Халуун нар төөнөсөн долоо хоног болж өнгөрлөө. Улс төр, нийгэм, эдийн засаг, урлаг, спортын салбарт олон үйл явдал болж өрнөв.

 

Улс төрд сонгууль болгоны өмнө яригддаг сэдэв болох "С.Зориг"-ийн хэрэг ч өнөө жил ч сөхөгдсөн удаатай. Тэгвэл энэ хэргийн эзэн холбогдогч нь МАН-ын үед илрэх үү гэсэн сонирхолтой нийтлэл олны анхаарлыг татлаа.

 

С.Зориг агсны хэрэг илрээгүй бараг 18 жил боллоо. Үе үеийн төр Засгийнхан сонгууль бүрийн үеэр шахуу уг аллагын хэргийг сөхөн гаргаж, нийгэмд хүлээлт үүсгэдэг заншилтай болжээ.

Яг энэ жишгээр саяхан болж өнгөрсөн долоо дахь удаагийн сонгуулийн өмнө хэргийг сөхсөн. Ингэхдээ түүний бэлэвсэн эхнэр Булганыг хамсаатан гэх эмэгтэйн хамт Төв аймгийн шоронд хориод удаж байна. Хамгийн сүүлийн үеийн мэдээллээс харахад, үхэр дайраад Төв аймгийн шоронд 9 сар хоригдоод саяхан гарч ирсэн иргэн сонинд ярилцлага өгөхдөө “Зориг агсны эхнэр миний хажуу талын камерт хоригдож байсан. Түүний өрөө 24 цагийн турш гэрэлтүүлэгтэй, хэнтэй ч юу ч яриулдаггүй, сайхан амарсан уу гээд хүнтэй мэндлэхэд арга хэмжээ авахуулдаг тэр нөхцөлд Булган яаж тэсэж байна гэж би гайхсан. Гэхдээ намайг бодоход бясалгал хийдэг юм билээ. Түүний хамсаатанаар шалгагдаж байгаа гээд нэг эмэгтэй бас өөр нэг өрөөнд хоригдож байгаа” гэсэн байна.

Уг нь С.Зоригийн хэргийг сонгуулийн шоу болгож байна гэж хардах хүн олон байсан учир нь нэлээд улстөрчидтэй энэ хэргийг хамаатуулах гэж үздэг. Тодруулбал Э.Бат-Үүл, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нарыг энэ хэрэгт холбоотой хэмээн олон жилийн өмнөөс мэдээлэл гарсаар байдаг байлаа. Тиймдээ ч ард түмэн АН-ын үед энэ хэрэг илрэхгүй гэцгээж байв. Учир нь Ерөнхийлөгчийн мэдэлд хууль хяналтынхан байдаг гэх хардлага бий. Мөн Ц.Оюунгэрэл, Ж.Батзандан нар Булганыг өмөөрч хорих ангиар нэг бус удаа эргэлдсэн нь хүмүүсийн анхаарлыг татаж байсан.

Үүнээс гадна өнгөрсөн хавар Ш.Отгонбилэг агсны хүү УИХ-ын гишүүн О.Содбилэг цахим хуудсандаа: “Надад та бүхний дэмжлэг туслалцаа хэрэгтэй байна. Хэдэн сарын өмнө нэгэн нөлөө бүхий хүн намайг дуудаж (Их хурлын гишүүнийг дуудахаар бодоход том албаны хүн байж таарнаа даа. Г.Ж) Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, шинжлэх ухааны доктор, УИХ-ын гишүүн агсан бурхан болж одсон аавыг минь өөрийгөө хамгаалж үг хэлэхгүй учраас С.Зоригийн хэрэгт холбож, өөрийн малчин ба тогоочоороо С.Зориг агсныг захиалгаар алуулсан гэсэн улстөрийн зорилготой зохиол бичигдэж, аавыг минь дахин хэлмэгдүүлэх гэж байна гэж хэлсэн. Монголоо гэсэн сэтгэлтэй, хоёулаа учир битүүлгээр нас барсан энэ хоёр хүнийг хооронд нь холбох юм гэнэ. Холбох шалтгаанаа ч олсон юм гэнэ!” хэмээн жиргэсэн байгаа.

Ямартай ч С.Зориг агсны амийг хөнөөсөн аймшигт аллагын хэргийг илрүүлэх ажлын хэсгийнхэн сонгуулийн өмнө нэлээн хүчтэй хөдөлж, энэ явдлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд мэдээлсэн байгаа. 18 жилийн турш хүлээлт үүсгэн, улстөрчидтэй холбоотой мэт сонсогддог энэ хэрэг АН-ын үед лав илэрсэнгүй, тэгвэл МАН уг хэргийг илрүүлэх болов уу гэдэг бас нэгэн горьдлого нийгэмд байна.

Мөн Дэд сайдуудыг томилж, гурван хүний нэрийг буцаалаа

 

Засгийн газрын хуралдаанаар нийт 9 асуудал хэлэлцсэний нэг нь нууцын зэрэглэлтэй асуудал байсан юм. Энэ үеэрээ, МАН-ын Удирдах Зөвлөлөөс нэр дэвшүүлсэн 13 дэд сайдаас 10 дэд сайдыг үүрэгт ажилд нь томилсон юм.

Гадаад харилцааны яам Г.Тэнгэр /Гадаад харилцааны дэд сайд асан/, Барилга, хот байгуулалтын яам М.Батбаяр /архитектор/, ХХААХҮЯ Т.Аубакир нарыг үүрэгт ажилд нь томилсонгүй. Эдгээр нэр дэвшигчдийг чухам ямар шалтгаанаар томилохоос татгалзсан нь одоогоор тодорхойгүй байна.

Харин та бүхэнд шинэхэн ажилдаа томилогдсон 10 дэд сайдыг танилцуулж байна.

1. Батлан хамгаалах яам Т.Дуламдорж /ОБЕГ-ын дарга асан/

2. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам Ё.Отгонбаяр /УИХ-ын гишүүн асан/

3. Зам, тээврийн хөгжлийн яам Б.Цогтгэрэл /МАН-ын бүлгийн зөвлөх/

4. Уул уурхайн яам Х.Бадамсүрэн /УИХ-ын гишүүн асан/

5. Байгаль орчин, аялал жуулчлалын яам Ц.Батбаяр /Зүүний хүчний холбоо/

6. Сангийн яам Х.Булгантуяа /МАН-ын нарийн бичгийн дарга/

7. ХЗДХЯ Б.Энхбаяр /МАН-ын бүлгийн хуулийн зөвлөх/

8. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам С.Мөнгөнчимэг /НАМЗХ-ны ерөнхий бичгийн дарга/

9. Эрчим хүчний яам Т.Гантулга /МАН-ын нарийн бичгийн дарга/

10. Эрүүл мэндийн яам Л.Бямбасүрэн /Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар/ нарын нэрсийг эцсийн байдлаар тодруулсан юм.

Нийгэмд олон үйл явдал өрнөсөн боловч ихэнх нь иргэд сонор сэрэмжтэй байхыг анхааруулав.

Гурван настай хүүхэд 40-н литрийн устай сав руу унаж амиа алджээ

 

Зуны дэлгэр цагийн аялал, зугаалга дуусах болоогүй байна. Хөдөө орон нутгийн зам дээр автомшины осол гарах нь буурахгүй байгаа аж. Тухайлбал, долдугаар сарын 29-нд Зуунмод сумын 1-р баг О донт хөтөлийн "МТ" ШТС-ын орчимд, тус суманд оршин суух 44 наста Д гэгч “Toyota Prius” автомашинаар, БЗД-19 хороонд суух 52 настай О-г дайрч амь насыг нь хохироожээ. Мөн долдугаар сарын 31-нд Төв аймгийн Борнуур сум “Урьхан” зоогийн газраас баруун тийш 5км газарт “Тoyоta Сamry” автомашин онхолдож жолооч Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд суух 52 настай Р амиа алдаж, нэг иргэн гэмтсэн хэрэг гарчээ.

Мөн амралт зугаалж явахдаа усанд осолдож амиа алдаж байна. Долдугаар сарын 30-нд Сэлэнгэ аймгийн сайхан сумын 3-р баг “Хараа” голд тус сумын 1-р багт суух 37 настай Л усанд орж байгаад живж нас баржээ.

Өчигдөр Тосонцэнгэл сумын “Нэгдсэн эмнэлэгт Дархан-Уул багт оршин суух гурван настай Б 40-н литрийн устай сав руу унаж амиа алджээ. Түүнчлэн БЗД-12 “Төмөр замын Том холбох гэх газрын тогтмол усанд хүн нас барсан байна” гэсэн мэдээллийн дагуу шалгахад БЗД-12 хороонд суух Т.Э /эр.06н/, Т.Э /эр.09н/ нар живж нас барсан хэргийн газраас 25-н кадр зураг авч, тэмдэглэл 10-ыг үйлдэн БЗДЦХ-3 шалгаж байна.

БЗД-11 “Адам Ева”-гийн хөшөөний харалдаа туул голын эрэг дээр БЗД-5. хороонд суух 44 настай Б нь согтуурсан үедээ голд сэлж байгаад живж нас барсан аж. Эдгээр хэргүүдийг цагдаагийн байгууллага шалгаж байна.

Түүнчлэн иргэдийг олноор нь шууруулаад буй Имарт дэлгүүрээс үйлчилгээний соёл мэдэрсэнгүй, тэгээд ч хямд биш юм билээ

 

Сүүлийн өдрүүдэд хотын иргэдийн бөөгнөрөл үүсээд буй E-mart гэх илүү чанарыг илүү хямдаар уриатай дэлгүүрт би өчигдөр өглөө 09.10 цагт орж үзлээ. Ямартай ч цагтаа нээгдсэн байна. Өглөө эрт байсан болохоор үйлчлүүлэгч цөөтэй байлаа. Оронгуут нэг давхарын хамгаалагч дээшээ, хоёр давхараар ор гээд гараараа заав. Түүнээс барьж яваа юм аа хаана хийх вэ, хадгалах тээш байна уу гэтэл хариуд нь байхгүй, мэдэхгүй гэв.

Ингээд урсдаг шатаар дээш гараад мөн орохдоо тээш байна уу гэж хоёр хамгаалагчаас асуулаа. Тэд ч мөн мэдэхгүй гээд толгой сэгсрэв. Тиймээс барьж явсан хайрцагтаа бялуугаа сагсанд хийгээд бариад орчихлоо. Ингээд нарны малгай авах санаатай хувцасны тасгаар очиход хоёр өөр төрлийн малгай харагдав. Тухайлбал, нэг нь даавуун материалтай, эрээн малгай, хоёр гурван өөр өнгөтэй байсан бол нөгөөх нь цэцгэн бүчтэй сийрсэн малгай мөн гурван өөр өнгө байна. Даавуун малгай нь 16 мянга гэсэн үнэтэй байсан бол нөгөөх дээр нь үнэ байсангүй. Тиймээс тухайн тасгийн худалдагчаас энэ малгай хэд вэ гэсэн мөн л мэдэхгүй гээд, эргүүлж тойруулж харлаа. Нөгөө худалдагч цаана байсан нэгнээсээ “Энэ малгай ямар үнэтэй билээ” гэхэд нөгөөх нь мөн л “Мэдэхгүй ээ 16 биздээ” гэв. Ингээд хоёр өөр загвар, материалтай малгай хоёулаа адилхан 16 мянга юм уу эсвэл нэг нь 16 мянга юм уу мэдсэнгүй, мэдэх хүн ч олдсонгүй.

Мөн гоо сайхны тасгаар ороод, нэг нүүрний тос авах гэтэл худалдагч охин “Наадах чинь манай бараа шүү. Энд бичүүлээрэй” гэж байна. За бичүүлье гэтэл касс ирээгүй байна. Ирэхээр нь бичүүлчих, та цаагуураа яваад хүлээж байгаад буцаад ир” гэлээ. Би хариуд нь “Ажилтай яараад байна гээд цаад талын лангуун дээр байсан өөр нэг тос авах гэтэл наадахыг чинь хаана бичүүлэхийг мэдэхгүй ээ. Манайх биш” гэлээ. Ингээд касс ирээгүй тул нүүрний тос авахаа болилоо.

Ингээд авсан жаахан юм аа аваад нэг давхарын кассан дээр очоод бодуулахад шуудхан л “35 мянга болж байна” гэв. Би хариуд нь “Тийм байх ёсгүй. Энэ хэд вэ гээд авсан барааныхаа үнийг асуутал. “Өө үгүй юм байна. 24 мянга 840 юм байна” гэлээ.

Emart хамгийн чанартайг хамгийн хямдаар лав биш юм шиг санагдав. Учир нь гарын саван гэхэд л доод тал нь 1800 төгрөг, ОО-ын цаас бусад дэлгүүрийнхтэй адил 1100, 1250 орчим үнээс эхэлж байна. Солонгос будаа нэг килограмм нь 4 мянга орчим үнэтэй. Үхрийн цул мах 10 мянгаас дээш үнэтэй ургамалын тос 3400 зэрэг бусад дэлгүүрт байдаг л үнэ байв. Мөн худалдагч касс зэрэг ажилчид нь ажлаа сайн мэдэхгүй, мунгинаж, аль болох хүнд юм тайлбарлаж өгөхөөс төвөгшөөж, асуултанд хариулахаас зугтаж байгаа нь бусад дэлгүүр, супермаркетийнхны адил санагдлаа.

Заримаас нь ч арай дор үйлчилгээтэй юм биш үү гэж бодогдов. Үйлчилгээний шинэ соёл нэвтрүүлж байгаа гээд л их юм горьдож очсон ч, горьдлого талаар боллоо. Мөн шоппинг хийж буй бүсгүйчүүд “Онц биш байгаа биздээ. Хардаа, хардаа” гээд л гэр ахуйн бараа болон саван шампуны тасгаар шивэр авир гэцгээж байв. Харин нэлээд олон хужаа эмэгтэйчүүд орж ирсэн юмны үнийг сонирхоод, барьж үзээл яваад байсан ч худалдан авалт хийж харагдсангүй. Өглөө эрт байгаад хүмүүсийнх нь ажил жигдрээгүй үйлчилгээ нь ийм байсан байх гэж бодоод, орой нь мөн л тухтай шоппинг хийхээр очиход байдал бүр дордсон байв.

Спорт: Г.Ган-Эрдэнэ, Д.Отгондалай нар эхний тойрогт хийллээ

Бразилийн Рио-де-Жанейро хотноо өнөөдөр Зуны Олимпийн XXXI наадмын нээлт боллоо. Монголын 43 тамирчин спортын 9 төрөлд өрсөлдөж байгаа бөгөөд байт харваа, жүдо бөх, боксын тамирчдын тэмцээн өчигдрөөс эхэлсэн юм. Өчигдөр байтын харвааны ОУХМ Ж.Гантөгс урьдчилсан харвааг хийсэн. Харин өнөөдөр жүдо бөхийн эрэгтэй 60 кг-д Ц.Цогтбаатар, эмэгтэй 48 кг-д М.Уранцэцэг Риогийн татамид гарна. Мөн боксын тамирчдын тулаан эхлэх юм.

Мөн боксын тамирчдаас Г.Ган-Эрдэнэ, Д.Отгондалай нарын жингийн тулаан маргааш болох ч тэд шууд 16-д үлдээд байна.

49 кг-д Г.Ган-Эрдэнэ эхний тойрогт хийллээ. Тэрбээр шөвгийн наймд үлдэх эрхийн тулаанаа наймдугаар сарын 8-д хийнэ.

60 кг-д Дэлхийн чансааны хоёрт бичигдэж буй Д.Отгондалайгийн хувьд эхний тойрогт хийлж, шилдэг 16-д үлдсэн. Түүний дараагийн тулаан наймдугаар сарын 9-ний өдөр болно. Тэрээр Нидерланд, Тайваны боксчдын аль хожсонтой нь шөвгийн наймд үлдэх эрхийн төлөө тоглоно.

 

Эдийн засаг: Долларын ханш түүхэн дэх дээд түвшинд хүрлээ

Өнгөрсөн долдугаар сар гарсаар долларын ханш үргэжилсэн өсөлт үзүүлсээр 2111.27 төгрөгтэй тэнцээд байна.

Тодруулбал, Монголын валют арилжааны “Найман шарга” зах дээр нэг ам.доллар 2120 төгрөгөөр зарагдаж байгаа бол арилжааны банкууд нэг ам.долларыг 2129 төгрөгөөр зарж байна. Ингэснээр ам.доллар түүхэн дэх дээд түвшинд хүрч байна.