Шинэ гишүүд тангарагаа өргөчихлөө. Харин одоо МАН амласан ёсоороо мэргэжлийн Засгийн газар бүрдүүлэх л үлдлээ. Эхнээсээ Ерөнхий сайдаар Ж.Эрдэнэбат, УИХ-ын даргаар М.Энхболд, Хотын захирагчаар Су.Батболд гэх зэргээр томилгоонууд ид өрнөж байна.

Энэ удаагийн сонгуульд МАН 65 суудал авч үнэмлэхүй ялсан учраас бүх зүйл тэдний гарт бий. Харин есөн суудал авсан АН-ынхан ирэх дөрвөн жил сөрөг хүчний үүрэг гүйцэтгэх ёстой. Учир нь хуулиндаа наймаас дээш суудал авсан нам ,эвсэл бүлэг байгуулах эрхтэй болдог. Тиймээс АН-ын бүлгийг ирэх дөрвөн жилд бодлогын түвшинд байр сууриа илэрхийлнэ гэж үзэж болно.

Тэгвэл УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн чуулганы үеэр хэлсэн үг олон нийтийн анхаарлыг ихээхэн татаж байна. Тэрээр “МАН амласнаа биелүүлж авлигачидтай тэмцэх ёстой. Өнгөрсөн хугацаанд хяналтгүй төртэй байж ирсэн. Бүлэгтэй байхуу, бүлэггүй байх уу гэдгээ МАХН-ыхантай ярьж байж шийднэ. МАХН-аас ганцаараа сонгогдсон ч намынхаа дуу хоолой болно. АН-ын бүлэг маш сул байна. Есөн гишүүнтэй гэж байгаа боловч МАН-ын угшилтай хоёр, авлига албан тушаалын асуудалтай хоёр хүн байгаа. Тиймээс цаашдаа бүлэг чадамжгүй болох магадлал өндөр. Бүлэг задрах ч магадлалтай” гэсэн юм. Эндээс “АН-ын бүлэг маш сул байна. Есөн гишүүнтэй гэж байгаа боловч МАН-ын угшилтай хоёр, авлига албан тушаалын асуудалтай хоёр хүн байгаа. Тиймээс цаашдаа бүлэг чадамжгүй болох магадлал өндөр. Бүлэг задрах ч магадлалтай” гэдэг асуудалд хүн бүхэн анхаарал хандуулаад эхэлжээ. Зарим нь өөр хоорондоо АН-ын бүлэгт байгаа МАН-ын угшилтай гишүүд хэн болох талаар ухаанаа уралдуулж байна. Тодруулбал, АН-ын бүлэгт С.Эрдэнэ, Б.Наранхүү, Лу.Болд, Д.Эрдэнэбат, Ж.Батзандан, Я.Санжмятав, З.Нарантуяа, Д.Мурат, Б.Пүрэвдорж нар буй.

Эндээс харахад О.Баасанхүү гишүүний хэлсэнчлэн АН-ын бүлэгт орогносон МАН-ын угшилтай гишүүд хэн байж таарахав. Хөдөлмөрийн сайд асан Я.Санжмятав Завхан аймгийн Ардчилсан намын даргаар ажиллаж байсан, З.Нарантуяа АН-ын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллагын дэд даргын албыг 2008 оноос хашсан, С.Эрдэнэ АН-ын тулхтай гишүүдийн нэг. Мөн энэ сонгуульд намаа ялуулахад нөлөөлсөн гол хүмүүсийн нэг гэгддэг Д.Эрдэнэбат, нам дотроо таарамж муутай ч Ж.Батзандан, хөрөнгө чинээгээрээ дээгүүт бичигддэг Л.Болд, ИХШХЕГ-ын даргаар ажиллаж байсан Б.Пүрэвдорж нарыг хүмүүс МАН-ынх гэж хардахгүй байгаа бололтой.

Харин анхнаасаа МАН-ын дарга М.Энхболдтой холбоо сүлбээтэй байсан Б.Наранхүү гишүүн МАН-ын угшилтай гэдгийг бараг хүн бүхэн хэлж байна. Хоёр дахь нь энэ жилийн сонгуулиар Баян-Өлгий аймагт нэр дэвшүүлэхээр АН-ын дарга З.Энхболдыг танилцуулахад ҮЗХ-ны гишүүдийн хэн ч мэдэхгүй байсан гэх Д.Мурат. Тэрээр одоогоор МАН-ын угшилтай гэдэг нь тодорхой болоогүй ч Б.Наранхүүгийн нэг байж магадгүй юм. МАН-ын угшилтай гишүүдийн хэрхэхээс АН-ын бүлэг задрах уу, цаашид АН сөрөг хүчин байж чадах уу гэдэг нь шийдэгдэх юм.

 

С.САРУУЛ