Насжилт нь дууссан 170 микро автобусыг ирэх наймдугаар сараас үйлчилгээнээс халах тухай нийслэлийн Тээврийн газраас мэдээлсэн. Харин микро автобусны оронд ямар унааг нийтийн тээврийн үйлчилгээнд явуулах дээр шийдгүй байсан.

Тэгвэл микро автобусыг орлох тээврийн хэрэгслийг эхнээсээ оруулж ирсэн хэмээн мэдээллээ.

Нийслэлийн тээврийн газартай гэрээтэй ажилладаг Бага багтаамжийн үйлчилээ эрхэлдэг тээврийн хэрэгслийн холбооныхон эхний ээлжид БНХАУ-д үйлдвэрлэсэн 10 автобусыг оруулж иржээ. Эхний ээлжинд микро автобус л очдог байсан алслагдмал хороолол руу явуулах юм байна. Ингээд ээлж дараалан микро автобусыг орлуулах дунд оврын автобус оруулж ирэхээр хэлэлцээр хийж байгаа аж.

Нийслэлийн хэмжээнд 270 микро автобус гэрээтэйгээр явдаг юм байна. Эдгээрээс насжилт нь дууссан микро автобусуудыг өнгөрөгч тавдугаар сард халах байсан ч орлох унаагүйгээс хугацааг хойшлуулсан байсан юм.