Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнгөрсөн долоо хоногт зарлиг гарган УИХ-ын долоо дахь удаагийн сонгуулийн Анхдугаар чуулганыг 2016 оны долдугаар сарын 5-ны өдрийн 11:00 цагт товлон зарласан. Энэ дагуу шинэ парламентийн анхны чуулган маргааш хуралдах нь. Үүнтэй зэрэгцэн УИХ-ын дарга болон дэд даргын томилгоо яригдаж эхэллээ.

Эх сурвалжаас ирүүлсэн мэдээллээр УИХ-д бүлэг байгуулах хэмжээний суудал авсан АН УИХ-ын дэд даргад Лу.Болдын нэрийг дэвшүүлэхээр болсон байна. Харин АН-ын бүлгийн даргад Ж.Батзанданг томилж магадгүй тухай мэдээлэл байна.

Лу.Болд нь дөрөв дэх удаагаа УИХ-ын гишүүнээр сонгогдоод байгаа бөгөөд сонгуульд ялалт байгуулахдаа тухай бүрт нь тойргоос гарч Их хуралд сонгогдож байсан юм.

Түүнчлэн хоёр ч удаа Засгийн газрын гишүүнээр ажиллахдаа Батлан хамгаалахын болон Гадаад харилцааны яамыг толгойлж байсан улстөрийн арвин туршлагатай нэгэн юм.