Тэр буцлаа. Тэр яг л хүмүүсийн тааварлаж байсан лугаа гэнэт л яваад өглөө. Өөрийнхөө үеийн, өөртэй нь адилтгаж болохуйц цорын ганц од Коби Брайант шиг бүтэн жилийн үдэлт-тойрон аялал гэж сүржигнэсэнгүй. Тэр зүгээр л “баяртай” гэж хэлээд хаалгаа хаагаад явчихлаа.

Мэргэжлийн сагсан бөмбөгийн лиг НБА-д 1997 онд драфтын нэгээр “Сан Антонио Спёрс” багт элсэн орсон цагаасаа нэг багт, нэг дасгалжуулагчийн удирдлага дор 19 жил сэлгээ үгүй тоглохдоо таван удаа аваргалж, гурван удаа MVP (улирлын шилдэг тоглогч) болж байсан, 3000-аас дээш блок-шот, 25 мянгаас дээш оноо, 15 мянгаас дээш самбар авалт гээд хэн ч давтахааргүй амжилтын эзэн ТиДи хочит Тим Данкан түүнээс бусад нь төсөөлж чадахааргүй өвөрмөц бөгөөд энгийн байдлаар ийнхүү зодог тайлж байна.

Түүний багын анд Дэнни Грин нэгэн удаа “Би ТиДиг харахаараа биширдэг юм. Тэр намайг бэлтгэлийн зааланд очиход аль хэдийнэ ирчихсэн халаалтаа хийгээд зогсож байдаг гээч. Бидний залуус баахан шуугиулж байгаад бэлтгэлээ дуусаад гарах үед тэр хоцорч бөмбөг шидээд үлдэнэ. 19 жил яг ийм маягаар бэлтгэл хийж байгаа хүн төмрөөр хийсэн байлаа ч гэлээ хайлаад урсана биз дээ. Тэгэхээр тэр Данкан гэдэг чинь хүн мэдэхгүй материалаар хийгдсэн байх нь” хэмээн биширч байсан юм.

2016 оны тавдугаар сарын 13-нд “Оклахома”-д 4:2 гэсэн харьцаагаар хожигдож энэ улирлын тэмцлээ дуусгасан Данкан эсрэг багийнхаа лидер Дюранттай тэврэлдээд амжилт хүсч мөрөн дээр нь алгадчихаад хонгилоор гарч явах үед ордонд байсан сурвалжлагчид бүгд ялагчид руу бус ялагдсан Данканы хойноос цувсан. Тэд “ноён суурь”-ыг зодог тайллаа гэж хэлнэ хэмээн горьдохгүй юу. Гэтэл тэр нөхөр зүгээр л хувцсаа аваад далай руу яваад өгсөн. Аргаа барсан сэтгүүлчид дасгалжуулагч Поповичээс танай энэ 40 настай залуу чинь дараа жил тоглох уу гэж асуухад “мэдэхгүй ээ, тэр надтай дуугарахаа болиод дөрвөн жил болж байгаа” гэх хошин үг шидээд хэвлэлийн хурлаа дуусгаж байж билээ. Даруу гэхэд дэндүү даруу тэр бусдын анхаарлыг өөртөө татахыг хүсээгүй л юм байна. Ингэсний ачаар бид элдэв зүйлд сааталгүй тун сайхан плей-оффын тоглолт үзсэн. Тэгээд бүх зүйл намжсаны хойно монгол наадмын өглөө тэр доорх захидлыг үлдээгээд зодог тайлснаа илэрхийллээ.

“Хэн нэг нь намайг 19 жилийн өмнө өөрийнхөө ирээдүйн амьдралыг найруулаад бич гэсэн бол би яав ч ийм аяллыг зохиож туурвихгүй байлаа.

Одоо урт аяллынхаа төгсгөлд зогсоод өнгөрсөн бүхнээ харж алжаамуй.

Ялалт, ялагдал чухал ч гэлээ би зөвхөн хүмүүс та нарын тухай л санан үлдэх болно. Талбайн гадна ба дотор байх хөгжөөн дэмжигчид, дасгалжуулагч ба багийн бүтэц дэх ажилтнууд, манай багийн андууд (бас өрсөлдөгид) гэх насан туршийн маань найз нөхөд, аавынхаа ажлыг харж өссөн хүүхдүүд маань гээд түмэн олон та нарыгаа л сайн тогтоож үлдье.

Сан- Антонио хотдоо энэ олон жил хайр халамжаар дутаагаагүйд нь баярлалаа. Дэлхийгээр нэг тарсан хөгжөөн дэмжигчдэдээ баярлалаа.

Гүн хүндэтгэсэн, Тим” гэсэн захиагаар тэр гайхамшигт замналаа өндөрлөлөө. Тэгээд түүний өмнөөс сэтгүүлчдийн асуултад “тайлан” тавих ажлыг Грег Поповичид үлдээсэн бололтой. Алдарт дасгалжуулагч нь хэвлэлийн хуралд Данканы хөрөгтэй богино цамц өмсчихсөн ирээд жаал хүүрнэсэн нь энэ байна.

“Тэр намайг ийм маягаар хувцаслахад хүргэлээ. Яагаад болохгүй гэж. Би энэ олон жил түүний ачаар цалин авч байсан юм чинь одоо сүүлийн өдөр тэр надад ядаж цамцаа өгч болно биз гэж бодоод. Тоглоом шоглоомоо хойш нь тавиад хэлэхэд өнөөдөр та бүхний өмнө тэр биш би суугаад учирлах ямар ёсон байна вэ гэдгийг жаахан тунгаалаа. Тэгээд ойлголоо. Энэ нь Тим Данканыг хэн бэ гэдгийг харуулах хөрөг нь юм байна. Тэр 19 жилийн туршид зөвхөн сагсан бөмбөгийн талбай дахь ажлаа сайн хийж анд нөхөд, хөгжөөн дэмжигчдээ баясгах ёстой гэдгээ ухамсарлан тэмцсэн болохоос бус сагсан бөмбөгийн талбайн гаднах амьдрал хэзээ ч сонирхлыг нь татаж байсангүй. Чамтай хамт өнгөрүүлсэн он жилүүд гайхамшигтай байлаа. Хэнтэй ч зүйрлүүлшгүй нэгэн байсан шүү, чи. Мөн ч олон удаа чамд уурлах үе гардаг байлаа. Самбарт зүтгэсэнгүй, оноогоо авсангүй, буруу дамжууллаа гээд чамайг түмний өмнө олон ч удаа загнаж хашгирсан даа. Поп баярлалаа, Поп чиний зөв, хэрэгтэй үед хүч өглөө гэж хэлээд нүднийхээ булангаар цоо ширтэх чиний харц. Дараа нь баахан инээлдэнэ.

Тэр одоо цагийн одод шиг бүхний анхаарлыг өөртөө татахын төлөө тоглож байсангүй. Камерын өмнө биш ард нь зогсохыг эрмэлздэг байлаа. Ерөнхийдөө тэр түмэн олны нүдэн дээр далд амьдарч байсан гэрэлт од юм шүү. Даруухан зангий нь санаж үлдээрэй” гээд хэвлэлийн хурлаа дуусгасан. Мэргэжлийн түвшинд энэ олон жил тоглох явцад 140 орчим сагсан бөмбөгч түүнтэй ээлж дараалан нэг багт тоглож, солигдож байсан гэх юм. Гэвчиг 19 жилийн хугацаанд ганцхан баг, ганц Грег Попович хэмээх дасгалжуулагчийн удирдлага дор тамирчны замналаа өнгөрөөсөн тул түүнийг энэ хүн л төгсгөлд нь зөв үнэлнэ үү гэхээс өөр хэн дүгнэх билээ.

Бэлтгэсэн

Д.Бат-Эрдэнэ