Уучлаарай, Тэрбумтан Жек Ма! Та дэлхийг цахим технологиор хэрж чадсан луугаруудын гэмшлийг ойлгоогүй явж байна даа. Ердөө л тэдний хэдийн гарсан оргил руу л даган дуурайж, мацаж байна.

/Хятадын тэрбумтан Жек Ма-гийн Монголын дээдсийн хүрээлэнд зочлоод Их гэрт уншсан лекцийг сонслоо./

Компьютерийн эзэнт гүрэн Apple компанийг үндэслэгч Стив Жобс "Хүн төрөлхтөн"-д юу үйлдсэндээ гэмшиж, тэрээр өөрийн үр хүүхдүүдээ гар утас компьютертэй ойр байхыг хориглосон шүү дээ. Адам Евагийн алимыг хазсан Стив Жобс 56 настайдаа хорт хавдраар өөд болохынхоо өмнө амьдрал бол "Амьд харилцаа юм" гэдгийг ухаараад үхсэн.
Харин шинэ тэр бумтан Жек Ма та тэдний анх ид хаваа болгож байсан даяарчилалын цаг дээр л явж байна. Харамсалтай нь түрүүлж төрсөн ухаантангууд чинь даяарчилал бус дангаарчилал гэдэг илүү чухал юм байна гэдгийг ойлгосон.
Тэд "дэлхийн даяарчилал" фермийн химийн бодисоор түнтийсэн тахиаг бөөндөх, генийн өөрчлөлтөнд орсон том төмс, улаан лооль хүн төрөлхтөнд сэтгэцийн өвчин, хорт хавдар зөөвөрлөж буйг, хүмүүс нийтээр гар утас компьютерийн дэлгэцийг ширтцгээж бүгд гөлгөр нүдлэж байгаад гутарсан шүү дээ.
Хөрөнгөний оргилд гарсан сэхээрсэн сод тархитангууд гараар нэхсэн оймсонд дурлаж, эмэг эхийнхээ хар шороонд булсан төмсийг амтархаж, онгон дагшин бэлчээрт идээшилж яваа малын шимд дурлаж байна даа. Хүн төрөлхтөн өөр өөрийн үндэстэний уламжлал соёлоороо дэлхийг илүү өнгөлөг гэгээлэг бас гэгээн мөн чанартай болгодогийг мэдцгээсэн. Хүмүүний халуун амьсгал, хоёр нүдний амьд цэнгэл, гэр бүлийн халуун дулаан хүмүүн төрөлхтөнд чухаг. Түрүүлж төрсөн сод ухаантангуудын алдааг та засахаар зогсож буй бол таныг суут мэргэн гэж санах байлаа.
Харамсалтай нь манай Монгол Их гэрт тавьсан илтгэл чинь өрөвдөлтэй байлаа. Таныг даган дуурайх шинэ сод санаа гэх юм даанч алга.
Хэт их хүнтэй Хятад улсад хоцрогдож явсан зүйл л таны гараар нэг оржээ. Түүний л буян.
Адам Евагийн алимнаас хазсан Стив Жобс-ын алимны амт харин Алибаба буюу далайн дээрэмчиний олзноос арай л сэхээрүүлэх шидтэй байжээ.
Монгол залуус таны үгэнд дурлахгүйгээр дэлхийн сод нөхдийн толгой дээр Монгол суу билиг болон илүү сэтгэл зүрхтэйгээр цахиур хагалах цаг ирнэ гэдэгт би итгэж байна!
Уучлаарай, Тэрбумтан Жек Ма!

/ Манай төрийн ордонд жинстэй уг нь ордоггүй юм. Жинстэй орохыг хүлээн зөвшөөрсөн нөхөд бол таны даяарчлалд хэт итгэсэн хэдхэн хөөрхийлөлтэй амьтад.

Зохиолч яруу найрагч Б.Батрэгзэдмаа