Азийн хөгжлийн банкны ерөнхийлөгч Такэхико Накао манай улсад айлчилж байгаатай холбогдуулан Эрүүл Мэндийн дэд сайд Ж.Амарсанаа тэргүүтэй төлөөлөгчид уулзалт хийж өнгөрсөн хугацаанд Азийн хөгжлийн банкнаас манай улсын эрүүл мэндийн салбарт хийгдсэн хөрөнгө оруулалтын үр дүнгийн талаар танилцуулж, төслүүд хэрхэн хэргэжиж байгаа талаар мэдээлэл өглөө.

Мөн ирэх жилүүдэд эрүүл мэндийн салбарт хийгдэх шинэчлэл, бүтээн байгуулалтын тухай хэлэлцсэн юм.

Эрүүл Мэндийн дэд сайд Ж.Амарсанаа Монгол улсын засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан Эрүүл мэндийн салбарын хөгжлийн 4, 5 дахь хөтөлбөр хэрэгжиж эхлэх гэж байгаатай холбогдуулан хөтөлбөрийн хүрээнд цусны аюулгүй байдлыг хангах, Нийслэлийн эмнэлгүүдийн хог хаягдлын төвлөрсөн барилга байгууламжийг барих, СХД-т шинэ эмнэлэг байгуулах зэрэг олон ажлууд багтаж байгааг онцлож танилцууллаа.

Уулзалтын үеэр Азийн хөгжлийн банкны ерөнхийлөгч Такэхико Накао Монгол Улсын эрүүл мэндийн салбарын үйл ажиллагаатай биечлэн танилцаж, хурдацтай хөгжиж байгаад баяр хүргээд, энэ эрчээ алдалгүй ажиллахыг ерөөлөө.