Хонг-Конгийн “Chuangs” группийн хөрөнгө оруулалттай “Монголиа проперти Девелопмент” ХХК-ний захиалгаар Сүхбаатар дүүргийн 1-р хороо, Чингисийн өргөн чөлөөний 72 буюу Төв номын сангийн замын эсрэг талын автобусны буудлын ард 26 давхар барилга баригдаж байгаа. Өнөөдрийн байдлаар суурийн хасах хоёр давхар баригдаад байгаа бөгөөд уг ажлыг “Шинэ зуун барилга” ХХК хийсэн байна. Харин захиалагч тал нь 2015 оны гүйцэтгэлийн ажлын зарим мөнгийг шалтгаангүй олгохгүй байгаа ажээ. Үүний улмаас үндэсний хэд хэдэн компани цалингаа тавихад бэрх байдалтай байгаа бөгөөд барилгын ажлыг захиалагч нь одоо барилгын талбайд “Грийт гоулд стар констракшн” ХХК-д дараагийн ажлыг шилжүүлэн өгсөн байна. Захиалагч тал нь өнөөдөр хууль зөрчсөн байж болзошгүй үйлдлээр Эрүүгийн цагдаагийн газар болон Мэргэжлийн хяналтын газарт шалгагдаж байгаа юм байна.

Тухайлбал, Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт уг барилгын ажлын хөлсийг бүрэн барагдуулаагүй тул барилгын талбайн ажил хүлээлцэх актыг хүлээлцэж дуусгаагүй байгаа ажээ. Ийм байхад “Монгол проперти девелопмент” ХХК буюу захиалагч тал нь дээрх барилгын талбайд угсарсан суурийн акт үйлдээгүй байгаа атал “Шинэ зуун барилга” ХХ-ний ерөнхий инженер Г.Равдандашийн гарын үсгийг хуурамчаар, зөвшөөрөлгүй дуурайлган үйлдсэн актыг Мэргэжлийн хяналтад хүргүүлжээ. Улмаар хуурамч гарын үсэг бүхий баримт бичгээр кран ажиллуулах зөвшөөрөл авсан бөгөөд уг асуудлыг шалгаж, краныг буулгах арга хэмжээ авч, барилгын талбайг чөлөөлөх эсэх асуудлаар хандаад байгаа юм байна.

Харин эрүүгийн цагдаагийн газарт гарын үсэг дуурайлган зурсан асуудлаар шалгагдаж байгаа юм байна. Үүгээр ч зогсохгүй 2010 онд байгуулагдсан захиалагч компани болох “Монгол проперти девелопмент” ХХК нь 2013 оноос татвар төлж эхэлсэн байдаг. Уг хугацаа болон түүнээс хойших хугацаанд татвараас зайлсхийж байсан байж болзошгүй асуудлыг мөн Эрүүгийн цагдаагийн газраас шалгаж байгаа юм.

Олон жилийн турш хууль зөрчсөн байж болзошгүй энэ үйлдлийг шалгаж эхэлсэн төрийн байгууллагуудад талархаж байна. Харин асуудлыг үнэн мөнөөр хэн нэгний нөлөөнд автахгүйгээр, төртэй, төр нь хариуцлага тооцож чаддаг гэдгийг харуулан шударгаар ажиллаасай.

Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.

 

А.Баярмаа