Монгол улс ирэх жилийнхээ төсвийг хэлэлцээд эхэлсэн. Энэ долоо хоногт хоёр болон гурав дахь хэлэлцүүлэгт  шилжүүлнэ. Анхны хэлэлцүүлгээр бол ирэх жил манай улсын төсвийн орлого 7.2 ихнаяд төгрөг байх бөгөөд мөнгөний бодлогын  хувьд инфляцийг найман хувьд барих, зээлийн хүүг бууруулах нөхцлийг бүрдүүлэх, үйлдвэрлэлийг дэмжсэнээр ажлын байрыг бий болгох зэрэгт анхаарах ажээ.

Сангийн сайд Ч.Улааны тайлбарлаж байгаагаар: “Засгийн газрын үнэт цаас гаргах, гадаадын зээл тусламжийг ашиглах замаар 2014 оны төсвийн алдагдлыг нөхөх зарчмыг тусгасан. Урт хугацаанд авсан гадаадын өр, хүүгийн төлбөр графикийн дагуу төлөгдөөд явна. Оюутолгойгоос 250 сая ам.доллар, Тавантолгойгоос 350 сая ам.долларын урьдчилгаа төлбөр авч, Хүний хөгжил сангаар дамжуулан ард иргэдэд хишиг хувь болгоод тараасан. Энэ урьдчилгаа төлбөрийн төлөлт 2014 оноос эхэлж байгаа. Энэ зориулалтаар ирэх о.нд 450 орчим тэрбум төгрөгийг төсвөөс суутгуулан төлнө. Олон жилийн хугацаанд ашиглаж байгаа хөнгөлөлтэй зээлийн хүү болон үндсэн төлбөрт 150 орчим тэрбум төгрөг төлнө. Энэ нь улсын төсөвт багагүй хэмжээний дарамт учруулж байгаа. 2014 онд цалин, тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх зорилгоор 200 тэрбум төгрөг төсөвлөж байгаа. Ирэх 2014 онд цалин, тэтгэврийг нэмэхдээ хөдөлмөрийн бүтээмж, ажлын үр дүн, салбарын  онцлог гэх мэт ялгавартайгаар цалин тэтгэвэрийг нэмэгдүүлнэ” хэмээн  хэцүүхэн төсөв болно, ирэх жил та бид үндсэндээ бүсээ чангална гэдгийг мэдэгдсэн.

Өөрөөр хэлбэл бид тавьсан өр зээлээ ирэх сараас эхлэн төлөх бөгөөд дараа жил ч гэсэн их өрөө төлсөөр байх бөгөөд энэ нь төсөвт дарамт учруулж байгаа юм. Монгол улсын  нийт өр өнөөдрийн байдлаар  9.8 ихнаяд төгрөгийг өртэй байна.  Үүнийг задруулбал “Чингис” бондын хүүд ирэх арваннэгдүгээр сард 90 тэрбум төгрөгийг төлнө.  Засгийн газрын гаргасан “Чингис” бонд хоёр тусдаа арилжаалагдсан. Эхний 500 сая ам.долларын бонд таван жилийн хугацаатай 4.1 хувийн хүүтэй. Харин тэрбум ам.долларын бонд нь арван жилийн хугацаатай бөгөөд хүү нь 5.1 хувиар тогтоогдсон. Одоо нэхэгдээд эхэлсэн гэж байгаа.

Сангийн яамаас мэдээлж байгаагаас бол 1990 оноос  хойш   Монгол   Улс   нийт  2.7  тэрбум  ам.долларын  гадаад  зээлийг  авчээ.  Одоогийн  байдлаар манай  улс  990 сая  ам.долларыг  буцаан  төлсөн  байна.  Цаана  нь  хоёр  тэрбум  орчим  ам.долларын  үлдэгдэл байгаа  аж. Манай  улс  2030  он  хүртэл  өрөө  эргэн  төлөх  юм.  Ингэхдээ  жил  бүр  бид 50-60 сая  ам.доллар  төлөх тооцоо  байгаа  гэнэ. Судалгаагаар  2015  оноос  эхлэн  манай  гадаад  зээлийн  эргэн  төлөлт  өндөр  төвшинд  очих  юм.  Өөрөөрхэлбэл,  жилдээ  80 орчим  сая  ам.доллар  төлөх  хэмжээнд  хүрээд  эргэн  бага  түвшинд  очих  аж.  

Өр ихтэй, дээрээс нь хайхрамжгүй боловсоруулсан ирэх оны төсвийн төслийг сөрөг хүчин ихээхэн шүүмжилж байгаа.  Тодруулбал:

УИХ-ын гишүүн Л.Цог: "Ерөнхий сайдын хэлсэн, ярьсан зүйлд шүүмжлэлтэй хандаж байна. УИХ-д үнэхээр хүндэтгэлгүй хандсан. Тиймээс УИХ-ыг дээрээс нь харж байгаа араншингаа арилгаач. Ингэж болохгүй. УИХ төрийн эрх бүхий дээд байгууллага гэчихээд цаасан дээр үлдэж байгаа ийм зүйл байдаг. Тэгэхээр үүнийг бодоосой. Яах вэ манай намаас Сангийн сайд бий. Гэхдээ зөвтгөх, буруутгах зүйл байгаа. Ямар ч байсан төсөв дээрээ бодитой хандаач гэж хэлмээр байна"

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж: "УИХ-ын процесст харамсаж байна. Хариуцлага гэдэг зүйл Монголын төрд байхгүй болж, нүдэн дээр устаж байна шүү дээ. УИХ-ыг хэтэрхий басамжилж байгаа юм биш үү, Н.Алтанхуяг аа. УИХ-ын гишүүдийг хэтэрхий доромжилж байгаа юм биш үү. Надаас битгий асуулт асуу гэх шиг. Бид худал хуурмгийг сонсох, алиа марзан инээдийг харах  гэж сууж байгаа юм уу. Ийм хачин юм болж байхад УИХ-ыг удирдаж байгаа Р. Гончигдорж яагаад инээгээд суугаад байдаг юм. Төвсийн асуудлыг хэлэлцэх үед Засгийн газрынхан УИХ, Монголын ард түмний өмнө номхон зогсож байгаад ажлаа тайлагнаж байх ёстой юм. Засгийн газар, АН-ын бүлэгт хандаж хэлэхэд ингэж байж болохгүй. Монголын төрийг алиа байлгаж бүр ч болохгүй юм. Дэндлээ гэхэд арай дэндэж байгаа юм биш үү. Засгийн газрын сайд нарыг худлаа ярьдгаа боль гэж шаардаж байна. Хоёр жил худал ярихыг чинь сонслоо, болоо юм биш үү. Үнэхээр микро Засгийн газар. Үнэхээр микро Ерөнхий сайд. Та нарт толгой ч алга"

УИХ-ын гишүүн М.Энхболд: “Өнөөдөр төсвийн орлогод уул уурхайн салбарын орлого нэлээд чухал үүрэг гүйцэтгэж байгаа. Зэсийн үнэ 2012 оны гүйцэтгэлээр 7872 ам.доллар, 2013 оны хүлээгдэж байгаа гүйцэтгэлээр 7336 ам.доллар гэж тооцогдож байгаа. Гэтэл 2014 онд зэсийн үнийг 6800 ам.доллар гэж 500- 1000 орчим ам.доллар доогуур тооцож төлөвлөж байна. Энэ хэр үндэслэлтэй тооцоо вэ. Мөн нүүрсний хувьд 70 ам.доллараар нэг тонныг нь өгөхөөр гэрээ хэлэлцээр хийчихээр монголын эрх ашиг зөрчигдлөө гэж ярьсаар байгаад өнөөдөр арай гэж 50 ам.доллараар зарж байгаа. Энэ жилийн төлөвлөгөөн дээр нэг тонн нүүрсийг 81 ам.доллараар тооцож байгаа юм байна. Энэ бас хэр үндэстэй вэ, Орлого талаа үндэслэл муутай тооцож төлөвлөснөөс болоод дараа дараагийн асуудал хүндэрдэг. Үүнийг та бүхэн анхаарч үзээчээ. Хоёрдугаарт өрийн асуудал байна. Төсвийг дагаж оруулж ирдэг хууль, төсвийг дагуулж явдаг хууль гэж уг нь байх ёстой байх. Төсвийн тогтвортой байдлыг хангах тухай хуулийг төсвийг дагуулж явах ёстой хууль гэж үзэж бид маш чухал хууль баталлаа гээд энэ зааланд ярьж байсан. Гэтэл өнөөдөр ДНБ-д өрийн эзэлж байгаа хувь 39 хувь байсныг 60 хувиар батлах гэж байна. Энэ 60 дотор Чингис бондын дахиж олгохоор үлдсэн хэсэг, самурай бонд, туркээс яригдаж байгаа эх үүсвэрүүд яаж тооцогдож байгаа вэ. Өрийг Засгийн газар тавина, харин өр дарах асуудал монголын ард түмний нуруун дээр ачаа болж очно. Иймээс өрийн асуудлыг та бүхэн бодож үзээчээ” гэх мэтчилэнгээр  шүүмжлэл ихээр ирсэн.  Энэ бүхэнд Монгол улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг: “Бид 10, 15 жил бус 23 жил бий болчихсон архаг зүйлийг хэдүүлээ хамтраад засчихвал яасан юм бэ гэдгийг хэлж байгаа. Би ганц ч улстөржсөн үг хэлээгүй. Тиймээс улстөржөөд хэрэггүй. Энэ ширээн дээр суусан Ерөнхий сайд бүр жижиг ч болсон Монгол Улсад хэрэгтэй үг, үйлдэл хийвэл хэрэгтэй байх. Ерөнхий сайд хэн сууж байгаагаас үл хамаараад энэ олон хуудас цаас бидний мөнгийг бараад дууслаа. Үүн дээр би хэн нэгийг буруу зөрүү гэхгүйгээр энийгээ энэ жил засчихвал яасан юм бэ гэж хэлж байгаа. Бид нар ийм буруу тогтоолцоонд яваад байгаагаа өнөөдрөөс эхлээд зогсооё гэдгийг л хэлж байна. Та нар асуудалд ажил хэрэгч хандаад өг л дөө. Олон жил төр барьсан, зовлон жаргал дундуур нь явсан юм бол тэр нүдээрээ хараад өгөөч. Бид нэг л гэр орны, нэг л айлын хүмүүс шүү дээ. Чингис бондыг янз бүрээр тайлбарлаад байгаа. Энэ бол өр гэж ойлгох хүндээ өр болно, бүтээн байгуулалт гэж ойлгох хүндээ бүтээн байгуулалт болно, мөнгө үржүүлдэг юмаа гэвэл үржүүлдэг л болно ш дээ. Ноос ноолуурын салбарт бондноос зээл өгсөн. Тэд нар маань тоног төхөөрөмж худалдаж авлаа, монголдоо даавуугаа хийдэггүй юмаа гэхэд даавууныхаа нэг хэсгийг хийдэг боллоо, бүтээгдэхүүнийх нь хэмжээ нэмэгдлээ, экспортын орлого нэмэгдлээ. Ингэснээр тэр компанид ч хэрэгтэй, тэр хүнд ч, монголчуудад ч хэрэгтэй болж байна. Авсан мөнгөө буцаагаад л төлчихнө шүү дээ. Энийг заавал өр гэж бид нар дээр наагаад монголыг өрөнд оруулаад байгаа хэдэн амьтан шиг яриад яах гэсэн юм бэ. Харин 21 тэрбум төгрөг тарааснаар хэдэн их наяд төгрөг алга болсон. Тэр нь дүүрч гэж бодоход дээр үеийн хэллэгээр бид бүтэн жил коммунист субботник хийж байна шүү дээ . Бид Монгол Улсад бий болчихоод байгаа буруу тогтолцоог өөрчилье гэж ярьж байгаа. Хамтраад болохгүй байгаа зүйлүүдийг шийдье” гэснээс  өөр онц зүйл хэлсэнгүй.  

Энэ бүхнээс дүгнэн үзэхэд ирэх жилийн  улсын төсөв үнэхээр  тааруу болсон нь тодорхой боллоо. Тэгвэл одоо яах вэ?

 Монгол Улсын төсвийн хамгийн үр ашиггүй зардал урсгал зардал болон бүтээн байгуулалтын тендерт зарцуулагдаж байгаа. Үүнийг  Н.Алтанхуяг сайд өөрөө хүлээн зөвшөөрөөд байгаа. Сангийн яамныхан дөрвөн давхар байшинд багтаж байсан ч өдгөө есөн давхар барилгадаа багталцахгүй байгаа.  Хотын удирдлагууд олон давхар барилга бариулаад ч багтахгүй байгаа гэдгээ  уламжлаад  нэг барилгыг хотын мэдэлд шилжүүлэх гэнэ. Энэ нь  урсгал зардлыг нэмж байгаа юм.  Өөрөөр хэлбэл Сангийн яамнаас гаргасан судалгаагаар нэг төрийн өмчийн барилга шинээр ашиглалтад ороход жилд 100 орчим тэрбум төгрөгийн зардал гардаг байна. Энэ мэтээр ашиггүй урсгал зардал гарсаар байгаа.  Тэдгээрийг танахын тулд Ерөнхий сайд өөрөө үлгэр дууриалал болоод хэрхэн  урсгал зардлаа багасгаж, бүсээ чангалж байгаагаа олон нийтэд дэлгээд  бусдыгаа уриалчихмаар байгаа юм.  Нөгөө  талаас ирэх жилийн хуулийн төсөлд нухацтай хандах цаг болсныг  улстөрийн тогоонд удаан чанагдсан “акулууд” нь  шүүмжлэлээс нэгийг бодох л ёстой...

А.Баярмаа