, эргэлзээтэй байдлаар ялалт эхнийхэд нь очсон юм. Энэ үед Ш.Түвдэндорж С.Эрдэнэ, П.Цагаан, До.Ганболд нарын хамт М.Энхсайханы багт ажиллаж байлаа. Түүний дараа М.Энхсайханыг АН-ын дарга болгохын төлөө 2002-2003 онд Ш.Түвдэндорж, С.Эрдэнэ нар зүтгэл гаргасан гэдэг. Дараа нь 2003 онд Ш.Түвдэндорж МоАХ-ны даргаар сонгогдов. Гэвч 2004 оны УИХ-ын сонгуулийн дараа М.Энхсайханаас урван “Алтангадас” фракцад орсон гэдэг. Ингэхдээ Р.Гончигдоржийг АН-ын дарга болголцоход асар их хувь нэмэр оруулж, үүнийхээ төлөө намынхаа Их хурал дээр зодоон цохион хүртэл хийж явжээ. Түүнийхээ хүчинд тус намын Ерөнхий нарийн бичгийн даргаар 2005-2006 онд ажилласан юм. Энэ үедээ Ц.Элбэгдоржийн Засгийн газарт ХЭГ-ын орлогч даргын алба хашиж байлаа. 2008 онд Ш.Түвдэндорж МоАХ-ны даргаа Х.Баттулгад өгсөн. Үүнийг цэвэр наймаа байсан гэх яриа ч явдаг. МоАХ-ны дэмжлэг, оролцоогоор 2010 онд Нийслэлийн АН-ын дарга өөрчлөгдөж, С.Эрдэнийн оронд Ш.Түвдэндорж томилогдсон юм. МоАХ-ны даргаа өгсөн наймааны ашиг ч гэж үүнийг ярьдаг. Ингэж АН-ын гурав дахь том дарга болсон тэрбээр 2012 оны УИХ-ын сонгуульд намын жагсаалтын тавдугаарт жагсаж, УИХ-ын гишүүнээр сонгогдсон байна. УИХ-д орж ирсэн даруйдаа УХ-ын гишүүн Х.Баттулгатай сүрхий сүжирсэн. Харин сүүлийн үед энэ байдал нь ажиглагдахгүй байгаа. Дээрх бүхнээс харвал Ш.Түвдэндорж Ж.Наранцацралтаас, С.Эрдэнээс, одоо Х.Баттулгаас гэхчилэн дөрвөн том урвалт хийжээ. Хамгийн сүүлд Хууль зүйн байнгын хорооны даргад өөрийнхөө нэрийг дэвшүүлсэн ч АН-аас дураараа нэрээ дэвшүүллээ хэмээн буруутгаж нэрийг нь татуулсан юм.

 

МАН хэнийг Чингэлтэй дүүрэгт сойх вэ?

 

МАН-аас өмнө нь өрсөлдөж байсан Уул, уурхай эрчим хүчний сайд Д.Зоригтыг дахин үзнэ гэх мэдээлэл байна. Д.Зоригтын хувьд Чингэлтэйд ялаад гарах нь юу л бол. Өнгөрсөн 2012 оны УИХ-ын сонгуульд өөрөө болон нам нь “өвдөг шороодсон”-ы дараагаас тэрээр нам, жим болсон билээ. Өөрөөр хэлбэл ялагдлынхаа дараа гадагшаа мөрөө хөөсөн МАН-ын олон гишүүний адил тэрээр хилийн чанадад хэсэгтээ амьдарсан юм. Өнгөрсөн хугацаанд Оюутолгой ойлгомжгүй асуудалтай тулгарахад тэрбээр гадаадад нуугдаж байлаа. Монголын эдийн засагт томоохон үүрэгтэй төслийг удирдаж, гэрээг нь зураагүй юм шиг л ор сураггүй байгаа нь ёс суртахууны хувьд ямар хүн гэдгийг нь хэлнэ. МАН сонгуульд ялагдсаны дараа Д.Зоригтыг гадаадад оргон зайлсан хэмээн хэвлэлүүд нэг хэсэг бичсэн. Ер нь, түүнийг Оюутолгойн гэрээг хийснийхээ төлөө их хэмжээний шан, харамж хүртсэн гэдэг. Манайд энэ мэт албан тушаалгүй хоцорч, хийсэн хэргүүд нь шалгагдах болоход гадагшаа зугтаж, 4 жил нуугдаж байгаад сонгуулийн үеэр дахин гарч ирдэг моод бий болчихоод байгаа. Үүний бодит жишээ нь, Д.Зоригт юм. Өнгөрсөн дөрвөн жилийг Европын орнуудаар хэссэн шигээ амьдарсан тэрбээр өнгөрөгч шинэ жилийн өмнөхөн гэнэт ичээнээсээ гарч ирж, чингэлтэйчүүдийг 300-аад сая төгрөгөөр Чингис зочид буудалд "шинэ жилдүүлсэн”. Т.Зоригтын хувьд Оюутолгойн гэрээг хийснээс болж Г.Уянга тэргүүтэй нөхдүүдэд баалуулж ирсэн. Учир нь УИХ-ын гишүүн Г.Уянга Оюутолгойн гэрээг Монголын талд ашиггүй болсон хэмээн хатуу шүүмжлэгчдийн нэг билээ. Тэгэхээр Г.Уянгатай нэг тойрогт өрсөлдөх нь түүнд л хэцүү.

 

Мөн УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин энэ тойрогт өрсөлдөхөөр горилж байна. УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшингийн хувьд Хөвсгөл аймгаас сонгогдож байсан бөгөөд 2012 оны сонгуулиар намын жагсаалтаар УИХ-д суусан юм. Харин энэ удаад хотын тойрогт анх удаа өрсөлдөх гэж байна.

 

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга асан Т.Аюурсайхан, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболд нар тус дүүрэгт өрсөлдөж магадгүй байгаа аж. Т.Аюурсайханы хувьд Чингэлтэй дүүргийн Засаг даргаар ажиллаж байсан туршлагатай учраас Чингэлтэйд шинэ хүн биш гэсэн үг. Анх Ерөнхийлөгч асан Н.Багабандийн туслахаар ажиллаж улс төрийн талаар дөртэй болсон тэрбээр МАН-ыг баалж олонд танигдсан МАН-ын гишүүн. Үүний дараа "Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөөх газар"-ын даргаар томилогдож жинхэнэ утгаар нь улс төр хийн олны анхаарлыг татсан нэгэн юм.

 

Г.Уянга Чингэлтэйн 16, 17, 18, 19-р хороонд нэр дэвшинэ

 

Тусгаар тогтноол эв нэгдлийн намын дарга Г.Уянга Чингэлтэй 16, 17, 18, 19 буюу хамгийн хойд талын тойргуудад хүч үзэхээ аль хэдийн мэдэгдсэн. Г.Уянгын хувьд жинхэнэ поп буюу популист улс төрч гэдгээрээ нийгмийн нэг хэсэгт нь муу нэртэй. Харин үргэлж ард түмэн, эх орон минь гэж дуугардаг болохоор дийлэнх масс түүнийг дэмждэг нь улс төрийн судалгаанаас харагдаж байгаа. Улс төр дэхь гацаагч, түгжээгч гэх энэ эмэгтэй анх Н.Энхбаярыг муулж танигдсан ч удалгүй Н.Энхбаяртайгаа эвссэн байдаг. Тэрбээр сурвалжлагчаар ажиллаж байхдаа МАХН-ын дарга Н.Энхбаярыг “ниргэсэн” хэд хэдэн шуугиантай нэвтрүүлэг хийж, түүнийг шинэ цагийн дарангуйлагч хэмээн цоллож явсан нэгэн. Мөн МАХН-ын дарга Н.Энхбаярыг Ерөнхийлөгч байхад гадаах гудамжинд Г.Уянга иргэний хөдөлгөөнд оройлон оролцож, түүнийг огцрохыг шаардаж байв. Гэсэн ч тэрбээр УИХ-д Н.Энхбаярын намтай энэ дөрвөн жилийн турш эвсэж ажилласныг та бид мэднэ. Мөн тэрбээр анх АН-д байсан. Нэгэн удаа тэрбээр “Би ардчилал бол Ардчилсан нам гэж ойлгож, АН засгийн эрхийг барьж байж л бүх зүйл хэвэндээ орно гэж итгэдэг байж билээ. Гэвч харамсалтай нь Ардчилсан нам бол ардчилал биш байсан” хэмээн ярьж байв. Тиймээс АН-аас салж МҮАН-д орсон юм. Удалгүй МҮАН-аас муулж бүлгээсээ гарсан бөгөөд одоо Х.Баттулгын халаасны нам Тусгаар тогтнол эв нэгдлийн намын даргаар ажиллаж байна.

 

З.Баянсэлэнгийн өргөн намтар

 

УИХ-ын гишүүн, Барилга хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ бол өргөн намтартай нэгэн. Түүнийг нь олон нийт мэдэх учраас энд бичих нь илүүц биз. Н.Энхбаярын ачаар Хорооны засаг даргаас УИХ-ын гишүүн Төрийн сайд хүртэл дэвшиж чадсан энэ эмэгтэйг Монголын улс төрийн түүхэн дэхь хамгийн азтай эмэгтэйгээр ч тодруулж болно.

Т.Энхэлээ

24tsag.mn