Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат сайдууддаа томилж дууслаа. Түүний танхим ирэх дөрвөн жилд 13 яам, 16 сайдтай ажиллах юм. Сайд нарынх нь 7 нь УИХ-аас томилогдсон бол 9 нь парламентын гаднаас томилогдлоо. Удаан хүлээлгэсэн дөрвөн сайд ийнхүү томилогдов.

ХХААХҮС-д П.Сэргэлэн томилогдлоо.

П.Сэргэлэнг Хүнс хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн сайдаар томилох тухай саналыг хэлэлцэн гишүүдийн 96.9 хувийн саналаар дэмжин баталлаа. Санал хураалтад 58 гишүүн оролцсоноос 56 нь П.Сэргэлэнг сайдаар томилохыг дэмжив.

Тэрбээр 1994 онд Улсын багшийн дээд сургууль, 2006 онд Санхүү, эдийн засгийн дээд сургуулийг төгссөн. АНУ, Хонконг, Итали, Сингапурт малын удмын сан, мал бүртгэлийн менежмент, жижиг, дунд үйлдвэрлэл, хөгжлийн бодлого, мэдээллийн технологийн чиглэлээр мэргэшлийн сургалтад хамрагдсан юм байна. 1995-2009 онд “Ноён сүлд” ХХК-ийн захирал, 2010-2014 онд “Буудайн хур” газар тариалангийн компанийн Ерөнхий захирлаар ажиллаж байжээ.

 

Эрүүл мэндийн сайдаар А.Цогцэцэгийг томиллоо.

А.Цогцэцэгийг Эрүүл мэндийн сайдаар томилох тухай саналыг хэлэлцэн гишүүдийн 96.4 хувийн саналаар дэмжин баталлаа. Санал хураалтад 56 гишүүн оролцсоноос 54 нь дэмжив.

А.Цогцэцэг нь 1986 онд Анагаах ухааны дээд сургууль, 2001 онд Удирдлагын академийг тус тус төгссөн. 1988, 1992, 1997 онд Анагаах ухааны дээд сургуульд арьсны эмгэг эс судлаачийн чиглэлээр, 2006 онд БНСУ-ын гоо засалч эмчийн чиглэлээр, 2015 онд Анагаахын шинжлэх ухааны их сургуульд эмнэлгийн менежерийн чиглэлээр мэргэжил дээшлүүлжээ. Хүний их эмч мэргэжилтэй. Анагаах ухааны доктор, клиникийн профессор цолтой. 1986-1988 онд Арьс өнгөний эмгэг судлалын үндэсний төвд их эмч, 1988-2003 онд Арьсны өвчин судлалын үндэсний төвд Тасгийн эрхлэгчээр тус тус ажилласан. 2003 оны тавдугаар сараас Арьсны өвчин судлалын үндэсний төвийн Ерөнхий захирлаар ажиллажээ.

 

БХБ-ын сайдаар Г.Мөнхбаярыг томилов.

Барилга хот байгуулалт /БХБ/-ын сайдаар Г.Мөнхбаярыг томилуулах тухай саналыг хэлэлцэн гишүүдийн 91.1 хувийн саналаар дэмжин баталлаа. Санал хураалтад 56 гишүүн оролцсоноос 51 нь дэмжих кноп дарсан юм.

Тэрбээр 1989 онд ОХУ-ын Уралын политехникийн дээд сургуулийг барилгын инженер мэргэжлээр төгссөн. Барилга, дулаан хангамжийн мастер, Монгол Улсын зөвлөх инженерийн зэрэгтэй юм байна.

1989-1990 онд Нийтийн ахуйн үйлчилгээний яамны Туршилт, тохируулгын ангид инженер, 1990-1991 онд Найрамдлын районы 6 дугаар конторт инженер, 1991-2004 онд Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газарт техникч, инженер, ерөнхий инженер, дарга, 2004-2007 онд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд ерөнхий менежер 2007-2008 онд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, 2008-2012 онд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, 2012-2016 онд Нийслэлийн иргэдийн Хурлын төлөөлөгчөөр тус тус ажиллаж иржээ.

 

П.Ганхүүг Эрчим хүчний сайдаар томилохыг гишүүдийн 88.7 хувь нь дэмжин баталлаа. Санал хураалтад 53 гишүүн оролцсоноос 47 нь дэмжив.

П.Ганхүү нь 1997 онд Нийгэм, эдийн засгийн дээд сургууль, 1999 онд МУИС-ийн Эдийн засгийн сургууль, 2015 онд Австралийн Сиднейн их сургуулийг тус, тус төгссөн. Эдийн засгийн магистр. АНУ, Япон улсад эрчим хүчний чиглэлээр мэргэшил дээшлүүлсэн байна.

1997-1999 онд Нийгэм, эдийн засгийн дээд сургуульд багш, салбарын эрхлэгч, 1999-2001 онд МУИС-д “ТАСИС” төслийн зөвлөх, 2002-2004 онд Дэд бүтцийн яаманд мэргэжилтэн, 2004-2009 онд Түлш, эрчим хүчний яаманд газар, хэлтсийн дарга, ахлах мэргэжилтэн, 2009-2012 онд Эрчим хүчний газрын орлогч даргаар тус тус ажиллажээ.