Өнгөрсөн сард Монголын Засгийн газрын Сэлэнгэ мөрөн дээр барьж буй Шүрэнгийн усан цахилгаан станцын төслийг Дэлхийн банкны оролцоотойгоор зогсоож байгаа талаар хойд хөршийн хэвлэл мэдээллийн олон эх сурвалжийн дамжуулсан юм.

Үүний дараа Эгийн голын УЦС-ын төслийн удирдагч Д.Одхүү яаран сандран Эгийн голын УЦС-ын талаар ярилцлага өгч “Манай улсад мега буюу томд тооцогдох хэд хэдэн төсөл хэрэгжих санхүүжилтээ хүлээж байгаагийн нэг нь Эгийн голын УЦС. Мега төсөл нь улс орны томоохон эдийн засгийн эргэлтийн хүч болж байдаг. Зарчмын том шийдлүүдийг гаргадгаараа онцлог бөгөөд энэ нь улс орныг чирж авч явдаг. Энэ станц бол одоо биш 10, 20 жилийн өмнө Монголд баригдах ёстой байсан. Үүнийг жил хагасын өмнө өмнөх Засгийн газар хийгээд эхэлсэн.
Усан цахилгаан станц ашиглалтанд орсноор 315 мегаватт буюу 600 сая киловатт эрчим хүч үйлдвэрлэнэ гэсэн үг. Энэ нь бид 709 мянган тонн нүүрсхүчлийн хийн исэлийг агаарт цацахаа больж байгаа юм. Энэ бол асар том тус нэмэр” хэмээн мэдэгдсэн юм. Үйл явдлаас хойш цөөн хоногийн дараа буюу тавдугаар сарын 23, 24-нд Монгол, Оросын талууд Улаанбаатар хотноо Эгийн голын УЦС-ын төслийн асуудлаар уулзалдсан юм. Энэхүү уулзалтын талаар “Эгийн голын усан цахилгаан станц” төслийн нэгжийн захирал Д.Одхүү твиттер хуудастаа “Дөнгөж сая протоколд гарын үсэг зурлаа. Бид оросуудтай ойлголцож чадлаа” хэмээн жиргэсэн байлаа.
Дээрх хэрэг явдлын өмнө манай сонин “…Үнэн хэрэгтээ 2012 оны УИХ-ын сонгуулийн дараа байгуулагдсан Шинэчлэлийн Засгийн газар зөвхөн олон нийтэд таалагдахын тулд хоосон хийж байх магадлалтай, хэрэгжих найдвар муутай нэг төслүүдийг хэрэгжүүлэх болсон нь УЦС. Яг үнэндээ Д.Одхүү төслийг удирдаад 3.6 жил болсон ч өнөөдөр тэнд банз, хадаасны чимээ гараагүй л байна. Шулуухан хэлэхэд Эгийн голын УЦС-ын төсөл олныг алмайруулж байгаа Сайншанд аж үйлдвэрийн паркын асар үнэтэй макет төдийхөн, тэнд бүтээн байгуулалт хийгдэх биш ажил зөвхөн амаар яригдаж байгаа. хэмээн бичиж байв.
Саяхан Монгол Улсад суугаа ОХУ-ын Элчин сайдын яам байр сууриа илэрхийлжээ. Товчхон хэлэхэд тэд “Эгийн голын усан цахилгаан станц” төслийн нэгжийн захирал Д.Одхүүгийн болчимгүй үйлдэлд өгсөн хариу өгсөн байх юм. Одоо ОХУ-ын Элчин сайдын яамны байр суурийн анхаарал татсан хэсгийг түүвэрлэн хүргэе.

2016 оны 5-р сарын 23-24-ний өдрүүдэд Байгалийн нөөц ашиглалтын хяналтын албаны орлогч дарга А.М.Амирханов тэргүүтэй ОХУ-ын төлөөлөгчид Улаанбаатар хотноо ирж Байгаль нуурын сав газрын Монголын талын голууд дээр барих усан цахилгаан станцуудын төслийн хэлэлцүүлэгт оролцлоо.
Уг арга хэмжээний мөрөөр хоёр тал «Эгийн гол УЦС» барихаар тохиролцсон тухай ташаа мэдээллийг ОХУ-ын болон Монгол Улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд тарааж эхэлсэн. Уг ташаа мэдээллийг Монголын талын төлөөлөгчдийн тэргүүн, «Эгийн голын УЦС» төслийн нэгжийн захирал Д.Одхүүгийн олон нийтийн сүлжээн дэх хувийн хуудаснаас авсан байна.
Энэхүү дүгнэлтийг хоёр талын гарын үсэг зурсан протоколыг буруу тайлбарласны үндсэн дээр хийсэн тул олон нийтийн хэрэгслээр тарааж байгаа нийтлэлүүд дэх уг мэдээлэл нь үнэнд нийцэхгүй болохыг Монгол Улс дахь ОХУ-ын ЭСЯ-наас мэдэгдэж байна. Тиймээс болоод өнгөрсөн арга хэмжээ болон түүний үр дүнгийн талаар илүү бодитой төсөөлөл өгнө хэмээн найдаж хэд хэдэн тодруулга хийхийг хүслээ. Манай талын хийсэн дүгнэлтүүд нь бодитой болохыг уг танилцуулгад оролцсон гадаадын болон олон улсын байгууллагын төлөөлөгчид, ажиглагчид батлаж буйг анхааралдаа авна уу.
Өөрсдийн талаасаа, ноён Д.Одхүүгийн Эгийн гол нь Хөвсгөл нуурын сав газарт хамрагдах тухай хийсэн «газарзүйн нээлт» нь алдаатай буйгаа онцлон тэмдэглэе. Эгийн гол нь Хөвсгөл нуураас эхээ авдаг учир уг нуурын сав газарт багтах ямар ч боломжгүй гэдэг нь хэний ч хувьд нууц биш юм. Хөвсгөл нуураас урсан гарч буй Эгийн гол нь Сэлэнгэ мөрөнд цутгаж, цаашлаад манай дэлхийн хамгийн том цэнгэг усан сан болох Байгаль нуурт хүрч, уг нуурын сав газарт хамрагддаг гэдгийг хүн бүр мэддэг билээ. Ноён Д.Одхүүгийн онолоор бол Эгийн гол нь Хөвсгөл нуураас эхээ авч, эргээд Хөвсгөл нуурлуу цутган ордог болж байна.
Эгийн гол нь Байгаль нуурын сав газарт хамрагдах учир ОХУ, Монгол Улсын Засгийн газрын хооронд 1995 онд байгуулсан хил орчмын усыг ашиглах, хамгаалах тухай хэлэлцээр (уг хэлэлцээрийн дагуу талууд нь хил дамнасан гол мөрөн, усан сан ашиглах болон хамгаалах талаар нэгдсэн үзэл баримтлалтай байж, усны нөөцийг байгальд халгүйгээр ашиглах, усны бохирдол болон усны нөөц хомсдохоос урьдчилан сэргийлэх талаар арга хэмжээ авах ёстой) болон Дэлхийн соёлын болон байгалийн өв, эмзэг орчинг хадгалан хамгаалах тухай олон улсын конвенциудад хамрагдах нь гарцаагүй юм.
Ноён Д.Одхүүгийн саналаар уулзалтын протоколд «өөрийн нутаг дэвсгэр дээрх усны нөөцийг зөв зохистой ашиглах болон хамгаалах асуудлыг бие даан шийдэх Монголын талын эрхийг Оросын тал хүндэтгэх» тухай заалт орсон билээ. Уг заалтыг уулзалтын протоколд оруулахдаа Оросын тал нь дээр дурьдсан хоёр талын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн 6-р зүйлийг үндэс болгосон бөгөөд уг зүйлд тус хэлэлцээрийн гол зарчмуудыг дагаж мөрдөх зайлшгүй шаардлагатай гэж заасан байдаг. Эдгээрийн дунд олон улсын эрх зүйн зарчмууд, хил дамнасан гол мөрөнгүүдийн усны нөөцийг харилцан ашигтай болон эрх тэгш удирдах зарчмууд, манай хоёр орны хоорондын 1993 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай гэрээний заалтууд орж байгаа.
Оросын тал нь Монголын талын мэдэгдлийг «анхааралд авлаа» гэсэн заалтыг зөвшилцөөд, уулзалтын протоколд оруулсан юм. Үүний хажуугаар ОХУ-ын эрдэмтэн судлаачдын оролцоогүйгээр байгаль орчны цогц үнэлгээг урьдчилан хийлгүйгээр УСЦ барих төлөвлөгөөнүүдтэй яагаад ч санал нийлэхгүй гэдгийг эрс илэрхийлсэн. Уг судалгааны ажлыг эхлүүлэхийн тулд түншийн захиалгаар Францын «Трактебель инжиниринг» зөвлөгөө өгөх компанийн боловсруулсан төслийн техникийн болон байгаль орчны үндэслэл бүхий материалуудыг бидэнд шилжүүлэн өгөхийг хүссэн билээ. Уг материалуудыг хүлээн авсны дараа Оросын талын эрдэмтэн судлаачид цогц судалгаа шинжилгээ хийнэ.
Үүний үндсэн дээр «Эгийн гол УЦС» төслийг хэрэгжүүлэхийг Оросын тал уг протоколоор хүлээн зөвшөөрсөн гэж хэлэх ямар ч үндэслэлгүй болно. Ноён Д.Одхүүгийн санал болгосноор тус уулзалт нь албан бусаар зохион байгуулав. Тиймээс зарчмын асуудлаар зөвшилцөх бүрэн эрх Оросын талд байх боломжгүй байсан. Энэ тохиолдолд баримт гуйвуулах, мэдээллийг хэтрүүлж ойлгуулах явдал гарсанд харамсч байна… гэжээ.

Үүнийх нь хариуд мөнөөх Д.Одхүү гандан буурахгүй ахиад л чулуу шидчихэж. Тэрбээр “ОХУ-ын ЭСЯ-ны нэг мэдээлэл гарсан байна. Хэрэв мэдэгдэл байсан бол албан ёсоор Монголын талд гардуулан өгөх ёстой, гэтэл тэгээгүй. Учир нь ойлгогдохгүй нэгэн мэдээллийг цахим хуудастаа байршуулсан байсан. Тэр мэдээллийн ихэнхид Д.Одхүү гэх хувь хүний талаар, байр суурийн тухай бичсэн байх нь бүхэл бүтэн улсыг төлөөлж байгаа ЭСЯ-ны хувьд их гайхмаар үйлдэл болж байна л даа.
Маш энгийн нэг зүйлийг ойлгох ёстой. Энэ уулзалтад Д.Одхүү гэдэг хүний байр суурь огт байхгүй, Монгол Улсын байр суурь гэж л бий. Би Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж, энэ төслийг удирдаж явуулах үүрэг хүлээсэн хүний хувьд сая болж өнгөрсөн уулзалтад Монголын талын ажлын хэсгийг ахалж оролцсон.
Гэтэл гурван хуудас мэдэгдлийнх нь талаас илүү хувь нь Д.Одхүү гэдэг хувь хүн рүү чиглэсэн байгаад би та бүхний адил гайхаж байна” гэсэн байх юм. Үйл явдал цаашид хэрхэн өрнөхийг олон хүн анхааралтай ажиглаж байна.