Өнгөрсөн жил Европын эрдэмтэд Сибирь, хойд Хятад, төв Азийн судалгааны гол төвийг Монгол улсад байгуулахаар болж, өөрийн судалгааны төв салбараа ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэн дээр байгуулсан билээ.


Харин энэ жил Японы Хүмүүнлэгийн хүрээлэнгээс Зүүн хойд Азийн судалгааны хөтөлбөрийг санаачлан, улмаар "Зүүн хойд Азийн судалгааны төв"-ийг Монгол улсад нээхээр болжээ. Төвийн нээлтийн ёслолын үйл ажиллагаа 7 дугаар сарын 28-ны өдрийн 15.00 цагт Монгол улсын ШУА-ийн Түүх, археологийн байранд /Офицеруудын ордонд байрлах ШУА-ийн хүрээлэнгүүдийн нэгсдэн I байр/ болно. Тус төв байгуулагдсанаар Монгол улс бүс нутгийн төдийгүй дэлхийн томоохон судалгааны төвүүдтэй нэг сүлжээнд орж байгаагаараа ач холбогдолтой юм.

 

Нээлтийн үйл ажиллагаанд Японы талаас Японы Хүмүүнлэгийн үндэсний хүрээлэнгийн ерөнхийлөгч, доктор Нарифуми Тачимото, Японы Элчин сайдын яамны Элчин зөвлөх Кикүчи Минорү, Хоккайдо их сургуулийн профессор Акихиро Ивашита, Тохоку их сургуулийн профессор Хироки Ока болон холбогдох албаны хүмүүс, монголын талаас Монгол улсын ШУА-ийн Тэргүүн дэд ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл, ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн захирал, профессор С.Чулуун нар оролцоно.


Энэ удаагийн Зүүн хойд Азийн судалгааны хөтөлбөрийг голлон эрхэлж буй Японы Хүмүнлэгийн үндэсний хүрээлэн нь өөрийн бүрэлдэхүүнд Киотогийн Байгаль-Хүмүүнлэгийн хүрээлэн, Японы хэл Шинжлэлийн хүрээлэн, Осакагийн угсаатны болон Токиогийн Түүхийн музейг хариуцсан томоохон байгууллага юм.


"Зүүн хойд Азийн судалгааны төв"-ийг манай улсад байгуулснаар манай эрдэмтэд зөвхөн өөрсдийн эх орны хэмжээнд судалгаа явуулах бус улсынхаа түүхийг бүс нутгийн хэмжээнд судлах, хамтран ажиллах өргөн боломж нээгдэж байгаа юм. Тэр дундаа томоохон улсуудаас хэрэгжүүлж буй эрдэм шинжилгээний ажлын хүрээнд монгол улсад албан ёсны төвтэй болсноор олон төсөл хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэх боломж нээгдэж байна. Тухайлбал эрдэмтэн солилцох, туршлага хуваалцах, судалгаа хийх, урт боогино хугацааны бодитой, цогц судалгааг хэрэгжүүлэх боломжтой юм.


Шинээр байгуулагдах төвийн үйл ажиллагаанд ШУА-ийн салбар бүрийн эрдэмтэд болон их, дээд сургуулийн багш, судлаачид нээлттэй оролцох боломжтой бөгөөд ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэн энэ төвийг удирдах, зохион байгуулах ажлыг хариуцах юм.


Эхний ээлжинд Зүүн хойд Азийн 400 гаруй жилийн турш өрнөсөн нийгэм, түүхийн үйл явцыг хамтран судлахаар болоод байна. Үүний дараа археологи, соёлын өв, орчин үеийн эдийн засгийн өөрчлөлт, улс төрийн харилцан ойлголцол зэргийг үе шаттайгаар судлах юм.


Монгол, Япон 2 улс шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагааны хүрээнд олон ажлуудыг хамтран гүйцэтгэж ирсэн. Тухайлбал өнгөрсөн 1 дүгээр сард ШУА-ийн ерөнхийлөгч агсан Б.Энхтүвшин Япон улсад айлчилж, ШУА-ийн албан ёсны төвийг байгуулах гэрээнд гарын үсэг зурсан байдаг. Ингэснээр Монголын судалгааны төвийг Осакагийн үндэсний угсаатны музейд нээж байжээ.


Холбогдох утас 99045949