Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд Засаг дарга нарын томилгоог хийлээ.

Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн ИТХ-аас нэр дэвшүүлсний дагуу Ж.Сандагсүрэнг тус дүүргийн Засаг даргаар томилжээ. Ж.Сандагсүрэн нь тус дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, УИХ-ын гишүүн Д.Сумъяабазарын зөвлөхөөр ажиллаж байсан юм.

Мөн Э.Болормааг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн худалдан авах ажиллагааны асуудал хариуцсан зөвлөхөөр томилжээ. Түүнчлэн нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын дарга С.Ганбаатарыг ажлаас чөлөөлж, тус албан тушаалын сул орон тоо гарсантай холбогдуулан төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтыг энэ сард багтаан зарлах аж.

Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын даргыг томилох хүртэл нийслэлийн Засаг даргын Худалдан авах ажиллагааны асуудал хариуцсан зөвлөх Э.Болормаад тус албан тушаалыг харицуулжээ.