“Охин чамтай”, “Дурлал хаа ч” зэрэг дуугаараа танил болж, хамтдаа уран бүтээлийн гараагаа эхэлж байсан “Boomtown” хамтлагт УДЭТ-ийн жүжигчин Б.Тамир, “Хэцүү анги” киногоор олонд танигдсан жүжигчин М.Баярбат, “Маск” продакшны жүжигчин Э.Алдар, “Эмоци” продакшны жүжигчин С.Тэмүүжин, “Шилдэг өнгө” хамтлагийн жүжигчин Г.Ган-Очир нар багтдаг.

Дуулах, бүжиглэх, жүжиглэх авьяастай нэгэн үеийн эдгээр залуус уран бүтээлийн гараагаа хамтдаа эхлүүлж байсан түүхтэй. Тэгвэл оюутан ахуй цагаасаа есөн жил найзалсан жүжигчин М.Баярбат буюу Баяраа, Б.Тамираа нар хамтдаа кино хийхээр болжээ. Тодруулбал, залуу хосуудын хайр сэтгэлийг харуулсан инээдмийн киног тун удахгүй үзэгчдийн хүртээл болгох гэж буй аж. Тайз, дэлгэцийн уран бүтээлүүдэд жүжиглэдэг байсан тэд энэ удаа өөрсдөө киногоо найруулан, тоглож байгаагаараа онцлог болжээ. “Fantastic” продакшн, “F” студийн хамтын бүтээл болсон уг киноны ерөнхий найруулагчаар Б.Тамир, гол дүрд М.Баярбат, УДЭТ-ийн жүжигчин Одончимэг, дүрүүдэд Навчаа, УДЭТ-ийн жүжигчин Отгонбат, “Fantastic” продакшны жүжигчин Батсайхан, “Маск”-ын жүжигчин Алдар, Жавхлан, мисс Бадамцэцэг, Наранмөнх нар тогложээ.

Өдгөө тайз, дэлгэцийн уран бүтээлийн багагүй туршлага хуримтлуулсан, өөрсдийн гэсэн үзэгчидтэй болсон залуу жүжигчдийн тоглосон инээдмийн киног тэсэн ядан хүлээх л үлдлээ.