Улаанбаатар хотын захирагч, Нийслэлийн Ардчилсан Намын дарга Э.Бат-Үүл "Хангарьд" ордонд мэдээлэл хийлээ. Нийслэлийн ИТХ-ын дүн гарсан байна. 45 суудлын 34-т нь МАН, 11-т нь АН-ын нэр дэвшигч ялалт байгуулж үнэмлэхүй ялжээ. Сонгуулийн хороонд талархал илэрхийлье. Сонгуулийн хороонд ажилласан төрийн албан хаагчид шударга, сайн ажилласан. Сонгуулийг технологийн ашиглалтыг сайн ашиглаж явуулж, иргэдэд итгэл үнэмшил төрүүллээ. Биднийг дэмжсэн нийт иргэддээ талархал илэрхийлье.

Өнгөрсөн хугацаанд бид хичээж ажилласан. Нийслэлийн амьдрал их өөр болсон гэдгийг хэн хүнгүй хүлээн зөвшөөрч байгаа. Цаашдаа ч нийслэлийн дараа дараагийн удирдлагуудад нийслэлчүүдийн зүгээс тавих шаардлага өндөр болсон. Үүнийг шинэ удирдлага анхаарч ажиллана гэж найдаж байна. Энэ удаагийн сонгууль Нийслэлийн Ардчилсан намын хувьд том цунами боллоо.

Сонгуулийн дүн гарсны дараа мэргэн, түргэн хүн их олширдог. Нийслэлийн бүтээн байгуулалтыг харлуулсанд би эмзэглэж байгаа. Утга учиргүйгээр гүжирдэн дайрч, муучлах замаар сонгуульд ялж болдог гэдгийг энэ сонгууль харууллаа. Тийм жишиг тогтлоо. Өмнө нь хамаагүй муучлахад сонгогчид их дургүй байсан. Гэтэл одоо муулчилж харлуулж л байвал өөрчлөлт оруулдаг болжээ. Улс, нийслэлийг удирдахдаа өмнөх шигээ мафийн бүлэглэл маягаар удирдвал Ардчлалд маш ноцтой аюул учирна. Үүнээс би их санаа зовж байгаа. Тиймээс би МАН-ынханд засаглалаа сайжруулаарай гэж хэлмээр байна. Хамгийн гол нь улстөржиж, намчирхалгүйгээр Улаанбаатар хотод эхэлсэн бүтээн байгуулалтыг дэмжиж ажиллаасай, үргэлжлүүлээсэй гэж хүсч, захимаар байгаа юм" гэлээ.

Мөн тэрбээр бидний эхлүүлсэн гэр хорооллын дахин төлөвлөлт, Сайн хашаа хөтөлбөр зогсох вий гэдэгт их санаа зовж байгаа. Найрсаг Улаанбатар хөтөлбөрийг гацааж болохгүй. Даншиг наадам, газрын аюулыг үргэлжлүүлэх вий нэгэнт эхлүүлсэн бүтээн байгуулалтын эрчийг битгий сааруулаарай гэж хүсье гэв.