Шүүхийн ерөнхий зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан Ардчилсан намын гишүүн бөгөөд Увсын фракцад байдаг аж. Монгол улсын Шүүхийн Ерөнхий зөвлөлд удирдах алба хашиж буй хүн төрийн эрх барьж буй Ардчилсан намын гишүүн байгаа нь Шүүхийн ерөнхий зөвлөл АН-ын хараат болох вий гэмээр хардлага төрүүлэх үйлдэл удаа дараа гаргасан байна.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн чиг үүргийг Шүүхийн захиргааны тухай хуульд Шүүхийн ерөнхий зөвлөл, түүний ажлын алба нь шүүгч, шүүх бүрэлдэхүүнээс хэрэг, маргааныг шийдвэрлэхэд арга зүй, мэдээлэл, судалгаа, санхүү, аж ахуй, техник, зохион байгуулалтын туслалцаа үзүүлэн, ажиллах нөхцөлөөр хангах үндсэн чиг үүрэгтэй байна гэсэн байдаг. Энэ чиг үүргийн дагуу Шүүхийн ерөнхий зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан нь Сэлэнгэ аймгийн шүүхийн тамгын газрын үйл ажиллагаатай танилцан гэж албаны томилолт Шүүхийн ерөнхий зөвлөлөөс авсан байна. Харин хувьсгалын ажлаа нам, засгийн ажилтай хослуулан Сэлэнгэ аймгийн Алтанбулаг чөлөөт бүсийн нээлтийн үйл ажиллагаанд хөтлөгчөөр оролцжээ.

Энэхүү үйл ажиллагааг Аж үйлдвэрийн яамнаас зохион байгуулсан бөгөөд Засгийн газрын зарим гишүүд оролцсон байна. Т.Мэндсайхан нь Аж үйлдвэрийн яамны төрийн нарийн бичгийн дарга Д.Нямхүүтэй үй зайгүй найзууд болохоор уг арга хэмжээнд оролцсон гэж учир мэдэх нэгэн нь хэлдэг.

Уг нь Т.Мэндсайханий оролцсон энэ арга хэмжээ нь түүний эрхлэх асуудлаас хамааралгүй гүйцэтгэх засаглалын ажил юм. Тэр тусмаа Шүүхийн захиргааны байгууллага нь аливаа улс төрийн үйл ажиллагаанаас ангид байх ёстой.

Гэтэл Шүүхийн ерөнхий зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга өөрт хамааралгүй асуудлаар улс төрийн албан тушаалтнуудтай зэрэгцэн алхаж байгаагаас Шүүхэд итгэх олон нийтийн итгэлийг бууруулахад чиглэгдсэн байна. Шүүх засаглал улс төрөөс ангид байж хуулийн хүрээнд шударга шийдвэр гаргах ёстой. Т.Мэндсайханы энэхүү үйлдлийг харахад итгэл төрх битгий хэл улам хардлага төрүүлэхээр байна. Өөрөөр хэлбэл Монгол улсын хэмжээнд 103 шүүхийн тамгын газрын дарга нар Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайханы шууд удирдлага дор байгаа. Т.Мэндсайхан АН-ын байгууллагыг удирдаж байгаа нь ШЕЗ-д итгэх итгэлийг бууруулаад зогсохгүй, намдаа үйлчлэх вий гэсэн хардлага төрүүлж байна. Цаашлаад Шүүхийн Ерөнхий зөвлөл АН-аас хараат бус байж чадах уу гэхэд хүртэл эргэлзэж болохоор байна.

Т.Мэндсайхан өмнө нь АН-аас зохион байгуулсан ажиллагаанд оролцож байсан.

АН-ын үйл ажиллагаанд оролцсон энэ байдал нь Төрийн албаны тухай хуулийн 15.1.1-д заасан "албан үүрэгтэйгээ холбогдолгүй асуудлаар нам, төрийн бус болон шашны байгууллагын үйл ажиллагаанд төрийн албан хаагчийн хувьд оролцохыг хориглоно" гэснийг зөрчиж байгаа юм.

Удаа дараа ингэж шүүхийн нэр төрийг “гутааж” байгаа хүндээ хариуцлага тооцдоггүй юм бэ?