“Үхэл гэгч дөрөвхөн үсгийн цаана үүрд чи минь алга болчихлоо…” хэмээн салбарынхаа сайн нөхрийн араас өмөртлөө харамссан сэтгүүлч Л.Мөнхбаясгалангийн харууслын үг бид бүхний хэнийх нь ч хувь тави­лангийн үзүүрт уяатай явааг “Далан давхар”-ын гэгдэх чимээгүй хотын дундуур хөл, сэтгэл хөндүүр алхахдаа мэдрэх шиг болов.

Хүн гэгч зовлонгийн нулимсаар хацраа эсгэж, жаргалын баланд уруулаа дүрэхээс нааш хорвоогийн үнэнийг таньдаггүй тийм л өчүүхэн сүнсэн биет юм даа хэмээн өөрөө өөртөө асуулт зохиож хариулсаар бидний дундаас үүрд алга бологчдоос үлдсэн чулуун хөшөөн дунд хэсэг саатав. Шунал, тачаалын аль нь ч үйлчилдэггүй “Үзэхийн хязгаар” гэгч энэ л ажээ. Айдас, жийрхэл, адгасан их бодол, нөгөө ертөнцийн гэмээр энэ аниргүйдэл дунд хаа нэг хэрээ нисэж, ваагалах,  жирх, туулай нүдний үзүүрт өвс хөдөлгөж гүйлдэхээс өөр чимээгүй энэ дунд их хотын төвд шахуу байгаагаа хэн ч болов мартна.

Цагаан хэрэмээр хамгаалсан энэ хэсэг Чингэлтэй дүүргийн X хороонд харъяалагддаг аж. Монголчууд бурхан бологчдоо дэрлүүлсэн чулууг хөнддөггүй гэдэг. Хөшөө чулууг нь хөндөх нь бүү хэл алдрыг нь ч дуудахыг таашаадаггүй. Гэтэл бидний нэрлэдгээр “Далан давхар”-ын гэгддэг энэ хэсэгт харийнхны нүд унаж, алдрыг нь сийлсэн чулууг нь хөндчихжээ.

Лавлавал, япончуудын  гар, хөлийн мөр хэдийнэ энэ газрын хөрсөнд дардас болсныг чимээгүй хотыг тойрч амьдрагсад хэлж байна. Хэдийгээр нийслэл тойрсон нэлээд олон оршуулгын газрыг нүүлгэх тухай асуудал ганц нэг эрх бүхий дарга нарын амнаас гарч байсан ч манай улс бурхан бологчдынхоо шарилыг ар гэр, улс үндэстнийхээ сэтгэлд сэвгүй байдлаар “нүүлгэх” хэмжээнд гарц олж чадахгүй байгаа. Тэгвэл бидний энэ аргаа олохгүй мухардчихсан байдлыг харийнхан овжин ашиглаж байна гэчихвэл нэг их буруутахгүй болов уу. Учир нь наран улсын үндэсний бөхийн дэвжээнээ алдраа мандуулж их аварга гэх оргилд бяр чадлаараа мацаж монгол хөвгүүдээ түүчээлж яваа Д.Дагвадоржийн үгссэн тохиролцоо энэ хэсэгт японы хөрөнгө оруулалтыг татахаар болсон тухай бор шувуу хэдийнэ жиргээд эхлэв. Түүний “ахлаж” байгаа компанит ажлынхан иргэдийн дунд “Шарилаа ав. Мөнгийг нь өгнө” гэх утга бүхий аман мессэж тараасан нь иргэдийн зүрхний үгээ манай сонинд хаяглахад хүргэжээ.

Саалиа бэлдэхээр саваа бэлд гэдэг. Тэгвэл алсын хараа, хашир башир ухаанаараа гайхагддаг япончууд их бүтээн байгуулалтынхаа урьтал болгож 110кВ-ийн хүчин чадал бүхий цахилгаан дамжуулах под станц бариулахаар энэ хэсэгт хэдийнэ суурийг нь цутгав бололтой. Учир нь нэгэнт дулаан, цахилгааныг нь хангах хэмжээний станц бий болчихвол орон сууцны хороолол барих амархан болно гэдгийг тооцолгүй яах билээ. Гинжээр даруулж том хар цоож, харуул хамгаалалтаар чангатгасан станцийн шавийг хэн хаанаас захиалж байгаа үзүүрийг эс олов. Харъя хорооных нь засаг даргаас эхлээд  ТӨХК, УБЦТ газар, Чингэлтэй дүүрэг, хотын захиргаа, Барилга хот байгуулалтын яам зэрэг газраас тодруулсан болов ч мэдэх хүн байсангүй. Сонин л юм. Гэтэл ойрын эх сурвалжийн хэлж буйгаар захиалагч нь БХБЯ аж. Одоогоор ямар компани ажлыг нь гүйцэтгэж байгааг мэдэхгүй ч ямар ч байсан 110 кВ-ийн хүчин чадал бүхий дамжуулах подстанц барьж байгаа юм байна. Улсын комисс хүлээж авбал Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ (ТӨХК) хүлээж авна” гэсэн юм.

За тэгвэл, бидний нэг хэсэг нь бүтээн байгуулалт хийж, хотын газар нутгийг эзэлж түрсэн, шарил бунханг зайлуулах нь сайн хэрэг гэх бол нөгөө хэсэг нь монголчуудын уламжлал руу ус цацаж, бурхан бологчдын минь ясыг өндөлзүүлж байна хэмээн энэ ажлыг шүүмжлэх нь ойлгомжтой. Тэгвэл надад асуулт байна.

Шарилыг үнэхээр ар гэрийнхэн нь таньж авч чадах уу. Таниад авлаа гэхэд хаана хадгалах вэ. Гэртээ юу, хашаа, байшин руугаа аваад явах уу.

Дахиад асууя. Та бүхний амлаад байгаа мөнгийг аваад газрыг нь чөлөө­лөөд өглөө гэхэд тухайн газарт юу хийх вэ. Орон сууц, тансаг хороолол барих уу. Хэдэн арван жил шарил булсан ийм газарт хэн амьдарч чадах вэ. Монгол хүн лав амьдрахгүй. Тэгэхээр энэ бүхэн юу гэсэн үг вэ.

Анхнаасаа тооцоолчихжээ гэж ойлгогдож байна. Өөрөөр хэлбэл, монголын нийслэлд япон хүн амьдрах газар нутгийг ийм байдлаар гаргаж өгч байна гэж ойлгогдож байна.

 

ЭНЭ УРТ ХЭРЭМ ХАМГААЛАЛТАД АВСНЫГ БАТАЛНА

“…Би Завхан нутгийн малчин хүн. Хотод малаа тууж ирээд хоёр жил болж байна. Гэр Дэнжийн мянгад байдаг. Анх 400-аад малтай ирээд одоо 100 гаруй юм л хариулж байна” гэж ярих 30-аад насны залууг Лууяа гэдэг. Хүн хөлийн бараагүй энэ чимээгүй хотын дунд тэрбээр хоёр жил хонь, ямаагаа хашжээ. Түүнтэй хэдэн хором ярилцлаа.

 

-Чимээгүй хотын дунд морь, мал бэлчээд байхаар гайхлаа. Ийм газар малаа хариулах эвгүй биш үү?

-Өө хоёр жил ийм байдлаар малаа борлуулж байна. Эхэндээ ч жаахан эвгүй санагддаг байсан. Одоо бол сурчихжээ. Сурахаас ч яах билээ. Өөр хаана энэ хэдийгээ идүүлж, туух вэ. Өөр газар үнэндээ алга. Мал байтугай хүн амьдрах газар хотод алга байна шүү дээ.

-Энэ хэсэгт хороолол сүндэрлэх мэдээ сонсов уу. Иргэдийг шарилаа ав. Мөнгө өгье гэсэн байх юм. Та энэ тухай сонсов уу?

-Нэг хэсэг япон ч бил үү хэсэг улс ирж буцаад үзэгддэг л байсан. Хүйтрээд харагдахаа больсон байна.  Энэ урт хэрэм хамгаалалтад авсныг батална. Тэрүүхэн доор (станц барина гэх газар руу заав.) хэсгээс л барилга байшингаа барьж эхэлж байгаа харагдсан. Энэ их шарилыг ар гэрийнхэнд нь өгнө гэдэг бүтэшгүй ажил байх даа. Гэхдээ мөнгө хүчтэй болжээ. Худалдаад авчих ч юм бил үү.

-Энэ дунд нэлээд чулууг газ­раас нь хөндийрүүлсэн байх юм. Хүний оролцоотой хөшөө, чулуу хөндийрсөн гэсэн үг үү?

-Гэр оронгүй ганц нэг хүн ухаж байна л гэдэг юм. Харуул хамгаалалт байсан ч өнгөрсөн намраас харагдахаа больсон байна билээ. Эцэг, эх нь саруул сайхан яваа ямар  ч монгол хүн ийм газар ухаж сэвтээхгүй л дээ.

 Бидний яриа энд хүрээд өндөрлөв. Тэрбээр малынхаа араас яарсаар явж одов. Ингээд сонссоноо лавлахаар уулын өндөр дэнжид харагдах саахалт айлыг зорилоо. Дөрвөн нохой хүний хөлийн чимээнээр боргож хариугүй нурах нь уу гэмээр бор гэрээс гурван настай л болов уу гэмээр хүүхэд тэвэрсэн эхнэр гарч ирэв. Хандмаа гэж өөрийгөө танилцуулсан эмэгтэй учир явдлаа хэлсэн намайг гэртээ урих зуураа “Эгч нь гурван охинтой. Хоёр нь ЕБС-д сурдаг. Одоо 37 настай. Өрх толгойлсон ээж дээ. Ажилгүй болохоор энэ гурвынхаа өнөөх сард авдаг 20 мянган төгрөгөөр л амь зууж байна” хэмээн учирлав.

Дөрвөн хүн бүү хэл нуруу тэнэгэр ч явах боломжгүй умгар энэ гэрт чийг үнэртэж ар нуруугаар хүйт даах нь сэтгэл жиндүүлээдхэв. Өөдөсхөн охиныхоо ам руу хийх боорцог бүү хэл ус, түлээ, аюулгүй байх нөхцөл алга. Хашаагүй, хаа сайгүй хог, үнс хийссэн энэ шарилын мухар, уулын бэлд хоёр жил амьдарч байгаа гэнэ.

Өнөөх уул уурхай ярьсан баян орны ээж, охидын бодит амьдрал ийм байна Н.Алтанхуяг сайд аа. Идэх гурил, өмсөх гутал өгч сэтгэлээ хуураад явах вэ, энэ айлд. Насаараа амар тайван, ая тухтай амьдрах орчин хэрэгтэй байна. Бөхийж ороод бөхийсөөр босгыг нь алхахдаа энэ умгар бор гэрээс сэтгэлдээ даахааргүй их шаналал үүрч гарав. Монголын ирээдүй, үрийнхээ төлөө сөхөрч, бүдэрч яваа өрх толгойлсон ээжүүдийн хэд нь ийм нүдэнд төсөөлөгдөхгүй амьдрал үүрч яваа бол доо. Далан давхарыг дайлаар мордох хүсэлтнүүдийн мөрөөр орсон тэмдэглэл минь монгол эх, монгол үрийн шарил дагасан эмгэнэлт амьдралаар ийнхүү үргэлжлэв. Н.Алтанхуяг сайд аа. Та төрийн өндөр сэнтийн араас хувийн эрх ашгийг хардаг уу, тулгандаа галгүй, аягандаа хоолгүй уулын мухарт орхигдсон иргэнээ хардаг уу.

76-даа “Далан давхар”-ын мухараас асуулт илгээсэн бичигч бибээр хариултыг ямар ч хэлбэрээр авна.

М.МӨНХТУНГАЛАГ