“Алибаба” группыг үндэслэгч, тэрбумтан Жак Магийн манай улсад хийсэн амралт өнөөдөр дуусч, тэрбээр нутаг буцаж байгаа юм. Завгүй тэрбумтан тэрбээр урт хугацааны амралтаа Монголд өнгөрөөсний цаана бизнесийн зорилго байгаа гэх мэдээлэл гараад буй.

Хэрэв тийм бол удахгүй уг зорилго нь тодорхой болох биз ээ. Жак Ма бол санаснаа хэрэгжүүлдэг хүн гэдгээ нэгэнтээ нотлон харуулсан нэгэн. Тэрчлэн түүний бизнесийн замналаас цухасхан өгүүлэхэд тэр эхнээсээ л Цахиурын хөндийн аварга компаниудтай (Amazon, Apple, Microsoft гэх мэт) өрсөлдөхөөр шийдсэн байдаг.

1999 онд ажилтнуудтайгаа хийж буй хурал дээр Алибаба-гийн талаар Ма “China Pages-д ажиллаж байх үеээсээ л би бидний өрсөлдөгч нар бол дотоодын вэб сайтууд биш харин гадаадын вэб сайтууд юм. Бидний өрсөлдөгчид Хятадад биш харин Америкийн Цахиурын хөндийд байна. Бид тэднээс эрч хүчтэй ажиллах хүсэл тэмүүллийг нь сурах хэрэгтэй байна” гэж хэлж байжээ.Тэгээд зорилгодоо хүрэхийн тулд Алибаба-г олон улсын хэмжээний компани байдлаар зах зээлд таниулсан бөгөөд хөрөнгө санхүү сайтай, олонд танигдсан ямар ч өрсөлдөгч компанитай үзэлцэхээс зайлсхийдэггүй байлаа. Тэр шууд нүүр тулан өрсөлдөх замаар сүүлийн үед Алибаба-гийн үйл ажиллагааны цар хүрээ рүү өрсөлдөн орж ирж байсан eBay-г зогсоож чадсан юм. Тэр хожим энэ талаар “Хэрэв eBay далайн акул юм бол бид нар Янжи голын матар юм” хэмээн хэлж байлаа. Алибаба-гийн IPO хийх материалд хавсаргасан хөрөнгө оруулагч нарт илгээх захидалдаа Ма тус компанийн өрсөлдөх чадвар, гарал үүслийн талаар:

Алибаба нь зүгээр л нэг технологийн шийдлүүд эсвэл авъяаслаг залуучуудын нэгдлийн үр дүнд бий болоогүй. Ирээдүйдээ итгэлтэй, Интернэтийг ил тод, шударга, бүгдэд хүртээлтэй байх ёстой гэсэн тууштай итгэл үнэмшил бүхий олон арван сая хэрэглэгчдийн оролцоотойгоор Бид энэхүү экосистемийг бий болгоод байна.

Эдгээр хүмүүс хамтдаа цаг, эрч хүч, урам зоригоороо энэхүү экосистемд хөрөнгө оруулалт хийснээрээ өнөөдөр дэлхий ертөнц эдгээр хүмүүс ямар амжилтанд хүрснийг харах боломжтой боллоо хэмээн дурдсан байдаг.

Эх сурвалж: Шуурхай.мн