“Чингис” бондын хүү нэхэгдээд эхэлсэн энэ цаг үед Монгол улсын Засгийн газар Японы зах зээлээс иенээр хөрөнгө босгох “Самурай” бондыг гаргуулахаар  боллоо.  Өөрөөр хэлбэл Ерөнхий сайдын Япон улсад хийсэн айлчлалын үеэр Монгол Улсын Хөгжлийн банк, Японы олон улсын хамтын ажиллагааны банктай  харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурснаар Монголын хөрөнгийн зах зээл дээр Японы талаас 600 сая ам доллартай тэнцэхүйц иенийн хөрөнгө оруулалт буюу Самурай бондыг 12-р сараас гаргахаар болж байгаа юм.  Үүнийг эрх баригчид хүч мөхөсдөж байгаа Монголын эдийн засгийг аврахын төлөө хэмээн тайлбарлаж байна.  Тодруулбал Монгол улсын гадаад хөрөнгө оруулалт энэ жил 45 хүртэл хувиар буурсан нь манай улсын эдийн засаг хүндхэн байдалд  орсны баталгаа. Мөн олон улсад Монголын нэр хүнд буурч байгаагийн илэрхийлэл.   Харин үүнтэй Япон улс санал нийлээгүй бололтой юм.  Бонд гаргаж үүнийгээ хоёр улсын төрийн мэдлийн банкууд хамтран ажилласнаар хамтын төслүүдийг хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгийн асуудал шийдэгдэнэ гэж хоёр  тал үзэж байгаа юм.

 Энэхүү “Самурай” бондын хүү бага байх юм байх.  Энэ талаар Сангийн яамны Санхүү, эдийн засгийн бодлогын газрын дарга Б.Батбаяр “Ерөнхийдөө цөөн орон “Самурай бонд” гаргасан. Хамгийн дээд тал нь жилд дөрвөн удаа гаргасан тохиолдол байдаг. 2000 оноос хойшхи 12 жилийн хугацаанд нийт 14 удаа гадны орон “Самурай бонд” гаргасан юм. Гурав, дөрвөн хувийн хүүтэй бонд гаргаж байсан ч улс бий. Манай улс 2-3 хувийн хүүтэй гаргах болов уу” гэж мэдээлсэн.  

Самурай бондыг манайхаас гадна Азийн улсуудад гаргаж байжээ.  Түүхийг сөхвөл Филиппин улс Японы зах зээл дээр 2010 онд  105.4 тэрбум иенийн жилийн 2.32 хувийн хvvтэй бонд гаргасан. Мексик, Индонези зэрэг улс 2009 онд 100 гаруй тэрбум иенийн бонд гаргаж санхvvжилт босгожээ.  

Тэгвэл энэхүү бондын сайн болоод муу талыг сонирхцгоое.

Самурай бондын давуу тал:

  1. Хүү харьцангуй бага
  2. Бонд гаргах зардал хямд
  3. Эрэлтийн хүчин зүйл сайтай

Самурай бондын сул тал:

  1. Иений ханш хүчтэй чангарах төлөвтэй
  2. Бонд гаргах процедур хүндрэлтэй
  3. Япон улсын ЗГ хүчтэй хяналт тавьдаг

 Харин албан бус эх сурвалжуудын хэлж байгаагаар  олон улсад Монгол улсын нэр хүнд уначихаад байхад Япончууд манай улсад бонд гаргахад тусалж байгаа нь уул уурхай руу чиглэсэн үйлдэл гэдгийг хэлж байна. Өөрөөр хэлбэл бонд нэрийн цаана Монгол улсын Засгийн газар уул уурхайн салбарт хамтран ажиллаж байгаа “багийн” тоглогчоо солихоор төлөвлөөд байгаа гэх.  Энэ бүхэн үнэн, худал эсэх нь бонд гарсны дараанаас мэдэгдэнэ.

Тэрнээс наана Японоос орж ирэх хөрөнгө оруулалтын  “замыг” нь Засгийн газар нь “Хөрөнгө оруулалтын тухай” хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар УИХ-ын даргад өргөн засаад өгчихөж байгаа юм.  Үүнийг нь өнөөдрөөс эхэлж байгаа УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцээд батлах нь тодорхой болно.

Тэгэхээр Япончуудын мөнгөөр Монголчууд алдагдлаа нөхөх нь тодорхой болжээ. Чухам үнэндээ бол энэ  оны төсвийн орлого 1.5 их наяд төгрөгөөр дутахаар дүр зураг ажиглагдаж байгаа.  Тиймээс 950 орчим тэрбум төгрөгөөр төсвийн зарлагыг танах, тодруулбал хөрөнгө оруулалтын төслийг 500, гадаадын зээл ашиглалтын түвшин буурч байгаатай холбогдуулан төлөвлөсөн зардлыг 170, урсгал зарлыг 300 тэрбум төгрөгөөр танах шаардлагатай байгааг Сангийн сайд Ч.Улаан онцлон дурьдаж байлаа. Тэгэхээр цаана нь манай улсын төсвийн оролого 550 тэрбум төгрөгөөр дутаж байна. Тэгвэл энэ зардлыг  Чингис бонд болон Самурай бондоос гаргах нь тодорхой. Үүнээс өөр орлого байхгүй болохоор.

А.Баярмаа