Үндэсний бөхөө шимтэн үздэг, дээдэлж биширч, хайрладаг ард түмнийхээ нүдэн дээр бөхчүүд хэрхэн найраа хийж байгаагийн тод илрэл болсон барилдаан өнгөрсөн амралтын өдрүүдэд болж өнгөрлөө. Энэ жилийн цол олгох барилдаан бүх цэргийн наадмаар эхэлсэн юм.

“Бүх цэргийн наадам 2016” үндэсний бөхийн барилдаанд 256 бөх барилдав. Аймгийн арслангуудын ихэнх нь барилдаж байна лээ. Энэ жилийн наадмаар улсын цол хүртэх уран барилдаант арслангууд ирцгээжээ. Бүгдээрээ л бүртгүүлчихсэн барилдах гээд зогсож байх юм. Хэдэн өдрийн өмнө бүртгэл нь дууссан байна. Сумын заан цолтой олон бөх цэргийн наадамд барилдах сонирхолтой байсан гэнэ. Гэтэл аймгийн арслангууд бүгд бүртгүүлчихсэн болохоор заал танхимын барилдаанд амжилт гаргаж, сумын зааны эрэмбээр дээгүүрт бичигдсэн хэдхэн бөх л багтжээ. Уг нь бүх цэргийн наадам хэзээнээсээ улсын баяр наадмаас дутахааргүй өргөн дэлгэр болдог байв. Ар араасаа цуварсан гал гарсан барилдаан гарна. Үзэгчид суудлаасаа өндөлзөөд л, бөхчүүд уран мэх угсруулан хийнэ. Улсын цолтой бөхчүүдтэй харьцуулах юм биш. Хурдан шуурхай, даацтай, угсраа мэх хийгээд л шимтэйхэн барилдаан болдог. Ийм л барилдааныг үзэгчид хүсч, үзэх гэж Бөхийн өргөөг дүүртэл ирцгээжээ.

Ингээд бөхийн барилдаан эхэллээ. Нэгийн даваанд аймгийн арслангууд учраа бөхчүүдээ төвөггүйхэн даваад туг тойрон гүйх ажээ. Гэтэл хоёрын даваанаас эхлээд л байдал бишдээд явчих нь тэр. Сумын заан, аймаг, цэргийн заан цолтой бөхчүүд аймгийн арслангуудтай очиж уулзаад зогсоод байх юм. Ямар нэгэн зүйл гуйгаад байгаа нь мэдрэгдээд байх. Иймэрхүү байдалтайгаар дөрвийн давааны барилдаан эхэлсэн юм.

Баянхонгор аймгийн Баян булаг сумын харьяат, аймгийн арслан Д.Болдын хүү, аймгийн хурц арслан Б.Эрдэнэхүү нутгийн бөх Баянхонгор аймгийн Заг сумын харьяат, “Их Богд” бөхийн дэвжээ, “Хүч” СХ-ны бөх цэргийн начин Дашдоржийн Цэрэнтогтохтой барилдахаар өрөв. Зодогны ар хормой дээрээс дээжилж барьж аваад давуулах гээд л үзээд байлаа. Тэгж байтал цэргийн начин Д.Цэрэнтогтох гэнэтхэн зүүн хөлөөрөө халз хутгаад өрсөлдөгч бөхөө давлаа. Б.Эрдэнэхүү арслан мэхэнд ямар ч мэдрэмжгүй ороод халз хутгуулж байна. Өмнө нь ингэж өөрөө мэхэнд нь ороод огт эсэргүүцэлгүй унаж байсан тохиолдол байхгүй мэт санагдана. Өрсөлдөгч бөхтэйгөө ач тач барилдаж унаж явахдаа хүртэл мэх хийдэг тийм л элдэвтэй аймгийн хурц арслан. Хонгор нутгийнхны улсын цолонд хүрэх байх гэж олон жил итгэж найдаж байгаа бөхчүүдийн нэг юм. Сумын заан Зоригтбаатар гэх жин багатай хурдан хөдөлгөөнтэй бөх Өвөрхангай аймгийн Хужирт сумын харьяат аймгийн арслан Д.Цэвэлсодномтой таарчээ. Аймгийн арслан Б.Серик аймгийн заан Ч.Эрдэнэсайхантай таарсан байв. Учраа бөхчүүдийнхээ шийдсэн болзолтой мэхэнд унаад өгөв.

Ингээд цолны босго барилдаан болов. Сумын заан Зоригтбаатар, аймгийн заан Ч.Эрдэнэсайхан, цэргийн начин Д.Цэрэнтогтох гэх гурван бөх аймгийн арслангуудтай үлдлээ. Бүх цэргийн наадмын зүүний магнай Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын харьяат, аймгийн хурц арслан Б.Ганхуяг цэргийн начин Д.Цэрэнтогтохыг амлав. Аймгийн хурц арслан Ө.Сүхбат сумын заан Зоригтбаатарыг амлан авлаа. Харин аймгийн арслан А.Бадарч аймгийн заан Ч.Эрдэнэсайханыг амлан авав. Ингээд тавын давааны барилдаан эхэлсэн юм. Аймгийн арслан Ө.Сүхбат Зоригтбаатар сумын зааны элэг бүснээс барьж аваад л өргөж тавиад л байгаа харагдав. Мөн гэнэтхэн л барьцаа чангаруулаад л бярдаж дайраад жин багатай сумын заан Зоригтбаатар хярж зогсоод байх. Тэгж байснаа гэнэтхэн Ө.Сүхбат арслан хойшоо ухраад алхаад байдаг юм байна. Нөгөө бярдуулаад байсан сумын заан зориг орчихсон өмнөөс нь хөөж барилдаж гарлаа. Тэгснээ гэнэтхэн Ө.Сүхбат зааны хөлийг өргөөд цацаж гаргаж ирээд шидчихлээ. Ө.Сүхбат сумын заанд хөл алдаад ийнхүү унав.

Аймгийн хурц арслан Б.Ганхуяг, Д.Цэрэнтогтох нар тодорхой барьцанд хүрэхгүй л байгаад байх. Тэгж байснаа бүр Б.Ганхуяг арслан бөхчүүд сууж байгаа сандал дээр очоод суучихлаа. Д.Цэрэнтогтох бөхийн өргөөний талбай дээр хүлээгээд л зогсоод байх юм. Тэгснээ босч ирээд тогтуухан өрөх. Дахиад л барьц тавилцаад алхаад байх. Дахин өрж сэнжиг элэг бүснээс барилцаж байснаа хэн нэг нь элэг бүсээ тайлаад дахин чангалж уях юм. Барилдаан удааширч эхлэв. Удалгүй хоёр бөх хав дөрвөлжин золгож байгаад Д.Цэрэнтогтох шуудагнаас тойруулж шахаж татаад төвөггүйхэн давлаа. Б.Ганхуяг өөдөөс нь ямар ч эсэргүүцэл үзүүлэлгүй уналаа. Зургаагийн даваа эхэлж, Д.Цэрэнтогтох аймгийн хурц арслан Н.Жаргалбаяртай барилдлаа. Аймгийн хурц арслан Ш.Мөнгөнбаатар аймгийн арслан Л.Шинэбаатар нар барилдсан юм. Сумын заан Зоригтбаатар аймгийн арслан М.Бадарчид унав. Аймгийн хурц арслан Н.Жаргалбаяр шуудагнаас зүүн талдаа татаж өрсөлдөгч бөхөө унагадаг. Д.Цэрэнтогтох зүүн талдаа татдаг хүнийг огт хамгаалахгүй өөрөө хайрцаглаж ороод байх. Н.Жаргалбаяр зүүн талдаа татах боломж дүүрэн байв. Гэвч шуудагны барьцаа яагаад ч юм тавьчихаад байх. Уг нь хорьсон ч хориогүй хийдэг дархан мэх нь юмсан гэж Бөхийн өргөөнд сууж байгаа үзэгчид хоорондоо ярилцах ажээ. Тэгж байтал Д.Цэрэнтогтох баруун талаараа давхар тохов. Н.Жаргалбаяр нисч ирээд л хоёр далаараа буучихлаа. Аймаг, цэргийн наадамд 12 удаа түрүүлсэн, жил болгоны төрийн наадмын улсын цол хүртэх бөхийн тоонд багтдаг Ш.Мөнгөнбаатар арслан барилдалгүй Д.Цэрэнтогтох цэргийн начинд элэг бүсээ тайлаад өгчихлөө. Ингээд тунан барилдсан аймгийн арслан М.Бадарч, аймгийн арслан Б.Бат-Өлзийг давлаа. Үзүүр түрүүний бөхийн барилдаанд аймгийн арслан М.Бадарч, шинээр цэргийн зааны болзол хангасан Д.Цэрэнтогтох нар барилдлаа. Д.Цэрэнтогтох огт хөлрөөгүй хув хуурай. Харин М.Бадарч арслан усан хулгана болтлоо хөлөрсөн байлаа. Нэлээд удаан барилдаж байгаад М.Бадарч Д.Цэрэнтогтохыг хэд хэдэн удаа унагачих шахлаа. Тэгснээ ганцхан тээр холоос давхар ачих гэж оролдоод уначихлаа. “Бүх цэргийн наадам 2016” бөхийн барилдааны зарим бөхчүүдийн барилдааныг тоймлон хүргэхэд ийм байна.

Хутганы ир шиг аймгийн арслангууд бүгд л цэргийн начинд өвдөг шороодоод байх. Барилдаан дундуур нь шинээр цол хүртэх гэж байгаа бөхчүүдийн ах нар, нутгийнхан бөөгнөрч зогсоод байх. Тэгснээ нэг нь өрсөлдөгч бөхийн нутгийн юм уу эсвэл ойр дотнын найзтай нь уулзаад байх юм. Тэр хооронд хэдэн ч удаа барьц тавилцаж, хэн хэн дээрээ очих. Тэгж байгаад л огт эсэргүүцэл үзүүлэхгүй мэхэнд нь ороод унах. Эсвэл өөрөө яах аргагүй унах мэх хийгээд уначих нь үнэн урамгүй байлаа. Энэ бүгдийн цаана мөнгөний асуудал байгаа бололтой.

Тийм зүйл ч ажиглагдаад байх юм. Бөхийн хүрээнийхэн дунд ийм яриа гарч байна лээ. “Чаддаг чаддаг газартаа бөхийнхөө найрааг хийж, хэдэн төгрөг олно. Мөнгөтэй нь цол ав. Мөнгө байхгүй нь тунаж барилд. Давж чадахгүй бол өөртөө буруугаа өг” гэх. Аймгийн арслангуудын найраа хийж мөнгө олох нэг арга нь бүх цэргийн наадам болж хувираад байгаа нь нууц биш юм. Улсын цолтой бөхчүүд ирээд барилдах боломжгүй болохоор аймгийн хурц арслангуудад найраа хийх боломж бүрэн дүүрэн гарч ирж байгаа нь энэ юм.

Сумын наадмаасаа эхлээд л найраа газар авчихсан. Аймгийн цолтой, сумын заанууд нийлээд л сум сумын наадам хэсээд явчихна. Шатахуун тос, цаг заваа гарздаад л сум болгоны наадамд очиж барилдах. Тэгсэн мөртлөө тэдгээр бөхчүүд дунд яваа нэг залуу бөхөд ээлж ээлжээрээ унаад байх. Нөгөө залуу бөхөө хоёрын даваанаас эхлээд дэмжээд явчихна. Нэгэн суманд хоёр жилийн өмнө онигоо шиг зүйл болсон байна лээ. Сумын цол хүртээх гэж байгаа залуу бөх нь наймдугаар ангийн хүүхэдтэй таарсан байгаа юм. Нөгөө сумын заан болох гэж байгаа бөх нь наймдугаар ангийн хүүхдийг унагаж чадахгүй баахан барилдсан байдаг. Биеийн тамирын өмд бахиалтай, гэдсээрээ бүс уячихсан хүүг арай л гэж давсан байгаа юм. Тэгсэн мөртлөө аймгийн заан, сумын заануудыг цувуулж шидсээр байгаад л сумын заан цол хүртчихсэн гэж байгаа. Сураг сонсоод байх нь хоёр сая төгрөг өгөөд л сумын заан болсон гэсэн. Бөөнөөрөө ирсэн бөхчүүд нөгөө залуу бөхөө хэнтэй тааруулах, хэн нь амлах гээд бүгдийг өмнө нь тооцоолчихсон. Тэгээд давхиж унаж өгөөд байх. Аймгийн наадам мөн л ялгаа байхгүй. Улсын наадмын үзүүр түрүүний бөх, уран барилдаант бөхчүүд залуу бөхөөс эхлээд унаж өгөөд байна. Аймгийн цол 15-50 сая төгрөгийн үнэ ханштай болсон байна лээ.

Харин улсын цол хүртэнэ гэдэг толгойд багтахгүй их тоо шаардсан зүйл. Өнгөрсөн жил нэгэн аймгийн бизнес хийдэг залуу аймгийнхаа хэдэн бөхчүүдийг дэмжих гээд 100 сая төгрөг цүнхэндээ хийгээд явсан гэж байгаа. Уг нь начин цолтон төрүүлэх гээд байдаг, мөнгө нь хүрэхгүй байсаар чадаагүй гэсэн. Өрсөлдөгч бөх нь мөнгөө нэм гээд л шаардаад байдаг. Тэгсэн 150 сая төгрөг дутаад чадаагүй гэж ярьж байна лээ.

Монгол бөхийн дэвжээ найраа гэх зүйлээс болж өдөр бүр үнэ цэнээ алдаж байна. Бөхчүүд мөнгө авахыг л бодоод байхаас биш дараа нь гарах хор уршгийн талаар огт бодохгүй байгаа учраас л найрааны цолтон төрөөд байгаа юм. Монголын өв соёлын нэлээд хувийг үндэсний бөхчүүд л авч явдаг. Монголын соёлын дархлааг алдагдуулах гол зүйл бөхчүүдийн найраа болж байгаа юм. Бөхчүүд ард түмний өмнө жүжиг тоглоод байхаар сүүлдээ хэн ч тоохоо байна. Бөх нэртэй найруулсан жүжиг үзэхгүй гэдэг болно. Өнөөдөр сумын наадмыг хэн ч үзэхээ больчихсон. Энэ бол монгол бөх үнэ цэнгүй болж байгаагийн нэг илрэл. Монгол үндэстэн эрийн гурван наадамтайгаа байж бүрэн бүтэн, эрхэмсэг оршино. Ингэж байж л өв соёлтойгоо оршин тогтнох юм. Бөхчүүд Монголын соёлын өвийн том дархлааг өөрсдийн гараар үгүй хийж байгаа гэдгээ ойлгох хэрэгтэй болжээ.

Д.Батзориг