Эрүүл мэндийн яам эмэгтэй сайдтай боллоо гээд дээрдсэн юм алга. Эмнэлэг бүрт нь дарга болох гэсэн маргаан тасарсангүй. Эмч нар нь энхийн манаанд тангараг өргөснөө умартаж, суулт зарлан бусдын эрүүл мэндээр эгээтэй л туг тахисангүй. Ингэлээ гээд Эрүүл мэндийн сайд Н.Удвалд ч тэр, эмч нар нь ч тэр айж эмээж байгаа юм алга. Болох ёстой зүйл болдгоороо болж байгаа юм шиг л маргалдаж байх юм. Сайд Н.Удвал нь “Би сайдын эрх мэдлийн хүрээнд даргыг нь томилсон. Би тушаалаа өөрчлөхгүй” гэх. Эмч нар нь “Бид шинэ даргыг хүлээж авахгүй. Эмнэлэг дотроос биш юм гэхэд Эрүүл мэндийн яамны газрын дарга нараас ч болсон өөр дарга томил” гэв. Гол нь ингэхдээ тэд эрүүл мэндийн салбарын уналт, доройтлын талаар нэг ч үг унагасангүй. Зөвхөн “Дарга” гэсэн ганцхан сэдвийг тойрж ярьсаар хэлэлцээрийн ширээнээс босч байгаа харагдсан. Угтаа бол дарга хүн эмчилдэггүй учраас энэ талаар асуудал болгож хэлэлцээр хийгээд байх шаардлага тус яаманд байгаагүй юм.Тэгвэл та дээрх маргааныг эмнэлгийн үүдэн дээр амиа тавьсан олон арван иргэний гунигт хувь тавилантай харьцуулаад үзээрэй.Зөвхөн Н.Удвал сайдыг ажлаа авснаас хойш гэхэд эрүүл мэндийн салбарт олон хүн эмч нарын буруугаас амиа алдсан байгаа. Тэр бүхнийг тухай бүрт нь мэдээлсэн учраас энд дахин дэлгэхээс татгалзъя. Зөвхөн өчигдрийн жишээгээр гэхэд эмч нарын буруугаас охиноо алдсан эх Эрүүл мэндийн сайд Н.Удвалд хандан захидал бичсэн байна билээ. Алгын чинээ охиноо гурван нас хүртэл нь хайрандаа бөөцийлж, амьдралынхаа баяр баясгалан болгож явсан эх ердөө 30 цагийн дотор охиноо алдчихаж. Гэхдээ гэртээ бус эмнэлэг дээр. Тэрбээр энэ талаар захидалдаа “Анх охиныг минь хүлээн авч хэвтүүлэхдээ хүнд оноштой хүлээн авчихаад жижүүрийн эмч, сувилагчид хүнд гэж хүлээлгэн өгөөгүй, улмаар ээжид нь хүнд байна гэж хэлээгүй, эмнэлэгт ирсэн шөнөдөө үзэж хянаагүй, эмчилгээ хийгээгүй байснаас болж 2013 оны есдүгээр сарын 27-ны өдөр эмчилгээ хийсэн боловч үр дүн өгөөгүйн улмаас миний охин эмнэлэгт хэвтээд 30 цаг гаруй болоод нас барсан.

Миний охины өвчиндөө хэрхэн шаналж, зовж байсан нь миний нүдэнд одоо ч харагдаж сэтгэл минь өмөрч гол минь гонсойж сууна. Тэгш хүртээмжтэй үйлчлээгүй, эмнэлгийн ажилтны ажил үүргээ нэр төртэй биелүүлж чадаагүй, хүйтэн хөндий цэвдэг сэтгэлээр хандсанаас болж миний охин хорвоог орхисон гэж бодож байна” гэж бичсэн байна билээ. Энэ бол нэг л жишээ. Эмч нар ажил мэргэжилдээ хариуцлагагүй хандаж, Эрүүл мэндийн сайд нь салбартаа сэтгэл гаргахгүй байгаагийн баталгаа.

Уг нь Н.Удвал сайд Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх үеэрээ “Эх хүн сэрэхэд эх орон сэрдэг. Эх орон сэрэхийн бол энэ тэр эмхэрнэ” хэмээж байсан. Цаашлаад “Эхчүүд минь надаар дамжуулан Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр дүр эсгэсэн нүдтэй ч юм шиг, чихтэй ч юм шиг, халуун сэтгэлтэй ч юм шиг энэ төрийг өөрчилж эхийн халуун сэтгэл, юун зөөлөн сэтгэлтэй ийм сайхан иргэнлэг төрөөр сольё гэж уриалсан. Ногоон торгон дээлээр хэчнээн жил гоёлоо доо гэж та бид нар дуулдаг шүү дээ. Ээжийгээ бодож, эмээгээ бодож дуулдаг. Би энэ сонгуулийн сурталчилгааны үед ээжийн ногоон дээлийг өмсөж, орой болгон та бүхэнтэйгээ цэнхэр дэлгэцээр уулзаж, учрах газар болгондоо уулзах бүрт надад дэмжлэг үзүүлж нулимстай нүдээрээ угтан надтай инээлдэж, дуулалдаж, маргалдаж зөрөлдөж зөвлөлдөж байсан. Та нар минь ээжүүдээ, эмээгээ бодож намайг сонгоорой” гэсэн.

Хэдийгээр тухай үед нь Монголын ард түмэн түүнийг Ерөнхийлөгчөөр сонгоогүй ч гэсэн тэрбээр төрийн, тэр дундаа Эрүүл мэндийн сайд хүн. Тэрбээр тухайн үед хэлж байсан үг шигээ эрүүл мэндийн салбарыг эхийн сэтгэлээр удирдсан бол гурван настай охин нь бурханы оронд одсонд шаналсан ээж дээрх эл захидлыг бичиж, элгээ эмтрүүлж суухгүй байсан юм. Ядаж л Н.Удвал сайд салбартаа санаа тавиад, эмч нарын хариуцлагыг дээшлүүлэхийн төлөө хэлэлцээрийн ширээнээ суудаг байсан бол ийм эмгэнэлт хэрэг удаа дараа болохгүй байх байсан. Иймд Эрүүл мэндийн сайд Н.Удвалаас хариуцсан салбартаа эхийн сэтгэлээр хандахыг дахин, дахин гуйя. Эс бөгөөс “Эрүүл мэндийн салбарыг эх хүн дампууруулчихсан шүү дээ” гэсэн эцэс төгсгөлгүй гомдлын бай болох сонголтгүй тодотгол таныг хүлээж байгаа гэдэгтэй маргах хэрэггүй биз ээ.

 

2013 оны 9-р сарын 26-ний өдрийн 17-н цагт СБДүүргийн 15-р хороо Дамбадаржаагийн 6-25-1 тоотод оршин суугч Төрмөнх овогтой Маралжингоо нь тус дүүргийн харьяа өрхийн эмнэлэгт үзүүлж хэвтэх бичиг аван хордлогийн оноштой СБДүүргийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн хүлээн авах тасагт өөрсдийн биеэр очсон. Хүлээн авах тасгийн эмч болох Б.Соёл-Ундрах эмч хүлээн авч тус эмнэлгийн тасагт хэвтүүлсэн. Улмаар хүүхэд маань шөнийн 02 цагаас өглөөний 07 цаг хүртэл гэдэс нь хүчтэй базалж өвдөж эхэлсэн. Энэ хугацаанд ээж би 30 минут тутамд тухайн ээлжинд гарч байсан сувилагчид болох Л.Оюунгэрэл, Н.Сувд-Эрдэнэд өөрийн биеэр очиж хүүхдийн биеийн байдал дордоод жижүүр эмчийг дуудаж өгөөч гэсэн хүсэлт тавьсан боловч дуудаж өгөөгүй болохгүй бол би өөрөө дуудъя гэхэд чи дуудахгүй эмчийг сувилагч дууддаг гэж хэлсэн. Охин маань байж ядаад амь нь тэмцсэн байдалтай орноос зуурч ээжийгээ /намайг/ цааш нь түлхэж байсан. Аргаа ядсан ээж болох П.Ариунаа би сувилагч нарт очин охинд минь ядаж өвчин намдаах тариа ч болтугай хийж өгөөч гэж гуйсан боловч өглөөний 8 цаг 20 минут гэхэд ээлж солигдох хүртэл ямар ч тариа хийхгүй тэсэхээс өөр арга байхгүй гэж хэлээд буруу харан нойроо харамлан унтаад байсан. Хэвтсэн хугацаанд маш их хэмжээний шингэн алдаж доошоо суулгаж долоон ширхэг памперс хэрэглэсэн. Аргаа барсан эцэг, эх, ах дүү бид улсын ганц хүүхдийн эмнэлэг болох Эх нялхсын төв рүү авч явах саналыг хоёр удаа тавьсан боловч биднийг үл тоосон. Сүүлдээ охин минь өглөөний 7 цагийн үед өвчин нь улам хүндэрч, байж суухын аргаүй болоход ээж би уйлаад 2 сувилагч руу дахин очиж хэлэхэд миний нулимсыг харсандаа ч тэр үү сая нэг юм жижүүр болох Г.Оюунчимэг эмчийг дуудаж охиныг минь үзээд хүндэрчихсэн байна шүүдээ эртхэн хэлэхгүй гээд толгой сэгсэрч яаралтай сэхээн амьдруулах тасаг руу шилжүүл гэж хэлсэн. Шөнөжингөө их хэмжээний шингэн алдсаны улмаас судас нь хагараад шинжилгээ хийж чадаагүй.Анх охиныг минь хүлээн авч хэвтүүлэхдээ хүнд оноштой гэж хүлээн авчихаад жижүүрийн эмч, сувилагчид хүнд гэж хүлээлгэн өгөөгүй, улмаар ээжид нь хүнд байна гэж хэлээгүй, эмнэлэгт ирсэн шөнөдөө үзэж хянаагүй, эмчилгээ хийгээгүй байснаас болж 2013 оны 9-р сарын 27-ны өдөр эмчилгээ хийсэн боловч үр дүн өгөөгүйн улмаас миний охин эмнэлэгт хэвтээд 30 цаг гаруй болоод нас барсан. Миний охины өвчиндөө хэрхэн шаналж, зовж байсан нь миний нүдэнд одоо ч харагдаж сэтгэл минь өмөрч гол минь гонсойж сууна. Тэгш хүртээмжтэй үйлчлээгүй, эмнэлгийн ажилтны ажил үүргээ нэр төртэй биелүүлж чадаагүй, хүйтэн хөндий цэвдэг шиг сэтгэлээр хандсанаас болж миний охин хорвоог орхисон гэж бодож байна.

/ ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМНЫ САЙДЫН 135-Р ТУШААЛ ЗӨРЧИГДӨН/

Хариуцлага алдсан :

Эмч Б.Соёл-Ундрах

Г. Оюунчимэг

Сувилагч Л.Оюунгэрэл

Н.Сувд-Эрдэнэ нарт хатуу хариуцлага тооцно уу!!!

 

Энэ 3 настай охин таны хүүхэд, ач зээ гээд та ганцхан удаа бодоод үзээч ээ!!!

 

Г.Отгонжаргал