"Ийгл Ньюс” телевизийн өнгөрсөн оны тавдугаар сарын 1-ний ярилцлагын цагаар БНН-ын дарга Б.Жаргалсайхан оролцох ёстой байсан ч цагаасаа хоцорч иржээ. Эфирийн цаг давж оролцуулах боломжгүй болсон сэтгүүлч Ө.Золбаяр Б.Жаргалсайханыг студийг чөлөөлөхийг хүссэнээр тэд хэсэг маргалдсан юм. Б.Жаргалсайхан сэтгүүлч Ө.Золбаярыг мангасдаж ёс бус үг хэллэгээр доромжилсон нь студийн камерт бууж нэг хэсэгтээ л олныг шуугиулаад авсан.

Энэ явдлаас хойш "Би чиний ажилтан юм уу гөлөг минь” гэх хэллэг трэнд болоод удаж байгаа. Тэгвэл сонгуульд бүдэрсэн БНН-ын дарга Б.Жаргалсайхан өөрийн фэйсбүүк хуудаснаа саяхан сэтгүүлч Ө.Золбаяртай хамт авахуулсан зургаа нийтэлж "Ах хүний ёсоор нэг удаа мангастсаныг нэг хэсэг их сенсаацласан шүү... Шинэ жилээр сэтгүүлч дүүтэй таарч патиар татуулав” гэсэн тайлбар бичсэн байна.

Телевизийн студид барьж идэхээ шахсан Б.Жаргалсайхан хүн чанар гаргаж сэтгүүлч Ө.Золбаяртай эв зүйгээ ололцсон уу? Эсвэл зүгээр нэр төрөө цэвэрлэх халхавч байв уу? Ямартай ч олны амнаас сонсоход Б.Жаргалсайхан телевизийн нэвтрүүлэгт зочлон ирэхдээ доод тал нь 30 минут хоцорч ирдэг уламжлалтай гэсэн шүү.

 

 

 

Breakingnews.mn