Лионель Месси дэлхийн алдартай хөлбөмбөгчин. Өнөө цагийн шилдэг хөлбөмбөгчдийн нэг Месси Аргентины шигшээ багаас зодог тайлж байгаагаа илэрхийлсэн нь олон сая хөгжөөн дэмжигчийг нь гайхшруулж, сэтгэлийг нь гонсойлгосон үйл явдал боллоо.

1987 онд төрсөн Мессигийн хөлбөмбөгийн замнал найман настайгаас нь албан ёсоор эхэлсэн байдаг. Ирээдүйд шилдэг хөлбөмбөгч болох түүнийг мэргэжилтнүүд үеийн хүүхдүүдээс нь онцгойлж байсан ч өсөлтийн гормоны дутагдал гэх өвчинд нэрвэгдсэн нь маш том саад тотгор болж байсан юм. Түүнийг сонирхож байсан багууд Мессигийн өвчний талаар дуулаад туслахыг хичээсэн ч сарын 1000 орчим ам.долларын эмчилгээний зардлыг нь төлөхөд хүндрэлтэй байгаагаа илэрхийлжээ. Гэтэл Барселона багийн спортын захирал Карлес эмчилгээний зардлыг нь бүрэн даагаад хариуд нь багтаа орох саналыг Мессид тавьсан нь түүний амжилтын үүд хаалгыг нээсэн гэж болно. Ингээд Месси алдартай багийн саналд толгой дохин зөвшөөрч, аюулт өвчинтэйгөө ч тэмцэж 13 настайдаа Барселонад ирсэн. Ингэхээр яалт ч үгүй хувь заяаны эргүүлэг, амьдралын тулгалтаар Барселонатай хувь тавилангаа нийлүүлсэн гэсэн үг. Лионель Мессигийн хувьд төрсөн бие нь ганц ч сэтгэл зүрхээрээ зүтгэдэг хоёр багтай тамирчин. Хөлбөмбөгийн фанат, мэргэжилтнүүд, спортын ажиглагчид Мессиг “Ер бусын тоглогч” гэж тодотгодог. Талбай дээр маш бүтээлч бөгөөд хамгаалагчдыг хялбархан давж гарах өндөр мэдрэмжтэй, солгой, төв болон хоёр жигүүрээр, тэр бүү хэл төвийн довтлогчийн байрлалд ч “үзэлцэх” тал бүрийн авьяастай ховор тоглогч гэж үздэг. Намхан, жижиг биетэй ч хурдны үзүүлэлт өндөр, биеийн хүч сайтай учраас өөрөөсөө өндөр, биерхүү өрсөлдөгчийг дээр дурдсан онцлог байдлаараа илүүрхдэг учир ер нь дарагддаггүй хөлбөмбөгчин юм. Фанатууд нь түүнийг “Хөлбөмбөгийн ертөнцөд туйлын амжилттай замаар замнахаар заяагдсан тоглогч” гэж нэрлэдэг. Гэтэл яагаад ч юм аргентинчуудын хувьд Мессиг ихэнхдээ арай өөр үзлээр харж, амжилттай замналыг нь үгүйсгэдэг. Тэд Мессигийн халуун сэтгэлийг хар буруу үгсээр олонтаа унтраан хүнд хэлэмгүй дорд үгээр шархдуулж, сайхан залуу насыг нь хайрлалгүй утга учиргүй чичилсээр ирсэн. Аргентины багт тоглоод ямар нэг жижиг алдаа гаргавал түүнийг шүүрч аваад уулын чинээ томруулаад “Месси ингэдэг юм. Цаанаа л нэг хүнийрхүү сэтгэлтэй”, “Энэ хүнд ер нь Аргентинаа гэсэн сэтгэл байдаг юм уу”, “Мессигээс Барселона үнэртдэг”, “Мессигийн сэтгэл болоод тархинд Аргентин байдаг юм болов уу” хэмээн элдвээр хэлж, Аргентины хэвлэл мэдээллийн хэрэгслээр ч энэ тухай бишгүйдээ бичдэг, гаргадаг. Месси тэр болгонд аль болох аядуу байр сууринаас хандаж, бүх бурууг өөртөө авдаг ухаантай залуу.

Саяхан “Копа Америка” тэмцээний шигшээд Чили, Аргентин хоёр тоглоход хоёр багийн тоглолт үндсэн цаг, нэмэлт цагт 0:0-ээр өндөрлөж, улмаар торгуулийн цохилтоор хувь заяаг нь шийдсэн билээ. Месси харамсалтай нь эхний болоод дөрөв дэх цохилтоо алдсанаар аргентинчууд хоёр жил дараалан энэ тэмцээний шигшээд Чилид хожигдож байгаа юм. Яг энэ агшинд Аргентин даяар Мессиг үзэн ядсан мэдээ сэлт сошиалаар түгж, түүнийг буруутгасан үгийг хүн бүр л амандаа хэлж байлаа. “Барселона” клубийн од Лионель Месси олон тоглолтод оролцож, ялалт байгуулах үедээ байгуулж, гоол алдах үедээ алдаж л яваа хөлбөмбөгчин. Сэтгэлзүйн янз бүрийн л асуудалтай тулгарч үзсэн түүний хувьд элэг нэгтнүүдийнх нь зүгээс ирсэн дайралт ямар ч өрсөлдөгчийн хүйтэн харцнаас илүү хүнд туссан нь тоглолтын дараагаар анзаарагдаж байсан юм. Түүний сэтгэл дундуур байгаа царай, урамгүй харцыг мэдээллийн хэрэгслүүд онцолж байв. Үүний дараа Месси Аргентины багаасаа зодог тайлахаа мэдэгдсэн нь аргентинчуудын хувьд ялагдлынх нь дараахь том шок болсон юм. Ялагдлын сэтгэлзүйгээсээ гарч амжаагүй байтал багийнх нь шилдэг довтлогч нь ийм шийдвэр гаргаж байгаагаа илэрхийлсэн нь зөвхөн аргентинчууд гэлтгүй хөлбөмбөг сонирхогч бүх хүнийг алмайруулаад авсан. Гэнэтийн энэ шийдвэр нь олон сая фанатыг нь хүнд цохилтод оруулж аргентинчууд төдийгүй “Барселона” багийн хөгжөөн дэмжигчдийг “Месси, шигшээ багтаа буцаж ирээч” гэх утга бүхий уриалга гаргахад хүргэсэн. Одоо ч энэ уриалгын хүрээнд дэлхийн өнцөг булан бүрт олон сая фанат нь Мессид зориулж дуу, шүлэг зохиож, бүжиж, уйлж, гуйж байна. Аргентины Ерөнхийлөгч нь хүртэл Мессиг багтаа буцаж ирээч хэмээн ятгав. Аргаа барсан аргентинчууд дэмий буруу үг хэлсэндээ харамсаад Мессиг аргадаж хүрлээр хөшөөг нь хүртэл босгочихов, Буэнос-Айрес хотдоо. Гэсэн ч Месси шийдвэрээ өөрчилсөн талаар юм дуугарахгүй л байна.

Үүнтэй адил үйл явдал Монголд болдог. Сэтгүүлч, сурвалжлагч гэлтгүй ард түмэн бүгд л твиттер, фэйсбүүктээ хэн нэгнийг байх суух газаргүй болтол нь гомдоосон юм бичиж, ярьцгаадаг. Найдангийн Түвшинбаярыг заавал олимпод барилдах ёстой юм шиг, түүнийг байнга л өөрсдийгөө хөгжөөж, баясгаж байх тавилантай юм шиг ханддаг. Тэгээд зогсохгүй ямар ч тэмцээнд явсан хүзүүнээсээ ямар нэг металл заавал зүүж ирэх ёстой ч юм шиг. Бүр давраад заавал шар өнгөтэйг нь авчрах ёстой ч гэх шиг.

Н.Түвшинбаярын хувьд УИХ-д байна уу, ИТХ-д байна уу хамаагүй нэр дэвшиж байгаа нь хувь хүнийхээ эрхийн хүрээнд хийж байгаа ажил. УИХ-д нэр дэвшиж байгаа тэр эрхийг нь бид хүндэтгэн үзэх ёстой байсан. Үнэндээ энэ залуу чинь улс эх орныхоо нэр хүндийг өргөдгөө өргөөд, хийдгээ хийгээд төрөөсөө авах ёстой хайр хүндэтгэлээ авчихсан юм. Одоо байгаа хүч чадал, оюун бодлоо “Рио-2016”-д л зориулж яваа жүдоч. Гэтэл манайхан заавал аясаараа байлгах гэж, мөнх л тэр татами дээрээ хөлстэй зогсох үүрэгтэй юм шиг хараад түүнээс нь гажвал элдвээр харааж байна. Яг л аргентинчууд Мессигээ муулдаг шиг. Гэхдээ тамирчин гэхээр л муу үг, муухай харцаар харуулах эрхгүй бурхад гэж ойлгож болохгүй л дээ. Тамирчин гэхээр л магтуулж байх ёстой ч хүмүүс биш. Тэд сэтгэлийн хаттай байх учиртай. Өршөөж уучилна гэдэг аугаа сэтгэлзүйтэй хүний гаргадаг үйлдэл.

Аргентинчуудын хувьд хэвлэл мэдээлэл, ард түмэн нь үүссэн асуудалд үл тэвчсэнээс л нутгийн хүүгээ алдчихлаа гэж харагдаж байгаа юм. Юм болгонд хошуу амаа дүрж, ямар ч сайн хүн байсан муухай үг хэлж, шүлсээ үсчүүлдэг тэсвэргүй байдал нь хүн төрөлхтний үйлдэл гэж үзэхээсээ илүүтэй ядуу буурай, оюун нь ядмаг ард түмнээс гардаг зан гэлтэй. Манайх Аргентинаас нэг их ялгагдах юм алга. Бүхнийг буруутгаж, хараадаг дадалтай болчихсон болохоор үндэстнийхээ хэмжээнд шүтдэг үнэт зүйлгүй. Ямар ч олимпийн аварга, мундаг хүн төрлөө ч төд удалгүй түүн шиг муу хүн үгүй болчихдог. Ийм болохоор бидний хувьд бурхныг гомдоож, бугийг айлгадаг энэ их хэл ам, буруу бодол сэтгэхүйгээсээ аль болох татгалзаж, бусдыг муу үгээрээ булдаг хэв маягаасаа салах цаг ирсэн.

Нэгэнт л хэлэх ёсгүй байсан муу үгийг хэлчихсэн бол араас нь хичнээн ч сайн зүйл хийгээд эргэдэггүй нь аргентинчуудын Месситэй харьцсан харьцаанаас харагдаж байгаа юм. Тийм их зүтгэлээр ногоон талбайд зүрх, тархи, сэтгэл гурваа хөвчлөн байж уралдан гоол оруулахын төлөө хичээж байхад тэгж муухай үг хэлэхээр ямар ч хүн шантарна шүү дээ. Одоо аргентинчууд алтаар хөшөө босгосон ч Месси нь эргэж ирэх болов уу.