Дэлхий дахинд түлэнхийн гэмтлийн улмаас жил бүр 300 гаруй мянган хүн нас бардаг гэсэн тоо баримт байна. Манай улсад түлэнхийн гэмтлээр таваас доош насныхан ихэвчлэн өртдөг байна. Тэр дундаа хүүхэд ахуйн нөхцөлд түлэгдэх, цаашлаад амь насаа алдах тохиолдол өссөөр байгаа юм.

ГССҮТ-ийн Түлэнхийн тасагт өдөрт 20-40 хүн ханддаг байна. Үүний 80 хувь нь бага буюу 0-4 насныхан байгаа аж. Бага насны хүүхдийн түлэгдэлтийн 80 хувь нь халуун тогоонд түлэгдсэн байна. Гол шалтгаан нь эцэг эх, асран хамгаалагчийн хайхрамжгүй байдлаас үүдэлтэй гэдгийг тус төвийнхөн анхааруулж байв. ГССҮТ-ийн Хүлээн авах яаралтай түргэн тусламжийн тасгаар өнгөрсөн онд түлэгдэлтэй 4730 хүн хандсанаас 60.1 хувь нь 0-4 насны хүүхэд байсан бөгөөд түлэгдэлтээс болж 45 хүн нас барсан гэх судалгаа гарчээ. Харин энэ оны эхний дөрвөн сарын байдлаар тус тасгаар түлэгдлийн зэрэгтэй 1337 хүн хандсаны 853 нь 0-4 насны бяцхан үрс байгаа аж. Үүнээс харахад он гарсаар нийт түлэгдэлтийн талаас илүү хувь нь бага насны хүүхэд байгаа нь харамсалтай. Түлэгдэлт зөвхөн эмчилгээ хийлгээд дуусах бус сүүлд гарах сөрөг үр дагавар ихтэй. Тухайлбал, шалзлан түлэгдэх, цахилгаан, химийн болон бусад түлэнхийн гэмтлээс үүдэн тахир дутуу болон эрэмдэг зэрэмдэг болох тохиолдол элбэг аж. ГССҮТ-ийн Түлэнхийн тасгийн эмч Т.Бат-Эрдэнэтэй энэ асуудлаар ярилцлаа.

 

ТҮЛЭГДСЭН ХҮҮХДИЙГ ХҮЙТЭН УСАНД УДААН БАЙЛГАЖ БОЛОХГҮЙ

 

-Бага насны хүүхдүүд ахуйн нөхцөлд түлэгдэж гэмтэх нь их болжээ. Танай тасагт хэчнээн хүүхэд хэвтэн эмчлүүлж байна вэ?

 

-Сүүлийн үед 0-5 насны хүүхдийн осол, гэмтэл тэр дундаа түлэгдэх тохиолдол эрчимтэй өсч байна. Гол шалтгаан нь ахуйн хэрэглээний халуун тогоо, үсний хайч, ус буцалгагч юм. Хүлээн авах тасгаар өдөрт 20- 40 хүн үзүүлдэг. Тэдний гуравны нэг нь хэвтэн эмчлүүлж байна. Одоогоор 65 хүн хэвтэн эмчлүүлж байгаагийн олонх нь 0-3 насны хүүхэд байна. Сэхээний тасагт есөн хүн байгаа нь мөн л балчир хүүхдүүд. Нөгөө л халуун тогоонд түлэгдсэн, эцэг эхийн хайхрамжгүйгээс үүдэлтэй. Нөгөө талаас манай улс бага насны хүүхдийг цэцэрлэг, сургуульд хамруулах боломж тааруу байдгаас энэ гэмтэлд хүргэх шалтгаан болж байна. Ажиглагдаж байгаа нэг зүйл нь цоо эрүүл, сэргэлэн цовоо хүүхдүүд түлэгдэж байгаа нь харамсалтай.

 

-Анхны тусламжийг хэрхэн үзүүлэх вэ. Хэчнээн хувийн түлэгдэлт хүүхдийн амь насанд аюултай вэ?

 

-Эцэг, эхчүүд анхны тусламжийг маш буруу үзүүлдэг. Хүүхдийг түлэгдсэн зүйлээс нь маш хурдан салгаж холдуулаад хүйтэн усаар 3-5 минут л шавших хэрэгтэй. Гэтэл эцэг эхчүүд хүүхдээ халуун зүйлд түлэгдчихээд байхад ваннтай хүйтэн усанд удаан суулгачихдаг. Ингэснээр хүүхэд ханиад хүрэх, хатгаа авах, цаашлаад осгох, түлэнхий хүндрэх тохиолдол их гардаг. Том хүн ч гэсэн 20-30 минут хүйтэн усанд суухад осгох талтай. Бага насны хүүхдийн түлэгдэлт 15 хувь байвал амь насанд аюултай гэж үздэг. Яагаад гэвэл, хүүхэд өвчин тэсвэрлэх чадвар их бага. Тухайн хүүхдийн гарын алгыг нэг хувь гэж үзвэл тэр хүүхдийн 15 гарын алганы хэмжээ байх юм.

 

-Гэрийн нөхцөлд түлэнхийн тос түрхэх зэрэг эмчилгээг их хийдэг. Энэ нь хэр зөв алхам бэ?

 

-Гэрийн нөхцөлд элдэв тос түрхэх тохиолдол их байдаг. Энэ нь буруу. Айлд зориулалтын түлэнхийн тос тэр болгон байдаггүй. Тиймээс түлсэн зүйлээс нь салгаж аль болох цэвэр самбай, даавуунд ороож эмнэлэгт хандах шаардлагатай.

 

-Хэчнээн хувийн түлэгдэлтэйг хүнд гэж үзэн хэвтүүлж эмчилдэг вэ?

 

-Томчуудын хувьд түлэгдэх нь харьцангуй бага. Манай тасагт 60 хүн хэвтлээ гэхэд 10 гаруй нь л том хүн байдаг. Тэд ихэвчлэн гал түймэр, цахилгаанд цохиулсан байдаг. Мөн хүний асаргаанд байдаг хүмүүс халуун усанд түлэгдэх тохиолдол бий. Том хүнийх 10-15 хувь байхад гадуур эмчилдэг. Хүүхдийг таван хувиас дээш түлэгдэлттэй бол хэвтүүлэн эмчилдэг. Яагаад гэвэл, түлэгдэлт, өвдөлт ихтэй, дээр нь халдвар авч хүндэрвэл аюултай.

 

-Түлэгдсэн хүн ихэнхдээ сорвитой үлддэг. Сорвийг бүдгэрүүлэх арга бий юү?

 

-Түлэгдэлтийг эмчилсний дараа үлдэц, сорви ихтэй. Аль ч өндөр хөгжилтэй оронд сорви асуудал болсоор байгаа. Хүний арьс нэгхэн мм-ын зузаантай боловч маш олон эд эстэй. Тэд нь бүрэн давхаргаараа гэмтвэл арьс үхжиж, сорвиждог. Ер нь нэг түлэгдэж сорвитой болсон тохиолдолд мэргэжлийн эмчид байнга үзүүлж, хянуулж байх хэрэгтэй. Тэгэхгүй бол сорви хуурайшиж таталт өгдөг. Түүнээс болж дахин хагалгаанд орох хүндрэл гардаг. Хүмүүс сорвиндоо дур мэдэн баавгайн болон элдэв тос түрхдэг. Мөн сорвины тосыг буруу хэрэглэснээс. сорвио хүндрүүлдэг. Жишээ нь, бага насандаа өвдгөндөө түлэгдсэн 20 настай залуу сорвио буруу эмчилснээс өвдөг нь бүрэн тэнийхгүй болсон. Тиймээс эмчийн зөвлөгөөний дагуу эмчилгээ хийлгэх хэрэгтэй. Шархны хүнд хөнгөнөөс шалтгаалж тав хоногоос таван сар хүртэл эмчлүүлэх тохиолдол бий. Бид аль болох бага сорви үлдээхээр ажилладаг. Яалт ч үгүй гүнзгий түлэгдсэн бол сорвитой л үлдэнэ.

 

-Гэр хорооллын хүүхдүүд илүү их түлэгдэж ирдэг гэдэг. Сурагчдын амралт удахгүй эхэлнэ. Тиймээс эцэг, эхчүүдэд анхааруулга өгнө үү?

 

-Эцэг эхчүүд бага насны хүүхдээ зориу лалтын манежинд хийх юм уу эсвэл, дээр үеийн уламжлалт аргаар уяж, хөдөл-гөөнийг тодорхой хүрээнд хорьж байвал осол гэмтэлд өртөхгүй байх магадлалтай. Аав, ээж нь хүүхдээ харж байгаа ч хүүхэд нүд ирмэхийн зуур халуун савтай цай татдаг. Үүнээс болж түлэгдэх, халуун хоол руу унах зэрэг эрсдэлтэй. Тиймээс анхаарал болгоомж хэзээ ч илүүдэхгүй гэдгийг хэлье. Орон сууцны, гэр хороолол ялгаагүй л түлэгдсэн хүүхэд их ирж байна. Учир нь сүүлийн үеийн орон сууц гал тогооны өрөө нь хамт болсон. Тиймээс тэрүүхэн тэндээ халуун тогоогоо газарт тавьчихдаг. Эцэг эх, асран хамгаалагчид бага насны хүүхдээс хяналтаа салгаж болохгүй. Тэр тусмаа 0-3 насны хүүхэдтэй бол гэртээ аюулгүйн бүсийг бүрдүүлэх шаардлагатай байна.

 

Бага насны хүүхдийг осол гэмтлээс урьдчилан сэргийлэхэд эцэг, эхчүүд хамгийн чухал үүрэгтэй. Тэдний анхаарал болгоомжгүй байдлаас болж балчир үрс маань халуун тогоонд шалзлагдсаар байгааг мэргэжлийн байгууллагууд байнга сануулдаг. Гэвч энэ байдал буурахгүйгээс гадна бага насны хүүхдүүд юм залгих, цахилгаанд цохиулах, өндрөөс унаж бэртэх осол гэмтэл өссөөр байгаа юм.

 

М.Энхцэцэг