Дэлхийн Энтерпренёрийн чуулга уулзалтыг жил бүр зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жил уг арга хэмжээ Америкийн Калифорни мужийн Пало Альто хот дахь Стэнфордын их сургуулийн кампуст зургадугаар сарын 22-ны өдөр эхэлсэн юм.

Монгол Улс дахь АНУ-ын ЭСЯ-наас мэдээлснээр Төрийн Департаментаас нийт 170 орны 700 энтерпренёр, 300 хөрөнгө оруулагчийг сонгон авч урьж оролцуулсан байна. Өмнө нь уг арга хэмжээг Турк, Арабын Эмират, Малайз, Марокко, Кени зэрэг улсад зохион байгуулсан. Харин анхных нь Вашингтон хотноо Цагаан ордонд болсон.

Энэ жилийн чуулга уулзалтад манай улсаас Бат-Ирээдүйн Хонгорзул, Бүдээгийн Амартайван нарыг сонгон урьж оролцуулсан байна.

Барак Обаматай уулзсан монгол бүсгүй, Бат-Ирээдүйн Хонгорзулыг “Өдрийн зочин”-доо онцолж байна. Тэрээр Лондон хотын Сант Мари Эбботс бага сургууль, 10 жилийн Лаборатори I дунд сургууль, Лондон хотын Stanton School of English сургуулийг тус тус дүүргэжээ. МУИС-ийн Олон улсын харилцааны сургуулийг төгссөнийхөө дараа Японы Акитагийн олон улсын их сургуульд суралцсан байна. Мөн Монголын Үндэсний олон нийтийн радио, Азийн сан, Токио хотноо “Interac Co. Ltd” компанид тус тус ажиллаж байжээ. 2012-2014 онуудад Бостон хотын Тафтс их сургуульд суралцаж олон улсын харилцаа, эрх зүйн магистр зэрэгтэй төгссөн. АНУ-ын Засгийн газрын нэлээд нэр хүндтэйд тооцогддог Фүлбрайтын тэтгэлэгт хамрагдсан энэ бүсгүй спорт, урлаг, шинжлэх ухаан гурвыг ихэд сонирхдог гэнэ. Түүний хобби нь дэлхийн улс орнуудаар аялж, түүх, соёлтой нь танилцаж, орон орны хоолыг амталж үзэх. Эмэгтэйчүүд, хүүхдийн эрх ашгийг хамгаалахыг тууштай дэмжигч бүсгүй маань шударга бус байдалтай тэмцдэг нэгэн.

Б.Хонгорзул нь 15 настайгаасаа тэтгэлэгт хамрагдаж, гадаадын нэр хүнд бүхий сургуульд элсэн орж сайн боловсрол эзэмшихийг зорилгоо болгожээ. Түүндээ хүрэхийн төлөө шаргуу хөдөлмөрлөсний үр дүнг ч хүртсэн.

Б.Хонгорзулын ээж, аав хоёр нь хоёулаа монгол хэлний багш. 1991 онд аав нь Лондонгийн их сургуульд багшлахаар болж гэр бүлээрээ Их Британийг зорьсон. Ингэж эцэг эхийнхээ ачаар багаасаа англи хэл сурсан байна. Нутагтаа эргэж ирээд орос хэл сурч, МУИС-д герман хэлний ангид оржээ.

Их сургуулиа төгссөнийхөө дараа гадаадын томоохон байгууллагад ажиллаж, тэндээ үлдэх боломж байсан гэнэ. Ингээд шийдвэр гаргах мөч ирэхэд найз нөхөд, танилуудтайгаа нэлээд ярилцаж зөвлөлджээ. Монголд ирээд хэрэггүй, хямралд автаад хэцүү байна хэмээн хэлж байсан хүмүүс ч цөөнгүй гэнэ. Гэсэн хэдий ч хүний нутагт гууль болж байснаас эх орондоо алт болсон нь дээр хэмээн Монголдоо эргэж иржээ. Нэгэнт л нутагтаа амьдрахаас хойно эртхэн ирж байр сууриа олох нь дээр хэмээн бодсон гэдэг. Аав нь ч эртхэн нутагтаа төвхнөсөн нь дээр хэмээн зөвлөсөн байна. Ингээд Улаанбаатартаа эргэн ирсний дараахь нэг сард сэтгэл зүйн хувьд үнэхээр хүнд байсан гэнэ. Эргээд бодоход нутагтаа ирсэндээ баярладаг хэмээн Б.Хонгорзул нэгэн ярилцлагадаа дурджээ.

Дэлхийн энтерпренёрийн чуулга уулзалтад оролцогсдыг АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама, Худалдааны сайд Пенни Притцкер, Жижиг бизнесийн газрын зохион байгуулагч Мария Контрерас-Свийт, АНУ-ын ОУХА-ийн зохион байгуулагч Гэйл Смит, Дэлхийн эмэгтэйчүүдийн асуудал хариуцсан Тусгай үүргийн Элчин сайд Кэтрин Рассел болон Олон нийтийн дипломат ажиллагаа, Олон нийттэй харилцах асуудал хариуцсан Төрийн нарийн бичгийн даргын орлогч Ричард Стенгэл зэрэг өндөр дээд албан тушаалтнууд хүлээн авч уулзсан байна.

Ийнхүү Монголын хоёр залуу энтерпренёр Дэлхийн энтерпренёрийн чуулга уулзалтад эх орноо төлөөлөн оролцож байгаа нь үнэхээр бахархууштай юм.