Финлянд улс 1980 оны сүүлээр социалист капиталист хоёр лагерыг зуучлагч байсан. Социалист, капиталист лагеруудыг зуучилж үүнийхээ үндсэн дээр эдийн засагаа хангадаг байсан ба социалист лагер нуран унасны дараа Финлянд улс эдийн засгийн хувьд хүнд байдалд орсон.

Энэ үед Финлянд оронд тулгарсан асуудал нь хуучин аж үйлдвэрээ босгох уу? мэдлэгийн эдийн засгийг хөгжүүлэх үү гэдэг зүйл байсан. Хуучин аж үйлдвэрийн салбартаа төрийн зохицуулалттайгаар техник, технологи, менежментийн шинэчлэл хийн хөгжүүлэн корпорацийн хэлбэрт оруулан мэдлэгийн эдийн засгийн менежментээр сайжруулсанаар Финлянд улс хөгжлийн зөв замаа олсон юм.

Монголчууд бид харин бүтээн байгуулалтаа нураачихаад түүхий эдэд түшиглэсэн эдийн засгийг сонгосон нь маш том алдаа болсон.

Финляндын инновац технологийн хөрөнгө оруулалтын агентлаг анх 30 сая еврогоор эхэлсэн ба өнөөдөр асар их хөрөнгийг эргэлдүүлэн улс орны эдийн засгийг хөдөлгөгч гол хүч нь болсон байна. Улмаар хөрөнгө оруулалтын агентлаг нь улсынхаа томоохон компануудыг дэмжин дэлхийн зах зээлд өрсөлдөх чадварыг нь нээж өгч, Финляндыг олон улсын санхүүгийн зах зээлд гаргаж өгсөн.

Корпорацын баримжаатай судалгааны сургуулиудыг бүс нутгуудын хөгжилтэй уялдуулан шинээр байгуулан ирээдүйн бүтээн байгуулалтын, хөгжилийн үндсийг тавьсан. Бүс нутаг бүрт өөрсдийнх нь онцлогт тохирсон их сургууль, аж үйлдвэрийн паркуудыг цогц байдлаар хөгжүүлэн байгуулсан. Финлянд улс гар утасны NOKIA компанидаа тулгуурлан дэлхий нийтэд харилцаа холбоо, мэдээллийн салбар хөгжиж эхэлж байсан алтан үеийг ашиглаж чадсан юм. Эндээс эдийн засгийн өсөлтийн тодорхой алхмуудаа олжээ.

Мэдлэгийн эдийн засгийн менежментийг аж үйлдвэртэйгээ хослуулж чадсан нь Финляндыг дэлхийд өрсөлдөгч орон болох эхлэлийг тавьсан юм. Өнөөдөр Финлянд орны ДНБ 260 тэрбум доллар, ДНБ-ний 2.6%-ийг ХАА, 29.1%-ийг аж үйлдвэр, 68.2%-ийг үйлчилгээний салбар эзэлж байна. Финлянд улс мэдлэгийн эдийн засагт шилжихийн хамт нийгмийн халамжийн бодлогоо үргэлж хамт авч явж ирсэн ба дэлхийн 200 гаруй улс орнуудаас хүн амьдрахад хамгийн тохиромжтой орон гэсэн судалгааны дүн гарсан.

Өнөөдөр Монголчууд аж үйлдэрээ хөгжүүлэхгүй орхичихоод харин жижиг дунд бизнес яриад сууж байгаа нь улс орны хөгжлийн талаар ямарч төсөөлөлгүйн илрэл юм.

Одоо Финлянд улс мэдлэгийн эдийн засаг, хүний хөгжлийн индекс, нийгмийн хөгжлийн төвшингөөрөө АНУ-ын дээр явна. Үүний гол учир нь анх төсвөөс 1,2 тэрбум долларын санхүүжилт бүхий инновац технологийн хөрөнгө оруулалтын агентлаг байгуулж үр бүтээлтэй үйл ажиллагаа явуулсанаас Финляндын хөгжлийн гайхамшиг эхэлжээ.

Финляндын ҮНБ-ийнхээ 2.7%-ийг шинжлэх ухааны судалгаанд, 3.4%-ийг инновацийн салбарт зориулдаг. Финляндчууд инновац нь зөвхөн цоо шинэ мэдлэгт тулгуурласан мэдлэгийн эдийн засгийн үйл ажиллагаа гэдгийг ойлгож инновацийг цэвэр шинжлэх ухаантай хольж хутгаж болохгүйг тодорхой ойлгож чадсан ард түмэн.

Финляндын улс төр, эдийн засаг, нийгмийн нөхцөл байдал нь ерөөсөө л хүнийг дээдэлсэн, хамгаалсан, хүний амьдралыг баталгаажуулсан жинхэнэ хүмүүнлэг бодлоготой байдаг. Финляндын энэхүү гайхамшигт хөгжил нь хэдхэн жилийн хугацаанд болсон гэдгийг анхаарах хэрэгтэй.