Герман Монголын хамтарсан “Отгонбаяр” сангийн санаачлагаар, “Монгол Германы Гүүр” ТББ-ын дэмжлэгтэйгээр “Ойлголцол-хөгжлийн гарц” уриан дор энэ сарын 08-17-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо Монгол-Германы залуу улс төрчдийн Анхдугаар Чуулган болон ажил хэргийн уулзалтууд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөв.

Чуулганы хүрээнд олон намын төлөөллийн илтгэл тавигдаж, “Ойлголцол-хөгжлийн гарц” сэдвийн хүрээнд улс төрийн соёлын харилцаан дахь олон асуудлуудыг хэлэлцэхийн зэрэгцээ Монгол Германы залуу улс төрчдийн хамтын ажиллагааг эхлүүлэх боломжийг бүрдүүлж өгсөн онцлогтой болсон юм.

Анхдугаар Чуулган нь Төрийн ордны А танхимд болсон бөгөөд олон намын 120 гаруй залуу улс төрчид хамрагдлаа. МАН-ын төлөөллөөс УИХ-ын гишүүн Д.Гантулга, Д.Цогтбаатар нар, АН-ын төлөөллөөс УИХ-ын гишүүн Ж.Батзандан, БНН-аас намын дарга Б.Жаргалсайхан болон Монголын нам улс төрийн залуу улс төрчид оролцов.

Тэд илтгэл тавьж, залуу улс төрч хүний зүгээс өөрсдийн үзэл бодол, нийгмийн үнэт зүйлсийн тухай болон улс төрийн намын үзэл баримтлалын хүрээнд санал дэвшүүлсэн юм.

Мөн ХБНГУ-ын Бавари Мужийн ЦСҮ намын ИТХ гишүүн Эмэгтэйчүүд, Залуучуудын Холбооны ТУЗ-ын гишүүн Солонго Тремл, Др. Михаэла Лэй, Флориан Адолфи нар ЦСҮ намын үзэл баримтлал, намынхаа үнэт зүйлс, өнөөгийн бүтэц зохион байгуулалтаа танилцуулсан билээ.

Энэхүү уулзалтын үр дүнд тодорхой шийдэлд хүрсэн бөгөөд үүний нэг нь Монгол Улсын улс төрийн төлөөлөл болсон залуучууд анх удаа ирэх есдүгээр сарын 08-17-ны өдрүүдэд ХБНГУ-руу Айлчлал хийх гэж байна.

Тус Айлчлалыг Парламентын хамгийн залуу гишүүн Д.Гантулга ахалж явах юм. Айлчлалын үеэр Европын Холбоо, ХБНГУ-н Бундестаг болон Бавари Мужийн Парламентийн гишүүд, томоохон улс төрийн намын дэргэдэх сангууд, Монголын залуу улс төрчдийн төлөөллийг тусгайлан хүлээн авч уулзалт хийх юм.

Уг айлчлалын гол зорилго нь ХБНГУ-ын улс төрийн тогтолцоо болон үйл ажиллагаатай танилцаж, практик туршлагыг судлах, хоёр орны улс төрч залуучуудын харилцаа холбоог сайжруулах замаар харилцан суралцах, цаашдын хамтын ажиллагааны гарцуудыг нээн ажил хэрэг болгоход чиглэгдэж байгаа ажээ.

Тус айлчлалд явуулах намуудын төлөөлөлд тодорхой шаардлага тавих ба намаа бүрэн төлөөлөх чадвартай хоёроос дээш жил тус намдаа ажилласан 25-35 насны залуу улс төрч байх юм.

Бүртгэлийг Монгол-Германы Гүүр ТББ дээр хүлээж авч байгаа бөгөөд дараах хаягаар бидэнтэй холбогдоно уу.

И-Мэйл: [email protected]

Утас: 315990