Зохиолч, сэтгүүлч Б.Ойдовын нийтлэлүүдээс албан ёсны зөвшөөрөлтэйгээр танилцуулж байна.

 

Ардын хувьсгал ялан мандсанаас хойш манай охид, хүүхнүүдийн царай зүс улам өнгө орж, хувцас хунар нь дэгжин болохоос гадна үзэл бодол, сэтгэл санаа, соёл боловсрол нь аргагүй дээшлээд иржээ. Чухамхүү энэ үеэс "Хүрээний гангачууд" гэсэн нэр томъёо өмнөхөөсөө улам хүчээ авч хожим нэр алдараа дуурсгасан олон сайхан хүүхэн тодрон гарсан түүхтэй. Жишээ нь хүрээ дуунд мөнхөрсөн Хэенхуар, Дунжидмаа, Цэенпил, Эрдэнэдүүрэгч ван Намхайжанцангийн хатан Дашбалжир, Жинжий Бадам, "Ванлий" буюу алдар цуут Баянжаргал, "Уяхан" Тамжид, Ши данжаадын авааль эхнэр Цэенхуар, "Ихэмсэг" Пунсаа, "Цоохор" Цэнд, "Хүрээ" Янжиндулам, Минжүүр, Пагмадулам, Маа бээсийн Дулмаа, "Маршал"-ын Дэвээ, "Барон" Дашзэвэгийн эхнэр "Хар нүдэн" Гаамаа, "Орос" Долгор, Манлай баатар Дамдинсүрэнгийн охин Нацагханд нарын олон арван ганган царайлаг хүүхэн хорь, гучаад оны Нийслэл хүрээг чимэглэж байжээ. Мөн Нийслэл хүрээнд Түшээт хан Насантогтохын хатан Хулан гэгч царай зүс сайхантай ганган дэгжин хатан байсан бол хошой чин ван Цогбадрахын хатан бие томтой, билэг ухаан сайтай, өнгө тунамал, үзэсгэлэн төгөлдөр, тэр чинээгээрээ эдийн дээдийг өмсөж зүүдэг нэгэн байж. Дээр нэр дурдсан хүүхнүүдээс "Уяхан" Тамжид, Цэенхуар, "Ихэмсэг" Пунсаа, "Цоохор" Цэнд, "Хүрээ" Янжиндулам, Минжүүр нар буруу замаар явчихаж. Харин Пагмадулам, Маа бээсийн Дулмаа, "Хар нүдэн" Гаамаа, "Орос" Долгор нар гадаад дотоодод боловсрол эзэмшиж ганган хээнцэр толгойгоо эрдэмээр чимэглэсэн гавъяатай. Ингээд Нийслэл хүрээний ганган хүүхнүүдийн тухай өгүүлсү.

ЖАВЗАНДАМБА ХУТАГТЫН ТААЛАЛД НИЙЦСЭН ЖАВХЛАН ТӨГӨЛДӨР АВХАЙ НАР

Богд Жавдандамба нь хэдийгээр өндөр дээд язгууртан, олон түмний хайр хүндэтгэлийг хүлээсэн хүн байсан ч сайхан бүсгүйн хөлд хасарвааны мод цэцэглэх дорны ухааны учир шалтгааны эрдэм ухаанд төгс нэвтэрсэн хутагт болохоор олон арван Дарь-Эх, охин тэнгэрийг сүсэглэн дээдлэх сэтгэлийн хайр ариусал дүүрэн байсан нь тодорхой юм. Энэ ч чанараараа тэр шашны номын жаяг ёсонд хэт баригдалгүй үүлэн бороонд чөлөөтэй умбаж явсан байдаг. Мөн тэр сайхан бүсгүйчүүлд бэлэг сэлтийг харамгүй өгдөг байж. Жишээ нь тэр Дондогдулам хатантай суухаасаа өмнө "Ухаа хонгор" Юмнэрэн хэмээх Архангайн Тэрхийн голоос уригдаж ирсэн сайхан хүүхэнтэй их ойр дотно харьцаа тогтоож, улмаар түүнд 32 мянган лангийн үнэтэй сувдан гутал бэлэглэж байсан бөгөөд үүнийг нь Манжийн амбан мэдчихээд Бээжинд хүртэл сонордуулж байсан түүхтэй аж. Энэхүү Юмнэрэн хэмээх хүүхэн хэн хүний нүдийг булааж, сэтгэлийг хөвсөлзүүлсэн үнэхээрийн сайхан хүүхэн байсан гэдэг. "Гоёодох" буюу хүзүүнд юм орсон үед сайхан хүүхний араас долоон удаа мөргөчихөөр өвчин арилдаг гэсэн дом байдаг билээ. Тухайн үеийн хүмүүс үзэсгэлэн төгс Юмнэрэнг үзэж сонирхохын тулд гоёодсон хүний дүрд хувирдаг байсан гэх бөгөөд зарим нь бүр хаа холын Засагт хан аймгаас хүртэл түүнд мөргөхөөр Богдын хүрээг зорьж байсан гэдэг. Уг нь тухайн үеийн сүсэгтэнүүд Богдод мөргөхөөр Да хүрээг зорьдог байсан гэдэг шүү дээ. Гэтэл зарим нь сайхан хүүхэнд мөргөхөөр ийнхүү сүр бадруулж байсныг бодоход Юмнэрэн гээч нь аргагүй л төгс сайхан хүүхэн байсан бололтой. Гэхдээ түүнд Богд хааны хатан, улсын их дагина болох хувь дутсан байдаг. Учир нь тэр хааны үзмэрч, шинжээч, зурхайч нарын шалгалтыг давж чадаагүй бөгөөд Богдын хатан байна гэдэг нь зөвхөн царайны сайхнаар биш жил, мэнгэ, сэтгэл санаа, зан ааш, эрдэм ухаан гээд олон талыг хамардаг байж. Улмаар Богд нь Юмнэрэнгийн дараа Жирнэн вангийн эцэг Цэрэндорж гүнгийн хатан Норов хэмээх сайхан хүүхэнтэй нууцаар явалдаж, нэг хэсэгтээ л залуу насны хайр сэтгэлийн баяр жаргалыг эдэлжээ. Энэ хүүхэнд хавь ойрын нь эрчүүд унан тустал дурладаг байж. Гэвч үзэсгэлэнт бүсгүй Норовт мөн л Юмнэрэнгийн нэгэн адилаар Богдын хатан, улсын их дагина болох хувь дутсан байна. Харин Сэцэн хан аймгийн Дондогдулам хэмээх улаа бутарсан цагаан шар царайтай, бие булчин тэгшхэн бүсгүй улсын их дагина болж заларсан түүхтэй.

Гэхдээ Дондогдулам нь Юмнэрэн, Норов хоёрыг царай зүсээрээ гүйцэхгүй, гагцхүү бусад талаараа давж гарсан байдаг. Сэцэнхан аймгийн Хөвчийн жонон вангийн хошуу нь Монголын бусад хошуудаас юугаараа онцлог вэ гэвэл 8-р Богд Жавзандамбын хоёр хатан хоёулаа энэ нутгаас тодорсон байгаа юм. Анхны хатан Дондогдулам нь хүүхэд ахуй цагтаа Хөвчийн Жонон ван Цогбадрахын хатны аягачин байжээ. Төдөлгүй тэрбээр Богд Жавзандамбын таалалд нийцсэнээр хааны үзмэрч, шинжээч, зурхайч нар Дондогдулам охиныг хааны хатан байж чадах эсэхийг нотлохоор шалгалтанд оруулсан бөгөөд тэрбээр бүхий л шалгалтыг давж Богд хааны хатан болсон түүхтэй аж. Богд хааны хоёр дахь хатныг тодруулахын тулд маш олон зурхайч үзмэрч, шинжээчид Сэцэн хан аймгийн Жонон вангийн хошуунд очиж тэндхийн гоо үзэсэлэнт бүсгүйчүүдийг нэг дор цуглуулаад, одоогийнхоор бол бараг л миссийн тэмцээн зохион байгуулсан байгаа юм. Гэхдээ зөвхөн царайны сайхныг нэгдүгээр зэрэгт тавьсангүй. Төрөлхийн ухаан, мэдлэг чадвар, зан чанар, ааш авир, удам угсаа гээд бүхий л талыг нь харгалзан үзсэнээр Наваанлувсангийн Цэенпил хэмээх бүсгүй тодорч Богд хааны хатан болсон түүхтэй. Богд хаан Цэенпилийн нэрийн өмнөхийг засч Гэнэн болгохын зэрэгцээ Цагаан Дарь-Эх гэж хүндэтгэн өргөмжилж өргөө гэрт нь Өндөр гэгээний хорин нэгэн Дэрь-Эхийг байрлуулсан гэдэг. Цэенпил Богд хааны өргөөнд очихоосоо өмнө нутгийнхаа Лувсандамба хэмээх залуутай хайр сэтгэлийн холбоотой байжээ. Лувсандамбыг хайртай бүсгүйгээ Богд хаанд алдсаны дараа, "Рашаан булгийн усанд нь хө, Алив бузар оруулдаггүй ээ хө, Аминаасаа хайрт бүсгүйгээ, Албат ноёндоо алдчихав аа хө, Ороо дагшин хүлгүүдэд, Уургаа алдаж үзээгүй дээ, Хайртай амраг Цэенпилийгээ, Хаан эзнээс салгаж авна даа" гэсэн дуу гарсан гэдэг. Харамсалтай нь ногоон малгайтнууд хайртай бүсгүйг нь түүнээс салгаад авчихжээ. Цэенпил Богд хааныг тэнгэрт хальсаны дараа Хөвчийн жонон вангийн хошуугаа бараадаад зогсохгүй анхны хайрт Лувсандамбатайгаа айл гэр болон амьдарч гурван хүүхэдтэй болсон байна. Гэтэл нэг л шөнө ногоон малгайтнууд давхиж ирээд Цэенпилийг ачааны машинд суулган березентээр бүтээгээд авч явжээ. Гурван нялх хүүхэд нь уйлаад хоцорсон гэдэг. Ногоон малгайтнууд ид цэцэглэж явсан 33 настай Цэенпил бүсгүйг эмэгтэй хүн, эх хүн гэж эмээж цээрлэлгүйгээр шууд л буудан хороосон байдаг. Богд хаан Цэенпилийг анх ордондоо авчирсан оройгоо дөрвөн цогчин унзад, дөрвөн гэсгүйг дуудан ирүүлж архи тэргүүтнээр дайлах зуур "Би хатнаасаа хагацаж арга буюу шадар нөхдийн зөвлөсөнөөр энэ сайхан залуу бүсгүйг авчруулаад байна" гэж хөнжилд хэвтэж байсан бүсгүйг заахад Галсан хэмээх унзад хөнжилд нь гараа шургуулж бэлхүүс, өгзөгийг нь илбэж үзсэнээ шүлсээ гүдхийтэл залгиад "Сайхан хүүхэн байна. Богд эзнийг шавь нарт нь гурван жил амьд харагдуулж аль" гээд дахин дахин ном уншиж байсан гэдэг. Хааны ордонд Богдоос гадна Ёнзон хамба гэж лут хүүхэмсүү өвгөн байсан бөгөөд мань өвгөн улсын их дагина болж чадаагүй үзэсгэлэнт бүсгүй Юмнэрэнд солиортлоо дурласанаар Да хүрээний алдарт шүлэгч Цэрэндондов гэгчээр "Ухаа хонгор Юмнэрэн минь, уушиг зүрхийг минь амраагаач, сэтгэлийг чадагч Юмнэрэн минь, сэрсэн шулмыг номхруулаач" гэсэн дуу хүртэл зохиолгож байсан гэдэг.

Цэрэндондов нь мөн их дагина Дондогдуламд зориулж тухайн үеийн ордны эротик уур амьсгалыг илэрхийлсэн дуу бас зохиож байжээ. 3000 лан мөнгөний харамжаар ая, үгийг нь нийлүүлсэн уг дуунд "Улаан дурдан бүсийг бэлхүүс биедээ асааж, уур мунхагийн тачаангуйг сэрүүн амгалан болгосон" гэж гардаг нь тухайн үедээ л сонгодог бүтээлд тооцогддог байж. Ямартай ч Богд хааны номын багш гэгдэх Ёнзон хамба нь тачаангуйн урлагт гүнзгий нэвтэрсэн нэгэн байжээ. Ямар сайндаа л 69 настай байхдаа бэлгийн чалх сайжруулдаг хятад тангийн тусламжтайгаар 18-тай охидыг дуу алдуулж байсан түүхтэй аж. Мань өвгөн хааны ордны шивэгчин охидод эрчүүлтэй хэрхэн хурьцал үйлдэх талаар 18 төрлийн эрдэм зааж, тусгай дүрэм гаргаж байсан гэдэг. Үүнийг эзэмшээгүй цагт эм хүн нь жирийн шулам төрөлт, адгуусан гаралт нэгэн байх бөгөөд уг эрдэм нь Манж дайчин улсын ордны шивэгчингүүдээс уламжлагдаж, Түвдийн улааны шашны чанд хурьцахуйн онолыг барьсан хэдий ч зарим талаар цоо шинэ зүйлийг үзүүлсэн мэргэжлийн өндөр түвшний урлаг байлаа. Ёнзон хамбын дээрхи шүлгэнд өгүүлэгдэн буй "Шулмыг номхруулна" гэдэг үг нь цаанаа бас учиртай ажээ. Эм хүнийг нүцгэлэн бэлгийн харьцаа үйлддэг "Шулмыг номхруулна" хэмээх ёс заншил улааны шашинд байдаг бөгөөд энэ нь Монголын хурьцах урлагийн түүхэнд Богд хааны багш Ёнзон хамбын оруулж ирсэн урсгал юмсанж. Үзэсгэлэн төгс Юмнэрэн хөгшин хамба Ёнзонд огт нүүр өгдөггүй байсан тул мань лам түүнийг хүчиндэх гэж хэд хэдэн удаа оролдож байсан гэдэг. Хамгийн сүүлд Юмнэрэн түүнийг хүчиндэх гээд ирэхэд нь хоёр төмсөгийг нь бяц атгах шахсан гэдэг бөгөөд нэг ёсондоо тэр "Шулмыг номхруулна" гээд дайраад ирсэн Ёнзон хамбыг хашраахын тулд "Ингэж шулмыг номхруулдаг юм, мэдэв үү" гээд хоёр төмсөгийг нь базаж аваад яая даа гэтэл чарлуулж байсан байгаа юм. Үүнээс болж Ёнзон хамба хэдэн сарын турш эмс охидтой хурьцал үйлдэж чадахгүй памбайтал хавдсан эрхтэнээ дааж ядан хайвагнаж явсан гэдэг. Юмнэрэнгийн амьдрал, хувь заяа сүүлдээ хэрхсэн нь тодорхой бус. Аягүй бол адтай бядтай, арга зальтай, эрх мэдэл бүхий Ёнзон хамбын гараар ороод зүйл дууссан байж ч мэднэ. Богдын ордны шивэгчингүүд жирэмслэх тохиолдолд маш хатуу хяналт тавьж хэний үр болохыг нь заавал тогтоодог байсан бөгөөд ямар сайндаа л хэсэг лам Чин ван Ханддоржийг ордоны хоёр сайхан хүүхэнтэй нэр холбогдсон талаар Богдод мэдэгдэнэ гэж сүрдүүлж байгаад түүнээс есөн ширхэг жороо морь салгаж байсан гэдэг. Богд хааныг уур хилэн ихтэй, сэтгэл санаа нь тогтворгүй үед бараа бологсод нь нүцгэн охидыг өвөрт нь оруулж тайвшруулдаг байсан гэж зарим ном зохиолд бичсэн байх аж. Их зохиолч Бямбын Ринчен гуай "Үүрийн туяа" романдаа Цэцэн вангийн нутгаас Богдод бараалхахаар эхийгээ дагаж ирсэн есөн настай охинтой Жавзандамба хутагт хэрхэн загас наадуулж, эцэст нь амь насыг нь хохироосон тухай ноцтой зүйл бичсэн нь соц нийгмийн үед шашны эсрэг үзэл суртлын хурц зэвсэг болж байлаа. Ямартай ч Богд хаан нь Халх Монголын төрд сайн үйлс олныг бүтээсэн ч ужид цэнгэлийн асуудал нь хэтэрхий товойж гарсан бие хүн бөлгөө.

МАНЛАЙ БААТАР ДАМДИНСҮРЭНГИЙН ОХИН НАЦАГХАНД

Монгол түмний сайн мэдэх "Манлай" Баатар Дамдинсүрэн их, бага хоёр хатантай байж. Бага хатан Жамъянмядаг нь нэг охин төрүүлсэн бөгөөд тэр нь хориод оны Да хүрээний гурван сайхан хүүхний нэгд тооцогддог байсан Нацагханд ажээ. Энэ сайхан эмэгтэйн тухай "Өдрийн сонин"-д бичигдэж байлаа. Би бээр 2011 оны хавар Нацагхандын зээ Д.Түмэнбаатартай уулзалдаж эмээгийн нь талаар хүүрнэлдсэн юм. Тэрбээр "Миний ээж Должин 1938 онд төрсөн. 2002 онд нас барсан. Ээжийн ээжийг Нацагханд гэдэг. Нацагханд эмээ бол Монголын анхны бага сургуулийн анхны сурагч, анхны пионер байсан. Уг нь их зохиолч Д.Нацагдорж нарын хамт Герман явах ёстой байж. Гэвч эмээ маань Эрхүүд бэлтгэлд явж байгаад өвчний учир буцаад ирсэн байгаа юм. Хятад, орос хэлтэй, тухайн үедээ л өндөр боловсролтой хүн байж. Эмээ маань 1986 онд 76 настайдаа таалал төгссөн. Манлай баатар Дамдинсүрэнгийн ганц охин нь. Өвөөгийн халх эхнэр буюу бага хатан нь Жамъянмядаг гэдэг хүн байж. Одоо миний элэнц эмээ юм даа. Манлай баатрын эх хатан нь Өвөр Монголын Хөлөнбуйрт амьдардаг байж. Эх хатан нь гурван хүү төрүүлсэн. Одоо тэр гурван хүүгийн нь ах дүүс гээд ганц хоёр хүн байдаг. Нацагханд эмээг Манлай баатрын охин мөн гэдгийг 1972 онд Намын төв хорооны зүгээс гэрчлэх ажиллагаа явуулсан юм билээ.

Гэрчлэх хүмүүсийн тоонд Лхагвасүрэн жанжны гэргий Дашцэдэн гуай, Ардын жүжигчин Дамдинсүрэн, ардын зураач Намхайцэрэн нарын хүмүүс оролцсон байдаг. Ингээд АИХ-ын тэргүүлэгчдийн зарлигаар эмээд маань улсаас байр өгч, тусгай тэтгэвэр тогтоож байлаа. Намайг жаахан байхад эмээ маань "Дашцэдэн бол амны хишигтэй хүн. Хуучин засагт бол Чойжин ламын өргөмөл охин байсан. Сүүлдээ залуу жанжны гэргий болсон. Ламын хүүхэд гэж ад үзэгдээгүй их азтай хүн" гээд намайг дагуулаад Төв шуудангийн урд талын байранд байсан Лхагвасүрэн жанжныд очоод Дашцэдэн гуайтай хонин өнжин яриа өрнүүлдэг байлаа. Би эмээ дээрээ өссөн, түүний эрх хүү нь байсан мөртлөө нэг их зүйл асууж шалгаадаггүй байж. Ямар ч байсан эмээ маань хориод оны үед Да хүрээний гурван сайхан хүүхний нэгэнд тооцогддог байсан гэдэг. Нөгөө хоёр сайхан хүүхний нэг нь Дашцэдэн гуай, нөгөө нь ардын жүжигчин Гомбосүрэн гуайн хадам ээж байж. Тухайн үед Да хүрээнд хятадууд их байсан учраас энэ гурван сайхан хүүхэнд гурвууланд нь хятад нэр өгсөн байдаг. Манай эмээгийн хятад нэрийг Мон Жин Ша гэдэг байж. Дашцэдэн гуайг Тай Жин Ша, Гомбосүрэн гуайн хадам ээжийг Жин Ля гэдэг байж. Дашцэдэн гуай "Бөмбөгөр" ногооны хөгжимчин, бүжигчин хүн байсан. Манай эмээ ч гэсэн шанз манз тоглодог байлаа.

Ер нь тэр үеийн язгууртан дээдсийн үр хүүхэд их боловсролтой байж. Ямар сайндаа л манай эмээг анх сургуульд ороход "Энэ хүүхэд чинь язгууртан тайж гаралтай, өндөр мэдлэгтэй юм байна" гээд сургуулиас нь хөөх гэж байхад жанжин Сүхбаатарын гэргий Янжмаа гуай "Наад хүүхэд чинь Манлай баатрын охин байгаа юм. Цаашид суралцах ёстой" гээд буцаагаад сургуульд нь оруулж байсан гэдэг. Эмээ бид хоёр наяад оны үед "Хатанбаатар Магсаржав" киноны нээлтэн дээр хамт очиж байлаа. Тэр кинон дээр Магсаржав Богд хаанаар хүчээр тамга даруулдаг хэсэг байдаг. Үүнийг эмээ үгүйсгэж байсан. Яг бодит амьдрал дээр бол Хатанбаатар Магсаржав биш Манлай баатар Дамдинсүрэн Богд хаантай шатар тоглож байхдаа тэр тамгыг нь гуйж даруулсан юм билээ. Энэ тухай эмээ маань сайн мэддэг байж. Кинон дээр гардаг шиг хүчээр тамга даруулсан явдал байгаагүй гэдэг. Эмээ маань нэг удаа "Ичээнд нь" киног үзчихээд "Өвөө чинь Дамбийжаа шиг хүний зүрх сугалж байсан хүн. Манай гэрийн хойморт хатаачихсан зүрх байж л байдаг байсан. Дамбийжаад хамаг бурууг тохчихсон болохоос биш дээр үеийн цэргийн улс эсрэг талынхаа баатрыг барих юм бол туг тахидаг, эсвэл зүрхийг нь сугалдаг байж. Энэ нь яргалал гэхээсээ илүү тухайн цагийн цэргийн жанжны ёс байсан юм билээ" гэж ярьдаг байлаа. Эмээ маань өөрийнхөө яриаг кассетанд бичиж үлдээсэн байгаа. Хүмүүс эмээгийн хуучны зургуудыг их сонирхдог. Надад уг нь нэлээд хэдэн зураг байсан юм. Төрийн шагналт зураач Пүрэвсүх агсан диплом хамгаална гээд нэлээд хэдэн зураг авч байлаа. Үүнийг би буцааж авч чадаагүй. Эмээгийн анх пионер болж байсан зураг нь байдаг ч 24-р сургуулийн пионерийн удирдагч тэр жил аваад явсан. Одоо бодвол тэр сургуулийн архивт байдаг биз. Энэ мэтээр эмээгийн олон сайхан зураг алга болсон. Одоо байгаа энэ зургуудыг нь харахад ямар ч будаг шунх байхгүй, ерөөсөө л унаган төрхөөрөө байгаа нь энэ. Би өөрөө зураач мэргэжилтэй. Мэргэжил нэгт нөхөд маань манай эмээгийн зургийг харчихаад "Ямар ч будаг шунх хэрэглээгүй мөртлөө яасан гоё харагддаг хүн бэ" гэж хэлдэг юм. Эмээ маань өнөөгийн хүүхнүүд шиг будаг шунх хэрэглэдэг байсан бол бүр тасраад явчих байж дээ" гэж өгүүлсэн юм.

ЦЭВЭЭН ТЭРГҮҮНИЙ ГАНГАН ОХИН ЦЭРМАА

Жанжин Д.Сүхбаатарын гэргий Янжмааг монголчууд андахгүй. Харин жанжины нууц амраг явсан Цэрмаагийн талаар хүмүүс тэр бүр мэддэггүй. Олноо Цэвээн тэргүүн гэж алдаршсан Лувсанцэвээний ганц охин Цэрмаа нь хорь, гучаад оны Нийслэл хүрээний гангачуудын нэг байжээ. Энэ тухай зохиолч, сэтгүүлч Б.Туяа 1990-ээд оны үед хэвлэгдсэн "Таван цагаан шувуу" хэмээх номондоо тодорхой өгүүлсэн байдаг. 1976 онд 73 насан дээрээ хорвоогоос хальсан Цэрмаа гуайн тухайн үед өгүүлж байсан дурсамжийг сэтгүүлч Б.Туяа цаг тавиун болохыг хүлээж байсаар ардчилал сэргэсэн ерээд оны үед дэлгэн тавьж байлаа. Цэвээн тэргүүний ганц охин Цэрмаа өгүүлрүүн: "Сүхийг одоо манайхан Сүхбаатар жанжин л гэж бурхан шиг өргөмжлөн дууддаг болж. Эгчийнх нь хувьд тэр жирийн л эр хүн байж. Би түүнд сэтгэл алдарч явлаа. Баян айлын эрх танхил охин гэж Сүх маань надаас цэрвэсэнгүй. Би ч түүнийг ирээдүйд хувьсгалын жолоодогч хүн болно гэж бодож явсангүй. Бид хоёр зүгээр л хүн хүндээ дасдаг хорвоогийн жамаар бие биенээ олоод л учирчихжээ. Тэгж дотно явсныхаа дурсгал болгож дугуй унаж авахуулсан зургаа Сүх надад өгсөн юм. Харин би цагийн аясаар түүнийг хадгалж явж чадалгүй үрчихсэндээ гэмшээд бардаггүй юм. Хэрвээ тэр зураг одоо болтол хадгалагдсан бол надад гэрч, түүхэнд өв болох байлаа. Хорвоогоос аль сайхан юм өнгөрч улирахыг тэр гэхэв. Сүх бид хоёрын холбоог хожим Эрүүлийг хамгаалах яамны сайд байсан "Өндөр" Дамдин гэдэг хүн мэддэг байлаа.

Бас маршал Чойбалсангийн гэргий Гүндэгмаагийн дүү мэднэ. Би Сүхтэй анх их сонин учирлаар танилцсан. Би хөдөөлж, хааяа Манзуширийн хүрээнд цам үздэг байв. Нэг удаа хоёр гурван хүүхэн, долоо найман харчууд нийлээд найрлаж байв. Орой болсон тул явъя гээд намайг гэрээс гарах гэтэл "Өндөр" Дамдин амдаж зогсоод "Сүх чамайг үлдээч гэж гуйж байна" гэж хэллээ. Удалгүй Сүх өөрөө ч гарч ирлээ. Намайг битгий яваач гэж ятгав. Хэсэг тээнэгэлзээд би үлдэхээр шийдэв. Хүн надад Сүх хань бүлтэй гэж хэлсэн тул би болгоомжиллоо. Тэгсэн атал намайг үлдээч гэж Сүхийг гуйхаар би үгүй гэж хэлж чадаагүй л юм даа. Ингэж л бид хоёрын сэтгэлийн холбоо анх эхэлсэн. Түүнээс хойш Сүх намайг нэг удаа гэртээ дуудуулаад "Чи Дамдинтай л учиртай юм шиг байгаарай" гэж захив. Тэгээд "Өндөр" Дамдин бид хоёрыг явуулсангүй. Бид хоёрт баруун талд гудас дэвсээд ор засч өгөв. Бид хоёр ч хуурай эр, эм болоод л унтах боллоо. Миний ичсэн зовсон гэж жигтэйхэн. Төдөлгүй Сүх "Чи унт" гэж Янжмаад зандрангуй хэлээд өмнүүр нь дээл хувцастайгаа бүхлээрээ унтав. Тэр шөнө бид лав бүгдээрээ нүд хамхилгүй үүр цайлгав. Сүх Янжмааг өглөө эрт босгож цай чануулав. Би ч дотроо уурлаад чанасан цайг нь уусан болоод бушуухан холдохын түүс болж хашааны хаалгаар гарч явтал Сүх миний араас гүйж ирээд "Яадаг юм бэ. Янжмааг мэдэг гэж би зориуд тэгсэн юм. Би хэнээс ч өөрийнхөө сэтгэлийг нууж чадахгүй" гэснээ дотор цэлмэтэл сайхан инээмсэглэж билээ. Үүнээс хойш бид хоёрыг үүгээр түүгээр явахыг анаж барих гэж Янжмаа нэг хамар муутай авгайтай нийлж эрэл сурал болдог байв. Сүх бид хоёр нэг хэсэгтээ үнэхээр салж хагацаж чадахгүйд хүрсэн дээ. Хэрвээ Сүх эхнэр хүүхэдгүйсэн бол надад эргэлзэж цааргалах юм байсангүй.

Надад тэр үед Хүрээнд байхгүй гэлцдэг, суухад л бараг өвдгөнд тунардаг тийм гоё урт сувдан ээмэг байлаа. Би яагаад ч юм бэ, ээмэг, бөгжөө байсхийгээд л Сүхэд хадгалуулах дуртай байлаа. Гэтэл талын гөрөөс шиг цахилж явсан эрх зоргоороо танхилхан нас минь өнгөрч эцэг эх маань намайг угсаа хэргэмтэй, ноён зэрэгтэй хүнтэй суулгахаар ятгав. Сэтгэлтэй хархүүтэйгээ нийлж чадаагүй хүн чинь яахин бусдын эрхшээлд орох билээ. Төдөлгүй нэг удаа сор залах галын наадамд явж байгаад Шагдарын Гомбожав гэгчтэй танилцав. Нуруу туруу нь Сүхтэй ч адилхан юм шиг. Ингэж би эцэг эхээ дийлж өөрийнхөө саналаар эр нөхрөө сонгож ахимаг насны хүнтэй нийлэв. Гомбожавтай суусныхаа дараа би Сүхтэй одооны энэ Сэлбийн гүүрний тэнд хааяа болздог байлаа. Сүх маань зүсээ хувиргаж намайг тосдог байж билээ. Сүхийг хойшоо явахад манай эцэг нанжин гахай гөлөмтэй эмээл, мөнгөн хазаартай хос сайхан морь бэлэглэж байсан юм. Богд манай аавд Сайн ноён хааны хашааг бэлэглэсэн юм. Тэнд Сүх, манай аав тэргүүтэн асартай майхны хаяа сөхчихөөд шагай харвах нэрийдлээр нууц хурал хийдэг байв. Эцэг минь намайг ганц охин минь гээд ухаангүй хайрлана. Манайх маш их мал хөрөнгөтэй байсан. Би бүсгүй хүн гэхэд сааль сүүний ажилд ч орж мэдэхгүй, ганц ч үнээний дэлэн шувтарч үзсэнгүй. Ёстой л сайн эцгийн арван цагаан буянаар эрх жаргалаараа өссөн дөө. Би том том луун хээтэй хятад торгон дээлийг ногоон, шар, бор өнгө сэлгэж өмсдөг байлаа. Үс гэзэг жигтэйхэн урт, үзүүр нь бараг хонгонд хүрнэ. Миний эцэг Цэвээн тэргүүн чухам яагаад буруудсаныг бүү мэд. Сүх аавыг маань хоёр ч удаа хэргээс мулталж амийг нь аварч байсан гэдэг. Хамгийн сүүлд Бодоо, Сүх хоёрыг хамт байхад нь манай эцэг уулзаад ингэж хэлсэн юм гэнэ лээ. "Хэрвээ шашин бурханаа шүтэх юм бол би бос гэсэн газар чинь босч, суу гэсэн газар чинь сууж явъя. Хэрвээ шашин шүтлэгээ гэсгээх юм бол шашингүй төрийг ямар төр гэхэв. Та нартай нэгийгээ үзэлцэж, нэхий дээлээ тайлалцана" гэж хэлжээ. Тэгтэл Бодоо ихэд уурлаж "Нэгийгээ үзэлцэнэ гэдэг чинь энэ хүн Сүх бид хоёрыг ална гэсэн үг. Чи ийм хүнийг хэргээс сугалж тавих гэлээ" гээд буу барин босч ирээд Сүхтэй муудалцаж байсан гэдэг юм билээ" хэмээжээ. Цаг хатуу, социализм, коммунизм ид мандан бадарч байсан далаад оны үед ингэж зоригтой дуугарахыг бодоход Цэвээн тэргүүний охин Цэрмаа үнэхээр л хэлье гэснээ хэлэх гэж шийдсэн бололтой. Тэгэхгүй бол түүнтэй хамт Сүх жанжины тухай нэгэн сонин содон түүх үгүй болох гээд байж л дээ.

ХЭМЖЭЭЛШГҮЙ ХӨРӨНГИЙН ЭЗЭН ХЭЕНХУАР

Дээхэн үед Да хүрээнд "Янлин хуар", "Хэен хуар", "Ши-дү хуар", "Ганьхуар" зэрэг хуартай дуунууд нэг үе ихэд дэлгэрсэн байх бөгөөд хуар гэдэг нь хятадаар цэцэг, цэцэгс гэсэн утгатай аж. 19-р зууны сүүл үед Да хүрээнд Хэенхуар гэдэг цуутай хүүхэн байж. Тэрбээр хар залуугаасаа баян данжаадын эхнэр болжээ. Харин аз гээч нь үү, эз гээч нь үү, түүнийг хорь гаруйхан настай байхад баян данжаад нь амьсгал хураасанаар Хэенхуар мундашгүй их өв хөрөнгөн дээр эзэн суусан байна. Тэрбээр ганган жороо морь унаж гангарахаас гадна шилэн байшинд тансаглаж, алтан амсартай худагнаас ус уудаг байж. Сүүлдээ тэр шүлэг, дууны авъяастай хүмүүсийг тансаг ордондоо урьж их хэмжээний мөнгө төгрөгөөр өөртөө зориулж хэд хэдэн дуу, шүлэг зохиолгосон гэх бөгөөд тэднээс "Хэен хуар" гэдэг дуу Да хүрээ даяар ихэд алдаршиж, өнөөгийнхөөр бол хит болж байсан байна. Жишээ нь, "Суудаг байшинг минь, Сураглаад асуувал даа хө, Цуварсан гурван байшингийн, Дунд талын шилэн байшин хө, Хэен хуар аа, хэзээнээсээ мөн дөө хө, Уудаг ундыг минь, Сураглаад асуувал даа хө, Урд талын гурван худагны, Дунд талын алтан худагаа хө, Хэен хуар аа, хэзээнээсээ мөн дөө хө, Унадаг морийг минь, Ажиглаад харвал даа хө, Усан тэлмэн жороо, Ухаа хонгор морь шүү дээ хө, Хэен хуар аа, хэзээнээсээ мөн дөө хө" гэх зэргээр хүрээний ганган хээнцэр хүүхний намба төрх, орчин нөхцөл, чамин тансаг эд зүйлсийг нь зураглан үзүүлсэн байх ажээ. Дашрамд хэлэхэд Төрийн шагналт, нэрт хөгжмийн зохиолч Гончигийн Бирваа агсан Нийслэл хүрээний гангачуудын тухай ийм нэгэн дурсамж үлдээжээ. "Нийслэл хүрээний гангачуулын хувьд өвлийн цагт цагаан нэхий дээл нь дээдийн дээд гоёл байсан. Ер нь тэр үед нэг дээл хийсэн бол ном хурахад нэг, цагаан сараар нэг гаргаж өмсдөг, бусад үед өмсдөггүй болохоор нэг насны л юм байдаг байлаа. Нугалаанаас хойш даалимбаар гоёдог болсон. Торгоор шинэ дээл хийлээ гэхэд гоёондоо өмсөөд л далд хийдэг байсан. Тэр үеийн баячууд Жанчхүү хийцийн битүү угалзтай гутал, мөнгөн эмээл, хазаар, мөнгөн тоногтой нанжин гахай гөлөмтэй эмээл, үйтэнхуар гадартай хөвөнтэй дээл, дотуураа чисчүү цамц, торгон өмд гэх зэрэг одоогийн жийп машинаас ч үнэтэй юмаар гоёдог байв. Тэр үед би Нийслэл хүрээнээс жигтэйхэн сайхан гурван хүүхэн харж билээ. Түүнээс хойш тийм сайхан хүүхнүүдийг ер олж хараагүй юмдаг. Намайг 18 настай том хархүү болчихсон байхад ээж маань "Миний хүү тэр гурван сайхан хүүхнийг хар даа" гэж билээ. Харсан чинь Жанчхүүгийн хээ хуар болсон хилэн малгайтай, сайхан хар гэзгэндээ мөнгөн бүрээстэй жингэнэж дуугарсан боолт зүүсэн, нэг нь торгон, нөгөө нь чисчүү, гурав дахь нь дурдан, бүгд цэнхэр өнгийн дээл өмсөөд, шар дурдан бүс ороосон жинхэнэ монгол бүсгүйчүүд байж билээ. Өргөн дээлээ жавхайтал бүсэлчихээр их гоё галбиртай, харьцуулах юм бол шоргоолж шиг л харагддаг, ёстой гоёж чаддаг байсан. Тэр үеийн хүүхнүүдийн царай зүс ганддаггүй, холцруутдаггүй, их гоё өнгөлөг байлаа. Бодвол сааль сүү хийдэг, тэрнээсээ болдог байсан юм болов уу даа..."

ДАНЖААДЫН ГЭРИЙН ХОРИОНД ОРСОН "ДЭГЖИН" САРАН

Гучаад оны үед Нийслэл хүрээнд "Дэгжин" Саран хэмээх царайлаг хүүхэн нэг хэсэг мандан бадарчээ. Ядуу айлын царайлаг охин тэрбээр эхэндээ тийм ч дэгжин байсангүй. Харин хүрээний баян хужаатэй дэр нэгтгэсэнээр олон түмнээс "Дэгжин" хэмээх алдрыг хүртэх болжээ. Түүний охин Улаанхуаран мөн л ээжийнхээ замаар орж баян хятадын гэргий болж явсан бөгөөд тэрбээр одоогоос хэдэн жилийн өмнө ээжийнхээ тухай энэхүү дурсамжжийг хүүрнэж билээ. "Миний ээж Саранг гуч, дөчөөд оны Улаанбаатарчууд андахгүй. Одоо даанч тэр үеийн хүмүүс цөөрсөн байна. Ээж маань өөрийнхөө дур хүслээр баян хятадтай дэр нэгтгэсэн хэрэг биш. Ерөөсөө л аав ээж нь амьдрахын эрхэнд түүнийг худалдчихсан юм гэдэг. Ээжийг маань үеийнхэн нь жигтэйхэн сайхан хүүхэн байсан гэж ярьдаг байлаа. Би ч ээжийнхээ сайхан явсаныг зах зухаас нь гадарлана. Урт нарийхан соруулаар тамхи татаад л, халуун ханзан дээр хэвтэж байдаг, заримдаа шанз хөгжим тоглоно. Минж ч билүү, юу ч билээ, нэг ангийн үсэн хөнжилтэй. Ажил ч хийхгүй, хэвтэж л байна. Бид хятад аавыгаа Даадаа гэж дууддаг байлаа. Ээж, Даадаа хоёр хуруувчин чинээ мөнгөн хундаганд данх шиг том алтан гүцнээс архи хийж уудаг байлаа. Манайх гуанз болон нарийн боовны мунхлагтай, хятад тогоочтой байсан. Тэр тогооч нь яг л ээжийн нөхөр гэсэн үг. Нэмнээтэй юм шиг хөвөнтэй өмд, цамцнаас салахгүй. Сайран сайран алхаатай. Харин тэр хоол хийхдээ гаргууд сайн. Даадаа ээжийг Жунгаа гэж дуудна. Жунгаа гэхэд ээж хачин дуртай. Бид нар тэгж дуудахаар нь инээд хүрээд байдаг байлаа. Жунгаа гэдэг чинь улаан хошуутай шувуу шүү дээ. Ээж маань 20 настайдаа өөрөөсөө хорин насаар ах Даадаатай суугаад намайг гаргасан. Ганган гэж жигтэйхэн. Ээж маань хуруу болгондоо шахуу алтан бөгжтэй, хачин том алтан ээмэгтэй байлаа. Хүмүүс түүний ээмгийг харчихаад "Чихтэй нь хамт хуу татаад зугтчихмаар лут ээмэгтэй юм байна. Энийгээ зүүгээд орой үдшийн цагаар ганцаараа гадагш гарав даа. Тэгвэл чи ээмэггүй болохоос гадна чихгүй болно шүү" гэж сануулдаг байж билээ. Ээж маань торгон дан дээл өмсчихөөд орон дээрээ буруу харж тамхи татаад л хэвтэж байна. Хааяа өндийгөөд нүүрээ тольдоно. Цагаан будааны бэрээсэнд их дуртай. Хятад тогоочийг бэрээс хийж өгөхөд баярласандаа түүнд шанз тоглож өгдөг байж билээ. Манай хашаанд том том улаан цэцэг ургадаг байлаа. "Та нарыг тасдах юм бол хурууг чинь тайраад нохойд хаяж өгнө шүү" гэж Даадаа айлгадаг байсан болохоор бид тийшээ зүглэх ч үгүй. Тэр нь хар тамхины ургамал байсныг бид их хожуу мэдсэн. Даадаа зун ногооны талбай эргэхээр явахдаа аймаар олон голио хувинд хийгээд авчирна. Тэгээд баахан ногоо амталж хуураад даргитал буцлаад ирэхэд нь гурилаа дөрвөлжин хэрчиж хийгээд л нөгөө арвалзсан голионуудаа цацахад нэг нэг гурил зуураад бууз шиг бөөрөнхий болчихно. Тэгээд л бид иддэг байлаа. Хачин гоё амттай. Тэр байтугай Даадаа могой жигнэж иддэг байсан. Тос нь гоожсон яг л хонины чихсэн хошного шиг зөөлхөн. "Хятад хүн ямхын богино гишэгдэлтэй, дэлхий шиг уужим сэтгэлтэй" гэж Даадаа бидэнд сургадаг байлаа. Зарим шөнө тэр ээжийг зоддог байсан. Царайлаг сайхан болохоор нь монгол эрчүүдтэй харддаг байсан биз. Ээж маань хааяа орноосоо босоод гадаа нарлахдаа наран цэцгийн самар цөмөөд л суугаад байна. Зайлуул монгол эрчүүдтэйгээ уулзахыг хүсдэг байсан биз. Даанч Даадаа түүнийг гадагш нь гаргахгүй. Ялангуяа хүрээнийхэнээс "Дэгжин" Саран гэдэг алдрыг хүртсэнээс хойш Даадаа түүнийг гэрийн хорионд оруулсан гэдэг юм. Ээж маань хэдий сайхан төрсөн ч өөрийнхөө эрхээр жаргаж чадаагүй. Хүний эрхэнд зовсоноос өөрийнхөө эрхээр жарга гэдэг үг юутай үнэн болохыг би ээжийнхээ амьдралаас гадарладаг болсон доо. Хятадууд үхэхээсээ өмнө авсаа бэлддэг гэдэг үнэн шүү. Даадаа нэг их том хүрэн авс бэлдэж билээ. Тэр нь амбаарт хэвтэж байна. Бид түүн дотор нь нуугдаж тоглодог байлаа. Даадааг нас барсаны дараа ээж шөнө зүүдлээд унтдаггүй байлаа. Орилж хашгираад л босоод ирнэ. Яасан бэ гэхээр "Даадаа чинь зүүдэнд хүрч ирээд мөнгө төгрөг, үнэт эдлэлээ нэхээд, хамаг юм түжигнүүлээд байна" гэж хэлнэ. Тэгээд ээж Даадаагаас үлдсэн хашаа байшин, эдлэн газрыг зараад тухайн үеийн Усны гудамжны Шар дэлгүүрийн ойролцоо нэг шавар байшин худалдаж авсан. Даадаа өөд болсоноор ээж маань жинхэнэ эрх чөлөөтэй болсон доо. Өдөн цагаан малгай тавьчихаад, дугуй унаад л, үйтэн хуарыг өнгө өнгөөр нь сольж өмсдөг ганган авгай үе үе ший янгуунд очно. Тэр үед ээж маань "Хайран сайхан залуу нас минь Даадаатай цуг өнгөрчээ. Би хичнээн ганган дэгжин ч хөгширч яваа болохоор утгагүй санагдаад байх юм. Энэ алтан ээмэг, бөгжнүүд залуу насыг маань орлож чадахгүй юм байна. Залуу сайхан нас маань Даадаагийн халуун ханзан дээр шал дэмий өнгөрчээ" гэж гасалдаг байлаа. "Нүгэл буян" кинон дээр "Энэ хүрээ гэдэг бүсгүй хүний гоо үзэсгэлэнг бүр ч их сордог" гэж Тоохуар авгай хэлдэг шүү дээ. Ээж маань яг л ийм болсон. Хэнээс ч сурсан юм бүү мэд, ээж маань үхэхээсээ өмнө есөн цагаан зоосоор мэргэлдэг болчихсон. Сүүлдээ ший янгуунд ч очихоо болиод халуун ханзан дээрээ хангинатал ёолоод л хэвтдэг болсон. Тэгээд нөгөө есөн цагаан зоосоороо есөн хар нүглээ цайруулна гээд орон дээрээ завилж суучихаад мэргэлдэг байж билээ. Хөөрхий, тэгээд удалгүй савны хорт хавдраар нас барсан даа. Ер нь дээхэн үед хятад хүнтэй суусан монгол хүүхнүүд амьдралынхаа төгсгөл үед зовлон үүрэх нь их байдаг байлаа. Яг л "Нүгэл буян" киноны Тоохуар авгай шиг. Би ч бас ээжийнхээ замаар орсон. Одоо үр хүүхэд ч байхгүй зовж л явна".

ХАЙТАНГИЙН ХАШААНД ХАДАГДСАН ДАЛАЙ ВАНГИЙН МӨНХТӨМӨР

19-р зууны сүүлч, 20-р зууны эхэн үед Да хүрээний зүүн өмнөд хэсгийн "Гоожингийн гудамж"-нд Далай вангийн Мөнхтөмөр хэмээх сайхан хүүхэн амьдарч байсан бөгөөд хожим түүний хашаанд жанжин Д.Сүхбаатарын эцэг "Цагаан дээлт" Дамдингийнх ирж суурьшсан гэдэг. Гэхдээ энэ нь Мөнхтөмөрийн эцэг эхээсээ өвлөсөн хашаа биш, түүний нөхөр Хайтан хэмээх баян хятадын хашаа байж. 19-р зууны сүүл үед "Гоожингийн гудамж"-ийг хувийн худалдаа, үйлдвэрлэл эрхэлдэг Хайтан гэгч анх үүсгэжээ. Энэ тухай манай судлаачдын бичсэн "Хүрээний зүүн өмнөд хороо харчууд" хэмээх өгүүлэлд бас дурдсан байх аж. Жишээ нь "1920-иод оны үед Гоожингийн гудамжны баруун жигүүрт хойноосоо гурав дахь хашаанд Хайтан гэгч хятад, цахарын эрлийз суудаг байв. Энэ хүн Мөнхтөмөр гэгч монгол эхнэртэй, тэр нь Сэцэн хан аймгийн Далай вангийн хошууны харьяат Даваагийн ойрын хамаатан учир түүний бэлбэсэн эхнэр Хишигтийнхийг хашаандаа суулгасан. Бас энэхүү Хишигт нь Сүхбаатарын дүү Долгоржавыг үрчилж авсанаараа урагсаж 1909 онд Сүхбаатарын эцэг "Цагаан дээлт" Дамдингийнх энэ хашаанд суух болжээ" гэж өгүүлсэн байх бөгөөд жирийн нэг худалдаачин Хайтан, түүний эхнэр Мөнхтөмөр нарын нэр ийнхүү түүхэнд бичигдэж үлдсэн нь жанжин Д.Сүхбаатарын нэр сүртэй холбоотой болов уу. Хэрвээ Хайтангийн хашаанд хэн ч биш нэг этгээд сууж байсан бол ингэж нэр нь дурдагдахгүй байх байлаа. Гэхдээ Хайтан гэгч нь тухайн үедээ Да хүрээнд бас л зартай нэгэн байж. Тэрбээр "Гоожингийн гудамж"-нд үүсгэсэн жижиг дэлгүүрээрээ ихэд алдаршсан тул түүний гудамжийг нэг үе "Хайтангийн гудамж" гэж нэрлэдэг байжээ. Харин 1913 оноос эхлээд уг гудамжны урд аманд Сангийн яамны ойн түрээс бичдэг газар буй болж, хүрээнийхэн энэхүү ажлыг Монголд анх сэдсэн орос сургагч А.Козин гэгчийн нэрээр "Козингийн яам" гэх болсон бөгөөд яваандаа энэ нь "Гоожингийн гудамж" болж сунжирсан байна. Энэхүү гудамжны ганц бийлэгжүү эр болох Хайтан гэгч нь царайлаг эхнэр Мөнхтөмөрийгөө хашаа хорооноосоо гарахыг эрс хориглодог байж. "Хай, алтан саатай хоргой дээлтэй, сувдан гуталтай, ганган чамайг хараад монгол эрчүүдийн нүдний хор унана" гээд эхнэрээ гэрийн хорионд байлгадаг байсан гэх бөгөөд царайлаг эхнэрийг нь харахын түүс болсон ойр хавийн нь эрчүүд,
"Хайран сайхан хүүхэн
Хятадын хашаанд өтөллөө
Ханчин сувдан гутал нь
Ханзны ёроолд үгжирлээ
Далай вангийн Мөнхтөмөр
Данжаадын өвөрт хөгширлөө
Даавуун хоргой дээл нь
Дараастай чигээрээ торлогдлоо" гэх мэтээр шоолдог байжээ. Гэхдээ Хайтангийн энэ арга нь тухайн цаг үедээ өөртөө болон эхнэртээ зөвдөж байсан байна. Учир нь Ардын хувьсгал ялан мандсаны дараачаар баян хятадуудтай дэр нэгтгэсэн монгол хүүхнүүд олон түмэнд нүд үзүүрлэгдэх болсоноор хятад эр нь ч тэр, халх хүүхэн нь ч тэр Да хүрээний гудамжаар явахад их л хэцүү болжээ. Сүүлдээ хятадуудтай суусан монгол хүүхнүүд зохиолчдын анхааралд өртөж элдвээр бичигдэх болсон байна. Энэ тухай жүжгийн нэрт найруулагч, зохиолч Д.Намдаг агсан жараад оны үед зохиолч Л.Түдэв гуайд маш нарийн мэдээлэл өгсөн байдаг. Тухайн үед түүний яриаг тэмдэглэлийнхээ дэвтэрт бичиж авсан Л.Түдэв зохиолч 2005 онд хэвлэгдсэн "Үзэг чихаруун, шүд хавируун" хэмээх номондоо тэрхүү тэмдэглэлээ дэлгэн тавьж байлаа. Товчлон сийрүүлбээс: "...Зохиолч Ядамсүрэн хятад хэл сайтай байсан. Тиймээс ч түүнийг Манжуурт авч явсан юмдаг. Тэрний эгч, дүү хүүхнүүд ч хятад хүнтэй суусан байв. Өөрөө ч бас нэг ийм юманд орж билээ. Тэр үед хүрээнд нэг ганган авгай байв. Бээжин аялгуугаар ярина. Бас хятад шийнд хятадаар тоглоно. Ер нь авъяас билэгтэй, зүс царай сайхантай хүүхэн байв. Хүрээний харчуул түүн рүү хошуурна. Гэтэл Ядамсүрэн сургуулиа орхин тэр хүүхэн рүү гүйгээд болж өгдөггүй болж дээ. Багш нь Цэрэндорж гуай байсан юм гэдэг. Тэгээд арга барахдаа Цэрэндорж гуай Эвлэлийн төв хороон дээр ирж "Би нэг шавьтай юмсан. Одоо замаа алдах нь. Та бүгд нэг аргалж өгөөч" гэхэд цаадуул нь "Өө, таньд бид яаж хүрэх вэ. Та л өөрөө аргалж үз" гэжээ. Цэрэндорж гуай Шүүх яаман дээр очиж "Би ч аргалж болох юм, гэхдээ хуулиас л гадуур юм хийчих гэх бий дээ" гэж. Тэгээд нэг өдөр Ядамсүрэнг банздуулж орхисон юм гэдэг шүү. Цэрэндорж гуай сайн болгож тавьсан юм. Банзадсаныхаа дараа нарийн бичгийн даргаараа ажиллуулсан юм даа. Тэр үед хөдөөнөөс хотын сургуульд хүүхнүүд ирээд л удалгүй алга болчихдог байв. Тун удалгүй баян хятад худалдаачны авгай болчихсон ихэмсэгээр явж байдаг буюу замаа алдан завхардаг байв. Иймд бид тэр байдлын эсрэг зохиол бичих болов. Ядамсүрэнгийн "Залуу хос", "Гурван хүүхэн" зэрэг зохиол тэгж гарав. Бас бус зохиолчид ч тийм юм бичив. Тэр үед театрын дарга Гомбожав жаахан задгай амтай. "За энэ хятадтай хүүхнүүд суухыг эсэргүүцсэн юм бичээд л байна. Ядамсүрэн нөгөө эгч дүү нараа яах юм бол. Цөм хятадтай суучихсан" гэж ирээд л шоглон дамшигладагсан..." гэж өгүүлсэн байх бөгөөд энэ нь ёстой л үзэг чихаруун, шүд хавируун мэдээлэл мөн болой.

БОГДЫН НОГООН ОРДНЫ "ЦЭМЦГЭР" ХАНД

1900-гаад оны эхэн үед "Цэмцгэр" Ханд хэмээх бүсгүй Да хүрээнд царай зүс, авхаалж самбаагаараа тэргүүлж байсан байх бөгөөд энэ бүсгүй 8-р Богд Жавзандамбын хатан Дондогдуламын төрсөн эгч Дэндэвдулам, Богд хаантай нэг үе амраглаж байсан ч улсын эх дагина болох хувь дутсан "Ухаа хонгор" Юмнэрэн нартай үеэрхэх далимаараа Богдын ногоон ордоноор хааяа нэг наадам цэнгэл үүсгэдэг байж. Дэндэвдулам нь Хөвчийн жонон ван Цогбадрахын гэргий, Юмнэрэн нь Богдын таалалд нийцэж асан цуутай хүүхэн байсан болохоор Да хүрээний баян чинээлэг эрчүүд энэ хоёроос жийрхэж, харин нөхөр сүүдэргүй "Цэмцгэр" Хандтай суух гэж тэмүүлдэг байжээ. Гэвч хар багасаа сурвалжит хүний гэрт өсч торнин 16 насандаа Бээжин, Манжуур яваад үзчихсэн, бусдыгаа бодвол юм үзэж, нүд тайлсан "Цэмцгэр" Ханд баргийн эрд хариу өгдөггүй байж. Царай ялдам, бие эвлэг, ааш элгэмсэг нэгэн байсан ч өвсний шүүдэр шиг хайлаад өнгөрөх үзэсгэлэн гоогоор хорвоог байлдан дагуулж эс чадна гэдгийг тэрбээр тун сайн ухаарсан болохоор тухайн цаг үеийн зарим нэг хөнгөмсөг хүрээ хүүхний жишгийг дагаж баян луухаануудын өвөр дамжин самуурсангүй. Зүсний сайханд эрдэх аваас бүтэлгүй эрсийн биеийн ивээс, тачаалын шивээс болоод өнгөрнө гэдгийг тэр сайн мэддэг байж. Тиймээс "Цэмцгэр" Ханд Богд хааны өргөж авсан өнчин өрөөсөн хүүхдүүдийг эрдэм номд сургаж асан "Мэргэн бээс" Ишгомбо гэдэг тохитой томоотой хүнтэй амьдралаа холбосон байна. Гэвч тэр тун удалгүй Ишгомбоос салж сарниад сураг алдарсан байх жишээтэй. Ахмад сэтгүүлч Галсангийн Жамъян гуай Монголд анх газрын гүнд орсон, анхны уурхайчин Баянжаргалын Чойном гэдэг хүнийг нэхэн сурвалжлах явцдаа "Цэмцгэр" Хандын тухай бяцхан мэдээлэл олсоноо нэгэн нийтлэлдээ дурдсан байх аж. Жишээ нь "Б.Чойном гуайд нэгэн сонин учрал тохиов. Богд Жавзандамбыг хаан ширээнд заларсаны дараа манай сүсэгтнүүд тогтдоггүй хүүхдээ юмуу, өнчин өрөөсөн хүүхдүүдээ Богдын ивээлд хүртээхээр өгдөг байж. Ингээд 33 эрэгтэй хүүхэд цугларсаныг Богд лүндэн буулгаж торгон цэрэг болгох эрдэмд сургах "цэцэрлэг" байгуулан даамлаар нь Боржигон овгийн эрдэм номтой, харваач Ишгомбо гэдэг хүнийг томилон "Мэргэн бээс" цол хүртээж Ханд гэх залуу сайхан бүсгүйг хатан болгож өгсөн түүхтэй. Ишгомбо тэр хүүхдүүдээс Батсүх, Сандаг гэдэг хоёр хүүхдийг өргөж аван хүүхдээ болгосонд хатан Ханд нь "Надаас хүүхэд гарахгүйг яаж мэдэв" хэмээн дургүйцэн салаад, Ишгомбо ч эх дагина Дондогдуламын аягачин Цэнддулам гэгч царайлаг охиныг авч суусан юм билээ. Ишгомбо Цэнддуламтайгаа сууж, үрчилсэн хоёр хүүхэдтэйгээ хамт амьдарч, улмаар бээс зэрэг хэргэмээ цуцлуулан Ардын засагт хүчин зүтгэж байгаад 1930-аад оны сүүлчээр хөдөө гарч Төв аймгийн Баянзүрх сум, Налайх орчмоор амьдарч байгаад 1946 онд таалал төгсчээ. Хоёр хүү нь өсч том болж Батсүх нь нарийн төмөр замд, Сандаг нь Налайхын уурхайд ажиллах болов. Энэ үед Чойном талийгаач Ишгомбын эхнэр Цэнддуламтай суусан байна" гэж өгүүлжээ.

ЛОСОЛЫН ХАЙРЫГ ТАТАЖ ЯВСАН ЖАМЪЯН ГҮНИЙ ЧИМЭД

1920-иод оны үед Зүүн хүрээний мөргөлийн замын урд талын гудамжинд Ардын засгийн Гэгээрлийн яамны анхны сайд Онхотын Жамъян гүн суудаг байж. Энэхүү гудамж нь бас түүхтэй. 1919 оны 11-р сарын 16-нд Улсын дээд, доод хоёр хурал Сюй Шу Чжаны харгис тулгалтаар Монголын тусгаар байдлыг устгасан бөгөөд энэ өдөр Лосол, Жигмэддорж, Данзан, Догсом нарын хэсэг эх орончид Онхотын Жамъянгийнд цуглан хуралдаад "Шашин үндсээ хамгаалах хэрэгт амь бие, эд хөрөнгөө хайрлахгүйгээр тэмцэнэ" гэдгээ санал болгож, тэр шөнөдөө Богд хаанд бараалхаж байсан түүхтэй. Дээрхи саналыг дэвшүүлж очсон С.Данзан, Д.Догсом нарыг Богд хаан талархан дэмжиж, боов, чихрээр шагнаад гаргаж байсан гэдэг. Учир нь тухайн цагт хаан эзнийхээ гараас чихэр, боов авна гэдэг нь тэнгэрийн хишиг хүртсэнтэй ижил утгатай зүйл байж. Манай хувьсгалчдаас Жамъян гүнтэй хамгийн дотно харилцаатай, багш шавийн барилдлагатай байсан нь Лосол ажээ. Тухайн үед Жамъян гүнгийнх Чимэд хэмээх сайхан охинтой, түүнд нь Лосол ухаан алдталаа дурласнаар төдөлгүй Онхотын Жамъяангийн хүргэн болж хувирсан байна. Гэвч цуутай хүүхэн хуримгүй гэгчээр хүрээний ноёд баяд сайхан хүүхэн Чимэдэд сэтгэл алдарч эхэлжээ. Төдөлгүй Илдэн ван Доржпаламын хүү Пунцагцэрэнжалчуу гэгч Богдын зарлигаар Чимэдийг Лосолын өврөөс булаагаад авчихаж. Үүнээс болж Лосол дээдэст талгүй болж, энэ нь хувьсгалын үйл хэрэгт буруугаар нөлөөлсөн тухай зарим түүхч бичсэн нь бий.

ЦАГИЙН УРТАД МАРТАГДААГҮЙ "ЦАГААН САР"-ЫН ЯНЖИНДУЛАМ

"Цагаан сарын шинийн нэгэн
Болоод ирэвээ дээ хө
Цагаан эсгий гаднаа дэвсээд
Тэнгэр бурхандаа мөргөлөө дөө хө хө
Царайлаг төрсөн Янжиндуламдаа
Санасныгаа хэлэвэл дээ хө хө ай хө
Цагаан гурилын суумайг жигнэсэн чиг
Амт нь үгүй болно доо хө хө хө хө" хэмээх ардын сайхан дууг сонсох бүрийд эрт цагийн хүрээний хөөрхөн хүүхэн нүдэнд тусмой. Энэхүү дуунд дуулагдан буй Янжиндулам нь бодит хүн ажээ. Тэгэхдээ бүр саяхан болтол амьдарч асан, тодруулж хэлбэл 1988 онд 90 настайдаа таалал төгссөн "эрт цагийн" урт настан байлаа. Ардын дуунд мөнхөрсөн Янжиндуламыг алтан үеийн жүжигчид андахгүй мэддэг, зарим нь түүнтэй уулзах гэж зориуд гэрт нь очиж байсан түүх бий. Харамсалтай нь дал, наяад оны үед Янжиндуламын нэр бүхий "Цагаан сар" дууг дуулуулах нь байтугай цагаан сар тэмдэглэхийг хориглож байсан удаатай. Харин өөрчлөн байгуулалт, ил тод байдал сэргэж ирсэн 1980-аад оны сүүл үеэс "Цагаан сар" хэмээх хүрээ дуу дуулагдах болсон билээ. Энэхүү дууг 1988 онд Монгол улсын гавъяат жүжигчин Ш.Даваахүү анх тайзнаа амилуулж байлаа. "Цагаан сар" дууг хятад бийрийн нарийн үзүүрээр зурж байгаа юм шиг цээл сайхан хоолойгоор уянгалуулсан гэх урмыг хүртэж явсан Ш.Даваахүү хүрээний хөөрхөн хүүхэн Янжиндуламын тухай дурсахдаа "Би 1988 онд ардын богино дууны улсын анхдугаар уралдаанд "Цагаан сар" дууг анх дуулж гуравдугаар байр эзэлж байлаа. Анх дууны үгийг хүмүүс огт мэддэггүй байсан. Харин манай хүргэн ах монгол хэл, уран зохиолын багш Гомбожав маань надад зааж өгсөнөөр энэ дууг амьдруулж олны сонорт хүргэсэн. Хүрээний хөөрхөн Янжиндулам гэдэг нь бодит, түүхэн хүн байхгүй юу. Тэр хүний хүүхдүүд 1988 онд намайг "Цагаан сар" дууг дуулж байх үед "Манай ээж 90 гарсан хөгшин амьд сэрүүн байгаа" гээд надад баярласнаа илэрхийлж билээ. Би ер нь хэнэггүй талдаа хүн. Тэр үед хүрээний хөөрхөн Янжиндуламтай уулзъя, хаана байдаг вэ гэж асуугаагүй. Удаа ч үгүй Янжиндулам гуай маань бурхан болсонд их харамссан. Да хүрээний их л сайхан хүүхэн байсан гэдэг. Тэгээд л энэ сайхан хүнд зориулж "Цагаан сар" дуу шинээр дуулагдаж байсан түүхтэй юм" гэж өгүүлсэн байх аж. "Гурван сарын шинийн нэгэн Болоод ирэвээ дээ хө хө Гуу жалгаар ургасан ногоо нь болвол доо Ганхаж найгаад ирэвээ дээ хө Гуниггүй төрсөн Янжиндуламдаа Санасныгаа хэлбэл дээ хө хө ай хө Гоодин фигээ зажлаад өгсөн чиг Амт нь үгүй болно доо хө хө хө хө" хэмээсэн цоглог дуу хүрээ хүүхэн Янжиндуламын хөөрхөн төрх, хөг аясыг эрхгүй санагдуулах буй за.

ЧУУМАНГИЙН ХӨРӨНГИЙГ ӨВЛӨСӨН "ХАЛУУН УС"-НЫ БҮЖИД

Судалгаанаас үзэхэд 1910-аад оны Да хүрээ нь Амбан ханы хороо, Сангийн яамны хороо, Цахарын хороо, Жонон вангийн хороо, Эрдэнэ вангийн хороо, Бишрэлт гүний хороо, Дайчин бэйсийн хороо гэх мэт нэлээд олон хороотой байжээ. Эдгээр хороодын зохион байгуулалт хийгээд хаана нь хэн гээч алдартан амьдарч асан тухай гуч, дөчөөд оны судлаачид тун нарийн тодорхойлжээ. Жишээ нь "Дайчин бэйсийн хороонд Бүжид хүүхэн хэмээх эзэнтэй хувийн халуун усны газар, төрөл бүрийн барааны дэлгүүр, хятад банк, Басовын компанийн төв байр байсан" гэж тэмдэглэсэн байх аж. 1910-аад оны үед Да хүрээнд Тавын халуун ус, Товуугийн халуун ус, Бүжид хүүхний халуун ус гэх мэт хэд хэдэн халуун усны газар байсан болох нь Нийслэл хүрээний түүх бичлэг хийгээд тухайн үеийн хүмүүсийн дурсамж яриагаар нотлогддог. Дээр өгүүлсэн Тавын халуун ус, Товуугийн халуун ус зэрэг нь баян данжаад нарын эзэмшил байсан бөгөөд эдгээр нь сүүлдээ хүрээний гангачуулын биеэ үнэлдэг газар болсон гэдэг. Тухайн үед Монголын ихэнх эрчүүд хүрээ хийдэд шавилан сууж эмс охидыг сонирхохоо байснаар туйлын хүүхэмсэг хятад иргэдэд аятайхан боломж олгосон байдаг. Тавын халуун ус, Товуугийн халуун усаар эргэлдэх хятад эрчүүд монгол бүсгүйчүүдтэй учир ургуулж, тэднийг "Ам торгоны", "Хошуу хоргойны", "Дээлийн өнгөний" гэсэн ангилалд багтааж байсан түүхтэй. "Дээлийн өнгөний" гэсэн ангилалд багтдаг хүүхнүүд нь Нийслэл хүрээний жинхэнэ гангачууд байжээ. Хятадуудын энэхүү бусармаг ажиллагаа сүүлдээ гэмт хэргийн шинжтэй элдэв асуудал дагуулах болсоноор хүрээний гангачууд Бүжид хүүхний халуун ус руу хошуурах болсон гэдэг. Энэ тухай эдүгээ Чингэлтэй дүүргийн 8-р хороонд оршин суух өндөр настан Б.Дамдинжав гуай хуучлахдаа "Халуун усны Бүжид хүүхэн гэдэг чинь миний ээжийн төрсөн дүү нь байсан юм. Тэр халуун усны газар нь өөрийнх нь өмч биш байж. Ер нь хориод оны үед өөрийн гэсэн дэлгүүр хоршоотой, аж ахуйтай монгол хүн ховор байсан гэдэг юм. Харин хятадууд бол дэлгүүр хоршоо, хувийн аж ахуйгаар хахаж байсан цаг. Бүжид эгч маань 1900-гаад оны үед хүрээний гангачуулын нэг явахдаа Чууман гэдэг баян хятадтай дэр нэгтгэж, тэр нь 1910-аад оны үед нас барсанаар халуун усны газар нь түүний мэдлийнх болсон юм гэнэ лээ. Ингэж Да хүрээнд "Бүжид хүүхний халуун ус" гэдэг нэр томъёо үүссэн түүхтэй. Харин Ардын хувьсгал ялан мандсаны дараа хувийн аж ахуйнууд улсын мэдэлд очсоноор "Бүжид хүүхний халуун ус" гээч нь үгүй болсон гэдэг. Энэ халуун усны газар нь одоогийн 23-р сургууль, Барилгачдын талбай хавьцаа байсан тухай ээж минь ярьдаг байлаа" гэж өгүүлсэн юм. Ямартай ч 1910-аад оны үед хүрээний гангачуулын нэг Бүжид хэмээх хүүхэн хувийн халуун усны газар ажиллуулаад тун цоглог явсан бололтой.

НЭРТ ЗОХИОЛЧ БУЯННЭМЭХТЭЙ АМРАГЛАЖ ЯВСАН ХАЛТАРХҮҮ

Эртний Монголын уран зохиолд халх бүсгүйн үзэсгэлэн гоог ханамжтай сайхнаар дүрсэлсэн байдаг. Эртний гэлтгүй хорь, гучаад оны зохиолч нар ч өнөөгийн биднээс их өвөрмөцөөр дүрсэлсэн байх ажээ. Жишээ нь зохиолч С.Буяннэмэх 1925 онд "Дотоод Монголын ардын сэтгүүл"-д "Уран гоо" хэмээх бэсрэг өгүүлэл нийтлүүлсэн байх бөгөөд үүгээр хорь гучаад оны хүмүүсийн гоо зүй, ертөнцийг үзэх үзэл, халх бүсгүйн эрхэмсэг чанарыг тодорхойлж бас болох юм. "Уран гоо" өгүүллээс товчлон сийрүүлвээс: "...Уран гоо охины төрсөн байдлыг өгүүлбээс үнэхээр энэхүү дорнод тивийн үзэсгэлэнт охидын манлай ажгуу. Энэ жил сая арван найман настай. Түүнийг нэгэнт инээмсэглэхүйд түмэн хүний зүрх чичирмүй. Түүний царайг нэгэнт үзвээс тэнгэрийн дагинас хэмээгчид учирсан мэт бие сэтгэл амгалан болж, зовлон жаргал цөм умартагдмуй. Царай нь хас мэт цагаан бөгөөд тунгалаг нь ус мэт ариухан. Уруул хацрын улаан нь энгэсэг түрхсэнээс илүүхэн, хондон тоорын адил ариухан бөгөөд зөөлхөн байдалтай. Хоёр нүдний хэлбэр нь хар алтан болор эрдэнийн гэрэл мэт бөгөөд нааш цааш инээмсэглэн хөдлөх нь есөн тэнгэрийн хувилгаан охин ертөнцөд илэрсэн адил. Хоёр зурвас, эелдэг байдалтай хөмсгийн зохилдоон нь цавчсан хадны ирмэг мэт тэгшхэн бөгөөд цорхируу шувууны өд адил үзэсгэлэнтэй. Аялгуу дууны нарийхан нь зургаан хөгжмийн аялгуу мэт бөгөөд үг хэлний зөөлөн нь хүний дурыг булаамаар. Улаан уруулын завсраар цагаахан шүдний гялалзах нь уриа дунгийн яс мэт цагаан. Хөдлөх алхах байдал нь хөнгөхөн үүл нүүх мэт бөгөөд хоёр тийш ганхалзан танхилзах нь хулс бургасны найгалзан хийсэх лугаа адил. Тийнхүү энэ охин бээр энэ мэт төрсөн нь бас ч охидын дотор манлай хэмээвээс болох бөгөөд нэн ялангуяа ухаан саналын сэцэн сэргэлэн нь энгийн бүсгүйчүүд тэнцэхүйеэ бэрх болой..." хэмээжээ. С.Буяннэмэх 1937 онд улс төрийн хилс хэргээр баривчлагдаж 35-хан насандаа таалал төгссөн билээ. Тэрбээр ногоон малгайтнуудад баригдаж яваад эсгийн дотор бүтэж үхсэн гэдэг. Нэрт зохиолч маань Нийслэл хүрээний гангачуулын нэг болох Халтархүү хэмээх дэгжин хүүхэнтэй дэр нэгтгэж явсан байдаг. Мэдээж тухайн үедээ алдаршиж явсан том зохиолч Нийслэл хүрээний сайхан хүүхнийг авч суух нь тодорхой. "Буяннэмэх судлаач" Дожоогийн Цэдэв гуай түүний эхнэр хүүхдийн тухай өгүүлэхдээ "Хэдэн жилийн өмнө Буяннэмэхийн нэг зургийг олоход ард нь дөрвөн мөр шүлэг бичээд "Эхнэр Халтархүү, дүү Цэвээнжав нарын хамт" гээд монгол бичгээр бичсэн байсан. Халтархүүгийнх нь талаар судалж үзэхэд Намын шинэ хүчний дээд сургуулийг төгссөн, Сэлэнгэ аймгийн хүн юм билээ" гэж дурссан байх аж. Хүрээний сайхан хүүхэн Халтархүү гангалах их дуртай, бас жаахан хөнгөмсөг нэгэн байсан гэх бөгөөд зохиолч Буяннэмэх бараг л Халтархүүгээс болж хэлмэгдсэн тухай гуч, дөчөөд оны зохиолч нар хүүрнэсэн байдаг. Үүнийг нотолж байна уу гэлтэй маршал Х.Чойбалсангийн туслах явсан хуучин цагийн дипломатч Шагдарсүрэн гуай нэгэн содон дурсамж хүүрнэсэн байх ажээ. Жишээ нь "Маршал Чойбалсан царайлаг хүүхнийг зүгээр орхидоггүй байв. Наад зах нь монголчуудын сайн таньж мэдэх их зохиолч Буяннэмэхийн ханилж байсан Халтархүүг эргүүлээд амраадаггүй байв. Тэр бүсгүй зохих ёсны боловсролтой, царай зүсээрээ Нийслэл хүрээнд гялалзсан хүүхэн байлаа. Халтархүү байсхийгээд л алтан бөлзөг, сувдан ээмэг даруулгатай болчихсон үеийхэндээ "Чойбалсан бэлэглэсэн юм" гэж ярьж явах. Угийн ном бичгийн, чадал тэнхээ муутай ч гэсэн эр хүн гэсэндээ Буяннэмэх тэсч чадалгүй Чойбалсантай нэг удаа маргалдаж зодолдсон юм. Муу эр ч гэсэн муурын дайтай маажилгүй яахав. Тиймээс Буяннэмэх "За би ч энэ барзгар хард толгойгоо авахуулах нь тодорхой боллоо. Халтархүүгээс л боллоо. Ямар ч эр авгайг нь улайм цайм эргүүлээд байхад тийм болно биз дээ" гэж их л гашуудалтайгаар дүү Ёндонжамцдаа хэлсэн байдаг. Үнэхээр ч удалгүй Буяннэмэх баригдаж билээ" гэж өгүүлж байсан удаатай.

ХАЙДАВ ГАВЪЯАТЫН ХАЙРЛАЖ ЯВСАН БҮСГҮЙ

Ардын жүжигчин Г.Хайдав гуай бид хоёр 2015 оны зун түүний эцэг шилийн сайн эр Гонгор гэдэг хүний тухай хүүрнэлдсэн бөгөөд тэр дашрамд нэгэн цагт Хүрээний сайхан хүүхэн явсан гэргийнх нь тухай асуусан юм. Ардын жүжигчин маань өгүүлэхдээ "Эхлээд би Цооцоогоо нэг дурсчихъя. Цооцоо бид хоёр жар гаруй жил үерхэж байна. Энэ хугацаанд би тэр хүнээс нэг ч сүүдэртэй тал хараагүй. Монгол эмэгтэйн сонгодог жишээ бол Цогзолмаа юм. Түүнийгээ би Цооцоо хатагтай гэнэ. Заримдаа шоглоод миний найз охин гэж дууддаг юм. Би түүнд сэтгэл алдарч яваагүй. Хэн хэн маань сайхан хань ижилтэй улс болохоор сэтгэлд илүү орон зай байгаагүй. Заримдаа Цооцоо маань манай хүнээс илүү шүү дээ. Яаж байна, ийж байна гэж санаа тавина. Халхын сайхан хүүхнүүдийг хайрлаж, хайрлуулж явах хувьтай хүн шиг билээ би. Миний анхны эхнэр хачин гоё эмэгтэй байсан юм. Түүнээс минь надад нэг л зураг үлдсэн дээ. Би тэр зургийг хааяа нэг харж суухад сайхан байдаг байлаа. Одоо даанч тэр зургаа олохоо байсан. Уг нь байдагсан бол чамд өгмөөр л байна. Миний тэр хүрээ хүүхэн театрын Дашдулам нартай их найзалдаг байлаа. Яах аргагүй л тэр үеийн хүрээ хүүхнүүдийн нэг байсан юм даа. Даанч төрөхийн хүндрэлээр нас барсан. Амьдралд би сагаж яваагүй, аргадаж амьдарсан. Хань ижлээ алдчихаад гуньж гутарч явсан надад бурхан анхны минь хайртай усны дусал шиг ижилхэн бүсгүйг дахин бэлэглэсэн нь миний хоёр дахь хань байлаа. Тэр үед монгол хүн орос хүнтэй гэр бүл болох хориотой байсан үе.Тэрхэн цаг үе бас нэг ёс журманд баригдсан байсан болохоор бид хоёр ч түүнийг нь дагасан. Удалгүй би сургуулиа төгсөөд нутаг буцах болдог юм. Тэр үед эхнэр маань жирэмсэн болчихсон байсан. Нэгэнт бид хоёр хамт амьдрах нь ёс журмаар хориглогдсон байсан болохоор хоёулаа ярьж байгаад уйлж унжиж байж хүүхдээ авахуулсан юм. Намайг нутаг буцахаас хэдхэн хоногийн өмнө орос хүн монгол хүнтэй гэрлэхийг хориглосон журам цуцлагдаж хоёр биенээсээ салж ядаж байсан бид хоёрт амьдрал бэлэглэсэн. Тэгээд л хонгор шаргал үстэй цэнхэр нүдтэй орос бүсгүйгээ дагуулаад нутагтаа ирж байлаа. Тахимаа шүргэсэн алтан шаргал үстэй орос бүсгүйг харсан ижий минь "Өө миний хүү алтан амьтан дагуулаад ирж. Энэ сайхан амьтан яаж тоосон юм болдоо, миний хүүг" гэж баярлаж байлаа. Миний тэр хүүхэн ч харсан хүн болгоны харцыг булаасан сайхан бүсгүй байсан болохоор тэр үеийн дарга сайд нар ч эхнэрт минь нүд унагаж надад элдэв үг хэлдэг л байсан. Харамсалтай нь бид хоёрын аз жаргалтай амьдрал 19-хэн жилийн настай гэдгийг бид хоёрын хэн хэн нь мэдээгүй юм. Тэр сайхан амьтанаа би мөн л төрөхийн хүндрэлээр алдсан. Би азтай хэрнээ азгүй хүн. Сайхан ханиудаа зуурдаар алдаж сэтгэлээрээ хоёр удаа үхсэн. Амьдралдаа би гурав гэрлэсэн. Бурхан намайг дахиад л сайхан ханьтай учруулсан даа" гэж билээ.

"ШӨНИЙН БОРОО" ДУУНЫ ЭЗЭН ЛХАМ

1921 онд засаг төрөө шинээр төвхнүүлсэн монголчууд Барон Унгернийг устгасныхаа дараа Монголын баруун хязгаарыг түйвээж байсан Жа лам Дамбийжааг устгахаар 1923 онд Ардын хувьсгалын анхны партизан, домогт баатар Дашийн Балдандоржоор удирдуулсан морин цэргийн суманг илгээсэн түүхтэй. Партизан Балдандорж Жа ламтай халз тулж, цус урсгахаас болгоомжлон заль хэрэглэхээр шийдсэн байна. Үүний тулд цэргүүдээ нууц газар байрлуулаад, өөрөө нэг нөхрөө дагуулан мөргөлчин болж Дамбийжаагийн бэхлэлтэнд хүрч очоод "Жа ламд хадаг барьж адис хүртэх гэсэн юм" гэж гуйхад хаалгач нар ёсыг бодож хэрэм дотор майхан бариад холоос ирсэн гэх хоёр мөргөлчныг түр байрлуулжээ. Төдөлгүй Жа ламд бараалхаж, хадаг барих цаг болоход Балдандорж гар буугаа хадган дор нуугаад хадгаа өргөх үедээ ламыг дор нь нам бууджээ. Эцэст нь Дамбийжаагийн бүх эд бараа, буу зэвсэгийн хурааж аваад, 2000 гаруй хонь малыг тэнд боолчлогдож байсан хүмүүс болон нутгийн ядууст тарааж өгчээ. Монголын баруун хязгаарт хэмжээгүй эрхт ноёрхол тогтоогоод байсан Дамбийжаагийн бяцхан вант улсыг үгүй хийх тагнуулын үйл хэрэгт хамгийн гол үүрэг гүйцэтгэсэн Дашийн Балдандорж гэж ийм хүн байлаа. Харамсалтай нь 1937 онд ногоон малгайтнууд түүнийг баривчлан хэлмэгдүүлжээ. Дашийн Балдандоржийн төрсөн охин Лхам хэмээх сайхан бүсгүй нэрт зохиолч Д.Намдаг агсаны анхны хайр нь байжээ. Д.Балдандорж баригдах үедээ гэртээ эхнэр С.Цэрэн, охин Март нарынхаа хамт амьдарч байсан байна. Харин түүний том охин Лхам үүнээс хамаагүй эрт буюу 1932 онд нас баржээ. Тэр үед Лхамын анхны хайр, зохиолч Д.Намдаг хилс хэргээр шоронд сууж байсан гэдэг. Дөч, тавиад оны зарим зохиолчийн бичиж тэмдэглэснээр бол Лхам нь шоронд орсон нөхрийнхөө хойноос шаналан бэтгэрч байгаад нас барсан гэх. 1932 оны хавар 21 настай ид шижигнэж явсан Д.Намдаг До яамныханд баригдаж, их зохиолч Д.Нацагдорж, С.Буяннэмэх нарын хамт улс төрийн хилс хэрэгт гүтгэгджээ. Нийт 12 хүн "Тайж Д.Нацагдорийн банкет" хэмээх зохиомол хэргээр баригдсан бөгөөд төдөлгүй "Шинэ эргэлтийн бодлого" гэгчийн үрээр нугалаатны бодлого нуран унаж 1933 онд дээрхи нөхдийн зарим нь шоронгоос суллагдсан түүхтэй. Д.Намдагийг шоронгоос гарч ирэхэд анхны дурлалт бүсгүй нь нас барчихсан, ажил амьдрал нь нурж унасан, их л хүнд хэцүү орчин угтжээ. Чухам энэ үед зохиолч маань "Тэмцэл" жүжгээ бичсэн гэдэг. "Намдаг багшид бүсгүй хүний жаргалыг анх эдлүүлсэн гоо бүсгүй Лхам цэл залуугаараа насан эцэслэсэн юм" гэж урлагийнхан ярьдаг. Мөн энэ бүсгүйд зориулж Д.Намдаг агсан мөнөөх алдарт "Шөнийн бороо" дууныхаа шүлгийг гүнзгий ярууслаар бичсэн гэдэг. Эр эмийн ажлыг монголчууд "Үүл борооны явдлаар" зүйрлэн хэлдэг уламжлал дээр тулгуурлан бичсэн уг дууны "Шөнийн орсон бороо" нь "өөр бороо", цомирлогоо дэлгэж баяссан нь өөр дусаалыг шимсэн "өөр цэцэг" юмсанж. Энэ тухай яруу найрагч Ш.Сүрэнжав гуай өгүүлэхдээ "Өнөөдөр эротик, порно мэтийг их ярих болж. Үүнийг чинь аль эрт Хайнрих Хайне, манайд Д.Намдаг гуйгаас эхлээд биччихсэн юм шүү дээ. Хайнрих Хайне бичихдээ, "Бүү ай Анжелика Бүүр аюулгүй шүү надтай хамт байхад Хуучин байшинг шуурга Хуулж хаячих хүчгүй шүү Галаас болгоомжилж дэнгий чинь Гайгүй сайн унтраасан шүү Хаалгаар чинь хулгайч оромгүй Хангинатал сайн түгжсэн шүү Хөнжилд оролгүй удвал л харин Хөлдөж мэдмээр байна шүү" гэж шүлэглэсэн. Энэ чинь эротик. Гэхдээ яруу сайхантайгаар гаргасан бус уу? Д.Намдаг гуайн "Шөнийн бороо" дуунд, "Сэрүүн тунгалаг дусаалыг шимсэн Цэцгүүд баясан цоморлигоо дэлгэнэ" гээд байгаа чинь өөр дусал, өөр цэцгийг хэлж л дээ. Монголчууд үүл борооны явдал гэж цээрлэн хэлдэгийг Намдаг зохиолч "Шөнийн бороо"-гоор илэрхийлсэн юм даа" гэж билээ.

МАЙМАА ХОТЫН ШҮТЭЭН "ЦАГААН" ДУЛАМ

Соц нийгмийн үеийн зохиол бүтээлд хүрээ хүүхэн "Цагаан" Дулам гэсэн нэр олонтаа дурдагддаг. Энэхүү нэрийг мөнөөх л нийтийн жишиг болсон "Цагаан" Долгор гэдэгтэй адилтгаж уран зохиолын баатар мэтээр төсөөлдөг байлаа. Гэтэл хүрээ хүүхэн "Цагаан" Дулам гэдэг нь бодит хүн байсан бөгөөд тэгэхдээ бүр Маймаа хотын цууд гарсан сайхан хүүхэн байжээ. Ардын хувьсгалын партизан, алмас судлаач Ж.Дамдин агсан дурсамжийнхаа номонд "Цагаан" Дуламын тухай тов тодорхой хүүрнэсэн байх аж. Зохиолч Ж.Дамдин гуай бол хориод оны Богдын хүрээний амьд архив байлаа. Энэ ч үүднээсээ Ардын хувьсгалын эхэн үеийн үйл явдлыг тусгасан олон арван зохиол туурвисан байдаг. Тэрбээр хүрээ хүүхэн "Цагаан" Дуламын тухай ийм нэгэн дурсамж бичиж үлдээжээ. "...Тэр үеийн Богдын хүрээнд нэр цуу нь Монгол даяар түгсэн нэгэн хүрэл суварга (Одоогийн Улаанбаатар хотын Пионерийн ордоны хашааны зүүн урд өнцөгт) байлаа.Богдын хүрээнд эргэл, мөргөл үйлдэх газар гэвэл маш олон байв. Гэвч тэр бүхний дотор хар цагаан хэл ам, архаг өвчин, ямар нэгэн ужиг удаанаар тохиолдсон гай зовлонгоо арилгахаар газрын холоос зорин ирж мөргөл үйлддэг нэгэн чухаг шүтээн бол Хүрээний тэрхүү хүрэл суварга байв. Хүрээний овоо хүүхнүүд ч бас энэхүү суварган дээр ирж эр нөхрөө цог золбоотой болгож өгөхийг гуйн мөргөх удаа бий. Мөн баян айлын уналагын морьдыг манадаг буюу мах үүрч зөөдөг хүдэр сайхан эрчүүл Хүрээ даяар нэр цууд гарсан Маймаа хотын шүтээн "Цагаан" Дулам мэтийн сайхан хүүхэнтэй учруулан танилцуулж өгөөч гэж Хүрэл суварган дээр ирж мөргөх явдал ч байв. Чив чимээгүй өмөлзөн залбирч, элэгдсэн модон бандан дээр бие, хувцас хайргүй сунан мөргөж байгаа тэр олон хүний хэн нь юу хүсч мөргөж байгааг мэдэх аргагүй..." гэж өгүүлжээ. Хүрээний хүдэр сайхан эрчүүл ийнхүү Маймаа хотын "Цагаан" Дуламтай учруулан танилцуулж өгөөч хэмээн мөрөөдөж байсныг бодоход энэ хүүхэн нөхөр сүүдэргүй байсан юм болов уу. Ерээд оны үед хэвлэгдсэн "Амгаланбаатарын гангачуул" хэмээх зохиолд "Цагаан" Дулам хэмээх хүрээ хүүхэн нэлээд нас ахисан хойноо Гоминданы нэг офицертой дэр нэгтгэж байгаа тухай гардаг. Энэ хүүхэн аягүй бол Маймаа хотын "Цагаан" Дулам байж мэдэх юм. Мөн "Цагаан Дуламаас гадна хүрээ дуучин "Хөөрхөн" Дулмаа гэж байжээ. "Дурдан ногоон бүсээ байдгаар нь бариувчилж зүүсэн, тахимаа хүрсэн урт үсээ сувдан даруулгаар жимбийтэл хавчсан, цагаан малгай духдуулсан хүрээ хүүхэн улаан лууны дүрстэй урт гаансаа эрхий, чигчийнхээ завсарт ямбатай гэгч барин Зүүн хүрээ орчим явна. Хажуу хударгаар нь зөрөх ардууд жир бусаар харж жив жув хийлцэх авч хүүхэнд ерөөс хамаагүй мэт гунхалзан алхана..." Энэ бол хорь, гучаад оны хүрээ хүүхнүүдийн нийтлэг дүр төрх. Түмний найр цэнгэл дээр хүрээ дуу уянгалуулдаг дуучин хүүхнүүд бол үүнээс илүү эрх ямбатай, илүү нэр хүндтэй байжээ. Тэдний нэг бол хүрээ дуучин "Хөөрхөн" Дулмаа юм. Сэтгүүлч Ц.Навгачамба агсан энэхүү "Хөөрхөн" Дулмаатай 1970-аад оны үед нүүр тулан уулзаж явсан байдаг. Тэрбээр ийм нэгэн дурсамж үлдээжээ. "Аль ч улсын нийслэл тухайн улсынхаа сүлд хийморь, урлаг соёл, сэхээтэний төвлөрөл байдаг жамтай. Нүүдэлчин монголчуудын нийслэл Да хүрээ ч гэсэн олон хөлийн амьтан цугларсан цагтаа бас л цуутай газар байж. Энд феодалын Монголын голлох сэхээтэнүүд, язгууртан, дээд лам нар, хүрээний гангачууд голлон суудаг байсан нь маргаангүй. Цагаан сар дөхөөд ирэхэд "Цагаан сар", "Хүрээ дуу" гэсэн үг их дотно санагддаг байлаа гэж хүрээ дуучин гэж алдаршсан дуучин Дулмаа гуай хуучилдагсан. Дулмаа гуай Зүүн хүрээний дуучин байжээ. Тэр үед баруун, зүүн хүрээ гэж ялгарч, Зүүн хүрээнийхэн хувцас хунар, эд хэрэглэл, өмссөн зүүснээрээ төдийгүй алхаа гишгээ, соёл боловсрол, дуу хуураараа ялгагдахуйц байсан аж. Хэзээнээс зүүн хүрээнийхэн ганган дэгжин, чамин гоё, соёлтой хүмүүс байсан хийгээд дуу хуур нь хүртэл өвөрмөц ондоо. Хүүхнүүд нь мөртэй дээл, сувдан даруулга, угалзтай наамал гутал, алтан шүд, цагаан өдөн малгай, гаатай янжуураар гангарч байсан гэхэд дэгжин төрх нь аяндаа тодорхойлогдоно" гэж өгүүлсэн байх аж.

ЗОВЛОНТ АМЬДРАЛЫГ ТУУЛЖ ГАРСАН ХҮРЭЭ ХҮҮХЭН ЛХАМСҮРЭН

Монгол улсын түүхэнд "Жонон ван" гэж алдаршсан хуучин цаг төрийн том зүтгэлтэн Эрдэнэ жонон ван Цэрэндоржийн Ширнэндамдин гучаад оны их хэлмэгдүүлэлтэд өртсөн халуун эх орончдын нэг хэдий ч 1931 онд хилс хэргээр цаазлуулжээ. Энэ явдлаас хойш нэг жилийн дараа түүний хүү Содномвандадыг хилсээр баривчлан Шар хадны энгэрт буудан хороожээ. "Жонон ван" Ширнэндамдингийн хатан Сандуй нь тухайн цаг үедээ гоо үзэсгэлэнгээрээ шагшигдаж явсан аргагүй сайхан хүүхэн байж. Улс төрийн товчооны гишүүн Сономын Лувсан гуайн гэргий Байманханд Эрдэнэ жонон ван Ширнэндамдингийн ач охин юмсанж. Байманханд гуайн ээж нь Хүрээний сайхан хүүхэн Лхамсүрэн. Эднийхэн ер нь удам дамжсан сайхан хүүхнүүд бөгөөд Байманханд гуай тавь, жараад оны сайхан хүүхэн гэдгээрээ алдартай. Түүний охин "Талын цуурай" киноны эрэлхэг Борын дүрийг бүтээсэн жүжигчин Л.Тунгалаг билээ. Би бээр 2011 оны хавар жүжигчин Л.Тунгалагтай уулзаж Сандуй хатан болон Хүрээний сайхан хүүхэн Лхамсүрэн нарын талаар ярилцсан юм. Тэр өгүүлэхдээ "...Бидний элэнц эмэг, Сандуй хатныг 1876 онд төрсөн гэцгээдэг юм билээ. Тэрбээр бүсгүй хүний заяа увидас, гоёмсог, чамин шинж төрхийг гүйцэд илтгэсэн эмэгтэй байлаа. Сандуй хатан тормойсон хорголжин хар, давхараатай нүдтэй, урт сайхан гэзэгтэй, хамрынхаа ойролцоо ялимгүй сэвхтэй, нам зөөлөн дуутай, хянуур нямбай, намбалаг төрх араншинтай, ухаалаг эмэгтэй байсан гэлцдэг. 18 настайдаа "Жонон ван" Ширнэндамдингийн хатан болж, энгэсэг тавьжээ. Сандуй хатан үйлэнд их уран хүн байж. Дээл хувцасаа зонхилж өөрөө исгэж оёно. Юманд хээ угалз гарган шаглаж урлахдаа нэн чадмаг, өнгөний хослолыг сайн тааруулж олдог байж. Түүний урласан хөөрөгний сав, хантааз, дээлийг хүн бүр шохоорхон харж, нүдээ хужирладаг, бас магтдаг байсан гэдэг. Олондоо Сандуй хатан нэртэй, орсон гарсан гийчинд ундтай, устай олны дунд баяртай хөөртэй хатагтай явжээ. Гэтэл 1931 оны 10-р сарын 31-ний өдөр эр нөхрийг нь баривчилсанаар сэтгэлээрээ түүнтэй хамт шоронд орж, биеэрээ тамд унасан байна. Нөхрийг нь цаазалж, хашаа байшин, мал хөрөнгийг нь бүрэн хураасны дараа түүний хүү Содномвандад, бидний эмэг эх Лхамсүрэн нар Сандуй хатанд дөрвөн ханатай гэр барьж өгчээ. Энэ гэрт, энэ хатны гар дээр би таван нас хүртлээ бойжиж өссөн юм. Дээр тэнгэр хол, доор газар хатуу болсон тэр үед дэргэд нь нялх ч гэсэн амьд амьтан бөртийж байх нь түүний сэтгэлийн уй гашууг хөнгөлж, саатуулах боломж гарчээ. Чухамдаа бол хайраа шингээж, бусдаас харамлах нэгэн амьд бурхантай буюу нөхрийнхөө сүнстэй учирлаа гэж ярьдаг байсан гэж миний эх надад хуучилдагсан. Намайг юм юмнаас жигтэйхэн хармалдаг байж л дээ. Миний эхийг үг хэлэхээр "Энэ чинь та нарт огт хамаагүй, танай тойрогт төрөөгүй хүн, манайхны, миний нөхрийн сүнс" гээд хавьтуулдаггүй байсан гэдэг. Намайг багад "Яасан хөөрхөн охин бэ" гэж олон хүн шохоорхдог байж л дээ. Тиймээс эмээ маань арц умалгаж цагаан хэл амыг нь зайлуулдаг байж. Намайг бүүвэйлдэг ор гэж бас тусдаа. Гэртээ жижиг ширмэн зуухтай, хаалгандаа жижиг шилэн цонхтой. Хоёр тийшээ харсан хос цорготой данх байсныг би санадаг юм. Нэг цоргоноос нь сүүтэй цай, нөгөө цоргоноос нь буцалсан ус гоождог байж билээ. Энэ данх Жонон вангийн эдэлж хэрэглэж байсан зүйл гэж эмээ надад хожим хэлсэн юм. Хайрт нөхрөө алдчихаад үсээ үтрээн газар самардан үлдэж ертөнц тэр чигээрээ харанхуйлах шиг болсон ч эмээ маань амьдралд сөхөрсөнгүй. Охин Байманханд, хүү Цэвээнноров хоёр нь элгийг нь дэвтээж төдий зэрэгт хүргэсэн байдаг. Эмээ маань хэзээний үйлэнд уран, ажилсаг гавшгай, сэтгэлийн хаттай байсан учраас өглөөнөөс үдэш орой хүртэл борви бохисхийлгүй хөдөлмөрлөж, хувцас хунар, малгай бээлий зэргийг хийж олсон мөнгөөрөө гэр бараатай, идэх хоол, өмсөх хувцастай болжээ. Эмээ маань "Цогт тайж" киноны Дулмаагийн малгайг оёж бүтээсэн гэдэг. Тэгээд жанжин Сүхбаатарын хүү Галсантай гэр бүл болж, есөн жил ханилжээ. Лхамсүрэн эмээ маань энэ мэт амьдралыг туулахдаа хэдэн судар номын дайтай түүх, элдэв зүйлийг мэдэх жинхэнэ "амьд түүхч, аман түүхч" байсан ч хэн ч энэ талаар нь асууж шалгаалгүй, судлалгүй өнгөрсөн нь харамсалтай. Эмээ маань тэгш гоолиг нуруутай, чийрэг бие бялдартай, давхараагүй боловч цоглог нүдтэй, шулуун, үзүүр нь дээшээ өргөгдсөн сэртэн хамартай, өргөвтөр духтай, нуман хэлбэрийн хөмсөгтэй, нимгэвтэр уруултай, том тэгшхэн цагаан шүдтэй, цайвар шаргал царайтай, богино эрүүтэй, өтгөн хонгордуу үстэй, зууван тэнэгэр нүдтэй, тэгшхэн мөртэй цомцон хумстай, тэгшхэн гоё хуруутай, бэлхүүс нарийн, сөөнгөдүү нам хоолойтой, талибуун харцтай эмэгтэй байв. Намбалаг төрх араншин нь энэ хүний гол шинж мөн. Гаслант амьдралын зовлон дундуур аянга шиг зүсэж гарсан баатарлаг эмэгтэй. Эхлээд хадам аавыг нь, дараа нь ханилсан ханийг нь, бас төрсөн эцгийг нь хууль бусаар, гагцхүү ангич үзлээр хувьсгалын дайсанд тооцож амийг нь хороосон тэр их түгшүүрт амьдралд норж, дэвтэж ядарч зүдэрч явахдаа миний эмээ амьдралд итгэх итгэлээ гээгээгүй үлдэж чадсан хүн. Чухамдаа нуруу бөгтийдөг бол бөгтийхөөр зовлон үүрч, нулимс дуусдаг бол дуусахаар хагацал амсаж, ухаан муутай, тэвчээргүй хүн солиорч болох тийм амьдралыг туулсан хүн" гэж өгүүлж билээ.

ТЭМДЭГЛЭСЭН Б.ОЙДОВ