Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, цахим сүлжээгээр маш олон иргэн “Төрийн албан хаагчийн хүүхдийг хувийн цэцэрлэгт үнэ төлбөргүй хамруулна” гэсэн мэдээг таагүй хүлээж авч байна.

Тэр дундаа нийгмийн нөлөө бүхий олон эрхэм энэ орон зайд манлайлан үүрэг гүйцэтгэв. Энэ тухай бухимдлаа ч олон хүн янз бүрээр илэрхийлсээр байна. Тэдний энэ илэрхийлэл эцсийн дүндээ “Төрийн нэрээр давуу эрх эдэлж байна” гэсэн нэгдсэн ойлголцолд хүрч буй юм. Энэ бүхний эсрэг талд хувийн хэвшилд ажилладаг гэр бүлийн хүүхдийг ялгаж байна гэсэн ойлголт урган гарч ирэв. Үнэндээ ямар ч үед төр иргэддээ ялгавартай хандаж болохгүй. Энэ бол үндсэн зарчим. Гэвч энэ бүхний цаана тодорхой хэдэн шалтгаан байгааг бид мартаж болохгүй. БОЛОМЖ ХААНААС ҮҮССЭН БЭ Бүх зүйл цаг хугацааны эрхээр түүх болж үлдэнэ. Төрийн албан хаагчийн хүүхдийг ч хувийн хэвшлийн цэцэрлэгүүд үнэ төлбөргүй сургах болсон нь түүхэн шийдвэр болох нь дамжиггүй. Тэгвэл энэ түүх хийгээд өргөн боломж яг ингэж эхэлжээ. Бүр тодруулбал, 2015 оны наймдугаар сар. Одоогоос яг бүтэн жилийн өмнө Монголын сургуулийн өмнөх хувийн хэвшлийн холбооноос сайн үйлсийн аян эхлүүлж, нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулиудад ажилладаг 3000 багшийн 3000 хүүхдийг хувийн цэцэрлэгүүдэд тусгай бүлэг гаргаж, үнэгүй явуулъя гэсэн саналыг тухайн үеийн Боловсрол, соёл шинжлэх ухааны яаманд тавьжээ. 3000 хүүхдийн нэг жилийн сургалтын төлбөр нийлээд зургаан тэрбум төгрөг болж байгаа юм. Үүгээр тооцвол зургаан тэрбум төгрөгийн хандивыг хувийн хэвшлийнхэн боловсролын салбарт зориулж, нийгмийн хариуцлагаа ухамсарласан гэсэн үг.

Цаашлаад дээрх 3000 хүүхдийг улсаас цэцэрлэгт хамруулахын тулд 120 хүүхдийн багтаамжтай 25 цэцэрлэг зайлшгүй шаардлагатай. Нэг цэцэрлэг барих мөнгө багаар бодоход 1.2 тэрбум төгрөг гэж тооцвол 30 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хэрэгтэй. Гэтэл шаардлагатай байгаа 30 тэрбум төгрөгийн хэмнэлтийг эдийн засгийн хүнд хэцүү цаг үед үйл ажиллагааны зардалтай нь хувийн хэвшлийнхэн шийдэх гэж байгаа нь таатай үйл явдал биш гэж үү... Үүнийг уг нь бид боломж гэж харах учиртай. Бусдын хүүхдэд цэцэрлэг хүрэлцэхгүй байхад багш нарын хүүхэд ч цэцэрлэггүй байх ёстой гэсэн хэтэрхий аминчхан үзлээр хандаж боломгүй юм л даа. Тэгээд ч дэлхийн бусад орон бага, дунд боловсролоос илүүтэй сургуулийн өмнөх боловсролд цаг хугацаа, хөрөнгө мөнгө зарцуулсаар ирсэн. Японы иргэд л гэхэд хотын соёл болоод хог хаягдлаа зориулалтын саванд хийх дадлыг сургуулийн өмнөх боловсролоос олж авдаг байх жишээтэй. Энэ бүхний нөгөө талд бага, дунд орлоготой орнуудад таваас доош насны 200 сая хүүхэд ядуурал, хоол тэжээлийн дутагдал, зохих халамж анхаарал байхгүй, сурах боломж хомсоос болж, өөрт байгаа потенциалаа хөгжүүлдэггүй гэсэн бараан мэдээлэл ч бас бий. Харин манай улсад одоог хүртэл сургуулийн өмнөх боловсролын тухай ойлголт үнэнийг хэлэхэд бага. “Хүүхэд харах хүнтэй байсан бол цэцэрлэгт хүүхэд зөөхгүй тайван ажлаа хийхсэн” гэдэг яриаг та хэзээ ч юм, хэн нэгнээс сонссон байх нь гарцаагүй. Үнэндээ манай улсын боловсролын салбар өнгөрсөн зуунд цэцэрлэг барих мөнгөөр бага сургууль ч хамаагүй босгох нь зүйтэй гэсэн бодлогоор явж ирсэн. УИХ-ын гишүүд хүртэл сургууль, цэцэрлэгийн засварын ажилд хяналт тавьдаг мэргэжилтэн мэтээр байж ирэв. Тэгвэл энэ таагүй цаг хугацаанд бид баяртай гэж хэлэх эхлэл ийнхүү тавигдаж байна. 3000 хүүхдийг боловсролтой болгоход хувийн хэвшил ийнхүү анхаараад эхэллээ. Энэ талаар тухайн үед салбарын сайд байсан Л.Гантөмөр “Бид үнэхээр энэ үйл явдалд баярлаж байна. Улсынхаа өмнөөс ачаа үүрээд ажиллах гэж байхад бид дэмжилгүй яах вэ” хэмээсэн нь бий. Харин энэ боломжийг салбарын шинэ сайд Ж.Батсуурь үргэлжлүүлэхээр шийдэж, яаран ажилдаа орсон нь бүр ч таатай. Угтаа аль ч салбарт сайн жишээг нь дэмжээд алдаа дутагдлыг нь засаад явах нь төрийн ажил. Хамгийн сүүлийн жилийн тоон мэдээллээс харахад 2015-2016 оны хичээлийн жилд цэцэрлэг хүрэлцэхгүйн улмаас 27 мянган хүүхэд гэрийн мухар сахисан байна. Харин дээрх шийдвэр гарснаар ядаж 3000 хүүхэд нийслэл дахь 318 хувийн цэцэрлэгээс сургуулийн өмнөх боловсролыг олж авах эрхтэй болж байна. Өнгөрсөн жилийн байдлаар нийслэлийн хэмжээнд төрийн өмчит сургуульд нийт 12 мянга орчим багш ажилладаг байна. Тэгвэл салбарын сайд Ж.Батсуурь “Цэцэрлэгт хамрагдах хүүхдийн тоог өнгөрсөн жилийнхээс 16 мянгаар нэмэгдүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ авч хэрэгжүүлсэн байна” хэмээсэн нь бий. Тэгээд ч Монгол Улсын Үндсэн хуулиар хүүхэд бүр сургуулийн өмнөх, бүрэн дунд боловсролыг үнэ төлбөргүй эзэмших эрхтэй. Энэ эрхийг Монголын төр бүрэн гүйцэд хангаж чадахгүй байгаа нь үнэн. Гэсэн хэдий ч эрхээ эдэлж эхлэх гэж байгаа үрсээ ингэж олноороо шүүмжлэх нь ихэнх талаараа зохимжгүй биш гэж үү. Үндсэндээ төрийн албан хаагчид нийтийн төлөө үйл хэргээ зориулах учиртай тул хувийн амьдралдаа бага цаг царцуулах боломжийг төр олгох учиртай. Харин энэ бүхний ард хариуцлага, ур чадвар ямар нэгэн байдлаар дагалдах учиртай. Энэ мэдээж өөр ойлголт, хөндлөн сэдэв. Гэвч дахин дахин улиглахад энэ бол төрийн шийдвэр биш хувийн хэвшлийн захиалга гэдгийг хамгийн түрүүнд ойлгох учиртай. Үүнийхээ дараа нийгмийн хариуцлагаа ухамсарлаж, төрийн зардлыг хэмнэхээр шийдсэн хувийн хэвшлийн цэцэрлэгүүдэд талархах учиртай. Үнэндээ тэд төрийн албан хаагчийн энэ олон хүүхэд байтугай 10 хүүхэд ч төлбөргүй сургах шаардлага байхгүй. Маш товчхондоо асуудлын гол, бухимдлын ялгаа энд байгаа юм. Түүнээс яам, Засгийн газраас шийдвэр гаргаад хувийн хэвшлийн үйл ажиллагаанд төрийн нэрээр оролцож давуу байдал эдлүүлсэн бол байдал өөр. Үүнээс өмнө хувийн цэцэрлэг л гэхэд төлбөр өндөртэй, дээрээс нь хүүхэд бүрийн тоогоор улсаас их хэмжээний татаас мөнгө авдаг. Тийм атлаа цэвэр бизнесийн үйл ажиллагаа явуулдаг гэсэн муу нэртэй байлаа. Энэ салбарт үндсэндээ хүмүүнлэгийн чиглэлийн ойлголт гэж байдаггүй гэсэн шүүмжлэл ч олон байв. Цөөн үгээр хэлбэл яавал, ямар аргаар бусдаас ялгарч их мөнгө олох вэ гэсэн хэтэрхий аминчхан үзэлтэй ханддаг байдал ч хувийн цэцэрлэгүүдийн дийлэнх хувийг эзэлдэг байсан юм. Энэ бол бодит байдал. Харин цаашид энэ байдал түүх болох эхлэл нь тавигдлаа. Хувийн хэвшлийн захиалгаар жилийнхээ орлогын 45 хүртэлх хувийг хүүхдийнхээ боловсролд зарцуулдаг залуу эх, эцгүүдийн ачаалал нэг хэсэг гэр бүлд ч болов нимгэрэх нөхцөл бүрдлээ. Үүнээс хойш хувийн цэцэрлэгүүдийг иргэд “шулагч”, “мөлчжигч” гэсэн нүдээр харахгүй гэдэг нь ч ойлгомжтой.

Дахин дахин улиглахад энэ бол төрийн шийдвэр биш хувийн хэвшлийн захиалга гэдгийг хамгийн түрүүнд ойлгох учиртай. Үүнийхээ дараа нийгмийн хариуцлагаа ухамсарлаж, төрийн зардлыг хэмнэхээр шийдсэн хувийн хэвшлийн цэцэрлэгүүдэд талархах учиртай. Үнэндээ тэд төрийн албан хаагчийн энэ олон хүүхэд байтугай 10 хүүхэд ч төлбөргүй сургах шаардлага байхгүй. Маш товчхондоо асуудлын гол, бухимдлын ялгаа энд байгаа юм. Түүнээс яам, Засгийн газраас шийдвэр гаргаад хувийн хэвшлийн үйл ажиллагаанд төрийн нэрээр оролцож давуу байдал эдлүүлсэн бол байдал өөр.

Д.БУЛГАН