Өнгөрөгч амралтын өдрүүдээр гэртээ амарсан шиг амарчихъя хэмээн зориг шулуудсан ч хэдэн ТВ-ээр нь үзээд байхаар ч юм гарсангүй. Нэг нөхрийн сонгууль угтаж оролцсон “Захиалгат” гэсэн тодотголтой нэвтрүүлэг бараг л бүх сувгаар явж харагдав.

За мань эрд мэдэхгүй ч сэдэв гэж алга. Бурж л байх юм. Хайрлахгүй ч юм алга. Бүгдийг нь л хайрлаж байх юм. “Бүлт” үсэрсэн нөхдийн үгийг сонсохоор гээд суваг сольтол “Харцага” баг “Хасын хүлэгүүд”-ийг 121:114-өөр хожиж сагсан бөмбөгийн супер лигийн аваргын цомоо хамгаалж байхыг үзэж сэтгэл баясан суулаа. “Харцага” баг зургаа дахь удаагаа лигийн аварга болсон бол багийн лидер Б.Одбаяр нь гурван удаа аваргын цомыг нь хамт өргөлцөж, хоёр удаа улирлын MVP, нэг удаа Финалын MVP болж байна.

Гэсэн ч олон хүний хүндэтгэлийг хүлээдэг “Харцага” болон Үндэсний шигшээ багийн төвийн тоглогч Б.Одбаяр зодог тайлж буйгаа албан ёсоор зарлав. Жаахан гунигтай юм. Гэхдээ зүгээр ээ. Нэгэнт тоглолт өндөрлөсөн тул дахин суваг солив. Арай хэтэрхий байна аа. Өнөө нөхөр чинь дахиад өөр нэвтрүүлэгт орчихсон ярьж л суух юм.

Үүнийг үзэж суусан найз маань өөрийн цахим хуудаснаа “Зарим хүнийг "Танил хүн"-ээр нэг харлаа, "Танайд хоноё"-гоор хоёр дахиа харлаа. "Амжилт" гэдэг нэвтрүүлгээр гурав дахиа харлаа. Харин одоо сонгох байтугай дахин харах ч хүсэл алга” хэмээн бичсэн байв.

Ингэж хүний дотор муухай оргитол ТВ-ийн нүүр дүүргэх хэрэг байдаг ч юм уу. Сонгууль нь хурдан болоод дуусаасай. Үзэх ч нэвтрүүлэг алга. Ядаж байхад супер лиг өндөрлөчихлөө.