Олон улсын парламентын холбооноос УИХ-ын гишүүн агсан С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт эхнэр Б.Булганыг сэжиглэн шалгаж буйтай холбогдуулан манай улсад тайлан, зөвлөмж ирүүлсэн байна. Энэхүү зөвлөмжийг бүрэн эхээр нь хүргэе.

 

“1990-ээд онд Монгол Улсад үүссэн ардчилсан хөдөлгөөний эцэг хэмээгдэх бөгөөд 1998 оны аравдугаар сарын 2-ны өдөр амь эрсэдсэн УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн сайд асан С.Зоригийн хрдбогдолтой хэрэг болон 197 дугаар чуулганы хуралдаанаас гаргасан шийдвэр (Женев, 2015 оны аравдугаар сар)-тэй холбогдуулан, ОУПХ-ны Парламентын гишүүдийн хүний эрхийн асуудал эрхэлсэн хорооны дэд ерөнхийлөгч хатагтай Маргарет Киенер-Неллен тэргүүтэй төлөөлөгчдийн 2015 оны есдүгээр сарын 16-19-ний өдрүүдэд Монгол Улсад хийсэн айлчлалын үр дүнгийн тухай тайлан (СL/198/12(b)-R.1), түүнчлэн нэхэмжлэгчид болон гуравдагч этгээдээс ирүүлсэн шинэ мэдээлэлтэй холбогдуулан төлөөлөгчдийн тайлан нь тэдний урьдчилсан судалгааны үр дүнг бүрэн нотолж, дараахь үндсэн дүгнэлтүүд агуулж байгаа болохыг харгалзан үзсэн болно” хэмээн дурджээ.

 

Мөн “Мөрдөн байцаах ажиллагаа бараг 18 жил тасралтгүй үргэлжилсэн боловч хэн нэгнийг хариуцлагад татаагүй байгаа бөгөөд нууцлагдмал байдлаар хэвээр үргэлжилж буй. Энэхүү хүн амины хэрэг нь далдуур хийгдсэн улс төрийн аллага гэсэн ойлголт өргөн тархсан хэвээр байна.

 

Мөрдөн байцаалтыг тойрсон хэт нууцлаг байдал, мөн түүнд ахиц гарахгүй байгаа байдал нь мөрдөн байцаах ажиллагаанд түүнчлэн үнэнийг тогтоох улс төрийн үнэн хүсэл зориг байгаа эсэхэд итгэх итгэл үнэмшлийг ихээхэн хэмжээгээр мохоож байна.

 

С.Зоригийн амь насыг хохироосон хэргийг илрүүлэх ээлжит оролдлого нь эдүгээ улс төрийн чанартай хоосон амлалт хэмээн өргөн олонд ойлгогдох болсон. Мөрдөн байцаах ажиллагаа нь үр дүнд хүрэхгүй байгааг тайлбарлах олон хүчин зүйлийн нэг нь улс төрийн оролцоо байж болохыг үгүйсгэх аргагүй.

 

С.Зоригийн бэлэвсэн эхнэр Б.Булганыг Тагнуулын ерөнхий газар баривчилж, түүнээс хойш Төв аймгийн шоронд хорьсоор байгаа. Найдвартай эх сурвалжийн мэдэгдсэнээр түүнийг ийнхүү удаан хугацаагаар хорьж байгааг шүүгч хянан үзэж, батлаагүй ба түүнд албан ёсоор ямар нэг ял тулгаагүй байгаа гэдэг.

 

Эх сурвалжуудын мэдээллэснээр, Булганыг ганцааранг нь хорьж байгаа бөгөөд түүнд эмнэлгийн тусламж үзүүлдэггүйн дээр ерөөнд нь 24 цагийн турш хиймэл гэрэлтүүлэг байнга асаатай байдаг гэнэ. Мөн түүнийг тагнуулын газрын ажилтнууд байцааж, сэтгэл зүйн хүнд дарамтад байлгадаг аж.

 

Түүний байдлыг Монголын холбогдох эрх бүхий бүх байгууллага, түүний дотор төрийн тэргүүн, УИХ-ын Хүний эрхийн хорооны дарга болон бусад гишүүд, мөн Хүний эрхийн үндэсний комисс сөхөн тавьж байсан боловч ямар нэг хариу өгөөгүй бөгөөд Булганыг цагдан хорих нөхцөл өөрчлөгдөхгүй хэвээр байна.

 

Эх сурвалжуудын нотолж байгаагаар, гэм буруугүйн презумпцийг үл хүндэтгэхээс гадна Булганыг Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль тогтоомж мөн олон улсын хүний эрхийн хэм хэмжээг зөрчин хууль бусаар хорьж, эрүү шүүлт тулгаж байгаа ажээ. Мөрдөн байцаах ажиллагаа эхэлснээс хойш түүнийг ийнхүү хоёр дахь удаагаа хорьсон байна...

 

...Монголын эрх бүхий байгууллагуудын зүгээс ямар нэг хариу арга хэмжээ авахгүй байгаад харамсаж байна. УИХ-ын Тусгай хяналтын дэд хорооны дарга, ерөнхий прокурорын орлогчийн зүгээс амалсан мэдээллийг яаралтай авахыг хүсч байна. Улмаар хэргийн холбогдолтой үйл явдлын талаар тогтмол мэдээллэж байхыг дахин хүсье.

 

Монголын холбогдох бүх байгууллага, тухайлбал, ерөнхий прокурор, түүний орлогч, түүнчлэн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын даргад Үндэсний аюулгүй зөвлөлийн гишүүдийн хувьд С.Зоригийн амь насыг хороосонтой холбогдуулан гаргасан шийдвэрийн дагуу шударга ёс ялахын төлөө өөрсдөөс хамаарах бүхнийг хийхийг дахин зөвлөмж болгож байна.

 

С.Зориг агсны эхнэрийг хууль бусаар хорьж, эрүү шүүлт тулгаж байна гэх ноцтой мэдээ сонсоод, мөн үүнтэй холбогдуулан эрх бүхий байгууллагуудаас өгсөн мэдээлэл байхгүй байгаад цочирдож, гүнээ санаа зовж байна. Холбогдох хууль тогтоомжийг хатуу баримтлан түүнийг даруй суллахыг уриалъя.

 

Түүнийг хэрэгт сэжигтнээр татах ямар нэг нотлох шинэ баримт байгаа бол зөв зохистой ажиллагааны хэм хэмжээг, түүний дотор гэм буруутайг нотолсон шүүхийн эцсийн шийдвэр гарах хүртэл гэм буруутайд тооцохгүй байх эрхийг бүрэн хэмжээгээр ямагт дээдлэн хүндэтгэх ёстой.

 

Урьд өмнө мөрдөн байцаах ажиллагааны явцад сэжигтэнтэй буруу харьцаж, албадан мэдүүлэг гаргуулж байсан. Тухайлбал, мөрдөн байцаах ажиллагаа дөнгөж эхлэх үед дээрхтэй төстэй нөхцөлд Булганы анх баривчилж байсантай холбогдуулан хэд хэдэн тохиолдолд санаа зовниж байгаагаа илэрхийлж байсныг мартаж болохгүй. Хороо энэхүү хэргийг үргэлжлүүлэн судалж, зохих ёсоор эргэж тайлагнахыг хүсч байна”

 

Олон улсын парламентын холбоо