02

Японд айлчилж байгаа УИХ-ын дарга З.Энхболд “Түүхий нүүрсээ түүхийгээр нь гаргаад сайхан амьдарна гэдэг мөрөөдөлдөө цэг тавья” гэж хэлжээ. Үнэхээр ч тэгж чадвал сайн хэрэг. Гэхдээ хэлэх нэг хэрэг, хийх тусдаа нэг өөр том хэрэг билээ. Үнэхээр л төрийн бодлогыг тулхтай хэрэгжүүлье гэж зорьдог байсан бол эрх баригчид Тавантолгой ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах асуудлыг улстөржүүлэлгүйгээр эдийн засгийн утгаар харж, хэрэгжүүлэх ёстой байсан болов уу. Гэвч тэгээд ярихдаа сайн улстөрчид маань сайхан ярьсан хэвээрээ л байна.

За ямартай З.Энхболд юу хэлж ярьж байгааг хүргэе. Эрхэм уншигчид маань өөрсдийнхөөрөө дүгнэлтээ хийнэ биз ээ. Тэрээр айлчлалын хүрээнд төлөөлөгчид гурван компанийн үйл ажиллагаатай танилцсан, үүнд шинэ технологи нэвтрүүлэн ажиллаж буй дулааны цахилгаан станц багтсан болохыг Улсын Их Хурлын дарга мэдээллээ. Нүүрсийг шууд шатаахгүйгээр хамгийн өндөр үр ашигтайгаар, өндөр хүчин чадалтай 3-4 жил тасралтгүй ажиллаж байгаа энэ төрлийн станц зөвхөн Япон Улсад байгаа юм байна. Энэхүү шинэ технологийн судалгаа, туршилтыг үргэлжлүүлэх зорилгоор Монголд судалгааны баг байгуулагдаад байгаа юм байна.

Түүнчлэн Монгол Улсад үйлдвэрлэсэн нарны зайгаар Япон Улсад нарны эрчим хүчний станц байгуулан ажиллуулж байгаа компанид Баянхонгор аймгийн залуу мэргэжилтнээр ажиллаж байгаатай уулзсан болохоо Улсын Их Хурлын дарга мэдээллийн үеэр онцолсон юм. Тэрээр “Монгол залуусыг Япон Улс руу дадлагажигчаар явуулах нь шинээр эхэлж байгаа ажил биш, хэрэгжээд 10-аад жил явж байна. Тэр хүмүүс анх Японд очиж ажил сураад, эргэж эх орондоо ирж нарны зай үйлдвэрлээд, тэр нь Япон руу экспортлогдож байна. Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулагдахаас өмнө хийгдсэн, зайлшгүй дэмжих ёстой ажлууд байгаа. Дээд сургууль биш гэхдээ дунд шатны мэргэжилтнүүд хэдэн зуун мянгаараа л хэрэгтэй байна шүү дээ. Бид одоо тоёототой өрсөлдөөд автомашин хийгээд дэлхийн зах зээл дээр гаргахад биднийг хэн ч хүлээхгүй байгаа. Гэтэл “Шибасаки” гээд өчигдөр очсон үйлдвэр машины эд ангийг үйлдвэрлэдэг. Хичнээн машин зарагдана, тэднийх баталгаатай ажлын байртай. Тэнд монгол залуучууд ажиллаад чанар шалгаад байж байна. Мөн салбар нь Монголд байна. Одоо энэ эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн дагуу иймэрхүү компаниудын ажиллах нөхцөл улам сайжирна. Тэгэхээр нэг жилийн хугацаанд компаниуд ямар бэлтгэл хангасныг удахгүй та бүхэн харах байх. Өнөөдөр онгоцонд суудал олдохгүй байна шүү дээ. Бизнесменүүд ирж байна. 06 дугаар сарын 07-ны өдрөөс хэрэгжиж эхлэх хэлэлцээр бодитой болж байгаагийн жишээ онгоцонд суудал олдохгүй байгаагаас харагдаж байгаа байх. Бизнесийнхэн энэ талаар хамгийн сайн мэдээлэлтэй байгаа. Манай ноолуурын компаниуд 06 дугаар сарын 07-ны өдрийг хүлээгээд экспортыг зогсоосон байна. Өнөөдөр гаргавал 15 хувийн татвартай, 06 дугаар сарын 07-ны өдрөөс хойш гаргавал 0 хувийн татвартай болж байгаа учраас тэр. Үүнээс хойш бизнесийн харилцаа улам сайжирна. Үүний зэрэгцээ бид мэргэжилтний солилцоог хоёр тийш нь чөлөөтэй хөрвүүлэх талаар ярьж байна. Энд ч байсан, тэнд ч ажилласан ялгаагүй нийгмийн даатгал, тэтгэвэрийн шимтгэл нь төлөгдөж байхаар ажиллаж байна гэх мэтээр хийх ажил маш их байгаа.

Одоогийн байдлаар Япон улсад 1500 гаруй дадлагажигч мэргэжлийн ур чадвараа дээшлүүлж, ажиллаж байна. Нүүрсээ нүүрс чигээр нь зарах боломжгүй болсон. Үнэ 300 хувиар унасан. Ажиллах хүч экспортлох ямар ч яриа байхгүй. Монгол залуучуудыг ажилд сургах, МСҮТ-д сураад, үргэлжлүүлэн 3 жил Япон Улсад дадлагжаад ирэх ийм л зорилгоор явуулж байгаа. Мэдээж ажил хийж байгаа хүн цалин авна. Тэр авдаг цалин нь манай энд авдагаас, Солонгост авдагаас өндөр. Тэгэхээр бид 3 жилийн хугацаанд цэргийн албанд явуулдаг бол 3 жилийн хугацаатай мэргэжилтэй, ажилтан болгох сургалтад явуулж байгаа юм.

Нүүрсээ нүүрс чигээр нь зарах боломжгүй болсон учраас нүүрсээ өөр хэлбэрт оруулна. Нэг тонн нүүрс өнөөдөр 30-хан ам.доллар байна. Нэг тонн нүүрснээс гаргаж авдаг бодисууд 1000-1500 ам.доллар байгаа. 30 ам.долларын түүхий эдийг далайн эрэг рүү төмөр замаар зөөх үү, 1000-1500 ам.долларын тонн жинтэй барааг далайн эрэг рүү зөөх үү гэдэг сонголт л бидний өмнө байна. Тийм учраас цэвэр нүүрсний технологийн төв байгуулж нүүрсээ хувиргана. Хувиргасны үр дүнд өртөг Монгол Улсад үлдэнэ. Тэр хэмжээгээр ажлын байр бий болно. Тэрийг эхлэхэд бидэнд энэ ажлыг хийж чаддаг, олон мянган Монгол залуусыг Косен гэдэг сургуулиар нь нь дамжуулан сургана. Цэвэр нүүрсэн дээр ажилладаг. Ийм маягаар ажил урагшаа явна уу гэхээс хэдхэн жилийн өмнө байсан 100 гаруй долларын нүүрсний өндөр үнийг санагалзаад байх юм бол энэ улсын хөгжил явахгүй. Тийм учраас эдгээр ажлуудыг Япон улстай өндөр хэмжээнд ярьсан. Япон Улсын Парламентын дээд, доод танхимууд энэ гэрээг маш богино хугацаанд соёрхон баталсанд талархал илэрхийлсэн. Өөр ямар ч улсын яриа, хэлэлцээр парламентаар богино хугацаанд, ийм хурдан хэлэлцэгдэн батлагдсан түүх байхгүй юм билээ. Тиймээс бид Япон Улсын эдийн засагт тодорхой орон зай эзэлж, суралцаад, бидний хийсэн бараа бүтээгдэхүүн дэлхийн түвшинд зарагддаг болох нь манай гол зорилго. Түүхий нүүрсээ түүхийгээр нь гаргаад сайхан амьдарна гэдэг мөрөөдөлдөө одоо бүгдээрээ цэг тавья. Тэр цаг дууссан.

Ерөнхий сайд Ш.Абэтэй ярьсан гол зүйл бүх төслүүдээ цогцоор нь авч үзье. Төмөр зам гэдэг бол энэ том төслийн нэг жижиг хэсэг юм байна. Цэвэр нүүрсний технологиор Япон Улс дэлхийд тэргүүлж байгаа учраас түүнийгээ манайд нэвтрүүлнэ. Тэр технологиор нь бид нүүрсээ өндөр үнэтэй түүхий эд болгон боловсруулаад, экспортлох боломжтой болно.

Цаашид манай улсад байгуулагдах нүүрс-химийн цогцолбор, туршилтын үйлдвэрүүдэд ажиллах ажилчдыг Япон Улсад бэлтгэх юм. Энэ хамтын ажиллагаа Японд ямар хэрэгтэй гэхээр Монгол Улсад цэвэр нүүрсний судалгааг дэлхийн номер нэг судалгаа болгож өргөжүүлээд тэндээс өөрсдийн экспортлох IGCC технологио, утаа гаргадаггүй цахилгаан станц, нүүрс хийжүүлдэг, шингэрүүлдэг төслүүдээ бусад улс оронд экспортлох юм. Япон Улсад нүүрс байхгүй, манайд байна. Хоёулаа хамтраад дэлхийн зах зээл дээр амжилт олох боломж бүрэн байна. Тиймээс энэ төсөл цогц болж дунд хугацааны зорилт болох юм, эхний зорилт биелэсэн. Дараагийн зорилтоо тодорхойлсон гэж хэлж болно хэмээн спикер хэлсэн байна.

shuurhai.mn